| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01512/и |
| Дугаар | 155/ШШ2017/00191 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2017/00191
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2017/00191 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 28-14 тоотод оршин суух ........... овогт Б.............ийн Б /............./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 02-08 тоотод оршин суух ................ овогт Ч...........ийн Д /................/-т холбогдох,
600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ч.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :Миний бие 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ч.Дтой харилцан тохиролцож түүлий малыг харахаар болсон. Мал малласны хөлс гэж 1 сарын 400.000 төгрөг өгөлцөж авахаар тохирсон. Ингээд би 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүний Түнэл суманд байх малыг нь маллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ч.Д нь надад нийт 400.000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл цалин болох 600.000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй, өгч чадахгүй гэж гэж ажил хийлгэсэн цалин хөлсөө бүрэн өгөхгүй байгаа тул хариуцагч Ч.Доос 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...Д өөрөө надтай гэрээ байгуулахдаа би бүх зүйлээ хариуцана гэж хэлж гэрээ байгуулсан.
...Би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь мал малласны тал хөлсийг Этөлөхөөр гэрээнд гарын үсэг зурсан байх тул баримтаа бүрдүүлж дараа нь Д.Энтайванаас нэхэмжилье. Харин Доос түүний төлөх ёстой хөлсний үлдэгдэл болох 95.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн Бд өөрийн өмч болох малыг маллуулахаар хөдөлмөрийн гэрээ хийж үхэр 51 тооны, бог мал нийт 644 тооны малыг сарын 400.000 төгрөгний цалин хөлсөөр тохирсон. Гэхдээ эдгээр мал нь дан ганц миний өмч биш нөхрийн дүү болох Эгэдэг хүний өмч юм. Тиймээс Энь мөн 400.000 төгрөгийн 200.000 төгрөгийг нь өгөхөөр гарын үсэг зурсан. Ингээд би урьдчилгаа 89.000 төгрөгний хэрэгцээ байна гэсэн учраас уг мөнгийг 6 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Тэгээд дараа нь гурил, будаа болон мөнгө гэх мэтээр өгсөөр байгаад хамгийн сүүлд үлдэгдэл 81.000 төгрөг малаа хүлээж авах өдөр өгсөн. Ингээд миний хувьд 400.000 төгрөг бүрэн төлсөн бөгөөд үлдсэн 10 хоногийн тооцоо 60.000 төгрөгийг өгөөгүй. Харин Э хувьд 460.000 төгрөг өгөх ёстойгоос бэлэн 40.000 төгрөг өгсөн. Мөн Э баяраар идэш гэж 1 эр хонь авсан. Зах зээлийн үнээр тухайн үедээ 120.000 төгрөг гэж үнэлээд нийт 160.000 төгрөг болж байгаа. Тэгээд нийт том үхэр нь 39 тооны, тугал нь 12 байсан. Ингээд хүлээж авахад 1 шүдлэн үхэр алдсан байсан. Хонь хурга нийлээд 280 тооны хүлээж авсан боловч 3 ширхэг хурга дутуу гээд тухайн үед ялгаж тоолоогүй авсан. Гэтэл дараагийн хүнд хүлээлгэж өгөхөд 3 хонь дутуу байсан. Ингээд үхрээ 400.000 төгрөг, хонио дундаж үнээр бодоход 60.000 төгрөг нийт 680.000 төгрөг болж байгаа юм. Ингээд гэрээний дагуу алдсан малынхаа тооцоог хийнэ гэвэл бид нар төлөх боломжгүй. Миний хувьд 60.000 төгрөгийн тооцоо үлдсэн боловч би төлж чадахгүй. Учир нь миний 1 хонийг дутаасан мөн 2 сар мал малах хугацаанд 3 хурга үхэж үрэгдсэн тул үүнийг тооцоогүй...Б надаас 400.000 төгрөгийн цалин гэж аваад байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа боловч яагаад 600.000 төгрөгийг нэхэмжилснийг ойлгохгүй байна.
...Энхтайван бидэнтэй хамт очиж гэрээ байгуулсан шүү дээ. Тиймээс хөлсөө хувааж төлөх ёстой. Миний төлөх ёстой хөлснөөс 81.000 төгрөг үлдлээ гэхэд нь би 50.000 төгрөгийн сэлбэг өгөөд өвсөнд явах гэж байна гэхээр нь би 30.000 төгрөг өгсөн. Үлдсэн 10 хоногийн 65.000 төгрөг л үлдсэн байгаа байх гэж бодож байна. Гэвч манай малнаас 4 тооны бог мал дутсан тул үлдэгдэл төлбөрт оролцуулан тооцсон учраас ажлын хөлс 95.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ............ овогт Ч...........ийн Дт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх боловч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 95.000 / ерэн таван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Ч.Д нь Энхтайван бид хоёр ярилцаад нэхэмжлэгч Б.Баар сарын 400.000 төгрөгийн хөлстэйгээр 2 сар 10 хоногын хугацаатай малаа маллуулсан, хөлсөнд би бэлнээр 400.000 төгрөг өгсөн, мөн манай малнаас 4 тооны бог мал дутсан тул үлдэгдэл төлбөрт оролцуулан тооцсон учраас ажлын хөлс 95.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,
Нэхэмжлэгч Б.Б нь дутагдуулсан мал байхгүй, Ч.Д нь надад 465.000 төгрөгний хөлс өгөх ёстойгоос 370.000 төгрөг бэлнээр өгсөн учраас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 95.000 гаргуулж авна гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Ч.Д, Энарын малыг маллахаар хөлсөөр ажиллах хөдөлмөрийг гэрээг бичгээр байгуулан хөлсийг сарын 400.000 төгрөгөөр тохиролцон 644 тооны мал хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малласан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Э шүүхэд өгсөн Б.Быг би сайн танихгүй.Харин Д эгч таньдаг юм. Тэгээд бид хоёр ярилцаад Баар малаа харуулахаар тохиролцож сарын 400.000 төгрөгний хөлс өгөхөөр, уг хөлснийг бид тэнцүү хэмжээгээр гаргаж төлж байхаар гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малаа харуулсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Д нь 2 сар 15 хоногийн хөлс 930.000 төгрөгийг Эбид хоёр хувааж төлөх бөгөөд би өөрийн төлөх ёстой байсан хөлснөөс бэлнээр 400.000 төгрөг өгсөн, мөн манай малнаас 4 тооны ямаа Б.Б дутагдуулсан тул үлдэгдэл төлбөрт оролцуулан тооцсон. Иймд 95.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг шүүхэд гаргаж байх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Иймд хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 95.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид нь олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.650 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Доос улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний биелэлтэнд хариуцагч Ч.Доос 95.000 /ерэн таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650/ арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.550 / дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ