Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/02116

 

 

 

 

 

 

 

 

2022 05 05

101/ШШ2022/02116

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, М О ч ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух Таван хорин овогт Д.Г /рд:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 2,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, харицагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Д.Г-той 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ'' байгуулсан. Хангай хотхоны 522 дугаар байрны 1 дүгээр орц, 10 давхрын ажлыг 1,800,000 төгрөгөөр хийхээр тохирсон. Ажил гүйцэтгэх явцдаа мөнгөө 100 хувь авсан ч ажлын гүйцэтгэл 80 хувь буюу 360,000 төгрөгийн хэмжээний ажил дутуу хийсэн. Мөн 6 давхрын ажил 2,500,000 төгрөгөөр хийхээр тохирч урьдчилгаа 1,700,000 төгрөгийг авсан боловч ажлаа огт хийлгүй дриллээ засуулаад ирнэ гэж хэлээд гарч яваад ирээгүй. Олон удаа залгаж мессеж бичсэн боловч нэг удаа ч хариу өгөөгүй утсаа аваагүй. Иймд санаатайгаар мөнгө аваад ажлаа орхиж явсан гэж үзэж байна. Иймээс 10 давхарын ажлын хөлснөөс дутуу хийсэн ажлын хөлс болох 360,000 төгрөг, 6 давхрын ажлын урьдчилгаа гэж авсан 1,700,000 төгрөг, нийт 2,060,000 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.Г-ор Хангай хотхоны 522 дугаар орцны 6 болон 10 дугаар давхарын тус бүр 6 айлын хана, тааз болон нийтийн эзэмшлийн кордорын замаскийг гүйцэтгүүлэхээр тохирсон юм. Д.Г нь 10 дугаар давхарын 6 айл болон кордорын замаскийг хийсэн байсан боловч хаалганы хажуугийн нүх бөглөөрэй гэж хэлсэн байхад бөглөөгүй байсан. Иймд дутуу гүйцэтгэсэн ажлыг 360,000 төгрөг гэж үзэж байна. 6 дугаар давхарын 6 айлаас 3 айлд нь орж ханыг нь замаск хийж, таазыг нь дутуу үлдээж, кордорын замаск хийсэн байсан. 6 дугаар давхараас 3 айлын тааз дутуу, 3 айл руу огт орж ажиллаагүй тул ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 1,700,000 төгрөгөө бүтнээр нь буцааж авна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хангай хотхоны 522 дугаар байрны 1 дүгээр орц, 10 давхрын ажлыг 1,800,000 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэсэн. 10 дугаар давхарын ажлыг хийж дууссаны дараа М О ч ХХК-ийн нөхөр нь үзэж шалган ажлыг авч, 6 дугаар давхар руу орж ажиллахыг санал болгосон. Ингээд 6 дугаар давхар руу орж ажиллахаар тохиролцож, нийт ажлын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тохиролцсон. Уг ажлын хөлсөнд 1,700,000 төгрөгийг авсан. 6 дугаар давхарын ажлаас 3 айл болон нийтийн эзэмшлийн талбайн ажлыг гүйцэтгэж, 3 айлын ажлыг дутуу үлдээсэн. М О ч ХХК нь хамтарч ажиллахад хүндрэлтэй, ажлын хөлсөө гуйлган барин цувуулж өгдөг. 10 дугаар давхарын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байхад уг ажлаас 360,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 дугаар давхарын ажилд хамаарах 1,200,000 төгрөгийг буцаан төлж болно гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Х б ХХК-ийн дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М О ч ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан гэрээний үүрэгт 2,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Д.Г нь Хангай хотхоны 522 дугаар байрны 1 дүгээр орцны 10 давхарын засвар, замаскийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна. /хх-ийн 4-11 дүгээр тал/

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч М О ч ХХК нь ажлын хөлсөнд хэдэн төгрөг төлөх талаар тусгаагүй байна. Шүүх хуралдаанд талуудын хэн аль нь 10 дугаар давхарын ажлыг 1,800,000 төгрөгийн хөлстэйгээр гүйцэтгүүлэхээр тохирсон талаар тайлбарлаж, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй.

 

Мөн шүүх хуралдаанд зохигчид Хангай хотхоны 522 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхарын засвар, замаскийн ажлыг нийт 2,500,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр амаар тохиролцож, үүнээс 1,700,000 төгрөгийг нэхэмжлэгч М О ч ХХК-иас хариуцагч Д.Г-д шилжүүлсэн үйл баримтыг хэн аль тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зохигчид дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын үр дүнг хэзээ гүйцэтгэж хүлээлгэн өгөх болон ажлын хөлс төлөх хугацааг тохиролцоогүй байна.

 

Гүйцэтгэгч Д.Г нь гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтад болон гэрээний дагуу нийт 10 дугаар давхарын ажилд 1,800,000 төгрөг, 6 дугаар давхарын ажилд 1,700,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй. Харин 10 дугаар давхарын ажлыг бүрэн гүйцэтгэсэн, 6 дугаар давхарын ажлаас 3 айлын хана, нийтийн эзэмшлийн талбайн замаскийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

 

Захиалагч М О ч ХХК нь гүйцэтгэгч Д.Г-ыг 10 дугаар давхарын ажлаас хаалганы нүх бөглөөгүй дутуу гүйцэтгэсэн гэж 360,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Талууд 10 дугаар давхарын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээнээс үзэхэд ...хаалганы нүх бөглөх ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ...нүх бөглөх ажил гүйцэтгэхийг би амаар мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцоогүй гэж хариуцагч үгүйсгэж маргасан. Нэхэмжлэгч нь 10 дугаар давхарын ажлаас 360,000 төгрөгийн хэмжээний ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж нэхэмжлэх атлаа уг мөнгөн дүнг хэрхэн яаж тооцож гаргасан эсэх нь тодорхойгүй, дутуу гүйцэтгэсэн гэх ажилтай холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь 6 дугаар давхарын ажлаас хариуцагч нь нийт 6 айлаас 3 айлын ханын замаск, нийтийн эзэмшлийн талбайн замаскийг хийж гүйцэтгэсэн талаар өөрөө тайлбарлах атлаа ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй тул ажлын хөлсөнд шилжүүлсэн 1,700,000 төгрөгийг бүхэлд нь буцаан авна гэж нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна.

 

Нэхэмжлэгч М О ч ХХК нь хариуцагч Д.Г-ын гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хэмжээ хэдэн төгрөг эсэх, дутуу гүйцэтгэсэн гэх ажлын үр дүн нь хэдий хэмжээний ажил эсэх талаархи баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Гэвч шүүх хуралдаанд хариуцагч Д.Г-оос 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч М О ч ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 860,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-оос 1,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М О ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 860,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ