2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/726

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Халиунаа,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000066 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Н-н Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, Өмнөговь аймаг, Тавантолгой уурхайд ажилладаг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь хохирогч С.А-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Н.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Г нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоот хашааны гадаа С.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрний хамар хэсэгт хайчаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хамарт хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- “...Хүмүүс маргалдаад байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

- Хохирогч С.А-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны шинэ жил өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хуучин Драгон төв дээр болсон. Бид шинэ жил баяраас гараад Н.Г-ийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоотод найз Б, М, Н.Г, түүний эхнэр Б нарын хамт ирээд архи уусан. Тэгээд Б, М нарыг явсны дараа Н.Г над руу “баярхаад, компанийн захирал“ гээд байхаар нь би “чи угаасаа ийм зантай” гээд Н.Г-ийн нүүр рүү нь гараараа нэг удаа алгадчихаад гараад гудамж руу ороод алхаж байтал араас А гээд дуудахаар нь эргээд хартал миний нүүр рүү нэг удаа хар өнгийн иштэй хайчаар хатгаад цус гарсан. Би доошоо суугаад цусаа тогтоох гээд тогтохгүй байсан. Тэгээд эхнэрээ дуудсан өөр маргаан зодоон болоогүй. Өөр гэмтэл шарх учраагүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Г нь надад 1,500,000 төгрөгийн хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал),

- Гэрч Л.Б-ийн “...2024 оны 12 дугаар сарын сүүлээр байх аа, би сайн санахгүй байна. Хорооны шинэ жил болоод тэгээд хэдэн найзуудтайгаа орсон юм. Тэгээд орой бид хэд 5 цагийн алдад тарсан. ...Замаараа бас караоке орчхоод тэндээсээ гараад би ч нилээн жоохон муудчихсан байсан. Бид хэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байх Г гэрт орсон. Би орж сууж байгаад муудаад гараад яваад өгсөн. ...Шөнө нь А-ийн эхнэр над руу залгаад “та хэд одоо гар хөл муутай ийм хүнийг үлдээгээд явчихсан байхдаа яадаг юм” гээд над руу залгаад А цаанаас “Г хатгаад хаячихлаа” гэж над руу залгаад тэгээд би тэр өдрийн өглөө нь хэдэн цагийн алдад билээ Г-ийн гэрт нь ороод чи одоо яаж байгаа юм бэ, А-ийг яагаад хатгасан юм гээд асуусан. Тэгсэн чинь мэдэхгүй ээ, найз нь ёстой тасарчихсан байна лээ, одоо юу ч болсон мэдэхгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

- Гэрч Г.Т-ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр А хорооны шинэ жил тэмдэглэхээр явсан юм. Хорооны шинэ жилээ тэмдэглэчхээд найзындаа очоод орой нь над руу залгаад “намайг ирээд аваадах” гээд дуудсан. Тэгээд очсон чинь Г намайг ингээд хайчаар хатгачихлаа гээд зогсож байсан. Хамар луу нь хайчаар хатгасан, их цус гарсан, тогтохгүй байсан. Эмнэлэгт иртэл бид нар хөвөнгөөр дарж байгаад эмнэлгийн тусламж авч цусаа тогтоосон. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж байж оёдол тавиулсан. ...Г өөрөө хашаанаасаа хайч барьчихсан гарч ирээд араас нь дуудсан гэсэн. Тэгээд хайчаар хатгаад буцаад өөрөө хайчаа аваад гүйгээд орчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1187 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. С.А-ийн биед хамарт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн хатгах зүсэх үйлдлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0325/834 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хайч нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Хар өнгийн бариултай хайч дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх (хавтаст хэргийн 33-35 дахь тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1187 дугаартай дүгнэлтээр хохирогч биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч С.А-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Н.Г-ийн хохирогч С.А-ийг хайчаар хатгасан үйлдэл хохирогчийн хамарт хатгагдсан шарх гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Н.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Г нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба хохиролд 1,500,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,00 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), ), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 50-66 дахь тал), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 701-73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдын биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 46 настай/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Н-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г-т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР