2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-*************,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001849 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, Эмээлтийн “*************” гэх нэртэй мал нядалгааны газарт хохирогч *************маргалдан зодож эрүүл мэндэд “доод уруулд шарх, зулгаралт, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, намайг уучлаарай. Тухайн өдөр 2 шил архи уусан. Хохирогч архинд явж ирээд ганцааранг нь явуулсанд уурлаад байсан. Хутга гаргаад ирэхээр нь би аваад нуусан. Намайг доромжлоод байхаар уур хүрээнд зодсон. Маргааш нь 300,000 төгрөг өгсөн, уучлалт гуйсан” гэв.

Эрүүгийн 2408000001849 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *************: “...ажилчдын байранд *************, *************, ************* буюу ************* гэдэг 3 ахтай хамт байрладаг. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой бид нар байрладаг өрөөндөө ирээд архи ууцгаасан. Намайг “архинд яваад ир” гээд ************* ах хэлэхээр нь ганцаараа “*****” дэлгүүрээс 1 шил 0,75-тай архи аваад ирэхдээ ажил дээрээ хэрэглэдэг бойны ирэлсэн хутгаа гаргаж ирээд ширээн дээр тавьсан чинь ************* хутгыг надаас авсан. Тэгэж байсан чинь ************* ах *************г “яаж казак хэл сурсан юм бэ” гээд ярьж байхад би хажуугаас нь юм ярьж байгаад *************тай маргалдаад “Чи ер нь яг яах гээд байгаа юм бэ хасаг минь” гээд уурлаад босоод ирсэн чинь ************* орон дээрээсээ бууж ирээд шууд толгой руу 1, нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Миний уруул аман дотор язраад амнаас цус гараад байхаар нь гүйж гараад өрөөнүүдийн хаалгыг татаад явж байсан чинь *************эгчтэй таараад “намайг зодчихлоо. Би айгаад байна, яах вэ” гэхэд намайг “малчны өрөөнд ороод хоночих, маргааш өглөө наад асуудлаа шийд” гээд тэндээ хоносон. Өглөө босоход ************* “надад дансаа өгчих” гээд миний дансанд 300,000 төгрөг хийсэн, өөр юм аваагүй. Би 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжилнэ. Шинжилгээ хийлгэхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.21-ний өдрийн 15185 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************* биед доод уруулд шарх, зулгаралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч С.*************ын: “2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа тараад нэг өрөөнд байдаг ************* буюу *************, *************, ************* бид нар архи уусан. Нэлээн орой болоод согтоод унтахаасаа өмнө дахиад 1 шил архи уух гээд *************г “архинд яваад ирье” гэхээр нь явуулчихаад хүлээж байсан чинь ************* “*************дэлгүүр ороод ирлээ, байрнаас хол байна. Машинтайгаа ирээд зам дээрээс авчих” гээд залгахаар нь би “архи уучихсан машин барихгүй” гэсэн чинь утсаа салгасан. Нэлээн байж байгаад орж ирээд “машинаар авсангүй” гээд байгаа бололтой их ууртай орж ирээд түрийнээсээ хутга гаргаж ирээд “энэ хутгыг манай ээж, аав 2 биеэ хамгаалаарай гээд өгсөн” гэх утгатай зүйл яриад “хутгаа тавь” гээд тавиулах гээд ************* *************тэй ярьж байсан чинь “чи муу хасаг” гээд элдвээр хэлээд байхаар нь ************* хутгыг авч нуучихаад орон дээрээ гараад суусан. Тэгсэн чинь ************* хажууд нь гүйж очоод үг гуйгаад янз бүрээр доромжлоод байхаар ************* тэсэлгүй *************гийн уруул руу орон дээрээс цохиж харагдаад ************* бид 2 ороод салгасан чинь ************* *************г “ална” гээд байхад нь ************* дахиад нүүрэнд нэг цохисон чинь өрөөнөөс гүйж гараад ...манай ажилчдыг хариуцсан *************гэдэг жирэмсэн эмэгтэйтэй уулзаад нөгөө нь манай өрөөнд орж ирж бид нарыг загнаж байгаад бид гурав унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-2), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “Ө.************* хоёрдугаар зэрэглэлийг зөвшөөрч байна” гэх бичиглэл бүхий загвар (хх-42),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-29), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-37), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-38) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчид 1,320,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, хохирогчийн бичсэн хүсэлт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************нь 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Эмээлтийн “*************” гэх нэртэй мал нядалгааны газарт үл ялих шалтгааны улмаас хохирогч *************маргалдаж, зодож эрүүл мэндэд “доод уруулд шарх, зулгаралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн. Нэхэмжилсэн зүйлгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 3,3 сая төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналтай. Цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн зүй бус үйлдэл, догшин ширүүн авир гаргасан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй. Гаргуулах эсэхийг шүүх шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Эмээлтийн “*************” гэх нэртэй мал нядалгааны газарт хохирогч *************маргалдан зодож эрүүл мэндэд “доод уруулд шарх, зулгаралт, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ************* “...*************тай маргалдаад “Чи ер нь яг яах гээд байгаа юм бэ хасаг минь” гээд уурлаад босоод ирсэн чинь ************* орон дээрээс бууж ирээд шууд миний толгой руу 1, нүүр лүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-10, 12), шүүх эмнэлгийн 15185 дугаар “1. ************* биед доод уруулд шарх, зулгаралт, үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. З. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-17-18), гэрч С.*************ын “...************* хутгыг авч нуучихаад орон дээрээ гараад сууж байсан. Тэгсэн чинь ************* хажууд нь гүйж очоод үг гуйгаад янз бүрээр доромжлоод байхаар нь ************* тэсэлгүй орон дээрээсээ *************гийн уруул руу цохиж ...бид 2 салгасан чинь ************* *************г “ална” гээд байхад нь ************* дахиад нүүрэнд нэг цохисон...” гэх мэдүүлэг (хх-28) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч, хохирогч нар ажлын байранд архидан согтуурч, хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн агсам тавьж, шүүгдэгчийг үндэс угсаагаар нь доромжилсонд уурлан хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа, толгойд нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцож хохиролд 300,000 төгрөг өгсөн нь хохирогчийн “миний дансанд 300,000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг (хх-12)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг эмчилгээний төлбөрт төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хохирогч Ө.*************д “Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварыг танилцуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, нэхэмжилнэ гэсэн нь хэрэгт авагдсан баримт (хх-12, 42)-аар тогтоогдож байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.  

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан.

Тус аргачлалын 1.2-т “Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *************хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хохирогч, шүүгдэгч нар ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч нь агсам тавьсан, зүй бус авирлаж, шүүгдэгчийг үндэс угсаагаар нь доромжилсноос шалтгаалан шүүгдэгч хохирогчийг зодож гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан хохирогч Ө.*************д сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас багаар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу (660,000х2) 1,320,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хөдөлмөр эрхэлж байгаа, чин санаанаасаа гэмшиж байгаа харгалзсан үзсэн...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Эрхэлсэн ажил, орлоготой...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ажлын байранд архидан согтуурч, хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн агсам тавьж, шүүгдэгчийг үндэс, угсаагаар доромжилж зүй бус авирласнаас шалтгаалан хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа, толгойд 1 удаа цохин эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,620,000 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“************* ” ХХК-д ажилладаг, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *************450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ***********ын *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР