| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2002004410293 |
| Дугаар | 2021/ДШМ/195 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/195
2021 2 25 2021/ДШМ/195
Х.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбямба,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг, Ц.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/1940 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Бд холбогдох 2002004410293 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.Б нь 2020 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах “Онон” голын орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1,275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хасын 48 дугаар байрны 42 тоотод буюу түр оршин суух гэртээ болон 31-46 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1,275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хатагин овгийн Хүрэлбаатарын Х.Бг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа 1,275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, Х.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хэнтий аймагт төрж өссөн, 10 жилийн сургуулиа төгсөж, цэргийн алба хаагаад гал сөнөөгчийн мэргэжил эзэмшиж, 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 26 дугаар ангид гал сөнөөгчөөр тасралтгүй ажилласан. Ажлын онцлог нөхцөл байдал, хэт их ачааллаас шалтгаалан сэтгэл санаа зарим үед хямрах, нойргүйдэх зэрэг зовиур төрдөг байсан. Бусдын яриа, сошиал мэдээллээс сонссон, үзсэн зүйлээ санамсаргүй байдлаар өөртөө тусгаж маш гэнэн ухвар мөчид зүйл хийж, амьдралдаа засч залруулж болохооргүй алдаа гаргаж, гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэндээ туйлаас харамсаж, бас маш их гэмшиж байна.
Би үндсэн ажлынхаа хажуугаар биеийн тамир спортоор хичээллэж, тусгай бэлтгэл сургуулилт байнга хийж, байгууллагаас зохиогддог марш тактик, галын техникийн олон төрөлтийн уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож байсан, мөн Франц найз бүсгүйтэй болж, англи хэл, франц хэлийг шамдан сурч байгаа юм. Би найз охиноо ээж, дүү нартайгаа танилцуулах, төрсөн нутгаа үзүүлэх зорилготой хөдөө амарч явахдаа өөрийн саваагүй, болчимгүй байдлаас болж, уг "Өвс" гэдэг бодисыг түүж авсан. Мансууруулах бодисын төрөлд багтдаг гэдгийг, хүмүүс татдаг "Өвс" гэдгийг ч баттай мэдээгүй. Өмнө нь уг өвсийг огт харж, хэрэглэж байгаагүй бөгөөд мөн бусдад өгөх, худалдах ямарч бодол санаа байгаагүй, найз охиноо мэдчихвий гэж айж, хөгцөрч муудсан байсныг түүнд мэдэгдэхгүйгээр хаяж устгая гэж бодож байсан, ганцхан удаа тамхи татах байдлаар хэрэглэсэн.
Би өөрийн эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Цаашид ч энэ байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд өөрийн үйлдсэн хэргийн хор уршиг, нийгмийн хор аюулыг маш сайн ойлгож, гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би ажил албаа үргэлжлүүлэн хийж, дахин ямар нэг хэрэг зөрчилд холбогдохгүй, үнэнч шударгаар ажиллаж амьдарч чадна гэдгээ баталж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, эсвэл хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1940 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.
1. Хатагин овогт Хүрэлбаатарын Х.Б нь 2020 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын нутаг, Онон голын орчмоос НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан "Өвс" нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг өөрийн оршин суудаг гэртээ болон тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэж, анхан шатны шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгэгдээд байгаа билээ. Х.Б нь өөрийн үйлдсэн хэргийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн талаар ямар ч маргаан байхгүй юм. Харин гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх болон албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Х.Бд ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол, төлөх төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх орхигдуулж, шүүхийн шийтгэх тогтоолд "Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно" гэж заасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тодорхой нөхцөл байдлуудаас гадна түүний гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ батлан илэрхийлж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.
2. Х.Б нь төрийн тусгай алба болох Онцгой байдлын газарт 2016 оноос тасралтгүй 5 жил ажилласан, алба ажилдаа идэвх зүтгэлтэй, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж явсан хүн юм. Ажиллаж байх хугацаандаа өөрт оногдсон хүнд хэцүү үүрэг даалгаврыг хичээнгүйлэн биелүүлж, осол гамшгийн олон зуун дуудлагаар очиж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварч хамгаалж чадсан, өрөвч зөөлөн, бусдыг гэсэн сэтгэлтэй, хүнлэг даруу зан чанартай тэргүүний ажилтан байсан гэдгийг ажлын хамт олон, дарга удирдлага нь тодорхойлсон байдаг. Одоо ч улс оронд нүүрлээд байгаа хүнд нөхцөл байдлын үед мэргэжлийн нэг хүн ч ажлын байрандаа байж, албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж чадваас ард иргэд нийгэмд үзүүлэх тус нэмэр, сайн чанар нь юу юунаас давуу болох нь хэн бүхэнд тодорхой бөгөөд Х.Бг алба ажлаас нь чөлөөлөөгүй, боломжит нөхцөлд үргэлжлүүлэн ажиллуулна гэж байгаа нь энэ хүнд хэрхэн итгэл хүлээлгэдэг, ямаршуу хариуцлагатай ажилтан гэдгийн баталгаа гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Х.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлж, тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү, эсвэл зөрчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвсийг байнга хэрэглээгүй, 1 удаа хэрэглэсэн. Сэтгэцийн шинжээч нар Х.Б нь сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс Х.Б нь өвсийг байнга хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогддог. Нийгэмд хор аюул учруулсан гэдэг нь тодорхой харагддаггүй. Худалдаалах зорилгогүйгээр түүж, бэлтгэсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, анхнаасаа үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өмнөх шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх талаар хүсэлт гаргаж байсан, 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэн учраас тухайн үед ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байсан. Х.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оногдуулах нь зүйтэй. Ажил үүргээ гүйцэтгэх боломжоор чиглэл тогтоож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ч.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Б нь олон нийтийн эсрэг гэмт үйлдсэн учраас хохирол учраагүй, хохирол төлөх нөхцөл байдал үүсээгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй. Эрүүгийн хэрэгт холбогдсонтой холбоотойгоор төрийн тусгай албанд түүний ажлын байрыг хадгалж байгаа эсэх нь тодорхойгүй. Нийгмийн аюулгүй байдлын төлөө ажил үүрэг гүйцэтгэдэг байсан нь гэмт хэрэг шууд шалтгаан холбоотойгоор нөлөөлсөн зүйл байхгүй. Сэтгэл зүйн хямралтай байсан бол сэтгэл зүйч, эмнэлгийн байгууллагад хандах боломжтой байсан. Амралт зугаалгаар явж байх хугацаандаа хориглосон ургамал түүсэн, тодорхой хугацаагаар хадгалсан үйлдлээр дээрх нөхцөл байдал тогтоогддоггүй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах “Онон” голын орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1,275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хасын 48 дугаар байрны 42 тоотод буюу түр оршин суух гэртээ болон 31-46 УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 1,275.7 грамм өвс гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Бенатар лис Манон /Benatar lise manon/-ын “...Х.Б бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Зүгээр л хамтран амьдрагч. ...Х.Б бид хоёрын амьдарч байсан газраас илэрсэн бодис Х.Бгийн бодис байгаа юм. Эдгээр ургамлуудыг Х.Б хэзээ, хаанаас, хэрхэн олж авч ирсэн талаар би огт мэдэхгүй байна. ...Х.Б надад мансууруулах бодис хэрэглэдэг гэж ярьж байгаагүй. ...Х.Б надтай хамт байх үедээ гаднаас өөр ямар нэгэн өвс, ургамал авч ирж байгаагүй. Х.Б гэртээ байх үедээ өвс хэрэглэж байгаагүй. ...Би Х.Бгийн хамтаар хөдөө явж байсан. Хөдөө явах үед Х.Б ямар нэгэн өвс, ургамал түүж байгаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. ...гэрээс илэрсэн өвсийг хэрэглэж үзээгүй. ...” /хх 25-26/,
шүүгдэгч Х.Бгийн “...Би одоогоос 1 жилийн Каннабисийн төрлийн өвс гэх бодисын зурагтай мэдээлэл фэйсбүүк ухаж байгаад олж харсан. Тэгээд тэрнээс хойш санаанд ороогүй байж байгаад 2020 оны 7 дугаар сарын 20-ны үеэр байх Хэнтий аймгийн Дадал сум руу найз эмэгтэй Бенатар лис Манон /Benatar lise manon/-ын хамт амралтаар явж байгаад “Онон” гол дээр очиж байрласан. Тэгээд тэнд байж байгаад орой найз эмэгтэй маань хоол хийж байх зуур би тамхи татаад алхаж байгаад Каннабисийн төрлийн байж магадгүй зарим нь газарт унаад хатсан, зарим нь хугарч гэмтсэн ургамлыг олж харсан. Гэхдээ би тухайн үедээ мөн бишийг нь мэдээгүй бөгөөд ямар ч байсан үзье гээд найз эмэгтэйгээсээ нуугаад машины арын багаажинд хийсэн юм. Тэгээд машиныхаа ард хийгээд орхичихсон байж байгаад 3-4 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд найз эмэгтэйдээ мэдэгдэхгүйгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 48-42 тоот гэрийнхээ балкон дээр гаргаж, машины дугуйнуудын дотор нь хийсэн. ...Би 8 дугаар сарын 21-ний өдөр гэртээ унтах гэтэл нойр хүрэхгүй, хар дарж зүүдлээд байхаар нь балкон дээр гарч тамхи татсан юм. Тухайн үед нөгөө өвс гэх бодисыг хараад сонирхоод тамхи ороож татаж хэрэглэсэн. ...Би уг “өвс” гэх бодисноосоо нэг удаа л хэрэглэсэн. Ганцаараа хэрэглэсэн. ...” /хх 62-63/ гэсэн мэдүүлгүүд,
нэгжлэг хийсэн “...иргэн Х.Бгаас “...“та уг байранд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байна уу, хэрэв хадгалж байвал сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд Х.Б: “хадгалж байгаа” гэж хэлээд байрны тагтан дээр өрсөн машины дугуйн дотрыг заасныг шалгахад хар ууттай ургамал мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Байрны үүдэн хэсэгт байрлах цагаан өнгийн шкафны дотор талаас цагаан ууттай ургамал мэт зүйл гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлээд 10.5 грамм заасныг эд мөрийн баримтаар хураан авлаа. ...” тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-10/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...хар өнгийн автомашинд үзлэг хийхийн өмнө Х.Бгаас: “та уг тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байгаа юу, хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд Х.Б “хадгалж байгаа” гэж хэлээд автомашины хойд багаажинд байсан цагаан өнгийн ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...” тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-15/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...ТНС С ТҮВШИНД 1 УЛААН ЭЕРЭГ ИЛЭРСЭН гэж зааж байгаа нь дээрх 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. ...” тэмдэглэл, гэрэл зураг /хх 17-18/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4697 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Хүрэлбаатар Х.Б 2020.8.24” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /хх 35-38/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4694 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд дээжнүүд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1176 гр, 2 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2.7349 гр, 3 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 97 гр байсан ба ургамал мэт зүйл тус бүрээс 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав. ...” /хх 43-48/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 961 дугаартай “...Х.Б нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Х.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Б нь сэтгэцийн өвчингүй байна. Х.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Б нь хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Х.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Б нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Х.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Х.Б нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. ...” /хх 111-113/ гэх дүгнэлтүүд, эд мөрийн баримт /хх 23-24/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Бгийн өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг хадгалсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын “...анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас чөлөөлж, тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Х.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд “хууль бусаар олж авсан” гэдэгт тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.
Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2020/ШТ/1940 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ