2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

   2025         01           20                                     2025/ШЦТ/211

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************** холбогдох эрүүгийн ************ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 сарын 04-ний өдөр ****** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* эажилтай, , ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойт”-ын 126-р гудамж 6 тоотод хамтран амьдрагч Э.Соёлмааг бусадтай хардан зодож биед нь тархи доргилт, уруул, хүзүү, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Хохирогч Э.Соёлмаагийн:

“ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн эгч Энхцэцэг намайг ирээд хуучин тавилга ав гэхээр нь тэднийд очоод оройтохоор нь тэндээ хоноод 11 сарын 19 өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн ирээд цай уучхаад усанд яваад ирсэн, тэр үед нөхөр Өсөхжаргал ирж яваа харагдсан. Тэгээд гэрийн гадаа ирэнгүүтээ намайг “хаагуур хэнтэй завхайрч яваад ирж байгаа янхан бэ” гээд гэрийн хажууд байсан хүрз аваад нуруу, гар хэсэг рүү гурван дөрвөн удаа цохисон тэгснээ гараараа зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд гэр рүү чирээд оруулж байгаад зодох гээд байхаар нь би зугтаагаад зам руу гүйгээд автобусанд суугаад 5 шар ороод тэндээсээ гэрээ цоожлоогүй онгорхой орхисон байх гээд буцаад гэртээ очоод гэрээ цоожлоод Өсөхжаргалын найз Банзрагчийн гэрийн гадаа очоод хашааны завсраар харсан чинь тэднийд Өсөхжаргал байхаар нь дуудсан чинь хашаа давж гарч ирээд намайг хэл амаар доромжлоод “чи муу заваарч заваарч ирчхээд надтай юу ярих гээд байгаа юм” гээд заамдаж аваад хоолой боогоод хашаа мөргүүлээд миний цээж рүү хөлөөрөө дэвсээд салтаа хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд намайг дагуулж найзындаа ороод тэндээ найз Банзрагчтай архи уугаад согтохоор нь Өсөхжаргалыг аваад гэртээ очоод унтуулаад өглөө ээждээ хэлсэн. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна, бид хоёрын дундаас гарсан нэг охинтой манай охиныг Ө. Отгонжаргал гэдэг 2 настай бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Би гэртээ Өсөхжаргал охин Отгонжаргал нарын хамт гурвуулаа амьдардаг. Өсөхжаргал намайг зодож байхад Өсөхжаргалын найз Банзрагч байсан. Миний зүүн хацар хэсэг хөхөрсөн хөндүүртэй байна тархи хөдөлсөн байж магадгүй өвдөөд байна би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би түр хамгаалах байранд очихгүй. Намайг хэд хэдэн удаа хардалтаас болоод зодож байсан яг хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна. 2023 оны 02 сард Өсөхжаргал архи уусан согтуу байхдаа намайг таних танихгүй эрэгтэй хүн л байвал тэр хүнтэй хардаад миний баруун гарын ар хэсэгт хутгалж байсан тухайн үед би цагдаад дуудлага өгөөд шүүхээр ороод 14 хоног баривчилгаанд явж байсан, тэрнээс гадна олон удаа баривчилгаанд явж байсан би тодорхой санахгүй байна. Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...Би ямар нэгэн эмнэлэгт болон эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж аваагүй, шүүх эмнэлэгт л үзүүлсэн. Би сэтгэцийн хор уршиг тогтоолгоно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15330 дугаартай “Э.Соёлмаагийн биед тархи доргилт, уруул, хүзүү, нуруунд цус хуралт, баруун сарвуунд сорив гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс баруун сарвууны сорив гэмтлээс бусад нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Баруун сарвууны сорив гэмтэл нь хуучин гэмтэл байх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хугацаа болон үйлдлийг нарийвчлан тогтоох боломжгүй 11 гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************** нь хохирогч Э.Соёлмааг бусадтай хардан зодож биед нь тархи, доргилт, уруул, хүзүү, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************** нь:

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт”-ын 126-р гудамж 6 тоотод хамтран амьдрагч Э.Соёлмааг бусадтай хардан зодож биед нь тархи доргилт, уруул, хүзүү, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15330 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч **************ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч Э.Соёлмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Соёлмаа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч ************** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн гэм буруу дээр маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээн тэтгэж явдаг хүн байгаа юм...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч **************ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2408000001976 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Өсөхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90  хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

67. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ