Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01044

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01044

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ч-д холбогдох

 

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.А миний бие Иргэн Б.Чаас 2014/04/29-ний өдөр зээлийн гэрээгээг бичгээр байгуулан 15 000 000 төгрөгийг зээлж авахдаа Сүхбаатар дүүрэг ******* тоотод орших хуучнаар 12 м2 байрны үл хөдлөхийн гэрчилгээгээ барьцаалан Барьцааны гэрээг давхар байгуулсан. Үүнээс хойш миний бие гэрээгээр тохирсон үүргээ бүрэн биелүүлсэн боловч Б.Ч нь хүлээн зөвшөөрөхгүйгээр надаас үндэслэлгүйгээр хүү нэхэж өгөхгүй гэхээр байрыг чинь авна гээд байхаар нь миний бие өрөө шүүхэд хандаж барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээр Б.Ч нь сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх 6 500 000 төгрөгийг хангасан бөгөөд үүнийг төлөөд дуусвал сайн дураараа төлөөгүй тохиолдолд байрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017/09/11-ний өдөр 101/ШШ2018/02805 тоот шүүхийн шийдвэр гарсан тул миний бие Б.Чын Хас банкны  тоот дансанд 2017/11/01-ний өдөр 1 000 000 , 2017/11/10-ны өдөр 2 500 000, 2017/11/24-ний өдөр 2 850 000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Үүнээс хойш миний бие шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлсэн гээд үл хөдлөхийн гэрчилгээгээ нэхэхээр надаас ахиад мөнгөө төлөөд ав гээд байхаар нь шүүхэд өгсөн боловч хаяг тодорхой бус байна гээд буцсан ба 2019/01/22-ны өдрийн 30л 5 /418 тоот Цагдаагийн тодорхойлолтоор Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо АОС-ын 4 дүгээр байр 2 тоотод оршин суудаг болох нь тодорхой болсон тул ахиад тус дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл тус шүүхийн шүүгч Д.Ганболд нь 2019/02/28-ны өдөр 101/Ш32019/03339 тоот шүүгчийн захирамжаар ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлагыг хангаагүй тул гээд нэхэмжлэлийн шаардлагаа өөр өөрөөр тодорхойлсоноор нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Миний бие уг захирамжид дурдсан зөрчлөө арилгаад Б.Ч аас үл хөдлөхийн гэрчилгээний дугаар *******, ГД-******* тоот дугаартай Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 3 дугаар байр 40 тоотод орших хуучнаар 12 м2 байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулахаар дахин хандаж байна. Иймд нэхэмжлэгч Г.А миний Үл хөдлөхийн гэрчилгээний дугаар *******, ГД-******* тоот дугаартай Сүхбаатар дүүрэг ******* тоотод орших хуучнаар 12 м2 байрны үл хөдлөхийн гэрчилгээг Б.Ч аас гаргуулж надад олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.

 

2014 онд хариуцагчаас зээл авч, гэрчилгээгээ барьцаалсан. Хугацаа алдаж төлсөн. Шүүхийн шийдвэр гараад төлбөрөө төлсөн. Гэтэл гэрчилгээг өгөхгүй байгаа. Хугацаанаас хэтэрсэн нь үнэн боловч шүүхийн шийдвэрээр үндсэн зээл алдангийг тооцсон гэв.

 

Хариуцагч Б.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Г.Аын Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол, 3-р байрны 40 тоот 12 мкв байрны үл хөдлөхийн гэрчилгээг барьцаалж 15-н сая төгрөг зээлдүүлсэн нь үнэн. Уг гэрээгээр 15-н сая төгрөгний хүү гэж сар бүр 750,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч хүүгээ тасалдуулж зарим үед өгч чадахгүй зугтаж байсан. Энэ мэтчилэн гэрээнд заасан хугацаа дууссан боловч гэрээгээ сунгуулах мөнгөгүй чиний мөнгийг машин зарахад эргэлдүүлж байгаа гэх мэт байдлаар сар бүр хүү болох 750,000 төгрөгөө төлж явж байгаад 15-н сая төгрөгийг чинь төлөх болно гэж хойшлуулж явах үедээ анх зээл авах үедээ манай эхнэр гэж танилцуулсан хүүхэндээ мөнгөө алдаж сүүлдээ сард төлөх хүүгээ ч төлөхгүй зугтаж алга болсон. Иймд Г.А нь зээлээ төлөөгүй бөгөөд хүү болгож алдаг оног өгч байсан мөнгөө 15-н сая төгрөг төлсөнд тооцуулж хуулийн цоорхойг ашиглаж луйвар хийсэн болно. Угтаа бол өөрийг нь луйвардсан эхнэр гэсэн бүсгүйгээ шүүхэд өгч мөнгөө нэхэмжилж авах ёстой гэж бодож байна. Энэ хэргийн жинхэнэ хохирогч нь мөнгө зээлсэн би болно. Энэ хугацаанд манай гэр бүлд энэ мөнгөнөөс болж хэрүүл салахаа байж би гэрээсээ явсан. Нэг жил гэр бүлгүй орон гэргүй хаа ч хамаагүй хонож өнжөөл явж байна. Ингэж явж байхдаа гэрчилгээг олохгүй болсон.

2014 оны 4 сард 15 сая төгрөгийг зээлж авсан. Эхнэрээ дагуулж ирлээ гэж ойлгоод зээл өгсөн. Байраа үзэх гээд дараа нь очиход өөр эхнэртэй байсан. Зээлийн хүүнд сард 750 000 төгрөг төлнө гэсэн боловч заримыг нь өгөөгүй. 2 жил сураггүй болсон. Шүүхээс 6 саяыг төл гээд гэрчилгээг өг гэсэн. Гэрт хэрүүл үүсэж намайг хохироосон. Энэ хүнээс болж би хохирсон. Зээлсэн мөнгөө өөрийнхөө явалдаж байсан хүндээ алдаж намайг залилсан. Алданги гэвэл өдрийн 0.5 хувь гэсэн гэрээний заалт байгаа. Би өөрийнхөө 15 саяыг л авья гэж байгаа. Шүүхийн шийдвэрээс хойш цувуулж 6 саяыг л төлсөн. Би энэ үед банкнаас зээл авсан. Энэ хүнээс болж бүх амьдралаараа хохирсон. Би гомдолтой байгаа. Хугацаандаа зээлээ төлөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 3 дугаар байр, тоот, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Ч нь зээлийн гэрээний дагуу олгосон мөнгө, түүний хүүг бүрэн төлөөгүй гэж маргаж байна.

Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 24 дүгээр тал/ Энэхүү гэрээнээс үүссэн маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02805 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэжээ. /хэргийн 6-11 дүгээр тал/ Шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл 02805 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Уг шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт энэ хэргийн нэхэмжлэгчээс 6,350,000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, өөрөөр хэлбэл зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн талаар дахин нотлохгүй. Иймд хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, үндсэн зээл төлөгдөөгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Улмаар нэхэмжлэгч нь дээрх 02805 дугаар шийдвэрийг сайн дураар биелүүлсэн болох нь хэргийн 12-14 дүгээр талд байгаа орлогын маягтаар тогтоогдсон. Хариуцагч нь уг төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй, зөвшөөрсөн.

Түүнчлэн зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг олгох үед нэхэмжлэгчээс хариуцагчид маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар өгсөн болох нь хэргийн 25 дугаар талд байгаа барьцааны гэрээ, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь маргаж буй гэрчилгээг зээлийн болон барьцааны гэрээний хамт олохгүй байгаа гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь энэ хэргийн талаар шүүхэд тайлбар гаргахдаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн зээлийн болон барьцааны гэрээний хуулбарыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө хадгалсанаар нэхэмжлэгчийн өмчлөх эрх, тодруулбал захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Б.Чад Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, тоот, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Ат хүлээлгэн өгөхийг даалгасугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД