| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/231 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/231
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405046371138 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 52 минутын орчимд Баянгол дүүргийн **** дугаар хороо, Саппорогийн уулзвар дээр *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2405046371138 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Эрх бүхий албан тушаалтны: “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *************нь 2024.10.28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 45 минутад илрүүлж...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
Мөрдөгчийн “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Саппорогийн уулзвар дээр *************тээврийн хэрэгсэл дотор ухаангүй 5 хүн байна, яаралтай бүрэлдэхүүн явуулж өгнө үү” гэх гомдол мэдээллийг шалгахад *************нь жолооныхоо хүрдэн дээр унтаж байсан ба Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж согтолтын зэргийг хэмжихэд 2,06 гарсан болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 2024/ЗШ/1779 дүгээр шийтгэврийн “...2024.07.07-ны шөнө 05 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** дугаартай автомашиныг жолоодсон (1,71 хувийн согтолттой) тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 12 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэх хуулбар (хавтаст хэргийн 84-85 дахь тал),
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл “2024.07.18-ны өдрөөс 2025.07.18-ны өдрийг хүртэл 1 жил эрх хасагдсан” гэжээ (хавтаст хэргийн 47, 81 дэх тал),
Шүүгдэгч *************яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө найзынхаа ажил дээр 3 шил 0,75 литрийн архийг хувааж уусан. Тэгээд тасраад унтчихсан байсан. 28-ны өдөр 15 цагийн үед найз *************, *************, *************, ************* нарын хамт би жолоо бариад ахынхаа машин болох *************улсын дугаартай марк 2 маркын машиныг жолоодон ТЭЦ-4-н тэндээс хөдлөөд хороолол орох гээд явж байсан. Тэгээд Саппорогийн уулзвар дээр ирэх үедээ би жолооныхоо ард унтчихсан байсан. Цагдаа нар ирээд намайг шалгаад драгер багаж үлээлгэхэд 2.06 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-86) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *************нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 52 минутын орчимд Баянгол дүүргийн **** дугаар хороо, Саппорогийн уулзвар дээр *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь мөрдөгчийн “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, Саппорогийн уулзвар дээр *************тээврийн хэрэгсэл дотор ухаангүй 5 хүн байна, яаралтай бүрэлдэхүүн явуулж өгнө үү... согтолтын зэргийг хэмжихэд 2,06 гарсан...” гэх тэмдэглэл (хх-36), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 2024/ЗШ/1779 дүгээр шийтгэврийн хуулбар (хх-84-85), Цагдаагийн ерөнхий газрын “2024.07.18-ны өдрөөс 2025.07.18-ны өдрийг хүртэл эрх хасагдсан” гэх жолоодох эрхийн лавлагаа (хх-47, 81) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчжээ.
Шүүгдэгч *************урьд 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар (1,71%) тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 2024/ЗШ/1779 дүгээр шийтгэвэр (хх-84-85), жолоодох эрхийн лавлагаа (хх-47)-аар тус тус нотлогдлоо.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгох тул шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин согтуу (амьсгал дахь спиртийн агууламж 2.06%)-аар тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч *************бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цаг 52 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, саппорагийн уулзвар дээр “********” улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад гэрлэн дохиотой уулзвар дээр жолооны хүрдэн дээрээ унтсан, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн), дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын ажил эрхэлдэг, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч *************4,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ********* овогт ********* *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил хасаж, 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************4,500,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР