2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/477

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410043671798 дугаар хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ***** дүгээр хороо, **** дугаар байрны гадна хохирогч ***********тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэг рүү нь цохин, газар чирч эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2410043671798 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “2024 оны 10 дугаар сарын 18-ны 22 цагийн үед би хүүхэдтэйгээ уулзахаар ...очиход “хүүхэдтэй минь уулзуулахгүй” гэж ***********хэлсэн. Бид хоёр 2024 оны 8 дугаар сараас хойш гэр бүлийн маргаантай байгаа. ***********нь ******ын *********** гэх залуутай нууцаар уулздаг болсон байсан. Тухайн залуу нь эхнэрийн толгойг эргүүлдэг болсон. 2024 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд *****-р байрны гадаа *********** гэх залуу машинд унтаж байхаар нь цонхыг тогшоод хаалгыг онгойлгоод “Сайн уу ***********аа, юу хийж байгаа юм бэ, ямар ажлаар яваа юм бэ” гэж асуухад “***********эй уулзах гэж байна” гэж хэлсэн. Би тухайн хүнтэй хаана, юу байгаа талаараа хоорондоо ярилцсан. Би “Би хамтран амьдрагч ***********эвлэрэх гэхлээр би байгаа болохоор эвлэрч чадахгүй байна” гээд “би өөрийнхөө бүтээсэн амьдралаа өөрөө аваад явмаар байна, чи залуу хүн байж өөр найз охинтой болж болохгүй юм уу, заавал нөхөр хүүхэдтэй хүнтэй ингэж байх шаардлага байна уу” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу “би ******ыг орхиж явж чадахгүй, ***********ээж аавтай нь уулзна” гэж хэлсэн. Тухайн залуутай ***********гэрт орохоор шийдэж, ороход хаалгаа онгойлгоогүй. Бид хоёр буцаж гарч ирээд ярилцсан. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ***********, ***********бид гурав хамт уулзаж нэг шийдэлд хүрэхээр ярилцсан. Би тухайн залууд “чи айл амьтны гадаа унтаж байхаар эндээс явж болохгүй юм уу” гэхэд “одоо угаасаа өглөө болж байна, нэг мөсөн ***********уулзчихаад явъя” гэсэн. Би машин дотроос нь ***********хөнжил, гэрийн түлхүүрийг авч 05 цагийн үед Баянзүрх дүүрэг рүү явж байгаад буцаад ирэхэд ***********манай эхнэртэй уулзаад машин дотор сууж байсан. Би эхнэрийн сууж байсан талын хаалгыг онгойлгон эхнэртээ “би чамтай эвлэрье гэсэн бодолтой байна” гэхэд эхнэр “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би *********** руу “чи надад худлаа ярьсан байна” гэхэд *********** миний нүүрэн тус газар руу 4-5 удаа цохиод, куртикны малгайн дээрээс дараад нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн. Нэг гараараа нүүрээ дараад салахыг л бодсон. Тухайн залуугаас салах гэсэн боловч нөгөө залуу тавиагүй. Намайг унагааж цементэн дээр чирээд баруун өвдөг зулгарсан. *********** хамаг хувцсаа тайлж шидээд бүгдийг нь алчихъя, бүгдийг нь дууд цагдаа энэ тэртэй нь гээд орилж хашгирсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.23-ны өдрийн 13840 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *********** биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-6), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-26-28), хохирлын баримтууд (хх-46-48),

шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар байрны гадна хохирогч ***********тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэг рүү нь цохих, газар чирч эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 296,850 төгрөгийн хохирлыг гаргуулах, сэтгэл санааны хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээж байна. Торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо, ***** дугаар байрны гадна хохирогч ***********тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр хэсэг рүү нь цохин, газар чирч эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********** “...*********** миний нүүрэн тус газар руу 4-5 удаа цохиод, куртикны малгайн дээрээс дараад нүүр лүү 2-3 удаа өвдөглөсөн...” гэх мэдүүлэг (хх-12-14), шүүх эмнэлгийн 13840 дүгээр “1. *********** биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-22-23) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч, хохирогч нар хардалтын улмаас таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хохирогчийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, чирч өвдөглөн хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 296,850 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван эм тарианы баримтаар тогтоогдсон 298,000 төгрөг дээр 1,700,000 төгрөг, нийт 1,998,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн “нийт 1,998,000 төгрөг авсан, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч ******* “Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварыг танилцуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримт (хх-45)-аар тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль, журмаар зохицуулсан бөгөөд хохирогч *********** сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байна.   

Иймд хохирогч ******** гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоног буюу 48 цагийг хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 472 цагаар тогтоох саналтай...” гэж,

шүүгдэгч “Үнэхээр их харамсаж байна. Ажил хийдэг болохоор торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар хардалтын улмаас таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж, чирч өвдөглөн эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 296,850 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,998,000 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой гэх)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“**********” засварын газарт засварчин ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг бөгөөд шүүгдэгч Г.***********ын дээрх байдлаар тогтоогдсон хувийн байдал, түүнчлэн гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөлийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.    

Шүүгдэгч Г.***********ын 2025.02.07-ны өдрөөс 2025.02.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжээр тооцон 90,000 төгрөгийг хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 510,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт **********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***********ын цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон 90,000 төгрөгийг хасаж, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 510,000 (таван зуун арван мянга) төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч ********* сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Л.БААТАР