| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2005025791314 |
| Дугаар | 2021/ДШМ/189 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.3.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ДШМ/189
2021 2 24 2021/ДШМ/189
Б.С, Р.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Галхүү,
шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Л.Бурмаа, Г.Лувсансампил,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, Р.О, шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.С, Р.О нарт холбогдох эрүүгийн 2005 02579 1314 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овогт Ргийн О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ..................... дүүрэг, ..... дугаар хороо, ........... дүгээр гудамж ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:......................./;
2. Б овогт Бын С, 1986 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........................ дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж ....... байр, .... тоотод оршин суух, /РД:........................./;
Урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Р.О, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн Б.Б /B B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Оппа загварын гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан,
2020 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B B/-ын толгойн тус газарт хутга болон гараараа цохиж түүний биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.С, Р.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Бын С, Боржигон овогт Ргийн О нарыг бүлэглэн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт оногдуулсан 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн урьд цагдан хоригдсон 107 /зуун долоо/ хоног, шүүгдэгч Р.Он урьд цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгийг зохих журмын дагуу устгах, Эл жи /LG/ загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Сд буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байна. Өөрийн болчимгүй алдаанаас болж ид хийж бүтээх насан дээрээ олон жилийн хорих ялаар шийтгүүлж үр хүүхэд, эхнэр, ах дүү нараа давхар зовоож байгаадаа туйлын их харамсаж байна. Мөн би хөдөлмөрийн чадвар 79 хувийн алдалттай, группд байдаг.
Тодорхой хугацаанд хоригдохдоо маш их зүйлийг ойлгосон бөгөөд эрүүл мэндийн байдал минь сайнгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү.
Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй тул уг зүйлчлэлийг хэрэглэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Р.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р овогтой О миний бие нь эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо эхнэр маань 7 сартай жирэмсэн. Аав маань хөгжлийн бэрхшээлтэй, 70 настай хөгшин байдаг. 2012-2020 оны 8 сар хүртэл бригад ахлан барилгын ажил хийж, гэр бүл минь дутагдах зүйлгүй сайхан амьдарч байсан. Тухайн үед ямар ч хуулийн мэдлэггүй байсан ба нэг хятад хүнийг айлгаж байгаа мэтээр бодож байсан, үнэн хэрэгтээ гэмт хэрэг үйлдсэн болохоо хожим нь мэдэж ухаарсан юм.
Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож, маш их харамсаж, үнэн голоосоо гэмшиж байна. Энэ хийсэн алдаагаа ахин давтахгүй байх ухаан, ухамсар надад бүрэн байгаа. Байцаалтын эхний өдрөөс хэргээ хүлээж, үнэн зөв мэдүүлсэн. Миний бие урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Одоогоор ар гэрт минь хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байхгүй.
Иймд миний хувийн болон ар гэрийн байдал мөн сайн хань, сайн аав, шударга иргэн байх чинь хүслийг минь харгалзан үзэж ялыг минь багасгаж хөнгөлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Л.Бурмаа би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ог Б.Стэй бүлэглэн “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /таван/ жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан ба 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор бодож 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Р.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Хохирогч “...Санал, гомдолгүй. Р.Од хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд бичгээр ирүүлсэн байдаг. Хувийн байдлын хувьд 1-11 насны 3 хүүхэдтэй, 7 сартай жирэмсэн эхнэр, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй аавын хамт амьдардаг. Барилгын ажлын бригад ажиллуулж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг байсан .
Иймд шүүгдэгч Р.Он анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан шийдвэрлэж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Г.Лувсансампил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн Б.С хөдөлмөрийн чадвараа 79 хувийг алдсан. Бага насны нэг хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1044 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О, шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.О, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн Б.Б /B B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Оппа загварын гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан,
2020 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 3 тоотод БНХАУ-ын иргэн хохирогч Б.Б /B B/-ын толгойн тус газарт хутга болон гараараа цохиж түүний биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч БНХАУ-ын иргэн Б.Б /B B/-ын “...2020 оны 8 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө гэртээ ганцаараа байж байхад 02 цагийн үед хүн хаалга тогшихоор нь хэн бэ гэхэд Оки байна уу гэхээр нь юун Оки гэхэд, танайд байсан гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд хаалга тогшсон залуу ганцаараа байхаар нь хаалга онгойлготол цаанаас нь бас нэг залуу цуг хаалга татаад орж ирсэн. Манай байрны бүх өрөөгөөр орж үзээд пизда минь юу хийгээд байна. Ямар ажил хийгээд байна гэж байсан. ...тэр хоёр залуу пизда минь хаашаа явах нь вэ, суу газар суу гэхэд нь би газар суух гээд тонгойход сахалтай өндөр залуу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд нүүрээ барьж байх хооронд бас миний эмзэг эрхтэн лүү өшиглөсөн. Тэр хооронд нөгөө намхан залуу нь гал тогооны өрөөнөөс хутга аваад над руу хүрч ирэхэд өндөр залуу нь намхан залуугаа хутгаа аваад ир, би шаая гээд миний зүүн гарыг минь бариад чиний чигчий хуруу яасан юм, энэ хуруутай чинь адилхан тайрчих уу гэж байснаа миний гаран дээр хутгаар зүссэн. Тэгээд шууд хажууд байсан модон жижиг сандал аваад миний толгой руу цохиод байсан, нэлээн хэд цохисон. Би тоог нь сайн санахгүй байна. ...Өндөр залуу нь мөнгө байна уу гээд байхаар нь мөнгө жоохон байна гэхэд тэр өндөр залуу нь гарга гэхээр нь би халааснаасаа 210.000 төгрөг байсныг гаргаж өгсөн. Тэгээд унтлагын өрөөнд ороод ийм жоохон мөнгө байхдаа яадаг юм гээд өндөр залуу нь хутганы ирээр нь толгой руу цохисон. ...Мөнгө хаана байна гэж орилоод нэг хар өнгийн тэлээгээр ороолгоод байсан. Тэгснээ карт чинь хаана байна гээд сахалгүй намхан залуу нь миний Хаан банкны карт аваад гараад явсан. Нөгөө өндөр залуу нь хутгаа бариад цээжин дээр тулгаад хутганы бөгсөөр толгой руу цохиод байсан. Нөгөө карт авч гарсан залуу эргэж орж ирээд пизда минь энэ картанд чинь мөнгө байхгүй байна шүү дээ гээд орж ирээд толгой руу шидээд байсан. Би мөнгө байхгүй гэж хэлээ биз дээ гэсэн. Тэгээд миний гар утсыг аваад хурдан утсаар ярь бушуухан 25.000.000 төгрөг цуглуулж өг гэсэн. Тэгээд нойлын өрөөнөөс гарч ирэхэд өндөр сахалтай нь маргааш 1 цаг гэхэд 25.000.000 төгрөг бэлэн болгохгүй бол чамайг ална шүү гэсэн. ...өндөр сахалтай залуу нь миний утсанд өөрийнхөө симийг хийгээд өөрийнхөө утсыг надад өгөөд 80751661 гэсэн дугаар үлдээгээд маргааш мөнгө бэлэн болгоод энэ дугаар луу залгаарай гээд бичиж үлдээгээд гараад явсан...” /хх 27-29/,
гэрч С.Аийн “...Б 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед би хүнд хутгалуулаад дээрэмдүүлсэн байна. Хэцүү байна хүрээд ирээч гэж над руу ярьсан. Би яваад очиход толгой гарандаа гэмтэл авсан нүүр нь хавдсан байсан...” /хх 33-34/,
гэрч Н.Бын “...С тасарч унтахаас өмнө Өд утас цэнэглээд өгчих, өглөө буудлаас гарахдаа авна гээд нэг хар өнгийн утас өгч байсан. Ө гэртээ харьсан. Би ч тэндээ унтаад өгсөн. Өглөө үүрээр цагдаа орж ирсэн...” /хх 38-39/,
гэрч О.Өны “...С нэг хар өнгийн гар утсанд өөрийн сим картаа хийж ашиглаж байсан. ...С энэ миний гар утас байгаа юм чи цэнэглээд өгөөч гэсэн тэгээд би тэр гар утсыг нь аваад хартал Оппа загварын гар утас байсан...” /хх 30/,
гэрч А.Аийн “...Б руу залгаад Амка очсон уу гэж асуухад Өвөрмонгол Б та нарын дуудаж ирсэн залуучууд намайг зодож хутгалаад, дээрэмдээд яваад өгсөн байна гэхээр нь яанаа гээд Амка руу яаралтай залга гээд мессеж бичсэн...” /хх 43-45/,
гэрч М.Мийн “...би Баяраатай буудалд хэвтэж байхад Анчи над руу залгаад нөгөө хоёр залуу чинь Өвөрмонгол Быг хутгалаад дээрэмдсэн байна, хүрээд ир...” /хх 46-48/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/,
гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 12-15/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн БГ2-20-881 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 60-61/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Т.Номинцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10068 дугаартай “...Б.Бын биед зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.О, Б.С нарыг бүлэглэн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан “...Б.Б /B B/-ны зүүн шанаа хэсэг рүү Р.О нь цохиж, Б.С нь нүүр хэсэг рүү нь өшиглөж, модон сандлаар болон хутганы бариул хэсгээр толгой руу нь цохиж, гарыг нь хутгаар зүссэн, Б.С нь Б.Б /B B/-д хутга тулган сүрдүүлж мөнгөний картны кодыг хэлүүлж, түүнээс бэлэн мөнгө болон Оппа загварын гар утсыг авсан, Р.О нь мөнгөний картыг авч гаран картнаас мөнгө авсан...” гэх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс тэдгээрийг бүлэглэн БНХАУ-ын иргэн Б.Б /B B/-д хутга зэвсгийн чанартай зүйл ашиглан бэлэн 600.000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Оппа загварын гар утас зэргийг хүч хэрэглэн, довтолж дээрэмдэн авсан, мөн хутга болон гараараа цохиж, зулайн урд хэсэгт шарх, зулгаралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.С нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Би хөдөлмөрийн чадвар 79 хувийн алдалттай, группд байдаг. Эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.”,
шүүгдэгч Р.О нь “...миний бие эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо эхнэр маань 7 сартай жирэмсэн. Аав маань хөгжлийн бэрхшээлтэй, 70 настай хөгшин байдаг. Надаас өөр хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байхгүй. Миний бие урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна. Хувийн болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь багасгаж хөнгөлж өгнө үү.”,
шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа нь “...Р.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, тус зүйл, хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус зааснаар шүүгдэгч Р.О, Б.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн тэдгээрийн хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.О, Б.С, шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял...” гэж,
- 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх нийт хорих ялыг 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж,
- 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт оногдуулсан 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Р.О нарт оногдуулсан 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Р.О, Б.С, шүүгдэгч Р.Он өмгөөлөгч Л.Бурмаа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ