| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/02811/И |
| Дугаар | 101/ШШ2022/02115 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/02115
2022 05 05 101/ШШ2022/02115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох
4,951,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай байгууллага нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр барилга болох К худалдааны төвд оффисын өрөө, худалдаа үйлчилгээний талбай өмчлөгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээр өмчлөгч нарын өмнөөс дараах төлбөрүүдийг төлдөг болно. Тухайлбал: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тэй “Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”, “Ус сувгийн удирдах газар”-тай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “Т Трейд ХХК”-тай “Цахилгаан шат, урсдаг шатны техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ”, “А” ХХК-тай “Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ”, “Хаан банк”-тай “Карт уншигч, Терминаль ID төхөөрөмж ашиглалтын гэрээ”, “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-тай “Кабелийн худаг, сувагчлал түрээслэх гэрээ”, “Б” ХХК-тай “Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” зэрэг гэрээнүүдийг байгуулж cap бүр гэрээний дагуу ашиглалтын төлбөр төлдөг.
Тус барилгын байранд үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч, түрээслэгч, иргэн, ААН байгууллагуудын аюулгүй ажиллах нөхцөл, тав тухтай байдал, төрийн эрх бүхий байгууллагатай тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, дундын өмчлөлийн талбай болон ариун цуврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах үүднээс үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилчид, инженер техникийн ажилчид, өдөр тутмын үйл ажиллагаа байгууллагын дотоод асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэх захирал, менежер, нягтлан бодогч, хуулийн зөвлөх зэрэг ажилтан албан хаагч нар өдөр тутмын ажилд хяналт тавин ажиллаж, зохицуулж байдаг.
Манай байгууллага нь 17 ажилтантай, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж төхөөрөмж, ажлын хувцас, засвар үйлчилгээ хийх зэрэгт шаардлагатай сэлбэг хэрэгсэл гэх мэт гарсан зардлыг 200 гаруй өмчлөгч түрээслэгч нарын өмнөөс төлж барагдуулдаг болно.
В034, В036, 7023 тоот өрөө, талбайн өмчлөгч Б.М нь манай байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөлгүй өдий хүрч байна.
Тус ГҮТББ нь төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй, 2017.06.02-ны өдрийн №17/01 тушаалаар ашиглалтын төлбөрийг 1 м.кв талбайг 3,300 төгрөгөөр, цахилгааны төлбөрийг тоолуураар, дулааны төлбөрийг дулааны тооцооны нэхэмжлэхийн нийт дүнг барилгын нийт талбайд хуваагаад гарсан тоог өөрийнх нь талбайн хэмжээгээр үржүүлж, усны төлбөрийг усны нэхэмжлэхийн дүнгээс усны тоолуурын нийт заалтыг хасч, ариун цэврийн өрөөний нийт талбайд хуваагаад гарсан тоог өрөөний хэмжээнд хувааж тооцохоор тогтоосон.
Б.М-н В034 нь 3,6 м.кв, В036 нь 3,19 м.кв, 7023 нь 24,14 м.кв хэмжээтэй бөгөөд түүнээс тухайн цаг тухай бүрт нь ашиглалтын зардлаа төлөхийг шаардаж байсан бөгөөд 2018 онд хэсэг хүмүүс тус ГҮТББ-ыг татан суулгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, уг маргааныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.23-ны өдрийн 001/ХТ2021/00258 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.
Хариуцагч Б.М-оос 2017 оны 5 сараас 2020.10.30-ны өдөр хүртэлх 42 сарын хугацааны түүний өмчлөлийн талбайн цахилгааны төлбөр 314,668 төгрөг, дулааны төлбөр 345,685 төгрөг, ус ашигласны төлбөр 56,989 төгрөг, дундын өмчлөлийн талбайн зардал 4,233,900 төгрөг, нийт 4,951,242 төгрөгийг нэхэмжилж байна. Түүний дээрх хугацааны зардлыг ГҮТББ төлж барагдуулсан
Иймд Б.М-н дээрх хугацааны ашиглалтын зардлыг ГҮТББ төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.Б-д олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.18-ны өдрийн 101/ШЗ2021/02959 дугаар шүүгчийн захирамж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.03.23-ны өдрийн 001/ХТ2021/00258 дугаар тогтоол, Б.М ашиглалтын авлагын тооцоо, ашиглалтын төлбөр тогтоох тухай тушаал, 2017 оны компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбооны ашиглалтын төсөв, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн гүйлгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, К холбооны дүрэм, хангагч-хэрэглэгчийн хороонд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, хог хаягдал тээвэрлэлтийн гэрээ, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ, “А” ХХК-иас К ГҮТББ-д хүргүүлсэн мэдэгдэл болон хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 2-38, 61-62/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, Б.М-оос Ц.Т-д олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, мөн нотлох баримт гаргуулах хүсэлт, Б.Мөнхцогтоос Ш.Ч-д олгосон итгэмжлэл, Ш.Ч-ний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, Б.М-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ш.Ч-ний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хх-ийн 63, 70, 78, 148, 169, 175, 176-177/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-0, Ү-1, Ү-2 дугаарт бүртгэгдсэн талбайн өмчлөл бүртгэгдсэнтэй холбоотой баримтуудыг /хх-ийн 89-142/ бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ГҮТББ нь хариуцагч Б.М-д холбогдуулан ашиглалтын зардалд 4,951,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Тус шүүх Б.М-д холбогдох, 4,951,242 төгрөг гаргуулах тухай “К” ГҮТББ-ын нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн 101/ШЗ2021/11036 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг Б.М-д 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 1, 39, 51-53/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.М нэхэмжлэлийг хүлээн авсан боловч тэрээр уг шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч Б.М-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 101/ШЗ2021/17375 дугаар захирамжаар,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эрхийн улсын бүртгэлийн Y-0, Y-1, Y-2 дугаарт бүртгэгдсэн талбайн өмчлөл бүртгэгдсэнтэй холбоотой баримт гаргуулах хүсэлтийг 2021.11.12-ны өдрийн 101/ШЗ2021/19602 дугаар захирамжаар,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ний хэрэгт авагдсан баримттай танилцах хүсэлтийг 2022.01.04-ний өдрийн 101/ШЗ2022/00973 дугаар захирамжаар, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтийг 2022.03.29-ний өдрийн 101/ШЗ2022/07577 дугаар захирамжаар, нэхэмжлэгчтэй эвлэрэх хугацаагаар хангах хүсэлтийг 2022.04.15-ны өдрийн 101/ШЗ2022/09295 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
/хх-ийн 63, 65-68, 78, 81-85, 152-155, 170-173,178-183/
Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Б.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаа болох 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Б.М нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв. /хх-ийн 184/
Нэхэмжлэгч нь Эрхийн улсын бүртгэлийн Y-0, Y-1, Y-2 дугаарт бүртгэгдсэн хариуцагчийн өмчлөлийн талбайн 2017 оны 5 сараас 2020.10.30-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан цахилгааны төлбөр 314,668 төгрөг, дулааны төлбөр 345,685 төгрөг, ус ашиласны төлбөр 56,989 төгрөг, дундын өмчлөлийн талбайн зардал 4,233,900 төгрөг, нийт 4,951,242 төгрөгийг эрх бүхий байгууллагад төлж барагдуулсан тул энэхүү зардлаа гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь К худалдааны үйлчилгээний төвийн барилгын өмчлөгч нарын санаачилгаар сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхтэй байгууллага болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00258 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 5, 8-11/
Түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцлийг дэмжих, хамтран ажиллах” гэж тусгажээ.
Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар хариуцагч Б.М нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 байр, В1 давхарт В036 тоот хаягт байршилтай, 3,19 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр,
2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Т.Г-той хамтран өмчлөгч болох нь №0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр,
-2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Эрхийн улсын бүртгэлийн Y-1 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 байр, 7 давхрын 7023 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбайтай, Оффисын зориулалттай хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0 дугаартай гэрчилгээгээр,
-2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс Эрхийн улсын бүртгэлийн Y-2 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 0 байр, В1 давхарын В034 тоот хаягт байршилтай, 3,36 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 89-143/
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т: “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан.
Нэхэмжлэгч нь “УБДС” ТӨХК-тай хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, “УБЦТС” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, ус сувгийн удирдах газартай “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, С дэвшил ОНӨААТҮГ-тай “Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ”, “А” ХХК-тай “Харуул хамгаалалтын гэрээ“ байгуулан ажиллаж, эдгээр гэрээний дагуу ашиглалтын төлбөр тооцоо төлдөг, тэдний хооронд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болох нь эрх бүхий байгууллагын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 20-22,37-38/
Хариуцагч Б.М нь өөрийн өмчлөлийн дээр дурдсан талбайн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгчид төлсөн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Үүнээс үзэхэд хариуцагч Б.М-ын өмчлөлийн талбайн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т: “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас энэхүү зардлаа шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Б.М-оос 4,951,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ГҮТББ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байх тул хариуцагчаас уг үнийн дүнгийн хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид 94,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Б.М-оос 4,951,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ГҮТББ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Б.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 94,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ГҮТББ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ