2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/230

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,   

улсын яллагч С.Батгэрэл,  

иргэдийн төлөөлөгч Н.Алтангэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулга,

шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001551 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *************тоотод байх нийтийн байрны 4 дугаарын өрөөнд амь хохирогч ************* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, хоолойг нь боож эрүүл мэндэд “бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амь хохирогч манайд хонож өнждөг байсан. 23-нд ажлаас ирээд дөрвүүлээ архи уусан. Эхнэрээ хардаад “ална” нтр гээд хутга бариад байсан. Би хутгыг нь авч далд хийсэн. 24-нд бид 2 буудалд хоносон. Намайг ажил дээрээ байхад талийгаач ярьсан. Тэгээд хоолны мах аваад ирээрэй гэхэд мах ногоо, 1 шил 0,75 литрийн архи, том пиво аваад очсон. Тэр 2 гурав гурав татаад унтсан. Маргааш өглөө нь талийгаач босоод архи уусан. Ийм муухай юм хийсэндээ үнэхээр харамсаж байна. Архи дарс уугаад ийм юм болсон байна лээ, сайн санахгүй байгаа. Урд өдрийн үлдээсэн архиа уугаад дахин 0,75 литрийн архи авч уусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, миний буруу. Сүүлд 2 удаа очиход хаалгаа тайлж өгөөгүй, би орж чадаагүй. Өмнөх ялаас төлж байсан. Ар гэрээс нь уучлалт гуйя. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүүхэд байхдаа ахтайгаа илүү ойр байсан. Ах маань хүнтэй суугаад архи их уух болсон. Хүүхэд байхад ах архи уухаараа агсам тавьдаг байсан. Сүүлийн үед дэндүү архи уугаад гэртээ ирэхээ больсон. 2021 оны намар над дээр нэг ирсэн. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй. 2 хүүхэдтэй, бага хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй” гэв.

Эрүүгийн 2408000001551 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************гийн: “Талийгаач *************нь миний төрсөн ах. Сүүлд ************* гэх эмэгтэйтэй амьдарч хоёр хүүхэдтэй болсон ч 2014 оноос тусдаа амьдарцгаах болсон. Ах маань тэрнээс хойш тогтсон амьдралгүй, өөрийн гэсэн гэр оронтой болоогүй, архи дарс уух нь ч ихсэж архины хамааралтай болсон. Би хамгийн сүүлд 2021 оны намар ахтайгаа уулзсан. Тухайн үед тогтсон хаяггүй, нийтийн байр түрээслэж амьдарч байгаа гэж хэлсэн. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохоор дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 143 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.04-ний өдрийн 3286 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.5. Амь хохирогч *************нь бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт гэмтлийн улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ. 2. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минутын цогцсын анхны гадна үзлэгээр нас бараад 15-17 цаг болсон байжээ. 3. Амь хохирогчид дээрх бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун мөрний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу хүзүү гаднаасаа дарагдаж шахагдсаны улмаас үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.11-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 7. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. 8. Амь хохирогч нь зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах голомтот сорвижил, элэгний өөхөн хувирал, бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний дээд булчирхайн голомтлог үрэвсэл өвчтэй байжээ. Эдгээр өвчнүүд нь үхэлд хүргээгүй болно. 9. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 10. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй болно. 11. Хоёрдугаар бүлгийн цустай байжээ. 12. Амь хохирогчийн ходоодонд 70 мл орчим бор шаргал өнгийн өтгөн агууламжтай байсан болно” гэжээ (хавтаст хэргийн 56-69 дэх тал),

Шинжээчийн 2024.10.07-ны өдрийн 3007 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2. Ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна. 3. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно” гэжээ (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

Гэрч *************: “...*************2024 оны 8 дугаар сард танилцаж нийтийн байранд хамт амьдрах болсон. Талийгаач Хархорин захад байрлах үйлдвэрт харуулын ажил хийдэг, би гэртээ байдаг байсан. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед зүс таних талийгаачийн найз *************, түүний эхнэр ************* нар 0,75 литрийн архи, мах авчихсан орж ирсэн. Талийгаач *************, *************, түүний эхнэр ************* нар авчирсан архиа хоорондоо юм ярьж байгаад хувааж ууцгаасан. Би тухайн архинаас уугаагүй. 12-13 цагийн орчимд талийгаач, ************* хоёр согтоод “би цагдаа байсан, чи цагдаа байгаагүй” гэх зэргээр хоорондоо маргалдаж ************* нь талийгаачийг орон дээр сууж байх үед нь хоёр гараараа заамдаад амьсгалыг нь боогоод байсан. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлээгүй. Талийгаач “миний цамцнаас тавиач, хоолой боохоо боль” гэж хэлсэн чинь ************* боосон чигтээ гараараа хоолой хэсэг рүү хүчтэй түлхсэн чинь талийгаач хойд талын дагз хэсгээрээ хана мөргөөд орон дээрээ хэвтчихсэн. Би “та хоёр юундаа зодолдоод байгаа юм бэ” гэж уурлаад 13 цагийн орчимд байрнаасаа гараад явсан. Гэрт талийгаач *************, *************, түүний эхнэр ************* нар үлдсэн. Би өөрийн гэр лүүгээ хариад буцаад ...00 цагийн орчимд нийтийн байрандаа иртэл тог тасарчихсан байхаар нь талийгаачийн утасны гэрлийг асааж байгаад харсан чинь талийгаач орон дээрээ намайг анх гэрээс гарах үеийн байрлалаараа хэвтэж байхаар нь очоод үзсэн чинь ам нь ангайчихсан, бие хаа нь хэвийн бус болчихсон байхаар нь талийгаачийн ...дугаараас цагдаа, түргэн тусламж руу дуудлага өгсөн. Удалгүй 103-н эмч талийгаачийн биеийн байдлыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

Гэрч Д.*************гийн: “Би ************* гэх залуутай танилцаад 2 сар гаран болж байгаа. Бид хоёр дотно харилцаатай, нийтийн байр түрээслэж амьдардаг. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээслэх хугацаа дуусчихсан, сүүлийн 4 хоног талийгаач *************гийн гэрт амьдарсан. Талийгаачийг *************аар дамжуулан хэдхэн хоногийн өмнө танилцсан. Талийгаачийн түрээслэдэг 4 номерын өрөөнд талийгаач, түүний эхнэр *************, ************* бид дөрөв 2024 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдөр архи ууцгаасан. 9 дүгээр сарын 25-ны өглөө ************* ах ажилдаа явах байсан ч “нөгөө ээлжнийхээ хүнийг гуйчихлаа, 3 өдөр дарааллаж гарахаар боллоо” гэж ярьсан. Тэгээд ************* ах орныхоо хойноос тал шил архи гаргаж ирээд өөрөө ихэнхийг нь уучихаад *************т нэг хийж өгсөн. Тэгээд ************* нэг шил 0.75 литрийн архи аваад дөрвүүлээ хувааж ууцгаасан. Талийгаач ************* эгчийг хардаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэр хоёр ер нь л их таарамжгүй, 3-4 хоног хамт байхад байнга ам зөрж байсан. ************* болиулах гээд талийгаач ************* хоёр бие биедээ “би цагдаад байсан, би чамаас дээгүүр цолтой байсан” гэх зэргээр онгироод, сүүлдээ барьцалдаж аваад, дээр доороо орж заамдалцаад байсан. ************* эгч “болиоч ээ” гэж орилж хэлж ярьж байсан. Би угаасаа ийм зүйлээс хол болохоор ойртоогүй. Тэр хоёр бие биедээ халдаж цохиж зодсон үйлдэл гаргаагүй. Тухайн үед 13-14 цаг орчим болж байсан байх. ************* эгч уурлаад “би явлаа, гэртээ харилаа” гээд гараад явчихсан. Би *************, талийгаач хоёрыг хэрэлдэж маргалдан ноцолдоод байхаар айгаад ************* эгчийн хойноос гарсан. 10 орчим минутын дараа ************* гарч ирээд бид хоёр замын эсрэг талд байх нийтийн байр луу орсон. Ороход ************* бичиг баримт, картаа үлдээчихсэн байна гэхээр нь бид хоёр дахин талийгаач *************гийн түрээслэдэг өрөөнд очсон. Талийгаач хаалгаа түгжчихсэн байгаад хэсэг тогшуулж байгаад онгойлгосон. Ямар нэгэн зүйл хэлэхгүй орон дээрээ хэвтчихээд ************* тэр хоёр мөн л нэгнийгээ харааж зүхээд маргалдаад ************* талийгаач руу дайраад байхаар нь би татаж “боль боль” гээд авч гарсан. Би тухайн үед *************ыг салгах гээд утас, цэнэглэгчээ авахаа мартчихаад дахин хэд хэдэн удаа талийгаачийн өрөө лүү очиход хаалгаа огт тайлахгүй, утсаа авахгүй, огт дуугарахгүй байсан. Би сүүлдээ аргаа бараад цонхоор нь орж утсаа аваад хаалгаар нь гарсан. Талийгаач тухайн үед унтаж байгаа юм шиг дээшээ харсан байдалтай, хөнжил нөмрөөгүй, өмсөж байсан хувцастайгаа хэвтэж байсан. Тэр үед 19 цаг орчим болж байсан байх. Би дахин тэдний гэр лүү ороогүй, дахин уулзаагүй. Шөнө ************* эгч ************* луу залгаад уйлж унжаад ************* нас барчихсан байна гээд байсан. Тэр хоёр зодолдож цохиж зодсон зүйл байхгүй. Маргалдаж байгаад нэгнийхээ хоолойг боогоод заамдалцаад ************* ************* ахаас арай хүч илүү, нас залуу дийлэх маягтай байсан бөгөөд талийгаачийг хана руу шахаж түлхэж заамдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

Шүүгдэгч Д.*************ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр *************ын гэрт архи уусан. *************, ************* нар хоорондоо маргалдаад нэгнийгээ хардаад их хэрүүл маргаан хийгээд байхаар нь ************* бид хоёр тэднийхээс яваад буудалд хоносон. Маргааш нь би ажилдаа яваад ************* хувцсаа авна гээд талийгаач *************ын гэр лүү явсан. Би орой ажил дээрээ байхад ************* залгаад “шартаад байна, архины мөнгө явуулаач” гэхээр нь би *************гийн данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. ************* над руу дахин дахин залгаад “ажил чинь хэдээс тарах юм, мах дуусчихсан байна, идэх зүйл аваад ирээч” гээд байхаар нь 19 цагийн үед ажлаа тараад мах, ногоо, боов боорцог, 0.75 литрийн нэг шил архи авч очоод *************, *************, ************* бид нар хувааж уусан. *************, ************* нар нэг их уугаагүй түрүүлээд унтчихсан.

Маргааш нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө ************* бид хоёр ажилдаа явах байсныгаа ************* нөгөө ээлжийн харуул руугаа яриад “би өнөөдөр очиж чадахгүй юм байна” гээд сунгачихаар нь би бас очоогүй. Өчигдрийн үлдсэн архиа ууж дуусгаад ************* бид хоёр дахин дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи аваад хувааж уусан. Би тухайн үед нэлээдгүй их архи ууж согтсон, болсон асуудлын талаар нэг бүрчлэн сайн санахгүй байна. Нэг сэргээд хартал ************* явчихсан байсан. ************* бид хоёр тэднийхээс 13 цагийн орчимд гараад замын эсрэг талд байх хуучин түрээслэж байсан нийтийн байр луу оччихоод *************ын өрөөнд утас, бас бус эд зүйлсээ үлдээснээ санаад ганцаараа буцаж очиход ************* хаалгаа түгжчихсэн байсан. Хаалгыг тогшоод онгойлгохгүй байсан. Сүүлд ************* ганцаараа очоод ирэхдээ би цонхоор нь орсон, утас, эд зүйлээ аваад буцаад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024.11.20-ны өдрийн 1070 дугаар дүгнэлтэд: “1. *************нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. *************нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. *************нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөнд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. 4. *************нь хэрэг үйлдэгдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. *************хэрэг хариуцах чадвартай байна. 5. *************нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 6. Д.*************т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэжээ (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...13 цаг 13 минут 56 секундэд амь хохирогч Б.*************ын оршин суух 4 тоот өрөөнд хэрүүл маргаан болж тухайн өрөөнөөс 13 цаг 16 минут 53 секундэд З.************* гарч явж байна. 13 цаг 17 минут 12 секундэд уг өрөөнөөс Д.************* гарч явж байна. ...тус өрөөнөөс эрэгтэй хүмүүсийн хоорондоо маргалдах, орилж чарлах, ямар нэгэн зүйл цохих, цохигдох чимээ гарах бөгөөд /юу ярьж байгаа нь тодорхой сонсогдохгүй/ 13 цаг 21 минут 20 секундэд ...эрэгтэй хүн гарч явах бөгөөд “дуугүй байж бай писда минь” гэж хэлэх нь сонсогдож байв. /Уг эрэгтэй нь оролцогч *************болох нь танигдаж байв/ ...13 цаг 29 минут 30 секундэд гаднаас Д.*************, Д.************* нар хамт орж ирэх бөгөөд Б.*************ын өрөөний хаалгыг тогшин “Би *************а байна, хаалга онгойлгох юм уу, үгүй юм уу писда минь би унтмаар байна” гэж орилж байгаад нийтийн байрны 3 номерын өрөө рүү *************тэй хамт орж байна. ...13 цаг 37 минут 03 секундад *************3 номерын өрөөнөөс гарч амь хохирогч өрөөний хаалгыг цохиж байгаад 3 номерын өрөө рүү буцаж орж байна. ...13 цаг 44 минут 31 секундэд Д.*************, Д.************* нар 3 номерын өрөөнөөс гарч амь хохирогчийн өрөөний үүдэнд очиж “би байна Нараа байна” гэж амь хохирогчтой ярилцаж хаалгыг тогшиж байгаад 4 тоот хаалга онгойж өрөө рүү орж байна. ...13 цаг 47 минут 33 секундэд уг тоот өрөөнд эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж “чи намайг барах уу” гэж орилох эрэгтэй хүний дуу гарах ба 13 цаг 50 минут 26 секундэд “хоолойг чинь бооно” гэж чангаар орилж байв. ...13 цаг 55 минут 11 секундэд уг тоот хаалга онгойж “хөөе лалраа” гэж эрэгтэй хүн орилох үеийг харуулав. 13 цаг 55 минут 18 секундэд эрэгтэй хүн “алаагүйд баярлаарай” гэж хэлэх үеийг харуулав. ...13 цаг 55 минут 40 секундэд амь хохирогчийн өрөөнөөс “хөөе хөөе зүгээрээ гарья би мэдэж байна аа” гэж ярин Д.*************, *************нар гарч байна. 13 цаг 55 минут 59 секундэд эрэгтэй хүн “ганц л ингэхэд хөдөлгөөнгүй байхгүй юу, төвөнхөнд нь байхгүй юу төвөнхөнд нь” гэж ярьсаар гарч байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, -**** тоот блокон хашаа бүхий ...уг өрөөний хойд талын хана дагуу шаргал цэнхэр эрээн даавуугаар хучсан матрас дээр амь хохирогч улаан хүрэн өнгийн футболктой, саарал өнгийн өмдтэй, дээш харсан, баруун гарын сарвуу хэсгээр хэвлий хэсгийг дарсан, зүүн гар дэлгэсэн, зүүн хөл хагас нугалсан байдалтай байсныг бэхжүүлэн авах...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дахь тал), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “*************нь ...2,700,000 төгрөгийн торгох ял эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд 2024.12.06-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 165 дахь тал), шүүгдэгчийн “...Иймд хийсэн хэрэгтээ маш их, үнэн сэтгэлээсээ харамсаж байна. Бага ял оноож өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 169 дэх тал) зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *************тоотод байх нийтийн байрны 4 дугаарын өрөөнд амь хохирогч ************* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, хоолойг нь боож эрүүл мэндэд “бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************гийн “...2021 оны намар ахтайгаа уулзсан. Тухайн үед тогтсон хаяггүй, нийтийн байр түрээслэж амьдарч байгаа гэж хэлсэн. ...Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-33, 143), шүүх эмнэлгийн 3286 дугаар “15. Амь хохирогч *************нь бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт гэмтлийн улмаас амьсгал механикаар бүтэж нас баржээ...” гэх шинжилгээ (хх-59-69), гэрч Д.*************ийн “...12-13 цагийн орчимд талийгаач, ************* хоёр согтоод маргалдаж ************* нь талийгаачийг орон дээр сууж байх үед нь хоёр гараараа заамдаад амьсгалыг нь боогоод байсан. Талийгаач “миний цамцнаас тавиач, хоолой боохоо боль” гэсэн чинь ************* хоолойг нь боосон чигтээ гараараа хоолой хэсэг рүү хүчтэй түлхсэн чинь талийгаач хойд талын дагз хэсгээрээ хана мөргөөд орон дээрээ хэвтчихсэн. ...00 цагийн орчимд нийтийн байрандаа иртэл ...талийгаач орон дээрээ намайг анх гэрээс гарах үеийн байрлалаараа хэвтэж байхаар очоод үзсэн чинь ам нь ангайчихсан, бие хаа нь хэвийн бус болчихсон байхаар...” гэх мэдүүлэг (хх-40-42), гэрч Д.*************гийн “...************* тэр хоёр мөн л нэгнийгээ харааж зүхээд маргалдаад ************* талийгаач руу дайраад байхаар нь би татаж “боль боль” гээд өрөөнөөс нь авч гарсан. ...Талийгаач тухайн үед унтаж байгаа юм шиг дээшээ харсан байдалтай, хөнжил нөмрөөгүй, өмсөж байсан хувцастайгаа хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-36-37), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-20-23), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-8-11) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*************ын ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Б.*************ын хоолойг боож алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч *************гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*************ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “талийгаач 2 хүүхэдтэй байсан, бага хүүхдэд нь тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй...” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэргийн материалд амь хохирогч *************хүүхэдтэй байсан гэх баримт авагдаагүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой тоо, тооцоолол гаргах боломжгүй гэж хэлэлцэхгүй орхин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч *************энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *************согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Их нарангийн **** тоотод байх нийтийн байрны *** номерын өрөөнд амь хохирогч ************* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, хоолойг нь боож эрүүл мэндэд “бамбай мөгөөрсийн зүүн урд хэсгийн цөмөрсөн хугарал, дууны хөвч, улаан хоолой, бамбай мөгөөрс орчмын булчин, зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гүрээний судасны гадаргуу дахь цус хуралт, уруулын салстын цэгчилсэн цус харвалт, өвчүүний бүдэрхий, зүүн 2-р хавирганы хугарал, хүзүүний цус хуралт” бүхий гэмтэл үүсгэн алсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 9 жил 6 сарын хорих ял оногдуулах, өмнөх 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул төлөх төлбөргүй. Цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэл, үйл баримттай маргахгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Өмнөх 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгчид ашигтайгаар шийдэж тус тусад нь эдлүүлж өгнө үү. 8 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн шүүгдэгч нь хохирогчийн хоолойг боож алан амьд явах эрхэд нь халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохиролд нэхэмжилсэн болон төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 (ес) жил 6 (зургаа) сарын хорих ял шийтгэлээ.

Шүүгдэгч *************урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/695 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700,000 төгрөгөөр ял шийтгүүлж (хх-156-161), уг ялыг биелүүлээгүй болох нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “*************нь 2,700,000 төгрөгийн торгох ял эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд 2024.12.06-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна. 

Түүнчлэн шүүгдэгч Д.*************ын дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа хэдий ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч *************урьд 2000, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, өршөөл үзүүлсний дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул өршөөлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*************т энэ тогтоолоор оногдуулсан 9  жил 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 180 хоног буюу 6 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 10 (арав) жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Өмнөх 2,700,000 төгрөгөөр торгох ялыг ашигтайгаар шийдэж тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч *************нь 2020 оны 6 сард ял шийтгүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн торгох ялаас эдэлсэн зүйлгүй, ял биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, албан тушаалтан, хүн биелүүлэх үүрэгтэй тул тусад нь эдлүүлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.*************ын 2024.10.24-ний өдрөөс 2025.01.21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ********** овогт ********* *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************9 (ес) жил 6 (зургаа) сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.*************т энэ тогтоолоор оногдуулсан 9  жил 6 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 180 хоног буюу 6 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 10 (арав) жилээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*************т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*************ын цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *************энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025  оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

           ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНТУЯА

 

                                                         Х.ОДБАЯР