Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/03586

 

 

 

 

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/03586

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Е-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 23.979.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай байгууллага нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.Е-тэй 1038 УБ улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулж, урьдчилгаа 50 хувь 9.250.000 төгрөгийг авсан. Гэвч хариуцагч тээврийн хэрэгслээ хугацаанд нь аваагүй, үүргээ биелүүлээгүй, харин наадмын үеэр холбогдож тээврийн хэрэгслээ авъя гэсэн. Бид түрээсийн гэрээндээ тодотгол хийж, илүү сайн ажиллагаатай УБ улсын дугаартай экскаваторыг Б.Е-д Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд олборлож байгаа алтны бичил уурхай руу өгч явуулсан. Замаараа гэрээгээ барьж ирээд нэмэлт хийлгээрэй гэсэн боловч ирээгүй. Нийт 51 хоног ажилласан, хүлээлгийн 39 хоног болсон, нийтдээ 45.449.000 төгрөг болсон, төлсөн 9.250.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг хасаад 34.700.000 төгрөг болж байна. Б.Е нь мэргэжлийн хяналтын шалгалт яваад ажиллахад хэцүү байна гэсэн учир ярилцаад 11.700.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Үлдэгдэл 23.000.000 төгрөгийг төлөх баталгаа бичиж өгсөн, хугацаа тохирох гэсэн боловч чадаагүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй, очихгүй гэж тодорхой хэлсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөөгүй өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 975.000 төгрөгийн алданги үүсээд байна. Иймд алданги, үндсэн төлбөр нийт 23.979.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Е, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Талууд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1038 УБ улсын дугаартай доосон маркийн экскаваторыг мэргэжлийн нэг операторчны хамт газар шорооны ажил хийх зорилгоор түрээсийн төлбөр нэг сард 18.500.000 төгрөг, хугацааг ажлын талбарт ажил гүйцэтгэж эхэлснээс 2017 онд газар шорооны ажил дуусах хүртэлх хугацаагаар тохиролцон бичгээр гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж энэ өдөртөө түрээслүүлэгчид гэрээнд заасан нэг сарын төлбөрийн 50 хувь буюу 9.250.000 төгрөгийг Ж.Нэргүйн Хаан банкны дансанд найз Б.Батсайханы  данснаас шилжүүлсэн. Ингээд хариуцагч газар шорооны ажлаа эхлэхээр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр очиход тантай гэрээ байгуулсан УБ улсын дугаартай экскаваторыг өөр ажилд явуулсан, оронд нь  УБ улсын дугаартай хьюндай робекс маркийн экскаваторыг засварлаад ав гэсний дагуу 1.500.000 төгрөг өгч шаардлагатай засвар болох гахай пүрш сэлбэгийг авч засварлаад хариуцагч өөрийн зардлаар тээвэрлэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байх ажлын талбарт 2017 оны 07 дугаар сарын 23-нд хүргэсэн боловч түрээслүүлэгчийн операторчин ирээгүй 2 өдрийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хатнаа гэдэг операторчин ирээд 2 хоног ажиллаад ар гэрийн шалтгаантай гээд буцсан, үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Алгаа гэдэг операторчин ирж 22 хоног ажиллаад 08 дугаар сарын 26-нд буцсан. Эдгээр операторчин энэхүү механизмын техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй, удаан ажиллахаар халж байна гэсэн бөгөөд хариуцагч тал өөрөө операторчин ажиллуулахад бүрэн бүтэн биш учир энэ механизм дээр ажиллахгүй гэж хэлээд ажиллаагүй. Иймд нэхэмжлэгчид мэдэгдэж 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хатанбаатар гэдэг хүнд механизмыг хүлээлгэн өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээгээр тохирсон УБ улсын дугаартай доосон маркийн экскаваторыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй тул бид ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй, мөн энэхүү гэрээгээр үүрэг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХКнь хариуцагч Б.Е-өд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23.979.000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Е нь талуудын байгуулсан түрээсийн гэрээнд заасан экскаваторыг түүнд шилжүүлээгүй тул уг гэрээний дагуу шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17/55 тоот түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Г ХХК нь УБ улсын дугаартай доосон маркийн экскаваторыг операторын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах алтны уурхайн газар шорооны ажилд түрээслүүлэх, хариуцагч Б.Е сард 18.500.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ /хх-5-7/.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид УБ улсын дугаартай хьюндай робекс маркийн экскаватор шилжүүлж, хариуцагч уг экскаваторыг хүлээн авч, өөрийн үйл ажиллагаандаа ашигласан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна /хх-33/.

 

Нэхэмжлэгч дээрх түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар  УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэж тайлбарлаж, түрээсийн гэрээний 1.2 дахь хэсэгт хариуцагчид шилжүүлсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркийг нэмж гараар бичсэн гэрээний хувийг /хх-5-7/, хариуцагч уг түрээсийн гэрээ биелэгдээгүй гэж маргаж, түрээсийн гэрээний өөрт байгаа, ямар нэгэн нэмэлт өөрчлөлт тусгагдаагүй хувийг /хх-17-19/ тус тус шүүхэд гаргасан.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх боловч талууд нь хоорондоо зөрүүтэй гэрээний хувиуд шүүхэд гарган мэтгэлцэж байгаагаас үзэхэд түрээсийн зүйл УБ улсын дугаартай хьюндай робекс маркийн экскаватор мөн эсэх талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах, энэ шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж тус тус заажээ.

 

Зохигчдын хооронд УБ улсын дугаартай доосон маркийн экскаваторыг түрээслүүлэх талаар байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17/55 тоот түрээсийн гэрээ нь дээрх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. Гэвч УБ улсын дугаартай доосон маркийн экскаваторын оронд УБ улсын дугаартай хьюндай робекс маркийн экскаватор шилжүүлэх талаар нэхэмжлэгч гэрээний өөрт байгаа хувь дээрээ гараар нэмж бичсэн байх боловч хариуцагчийн хувь дээр энэ нөхцөл тусгагдаагүй, мөн талууд уг экскаваторын талаар тусгайлан бичгээр гэрээ байгуулаагүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудыг УБ улсын дугаартай экскаваторын талаар бичгээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Иймд зохигчдыг УБ улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэх талаар бичгээр гэрээ хийсэн гэж үзэх үндэсгүй, харин уг тээврийн хэрэгслийг түрээслүүлэхээр амаар тохиролцсон гэж үзэх ба энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.

 

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудад гэрээний эрх, үүрэг үүссэн гэж үзэхгүй, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага ч мөн яригдахгүй, харин дээрх хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх гэдэгт нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан УБ улсын дугаартай экскаваторыг ашигласны төлбөрийг хариуцагч төлөх үүрэг багтана.

 

Хариуцагч экскаваторыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу авч явах замд ачиж явсан тээврийн хэрэгсэл эвдэрсний улмаас 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүрсэн, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч буцаан авсан үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Х.Хатанбаатар, Ж.Нэргүй, Б.Батсайхан нарын мэдүүлгээр тогтоогдсон ба талууд маргаагүй. Иймд хариуцагчийг УБ улсын дугаартай экскаваторыг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд нийт 44 хоног ашигласан гэж үзэх үндэстэй. Хариуцагч энэ хугацаанд экскаваторыг 28 өдөр ашигласан, мөн экскаватор халаад ажиллуулах боломжгүй байсан гэх боловч энэ тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүйн дээр нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан УБ улсын дугаартай экскаваторын техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг үгүйсгэж няцаагаагүй /хх-59/.

 

Дээрх экскаваторын түрээсийн төлбөрийг сард 18.500.000 төгрөгөөр тохиролцсон, мөн хариуцагч урьдчилгаа 9.250.000 төгрөг, сэлбэгийн үнэ 1.500.000 төгрөг тус тус төлсөнийг талууд хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 27.133.304 төгрөг /18.500.000/30*44/ төлөхөөс 10.750.000 төгрөг /9.250.000+1.500.000/ төлснийг хасч тооцвол үлдэх 16.383.304 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг тайлбарлахдаа түрээсийн гэрээ байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хариуцагч экскаватор хүлээн авсан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 39 хоногийн хүлээлгийн хугацаанд төлбөрийн 50 хувиар тооцож 12.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 51 хоногийн хугацаанд 31.449.966 төгрөг, тээврийн зардал 2.000.000 төгрөг, нийт 45.449.966 төгрөг тооцогдохоос төлсөн 10.750.000 төгрөг, мөн хариуцагчтай харилцан тохиролцсон хөнгөлөлт 11.699.966 төгрөгийг тус тус хасч үлдэх 23.000.000 төгрөг, энэ үнийн дүнд алданги 979.000 төгрөг тооцсон гэжээ /хх-4, 51/.

 

Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч 1050 УБ улсын дугаартай экскаваторыг бодитой ашигласны төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ба дээр дурдсан хүлээлгийн төлбөр, алданги зэрэг тооцогдохгүй болно.

 

Нэхэмжлэгч нь УБ улсын дугаартай экскаваторыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас өөрийн зардлаар Улаанбаатар хотод авчирсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх хэдий ч үүнтэй холбоотой зардлаа баримтаар нотлоогүй тул шүүх хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Б.Е-ийн бичсэн 23.000.000 төгрөг төлөх тухай баталгаа бичгийг хавсаргасан байх боловч хариуцагч уг баримт дахь үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүх талуудын гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж байгаа тул уг баримтыг талуудын маргааныг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй юм /хх-8/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өөрийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй ба шүүх зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, үндэслэл, нотлох баримтыг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас 16.383.304 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Еөөс 16.383.304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7.595.696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Е-өөс 239.866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г т ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч Б.Е шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА