| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/198 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/198
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001666 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************тоотод оршин суух хохирогч *************гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад түүний эзэмшлийн “iphone 15 рrо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Утсыг нь санаатай авъя гэж бодоогүй. Утсыг 700,000 төгрөгөөр зарсан. Хаанаас утас авснаа мэдэхгүй байгаа. 1 шил архи уугаад л согтсон байсан. Хохирогчид утсыг нь авч өгсөн” гэв.
Эрүүгийн 2408000001666 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *************: “2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед өөрийн гэртээ *************урьсан. ...*************тай хамт ажилладаг гэх 30 гаран насны 174-175 см орчим өндөртэй бор залуу дагаж ирсэн. Тэгээд бид 4 хоол идчихээд 2 литрийн виски, 0.75 литрийн архи уусан. Тухайн үед би согтоод унтаад өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа манай дүү ************* манайд ирээд “та яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхээр нь гайхаад гэртээ хайсан боловч миний “айфоне 15 про макс” загварын гар утас олдохгүй, холбогдох боломжгүй байсан. Дүү надад “гэрийн хаалга онгорхой, Хүрээ дээд сургуулийн нэг багш замын хойно 2 цагдаатай хамт зогсож байсан” гэсэн. Тухайн үед би *************ын ...дугаар руу залгаж асуухад “надтай цуг явсан залуугийн утас нь надад байна, таны утас байхгүй байна” гэсэн. Тэгээд би цагдаад хандсан. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохоос татгалзаж байна. Би гар утсаа буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 53 дахь тал),
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.10.28-ны өдрийн Ц-0732 дугаар тайланд: “iphone 15 pro маркын гар утас 1 ширхэг 3,300,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
Гэрч М.*************ын: “2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед нутгийн ах *************залгаад “манай гэрт хүрээд ир, мах чанасан байна, мах ид” гэсэн. Тухайн үед үл таних залуугийн хамт явж байсан. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцсан ************* гэх залуу залгаад “би танд ном бэлэглэх гэсэн юм, хаана байна” гээд залгахаар нь Гандангийн буудлаас *************г авсан. Тэгээд бид дөрөв ах *************гийн гэрт ирсэн. Мах идчихээд 0.75 литрийн архи задлахаар нь хувааж уусан. Удалгүй үл таних машин барьж явсан залуу “гэртээ орлоо” гээд гараад явчихсан. Түүнээс хойш *************, ************* ах бид 3 дахин 1 хугас шилтэй виски уухад тэр 2 согтоод хэрэлдээд байхаар *************г гэрээс нь хөөгөөд явуулчихсан. Би 17-18 цагийн хооронд ************* ахыг хүүхэдтэй нь унтуулчихаад хаалгыг хаагаад гарсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 2, 3 цагийн үед залгаад “гар утсаа хулгайд алдчихсан байна” гээд байсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр юу болсон талаар сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Гэрчид 1-4 хүртэл дугаарлаж байрлуулсан гэрэл зургийг харуулахад холбогдогч этгээдийг эхлээд №3 дугаартай зураг дээр, дараа нь зургуудын байрлалыг сольж байрлуулан дахин таниулахад №4 дугаарын зураг нь дээрх хүн мөн байна гэж *************дахин зааж байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-23-27), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-43-44), хохирогч *************“*************би утас хүлээж авлаа. 2024.11.25” гэх бичиглэл бүхий баримт (хх-74),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-33), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-34) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************тоотод оршин суух хохирогч *************гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад түүний эзэмшлийн “iphone 15 рrо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *************“...Бид нар манайд архи уусан. ...миний эзэмшлийн “айфоне 15 про макс” загварын гар утас олдохгүй, холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-9-10, 53), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “iphone 15 pro маркын гар утас 1 ширхэг 3,300,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-37-39), гэрч М.*************ын “...бид нар архи, виски уухад *************, ************* ах 2 согтоод хэрэлдээд байхаар нь *************г хөөгөөд явуулчихсан. Шөнө 2, 3 цагийн үед залгаад “гар утсаа хулгайд алдчихсан байна” гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-21-22), гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (хх-23-27) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн шүүгдэгч нь хохирогчийн гэрээс гарахдаа түүний эзэмшлийн 3,300,000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone 15 pro” маркын гар утсыг хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *************3,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг биет байдлаар төлж барагдуулсан нь хохирогчийн “утас хүлээн авлаа” гэх хүсэлт (хх-74)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *************гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч *************нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй гэснийг (хх-53) тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************тоотод оршин суух хохирогч *************гэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад түүний эзэмшлийн “iphone 15 рrо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,300,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгч “2022 онд хүнд хутгалуулж биеийн эрүүл мэнд тааруу байгаа тул ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс шүүгдэгч нь хохирогчийн гэрээс гар утсыг нь хулгайлан авч, зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 3,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, гар утас биет байдлаар төлөгдсөн, хохирогч “утас хүлээн авсан” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*************ыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР