Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/00694

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/00694

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч ХХК холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК /гэрээгээр “Паркийн оролцогч” гэх/ нь Ч парк ХХК /гэрээгээр “Паркийн удирдлага” гэх/-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж тус гэрээний 6.5 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа эрхлэх гэрээ баталгаажуулж, 5,000,000 төгрөгийн нэг удаагийн хураамжийг үйл ажиллагаа явуулж эхлэхэс өмнө Паркийн удирдлага буюу Ч парк ХХК-д төлсөн.

Гэвч хариуцагч Ч парк ХХК нь гэрээний 3.1.4-т “Паркийн удирдлага нь ... паркийн оролцогч үйл ажиллагаа явуулахад шаардагдах ... га талбай бүхий газар олгоно”, мөн гэрээний 5.5-д “...Паркийн оролцогчдод үйл ажиллагаа явуулах газар олгоно” гэж заасан үүргээ огт биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрч байна. Ийнхүү Ч парк ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Э ХХК нь гэрээний 6.5-д заасан “Паркийн оролцогч нь 3.1.1-д заасан 2 ширхэг хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэх” эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадалгүй хохирсоор байна. Манай компани нь гэрээний 7.1-д “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болно” гэж зааснаар гэрээг цуцалж, 7.2-т “Гэрээ цуцлагдсан нөхцөлд хэн буруутай тал нь нөгөө талдаа учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар өгч авалцсан зүйлээ буцаах тухай хариуцагч Ч парк ХХК-д удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй байна.

Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг хариуцагч Ч парк ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ч парк ХХК-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Зохигчийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16/14 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч, хариуцагчийн 05/16 тоот нэхэмжлэхийг үндэслэн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банк ХХК дахь ........тоот дансанд шилжүүлжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч гэрээгээр хамтран ажиллах боломжгүй болж урьдчилан төлсөн 5,000,000 төгрөгөө буцаан авахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн” гэх тайлбар гаргасан ба хэрэгт нотлох баримтаар хариуцагч Ч парк ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 51/16 тоот албан бичигт авагдсан ба тус баримтад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцаан шилжүүлэхийг мэдэгджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгчийн хамтран ажиллах гэрээнээс гарах мэдэгдлийг хариуцагч хүлээн авч төлбөрийг буцаан олгохоор мэдэгдсэн ба Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар нэхэмжлэгч гэрээнээс гарснаар талуудын хамтын үйл ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Талууд хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, гэрээний талууд хамтын үйл ажиллагааны дүнд бусдын өмнө үүрэг хүлээгээгүй гэж үзэхээр тул нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр бусдыг үүргийг төлөх, суутгах үндэслэл тогтоогдоогүй учир дээрх 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч гэрээ байгуулснаас хойш Төв аймгийн БаянЧ суман дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн паркийн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан, хариуцагч энэ талаархи, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримт болон тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзсэн ба хариуцагчийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ч парк ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгох үндэслэлтэй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын дээд шүүхийн 2018 оны ...дугаартай захирамжаар хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр харъяаллыг тогтоожээ.

 Шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн Баянзүрх дүүрэг дэх хаягаар хүргүүлснийг 2018 оны 02 дугаар сарын 14-нд иргэн н.Пүрэв, Сүхбаатар дүүрэг дэх хаягаар хүргүүлэхэд “нүүсэн” гэх, Төв аймгийн хаягт “оршин суудаггүй” гэх үндэслэлээр тус тус буцаагдсан.

Иймд Иргэнийыыы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.8-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид хүргэсэн гэж үзэж, нэхэмжлэгч хэргийг хариуцагч нарын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Ч парк ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч парк ХХК-иас 94,950 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ