Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Т-ын нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Н.Д-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00085/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Т нь нөхөр болох Н.Дтой 2001 онд танилцан, үерхэн дотносож байгаад 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын явцад 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр охин Д.С, 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүү Д.Ш, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Д.Г нар тус, тус мэндэлсэн. Хамтран амьдарсан 20 жилийн хугацаанд миний бие түүнд бүхий л хайр халамжаа үзүүлж, сайн хань ижил, сайхан ээж байхын төлөө тэмцэж, хөдөлмөрлөж ирсэн боловч Н.Д нь анхнаасаа л архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг нэгэн байсан. Энэ шалтгааны улмаас манай гэр бүл байнгын хэрүүл

маргаантай байх болж, улмаар энэ хүний болж бүтэхгүй бүхнийг цаашид тэвчиж амьдрах хүсэлгүй, дахин түүнд итгэх итгэлгүй болж эхэлсэн. Үүнээс улбаалан Н.Д нь үр хүүхэд, хань ижилдээ анхаарал халамжтавихгүй, хүйтэн хөндий харилцаатай нэгэн болж, эцэс сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн болж хувирсан. Тэрээр цаг ямагт намайг бузар муу үгээр хараан доромжилж, бусадтай хий хоосон хардаж сэрддэг болсон бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөн л энэ шалтгааны улмаас намайг маш харгис хэрцгийгээр хүндээр гэмтээн зодож, улмаар одоо тухайн асуудлаараа Цагдаагийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шүүхэд шилжээд байгаа. .. гэжээ.

Нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Дтой гэр бүл болоод 20 жил хамт амьдарч байна. Уг нь тэрээр өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Ер нь бол эрүүл согтуудаа ч адилхан араншинтай байдаг. Би энэ хүнтэй тэвчиж амьдрах гэж их үзсэн. Н.Дтой өдий хүртэл цуг амьдрахад олон хоногоор архи уугаад явчихдаг, би явуулдаг байсан. Нэг удаа архины эмчилгээнд явуулаад 7-8 жил огт уухгүй байсан юм. Гэртээ ганцаараа пиво уудаг болоод пиво нь архи болдог. Эрүүлдээ ч, согтуудаа ч хэл амаар маш их доромжилдог. Авгай авна гэдэг бол хирээ угаалгана, хоолоо хийлгэнэ, хүссэн зүйлээ хийлгэнэ гэдэг. Би ямар ч мөнгөний мэдэлгүй, надтай 100 төгрөгийн ч хэрүүл хийдэг. 2001 онд том охин Д.С төрсөн. 2005 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүү Д.Ш, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бага хүү Д.Г төрсөн юм. Том охин маань Ш сумын хүнтэй гэр бүл болоод одоо тэндээ амьдардаг. Хоёр хүү маань надтай цуг байдаг. Том хүү Д.Ш 9 дүгээр анги төгсөөд сургуулиас гарсан. Бага хүү маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Г" сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Өдөр болгон уугаад байдаггүй. Нэг архи уухаараа олон хоногоор хэтрүүлж гэрт пиво авчирч уугаад байдаг. Сүүлд буюу 2020 оны 11 дүгээр сард эрүүлдээ том охиныг ирсэн байхад “ цагдаад өг ” гээд муухай орилоод байхаар нь цагдаа дуудтал “энэ хүн чинь эрүүл юм байна ш дээ яагаад ингээд байдаг юм” гэж хэлээд явсан. ... Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр нуруу, аарцагт цус хуралттай гэж гарсан. Саяхан л шүүх хуралдаан нь болоод 500,000 төгрөгөөр торгуулсан юм. Согтуу байхдаа намайг нуруу, давсаг руу дэвсэж зодсон. Түүнээс хойш доошоо цус гараад байсан. Би бага хүүхэдтэйгээ аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн төвийн тусгаарлах байранд хэсэг байсан юм.... гэв.

Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.Д нь С.Тын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь С.Ттай 2000 онд танилцан үерхэж байгаад 2001 онд гэр бүл болж улмаар 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас том охин Д.С нь 2001 оны 11 дүгээр сарын 09-нд, дунд хүү Ш нь 2005 оны 6 дугаар сарын 07-нд, бага хүү Г 2013 оны 01 дүгээр сарын 30-нд тус тус төрсөн. Бид 20 жил хамт амьдрах хугацаанд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болоод хэрэлдэх, маргалдах зүйлүүд зөндөө гардаг байсан ба сүүлийн үед буюу энэ зуны 7 дугаар сараас хойш эхнэрийн маань зан ааш эвдэрч, асуудал үүсгэх болсон. Тэгээд сүүлийн 2 сар эхнэр маань намайг гэртээ оруулахгүй, би өөрийн төрсөн дүү, хадам ах нарынхаар ээлжлэн хоног төөрүүлж байгаа. Миний том охин С нь тусдаа гарсан, дунд хүү Ш нь 9 дүгээр ангиа төгсөөд одоо хувиараа ажил хийдэг, сургуульд сурдаггүй, бага хүү Ганхуяг маань 2 дугаар ангид сурдаг. Хоёр том хүүхэд маань бие даан ажиллаж амьдрах болсон, бага хүү маань ээжийнхээ асрамжид амьдарч болохоор насанд хүрцгээсэн тул би эхнэрийнхээ хүсэлтийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би эхнэртэйгээ эвлэрэх гээд сүүлийн хоёр сарын хугацаанд гэр орноороо очиж, гуйж, хэлж, ярьж хүүхдүүдээрээ ч гэсэн хэлүүлж үзсэн боловч эхнэр маань сална гэдгээрээ зүтгээд, бид хоёр хоорондоо ойлголцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо нэгэнт эхнэр маань надтай цаашид хамт амьдарч чадахгүй, хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтгүй байгааг мэдлээ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд би С.Таас гэрлэлтээ цуцлуулахыг, мөн хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг, хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Би С.Ттай хамт амьдраад 20 жил болж байна. Эхнэр маань өөр хүнтэй явалдаад түүнээс болж хоорондоо муудалцаж зодсон юм. Миний хувьд 2010 оноос хойш архи уугаагүй. Өнгөрсөн намар 2 удаа л архи уусан. Эхнэрээ зодсондоо гэмшиж байна. Буцаж амьдаръя гэхэд сална гээд байхаар нь тэгье гэсэн. Эхнэр маань өөр хүнтэй дотно харьцаатай болсон тул хэрүүл үүссэн. Манай хашаанд байгаа. Гэхдээ одоо эхнэр маань тэр залуутай харьцахгүй байгаа юм шиг байсан. Би олон удаа уучлал гуйсан. Салъя гэхээр нь тэгье л гэж байна. Нэгэнт салж байгаа юм чинь бүх юмаа ав, хүүхдүүдээ гудамжинд гаргаад яах вэ гэсэн. Надад өөр булаацалдаад байх хөрөнгө ч байхгүй. Би эхнэрээ зодсоны дараа нэг удаа архи уусан юм. Хүмүүс архи өгөхөөр “уухгүй би наадхыг чинь уугаад амьдралаа алдсан, одоо ч алдах гээд байна” гэж хэлдэг. Том хүү маань би ааваасаа тэтгэлэг авахгүй, дүүд л тэтгэлэг төлөөрэй гэж хэлсэн юм. Би нийгмийн даатгалын шимтгэл төлөөд 300,000 төгрөгийн цалин авдаг. ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Н.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүү Д.Ш, Д.Г нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүү Д.Шт эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардпагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэгч С.Т, хариуцагч Н.Д нар нь 2001 онд гэр бүл болсон, тэдний дундаас охин Д.С, хүү Д.Ш, Д.Г нар төрсөн болох нь:

Хэрэгт:

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон “Монгол улсын иргэн, 1978 онд төрсөн, Явуу овогт Нямдоржийн Н.Д, Монгол улсын иргэн, 1922 онд төрсөн, Онход овогт Самдангийн С.Т нар 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв.” гэх бичилт бүхий ПА №22 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатаар гэрчлүүлсэн/,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон “Н.Д, С.Т  нарын гэр бүлд 2005 оны 6 дугаар сарын 07-нд төрсөн хүү Н.Дийн Ш-г 2005 оны 7 дугаар сарын 07-нд бүртгэж гэрчилгээ олгов.” гэх бичилт бүхий №0234210, №44 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон “Н.Д, С.Т  нарын гэр бүлд 2013 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн хүү Н.Дийн Г-г 2013 оны 02 дугаар сарын 22-нд бүртгэж гэрчилгээ олгов.” гэх бичилт бүхий №000807189, №12 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.”,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “ Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч С.Т нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгч С.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Хариуцагч Н.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлдээ айдас түгшүүр төрүүлдэг, эхнэр С.Тыг зодож түүнд гэмтэл учруулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “ Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ” гэж заасан байх ба хэрэгт Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “ ... эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ... ажиллагааг дуусгавар болгов. “ гэх албан бичиг хэрэгт авагдсан, гэрлэгчид тусдаа амьдарч эхэлсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийг шүүхийн журмаар эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй тул шүүх нэхэмжлэгч С.Т, хариуцагч

Н.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Д.Ш, хүү Д.Г нарын насны байдал, эхийн хайр халамж, эцгийн ёс суртахууны байдал зэргийг харгалзан эх С.Тын асрамжид үлдээж,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлгийг хүү Д.Гт тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Доос гаргуулан олгож шийдвэрлэв.

Хэрэгт хүү Д.Ш, Д.Г нар нь эрүүл бойжиж, сургуульд сурч байгаа болон эх С.Тын асрамжид байгаа талаар:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн засаг дарга Д.Бгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “С.Т нь тус багийн 44 дүгээр гудамжны 11 тоотод, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болно. ” гэх,

Хөвсгөл аймгийн Г 12 жилийн ахлах сургуулийн Нийгмийн ажилтан Д.Эын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “ Сурагч Н.Д овогтой Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Мөрөн Г сургуулийн Д.Ундармаа багштай 2в ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. ” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Пгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “ Н.Д овогтой Ш нас-15, хүйс-эр, Онош:Эрүүл бойжижбайгаа нь үнэн болохыг тодорхойлов. ” гэх,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Пүрэвсүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “ Н.Д овогтой Г нас-7, хүйс-эр, Онош:Эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. ” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагджээ.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Т нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1049 дугаартай "... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна...” гэх албан бичгийн хавсарган " ... улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү. ...” гэх хүсэлтийг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч С.Тыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдаж, хариуцагч Н.Доос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 34.214 төгрөг нийт 104.614 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар үйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Н.Д, С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 6 дугаар сарын 07-нд төрсөн хүү Н.Дийн Ш /0/, 2013 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн хүү Н.Дийн Г /0/ нарыг эх С.Тын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн хүү Н.Дийн Г /0/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Доос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч нь хүү Д.Шт тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Н.Доос улсын тэмдэгтийн хураамж 104.614 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжпалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Т нарт тус тус даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 
 
ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА