| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0346/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/595 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408025521831 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Э-ын Э, Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор *** тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Л.Т-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй зочид буудалд хамтран амьдрагч Л.Т-г бусадтай хардан, улмаар нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “...хамтран амьдрагч залуудаа зодуулсан байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч Л.Т-ийн “...Би хамтран амьдрагч Э-ын хамт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй зочил буудалд хоносон. Тэгээд тэндээ бид хоёр нэг хоночихоод өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байж байсан чинь манай хамтран амьдрагч фейсбүүкээр өөр эмэгтэй хүмүүстэй харьцаад намайг тавчишгүй байдалд оруулсан. Тэгээд би уурласан чинь уурандаа миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгэхэд зочид буудлын эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Миний эрүүл мэндэд өмнө нь халдаж байгаагүй. Мөн энэ асуудлаас хойш намайг зодож цохисон асуудал байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно...Би Э.Э-т цохиулснаас хойш өөр хэн нэгэн хүнд зодуулж цохиулсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 29-30, 47 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9448 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Л.Т-ийн биед зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
- Гэрч А.Б-ийн “...Л.Т нь миний төрсөн 3 дахь охин байгаа юм. Би Т-тай хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоот гэртээ ирээд 2 хоноод явчихсан бөгөөд надад шувуун фабрикт ажиллаж байгаад ирсэн гэж хэлсэн учир би ажиллаж байсан ажлынх нь захирал руу залгаад Л.Т-г цалингаа авсан талаар асуухад Л.Т байхгүй байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш 09 дүгээр сарын сүүлээр над руу Т *** дугаарын гар утаснаас залгаад говьд байна гэж хэлсэн бөгөөд би харих гээд явж байхад манай хүүгийн найз Г гэх хүн надад Т-ыг 100 айлд нэг шар залуутай явж байсан гэж хэлсэн. Тэрнээс хойш хаана юу хийж явааг нь мэдэхгүй байна. Би олдохгүй байхаар нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст бүртгүүлэн эрэн сурвалжилж байгаа. Т нь Т гэх залуутай хамт гадуур яваад байгаа сураг гарсан. Тэр залуу нь өөрийнхөө нэрээр биш Э нэрээр амьдраад байгаа гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
- Шинжээч эмч Н.Э-ийн “...2024.07.14-ний өдөр Л.Т-ийн биед үзлэг хийхэд зовхи болон нүдний алимын цус хуралт болон харвалтууд нь шингэрэн арилж буй шинж чанартай болсон байна. Ийм учир хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 9448 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Т-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Э-ын хохирогч Л.Т-г цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Л.Т нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул Э.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн хохирогч Л.Т нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт баримтаар авагдсан хэдий ч иргэний нэхэмжлэгчийг тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “ ... шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 59-61 дэх тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10-01/3137 тоот албан бичиг (хавтаст хэргийн 63 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Э.Э нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялаа бүрэн эдэлж дууссан болох нь хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР