Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0712/З |
Дугаар | 128/ШШ2022/0833 |
Огноо | 2022-11-11 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2022/0833
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.С**** ,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, дүрэм, эцсийн өмчлөгчид өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Ө.С******** нь тус шүүхэд хандан “Ж....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, дүрэм, эцсийн өмчлөгчид өөрчлөлт оруулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1 Монгол Улсын иргэн Ц.Б****, Н.Г*****, Ө.С******* нар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Ж....” ХХК-ийг үүсгэн байгуулах тогтоол үйлдэж[1], уг тогтоолын хавсралтаар баталсан компанийн баталсан дүрмийн 5.2-т Н.Г****нь 34 ширхэг гаргасан хувьцааг, Ө.С***, Ц.Б*** нар тус тус 33 ширхэг гаргасан хувьцааг эзэмшихээр заасан[2].
2.2. Улсын бүртгэгч С.М***... 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3003470 дугаар шийдвэрээр Ж....ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, 000225977 дугаар гэрчилгээ олгож, гишүүдийн тоо 3, гүйцэтгэх удирдлага Н.Г гэсэн тэмдэглэлийг тусгажээ.[3]
2.4. “Ж****....” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигч Ө.С***, Ц***..., Н.Г***..., хуулийн зөвлөх Р.Б***..., нягтлан бодогч Н.С***..., нарийн бичиг Ж.М***.... нарын ирцтэйгээр хуралдаж, хувьцаа эзэмшигч Ц.Б... гийн эзэмшлийн 33 хувийн хувьцааг, хувьцаа эзэмшигч Н.Г*******эд шилжүүлж, компанийг Н.Г****... 67 хувь, Ө.С***.... 33 хувь тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг 22/01 дугаар хурлын тэмдэглэл, тогтоолоор тус тус баталгаажуулжээ.[4]
2.5. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Б******* нь өөрийн эзэмшлийн 33 хувийн 33 ширхэг хувьцааг 43,600,000 төгрөгөөр Н.Г... худалдахаар тохиролцож, Худалдах худалдан авах болон Эрх шилжүүлэх гэрээг Нийслэлийн тойргийн нотариатч Л.Батцэндээр гэрчлүүлсэн.[5]
2.6. Компанийн хувьцаа эзэмшигч хасагдаж, дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг УБ-03[6], УБ-12[7] болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, шинэчилсэн дүрмийн хамт 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад гүйцэтгэх захирал Н.Г****... гаргасныг улсын бүртгэгч Т.З... “тогтоолд гурван хувьцаа эзэмшигч гарын үсэг зураагүй, татварын тодорхойлолт хавсаргаагүй” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.[8]
2.7. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэгч Т.З**** нь иргэн Н.Г*******, хуулийн этгээдийн улсын ахлах бүртгэгч н.Нямдорж нарыг байлцуулан Ө.С****... хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж, тэмдэглэлд Ө.С*****ийн сонсох ажиллагаанд оролцоогүй шалтгааныг тусгажээ.[9]
2.8. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 22/01 тогтоолоор баталсан шинэчилсэн дүрэмд компани нь 2 гишүүнтэй, Н.Г*** 67 ширхэг, Ө.С*** 33 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр тусгаж, холбогдох баримт бичгүүдийг хавсарган 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөлд[10] үндэслэн, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн.[11]
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийн этгээдийн улсын бүртгэгч Т.З*******гийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Жи Би Эс гурван титэм” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлтэй маргаж байгаа бөгөөд уг бүртгэл нь “...Ц.Б****, Н.Г**** нь тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах, мэдэгдэх тухай заалтыг зөрчиж худалдах-худалдан авах гэрээг хоорондоо байгуулсан, хурлын тогтоолд гарын үсэг зуруулаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй...хувьцаагаа тэргүүн ээлжид худалдан авах эрхийг зөрчсөн...” гэж маргаж байна.
2.10. Хариуцагчийн зүгээс “...компанийн хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хүчин төгөлдөр болно,...холбогдох баримт бичгийн бүрдлийг хангасан, захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй Ө.С*******д сонсох ажиллагаанд оролцуулсан, Ө.С******* хуралд оролцоогүй тухай нотлох баримт хувийн хэрэгт авагдсан...” гэж тайлбарлаж байна.
2.11. Гуравдагч этгээдийн зүгээс “...Ө.С***** нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг орхин гарсан тул үлдсэн 67 хувийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргасан, хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байсан...” гэж тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.С***** нь “Ж****” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч. Энэ компани нь Ө.С****гийн 33 хувь, Б****гийн 33 хувь, Г*******ийн 34 хувиар үүсгэн байгуулагдсан. 2021 оны 10 сарын 15-ны өдөр өмнөх хувьцаа эзэмшигчээс 16 хувийн хувьцааг авахаар тохиролцож байсан боловч гүйцэтгэх захирал болсны д******* хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас энэ асуудал өнгөрсөн. 33 хувийн хувьцаа эзэмшигч Ө.С***аг орхигдуулан Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэг болон хуулийн этгээдийн дүрмийн 3.12 дахь хэсэгт заасны дагуу С*******д санал тавих давуу эрхийг зөрчиж гэрээ хийсэн. Түүний дагуу материалаа бүрдүүлээд Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль зөрчсөн тэр баримтыг нь хүлээгээд авчихсан. Хурлын тэмдэглэлд зөвхөн тэмдэглэл хөтөлсөн хүний гарын үсэг байсан. Хуулийн этгээдийн тогтоолд зөвхөн Г******* болон Б******* нарын үсэг байгаа. Ө.С*******гийн гарын үсэг байхгүй болохоор зөвхөн 2 хувьцаа эзэмшигчтэй мэт харагдаж байгаа баримтыг хүлээж авсан. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2 үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн заалтуудыг зөрчсөн. ******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт орж байгаа нь Г******* 67 хувийн эзэмшигч болж байгаа. Үүнтэй холбоотой баримтууд хуульд нийцсэн байх ёстой. Хэдийгээр бүртгэл хийхэд хавсаргасан материалд гэрээ байгаа ч гэсэн Компанийн тухай хуульд зааснаар Ө.С******* нь давуу эрхээсээ татгалзаагүй байхад бусад 2 эзэмшигч нь хоорондоо тохиролцсон. Татгалзсан талаарх мэдэгдэл хийгээгүй байхад Б*** Га*** рүү хувьцаагаа шилжүүлсэн. 50-с дээш хувийн хувьцаа эзэмшигч бий болох өөрчлөлт гарч байхад хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг Улсын бүртгэлийн хэлтэс шалгах ёстой. Шинэ дүрэмд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурах ёстой. Г***, С*** нарын гарын үсэг зурах ёстой байтал хувьцаагаа зарсан Б****гарын үсэг зурсан.
Ж**** ХХК-ийн хувьцаа эзэмшигч дүрэмд эцсийн өмчлөгчөөр өөрчлөлт оруулсан 2022 оны 04 сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ХХК нь 2021 оны 06 сарын 19-ний өдөр иргэн Г*******, С*******, Б******* нарын 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан. 2022 оны 04 сарын 26-ны өдөр 33 хувийг хувьцаа эзэмшигч Б**** нь Н.Г*** рүү холбогдох гэрээний дагуу шилжүүлсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг, Хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дахь хэсэг, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу д*******х баримтуудыг үндэслэн бүртгэл хийсэн. Үүнд УБ03 маягт, УБ12 маягт, улсын тэмдэгтийн хураамж 2022 оны 04 сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл, 2022 оны 04 сарын 12-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, шинэчилсэн дүрэм, татварын тодорхойлолт, тухайн бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч Г****, С*** нарт 2022 оны 04 сарын 27-ны өдөр бүртгэлтэй холбоотой С******* оролцоогүй тухай сонсох ажиллагаа хийсэн нотлох баримтыг хавсаргасан. 2022 оны 04 сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигч болон шинэчилсэн дүрэм, эцсийн өмчлөгч бүртгэсэн бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар баримтуудыг үндэслэн бүртгэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийднэ. Энэ тохиолдолд 2022 оны 04 сарын 26-ны өдрийн улсын бүртгэлтэй холбоотой уг акт хууль тогтоомжид нийцсэн эсэх талаарх асуудал яригдана. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд татгалзах үндэслэлийг заасан. Хэрэгт цугларсан баримтыг үзэхэд татгалзах үндэслэл харагдахгүй байна. Мөн хуулийн 22.2 дахь хэсэгт компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна гэж заасан. Тэгэхээр хуульд заасан бүрэн бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Хуульд зааснаас бусад бичиг баримт шаардахыг хориглосон. Хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлттэй холбоотой компанийн дүрэмд өөрчлөлт орсон. Холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн. Хууль зүйн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 8 дугаар зүйлд заасан бүрдлийг бүрэн хангасан. Улсын бүртгэгчийн хувьд ямар нэг байдлаар татгалзах үндэслэл бүрдээгүй учраас бүртгэлийг ажлын 2 хоногт хийх бүрэн эрхийнхээ дагуу бүртгэл хийсэн. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Нэгэнт хурал хүчин төгөлдөр болсон. Энэ хуралд Ө.С**** нь анх оролцоод үгээ хэлээд явж байсан. Явц дундаа хурлыг орхин гарсан. Үлдсэн 67 хувийн хувьцаа эзэмшигч нар хурла******* хэлэлцэх асуудлаа шийдвэрлээд хурлаас хүчин төгөлдөр шийдвэр тогтоол гарч зохих дүрмээ баталсан. Б*******гийн хувьцааны 17 хувийг Г*******, 16 хувийг Ө.С******* авах гэрээ хийж байсан гэх зүйл ярьдаг. Гэхдээ нотлох баримтыг харахад нэхэмжлэгч бичиг баримт хуурамчаар үйлдэж 51, 49 байх ёстой хувьцааг 50, 50 байх ёстой гэж зурагдсан гарын үсэг, компанийн тэмдгийг ашиглаж улсын бүртгэлд мэдүүлэг гаргах эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өмнө өгснийг мэдээд өмнөх хувьцаа эзэмших хурлуудаа шийдвэрлэх гэрээний үндсэн дээр бүртгэл хийгдэхгүй болж тухайн гэрээг цуцалсан. Цуцалсантай холбоотой үр дагавар нь Г******* 34 хувь, С******* 33 хувь, Б******* 33 хувь гэсэн эзэмшилдээ буцаад очно. Ингээд Б******* 33 хувиа з*******д гармаар байна гэсэн компанийн асуудлыг хэлэлцэх хурал болсон. С*******гийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудлыг цагдаагаар шалгуулна гэхэд хурлыг хаяад гарсан байдаг. Нэгэнт хүчин төгөлдөр ирц бүрдэлтэй хурлаас гарсан шийдвэр байгаа учраас Улсын бүртгэл бүртгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5 дахь хэсэгт нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хяналт шалгалтын газарт холбогдуулан гомдол гаргасан байсан. Уг газар гомдлыг хангаагүй холбогдох шүүх, хяналтын байгууллагад хандана уу гэсэн хариуг өгсөн байсан. Тэгэхээр зохих ёсоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж харж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэгч нь өөрөө хувь бүртгэгчийн хүрээнд өөрийнхөө бүртгэлийн үнэн зөвийг хариуцдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт зааснаар бүртгэлийнхээ үнэн зөвийг хариуцдаг. Бие даасан эрхтэй улсын бүртгэгч гэдэг албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянаж явдаг, хүчингүй болгох эрх нь улсын ерөнхий бүртгэгчид байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандсан гомдол байхгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгсөн хариу байхгүй. Зөвхөн хяналт шалгалтын журмаар гаргасан гомдол байна. Хяналт шалгалтын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс үүсээд байгаа асуудлыг хаана, хэзээ хандах талаар төдийлөн ойлгохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг харахад хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан байна. Энэ маргаанаа Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Дүрэм нэгэнт батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар дүрэм нь үүсгэн байгуулах баримт бичигт хамаарч байгаа. Энэ хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдана. Үүнд заавал гарын үсэг зурах шаардлагагүй. Хэзээ баталсан огноогоо бичээд тамгаа дарна. Хуулийн этгээдийн бүртгэлийн журам нь Хууль зүйн сайдын тушаалын хавсралтаар батлагддаг. Хавсралт нь гарын үсэггүй байдагтай адил компанийн дүрэм ч ялгаагүй. Хэрвээ маргаан байгаа бол Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар компаниас өөрийн эзэмшлийн буюу 33 хувийн хувьцаагаа эгүүлэн худалдан авахыг шаардах эсхүл хувьцаа эзэмшигчдийн шийдвэртэй холбоотой гомдол гаргах зохицуулалт нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт байгаа. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хүчин төгөлдөр эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Нэгэнт хуульд заасан бүрдлийг хангасан материалыг улсын бүртгэгч бүртгэх ёстой. Нэхэмжлэгч талын тайлбарласан шиг татгалзсанаа илэрхийлсэн баримтыг ийм зүйл дээр нэхэх эрхгүй байгаа. Иймд улсын бүртгэгчийн бүртгэсэн үйлдэл хуулийн дагуу байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, д*******х үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, дүрэм, эцсийн өмчлөгчид өөрчлөлт оруулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийн хууль зүйн үндэслэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/278 дугаар тушаалаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын[12] 8.2, 8.3 дахь заалтууд байна.
2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөлд хамаарах”-аар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д улсын бүртгэлийн байгууллага нь “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх...” чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсан.
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус бүрдүүлэхээр, мөн зүйлийн 22.3 дахь хэсэгт Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус бүрдүүлэхээр зохицуулжээ.
4. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, “*******” ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус компанийн гүйцэтгэх захирал Н.Г******* 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20 хуудас баримт бичиг бүхий өргөдлийг гаргасныг улсын бүртгэгч Б.Б******* хүлээн авсан[13] бөгөөд өргөдөлд УБ-03 маягт, УБ-12 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн шинэчилсэн дүрэм, татварын тодорхойлолт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүрдүүлэн өгсөн байна.[14]
5. Дээр дурдсан хэм хэмжээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаас дүгнэвэл өргөдөл гаргагч нь хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, бүртгэлийн байгууллагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилган дахин өргөдөл гаргасан[15], Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.5-д заасан "үүсгэн байгуулах баримт бичиг" буюу хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм нь хуульд заасан шаардлагыг хангасан энэ тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх чиг үүрэгтэй байна.
6. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар зохицуулсан бөгөөд “Ж.......” ХХК-иас ирүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу хувьцаа эзэмшигчийн бүтэц, шинэчилсэн дүрэм эцсийн өмчлөгчид оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй “...хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зуруулаагүй, хувьцаа худалдан авах давуу эрхээсээ татгалзсан нотлох баримт үйлдээгүй байхад бүртгэсэн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн...” гэх үндэслэлийг д*******х үндэслэлээр хүлээн авах боломжгүй.
8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасан бөгөөд хуульд зааснаас бусад баримт бичиг шаардах, өргөдөлдааснаас бусадбаримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянан шалгах эрх хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтыг хангах чиг үүрэг хуулиар олгогдоогүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
9. Тодруулбал, компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Ө.С, Н.Г, Ц.Б нар оролцсон бөгөөд Ө.С******* хурлыг орхин гарсан, хурлын тогтоолд 34 ширхэг хувьцаа эзэмшигч Н.Г*****, 33 ширхэг эзэмшигч Ц.Б.... нар гарын үсэг зурж, тамга дарсан[16] уг шийдвэрийг үндэслэн бүртгэсэн нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцсэн, захиргааны шийдвэр гаргахын өмнө Ө.С*****-г сонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, саналыг утсаар авсан зэрэг үйл баримт тогтоогдож байх тул “..нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй..” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
10. Тодруулбал, компанийн хувьцаа эзэмшигчид ногдох хувьцааны хувь хэмжээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээний агуулга, тохиролцоо болон тэргүүн ээлжид худалдах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарах тул Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Компанийн тухай хуульд заасан хувийн эрх зүйн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Жи^^^^” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, дүрэм, эцсийн өмчлөгчид өөрчлөлт оруулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.С****с Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ж”******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, дүрэм, эцсийн өмчлөгчид өөрчлөлт оруулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн хавтасны /цаашид “Хх” гэх/ 88 дахь тал
[2] Хх 92 дахь тал
[3] Хх 79 дэх тал
[4] Хх 63 дахь тал
[5] Хх 64-67 дахь тал
[6] Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт
[7] Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт
[8] Хх 70 дахь тал
[9] Хх 52-53
[10] Хх 54 дэх тал
[11] Хх 51, 69 дэх тал
[13] Хх 54 дэх тал
[14] Хх 55-80 дахь тал
[15] Хх 54 дэх тал
[16] Хх 60 дахь тал