Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2021/00055

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2021/00055

Бор-Өндөр сум

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч М.д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн .... сумын.... дугаар баг .... тоотод оршин суух Б. овогт Ц. М-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 3.418.500 /гурван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг, үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч М.д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М нь Д.н ХХК-ийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа манай компаний хүнсний дэлгүүрээс 3.418.500 төгрөгийн хүнсний барааг зээлээр худалдаж авсан. Уг мөнгийг өгөхгүй гэдэггүй боловч сүүлийн үед таг чиг болж залгахаар утсаа авахгүй болсон. Иймд Ц.М-с 3.418.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.д ХХК-иас хариуцагч Ц.М нь 2020 оны 05 сарын 28-ны өдөр 2.383.760 төгрөгний хүнсний барааг худалдаж авсан. 2020 оны 08 сарын 03-ны өдөр 1.034.740 төгрөгний зайрмаг худалдаж авсан. Тухайн үед хариуцагч Ц.М нь манай хүнсний бөөний төвөөс бараа худалдаж авдаг байсан. Хүнсний барааг манай дэлгүүрийн жолооч Д.М, ачигч Ж.Б нар Ц.М-ын хүнсний дэлгүүрийн худалдагчид хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш уг хүнсний барааны төлбөрийг төлөхгүй манай байгууллагад хохирол учруулаад байна. Би Ц.М-тай байнга утсаар холбогдож, барааны мөнгөө нэхэхээр эхлээд өгнө гэдэг байсан боловч сүүлдээ 2.383.760 төгрөгний барааг манайх хүлээн авсан гарын үсэгтэй санхүүгийн баримт байхгүй уг төлбөрийг төлөхгүй гэсээр өдийг хүрсэн. Манай байгууллага барааг өөр дэлгүүрүүдэд нийлүүлэхдээ санхүүгийн программ дээр бүртгээд бүх барааг хүргэж өгдөг. Хавтаст хэргийн 06-р талд авагдсан 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2.383.760 төгрөгний зарлагын баримт мөн 2.383.760 төгрөгийн И баримт, 2020 оны 05 сарын 28-ны өдөр 2.383.760 төгрөгний барааг хариуцагч Ц.М-ын дэлгүүрийн худалдагчид хүлээлгэн өгсөн гэрч Д.М, Ж.Б, Б.А, А.А /40-45, 58-62/ нарын мэдүүлэг, 22-24 дүгээр талд авагдсан зарлагын баримт, орлогын баримт, санхүүгийн программын бүртгэл зэргээр нотлогдож байгаа. Манай байгууллага олон байгууллагатай харилцдаг. Манай ажилтан Д.М танд барааг хүлээлгэж өгсөн гэж байна, падаан нь байна. Та Д.М-тэй ярь гэхэд ярьсан одоо төлье дөө гэж Facebook- messenjer-р харьцаж байсан. Иймд хариуцагч Ц.М-аас хүнсний барааны үнэ 3.418.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д ХХК-нд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.д ХХК-иас хүнсний бараа худалдаж авдаг байсан. 2020 оны 05 сарын 28-ны өдөр 2.383.760 төгрөгний хүнсний барааг манай дэлгүүрт хүлээлгэж өгсөн гэж хэлээд байгаа. Хүнсний барааг тухайн өдөр нь манай худалдагч хүлээж авсан байсан. Гэхдээ 2.383.760 төгрөгний хүнсний барааг хүлээлгэж өгсөн гэсэн нотлох баримт байхгүй. Би 2020 оны 08 сарын 03-ны өдөр 1.034.740 төгрөгний зайрмаг худалдаж авсан. Энэ мөнгийг би төлнө. Хүнсний барааг эдний дэлгүүрийн жолооч Д.М, ачигч Ж.Б нар манай хүнсний дэлгүүрийн худалдагчид хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Би Ч.Б-тэй байнга утсаар холбогдож байсан. Барааны мөнгөө нэхэхээр эхлээд өгнө гэж хэлсэн. Тэгтэл 2020 оны 05 сарын 28-ны өдрийн санхүүгийн баримт байсан. Уг баримт нь ямар ч гарын үсэггүй байсан. 2.383.760 төгрөгний барааг манайх хүлээн авсан гарын үсэггүй санхүүгийн баримт байсан. Би Ч.Б-тэй Facebook- messenjer-р харьцаж байсан. Иймд хариуцагч Ц.М-с хүнсний барааны үнэ 3.418.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д ХХК-нд олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаас зайрмагны үнэ 1.034.740 төгрөгийг төлнө. Харин 2020 оны 05 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх хүнсний барааны үнэ 2.383.760 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч М.д ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3.418.500 /гурван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч М.д ХХК-ийн нэхэмжилсэн 3.418.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зайрмагны үнэ 1.034.740 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн хүнсний барааны үнэ 2.383.760 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарыг гаргасан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг амаар тохиролцож байгуулсан, уг гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч М.д ХХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3.418.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн хүнсний барааны үнэ 2.383.760 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэргийн 06-р талд авагдсан 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2.383.760 төгрөгний зарлагын баримт мөн 2.383.760 төгрөгийн И баримт, 2020 оны 05 сарын 28-ны өдөр 2.383.760 төгрөгний барааг хариуцагч Ц.М-ын дэлгүүрийн худалдагчид хүлээлгэн өгсөн гэрч Д.М, Ж.Б, Б.А /40-45, 58-62/ нарын мэдүүлэг, 22-24 дүгээр талд авагдсан зарлагын баримт, орлогын баримт, санхүүгийн программын бүртгэл зэргээр нотлогдож байна гэж тайлбарласан байна.

Хариуцагч Ц.М нь 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн хүнсний барааны үнэ 2.383.760 төгрөгийг төлөх үндэслэлгүй, уг барааг манай худалдагч хүлээн авсан, 2.383.760 төгрөгний барааг хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй баримт байхгүй, би уг барааг хүлээн аваагүй, М.д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ийн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаагаа нотлоогүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэргийн 06-р талд авагдсан 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 2.383.760 төгрөгний зарлагын баримт мөн 2.383.760 төгрөгийн И баримт, 2020 оны 05 сарын 28-ны өдөр 2.383.760 төгрөгний барааг хариуцагч Ц.М-н дэлгүүрийн худалдагчид хүлээлгэн өгсөн гэрч Д.М, Ж.Б, Б.А /40-45, 58-62/ нарын мэдүүлэг, 22-24 дүгээр талд авагдсан зарлагын баримт, орлогын баримт, санхүүгийн программын бүртгэл зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч Ц.М нь шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 04, 05, 06, 07, 08, 22-24-р талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байна.

Харин хэрэгт авагдсан 25-32, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн дагуу бэхжүүлсэн 71-80-р хуудсанд авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар худалдагч тал нь хүнсний барааг худалдан авагчийн хүнсний дэлгүүрт хүлээлгэн өгсөн нь нотлогдсон байна.

Иймд хариуцагч Ц.М-аас хүнсний барааны үнэ 3.418.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар

зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-аас 3.418.500 /гурван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д ХХК-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69646 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамж 69646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.д ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ