Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар  2021/ДШМ/190

 

 

 

 

 

 

     2021           2              24                                        2021/ДШМ/190                              

 

 

Д.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.АлтанГ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Пт холбогдох эрүүгийн 1906 07397 1738 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бо овогт До-ийн П, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ дүүргийн ..... дугаар хороо, Тайм таур хотхоны .... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, /РД:............................/;

Урьд Октъябрын районы шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 449 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Д.Гийг “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бо овогт Догийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Пт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Поос 325.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гд олгуулж, хохирогч нь энэ гэмт хэргийн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэсэн.

Гэм буруугийн талаар хохирогч Д.Г, гэрч Н.Д, Д.Б, Ц.Г, О.Ц нарын мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №14492 дугаартай дүгнэлт, гэрч Д.Мягмарсүрэн, шинжээч эмч Ш.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэргийг үнэн зөв, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн.

Дээрх нотлох баримтуудыг үзвэл Д.П нь хохирогч Д.Гийг нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.П нь хохирогч Д.Гийг согтуугаар маргаан үүсгэж, агсарч ална гэж дайрах явцад нь түүнийг болиулах, зогсоох үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл түүнийг ямар нэгэн гэмт үйлдэл хийхээс сэргийлж, Ц.Г-той хавсарч уяагаар хүлсэн үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор хохирогчийг хүлэх үед давхарлагдан унасан үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон байдаг. Мөн шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгийн тухайд дүгнэлт нь тодорхойгүй бүрэн биш эргэлзээтэй болохыг шүүхээс өмнө нь дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байсан боловч эргэлзээг арилгах хуульд заасан арга хэмжээг аваагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй байхад шүүх уг дүгнэлтийг үнэлсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар үндэслэлийг зааж тайлбарласан боловч шүүх нотлох баримтаар үнэлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэснийг хэрэгжүүлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилгын нэг байх ёстой гэж үздэг. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Тухайн нөхцөл байдалд Д.П нь ямар санаа, зорилгоор Д.Гтэй маргалдсан, түүнийг хүлэхэд хүрсэн шалтгаан түүний үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар хууль бусаар санаатай байдлаар халдаж буй гэм буруугийн шинжийг хангаагүй, үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулж байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн этгээд өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь гол төлөв амьдралд бий болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг. Эрх зүйд гэм буруугүйгээр гэм хор учруулсныг тохиолдол гэж нэрлэх бөгөөд тухайн үйл явдалд хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг. Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг.

Хэргийн үйл баримтыг авч үзвэл хэдийгээр Д.Гд учирсан гэмтэл нь Д.Пын уяагаар хүлэх явцад давхарлагдан унасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч энэ нь маргаан, гэмт үйлдэл гаргахгүй байх зодоон болох үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийгдсэн Д.Гийг хүлэхдээ түүнийг хохироох үр дагавар үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлэг зэрэг үйл баримтаар тогтоогддог. Тиймээс шүүгдэгч Д.Пыг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн тогтоолд өмгөөлөгчийн гаргасан саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Д.Гийн өмгөөлөгч Ч.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Дэлгэрбаяр, Цолмонбаяр нарын мэдүүлгээр давхардаж унах явцад гэмтэл учирсан гэж гомдолд дурджээ. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хохирогчийн мэдүүлгээр үйл явдлын хувьд унахаас өмнө санаатайгаар мөргөсний улмаас шүд нь унаж гэмтсэн. Мөргөсөн үйлдэл нь санаатай үйлдэл учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон хохирогч Д.Гийн мэдүүлэг анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлгийн эх сурвалжаа зааж мэдүүлсэн. Гэрч Д, Б, Г, Ц нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий байдал тогтоогдоогүй. Хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоохийн тулд гэмтэл учирсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Гэрч Д, Б, Г, Ц нарын мэдүүлгүүдээр цамцнаасаа заамдалцаж барилцсан, салгахад хохирогч Д.Гийн биед гэмтэл учирсан. Нүүр ам нь цус болсон байсан гэх мэдүүлгүүдээр нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Тамирын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Д.Гийг “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Гийн “...миний төрсөн ах П гаднаас орж ирээд “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд П хүрч ирээд миний шүд рүү 2 удаа хөмсөг рүү 1 удаа мөргөсөн. Зодуулсандаа гомдолтой байна...” /хх 12-17/,

гэрч Н.Дын “...Тухайн өдөр 16 цагийн үед Г ах гаднаас согтуу орж ирсэн. Их согтсон байсан ба “архи авч өг та нар бол бүгдээрээ гуйлгачингууд, та нар хэзээ ийм байсан юм бэ” гээд таарсан хүн болгон руу дайрч давшилж байсан. Харин 17 цагийн үед Пүүжээ ах гаднаас эрүүл ирсэн. Төд удалгүй Пүүжээ ах Г ахтай маргалдаж эхэлсэн. Тэгэхэд Г би чамайг ална гээд дайрсан. Тухайн маргаан юунаас болсныг би сайн мэдэхгүй байна. Пүүжээ ах, Г ахтай барьцалдаж аваад бие биенийгээ цамцнаасаа заамдаад барьчихсан байсан. П болиулах гэж оролдсон ба өөрийгөө хамгаалсан.  Тэгээд П Гийг унагаах гээд ноцолдож дээр доороо орсон. Тэгээд байж байхад Ганзориг ах ирээд салгасан. Ганзориг ах Г ахыг барьчихсан, харин Пүүжээ ах олс авчираад хүлээд ...гаднаас цагдаа нар орж ирээд Г ахыг аваад явсан...” /хх 25-27/,

гэрч Д.Бийн “...2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Г ах манай гэрч ирчихсэн байж байсан. Тэгээд надад том ах намайг хулгай хийсэн гээд байна гэж ярьж байсан. Тэгтэл гаднаас манай эгч М, Т нар орж ирээд М эгч Г ах руу ах чамайг хулгай хийсэн гээд байна, чи юуг нь хулгай хийсэн юм гээд байсан. Г ах би юуг нь хулгай хийсэн юм, очиж камер шүүлгэнэ гэсэн. Тэгэхээр нь би яах гэсэн юм согтуу байж гэсэн. Тэгээд Г ахыг цагдаа ирээд аваад явсан. Гийн ам хамраас нь цус гарсан байсан...” /хх- 28-29/,

гэрч Ц.Ггийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Шар хадны 02-н буудал дээр байдаг хувийн авто засвар дээр ажлаа хийгээд байж байсан. Өдрийн 13 цагийн үед хоолондоо ороход манай ээжийн төрсөн дүү болох Г ах согтуу агсраад явж байсан. Цайндаа орчихоод машины доогуур ороод засварын ажлаа хийж байхад 16 цагийн үед ээжийн төрсөн ах П ажил дээр ирчихсэн Г ахтай маргалдаж байсан. Би машин доороос гарч ирээд харахад П, Г ах 2 бие биенийхээ цамцнаас хоолойгоо боолцсон байдалтай байсан. Тэгээд би голоор нь ороод салгаад байж байхад цагдаа нар орж ирээд Г ахыг аваад явсан. ...Намайг салгах үед Г ахын уруул хэсэг нь цус болчихсон байсан. ...Намайг өдөр цайндаа орох үед Г ахын уруул хэсэг нь зүгээр байсан...” /хх 30-31/,

гэрч О.Ц-ын “...Хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шар хадны 02-н буудал дээр байх авто засвар дээр очиж засвар дээр өгсөн байсан машинаа шалгах гээд очсон. Тэгэхэд Г засвар дотроо согтуу, хүмүүстэй юм яриад зогсож байсан. ...Нэг харахад засвар дотор Пүүжээ ах Г ахыг газар унагаачихсан хүлж байсан. Харин шалан дээр цус болчихсон байсан. Тэгээд зарим нэг хүмүүс нь Г ахыг өмөөрөөд харин зарим нэг хамаатны хүмүүс нь Пүүжээ ахыг өмөөрөөд маргалдаад хэрүүл болоод байж байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд Г ахыг аваад явсан. ...Г ахын амнаас нь цус гарчихсан газар нилэнхүйдээ цус болсон байсан...” /хх 32-33/,

гэрч Д.Мийн “...Манай дүү ...Г согтуу танай ах П намайг хулгай хийсэн гэсэн би хулгай хийсэн үгүйгээ тодорхойлно гэхээр нь ...би ах П руу залгаад энд Г ирээд агсам тавиад байна гэж хэлээд цагдаа дуудчихаад гэрээс гараад гадаа юм хийж байхад цагдаа ирээд Гийг олоогүй буцсан. Г цагдаагаас тухайн үед нуугдсан. Цагдаа явсны дараа гарч ирээд хэн цагдаа дуудсан бэ ална гэж агсраад граж руу орсон. Тэр үед П ах ирээд Гтэй граж дотор зодолдсон гэсэн гэхдээ би хараагүй. Манайх хяналтын камераа 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шинэчилсэн. Харин өмнөх хэрэг гарсан гэх граж дотор хяналтын камер байдаггүй...” /хх 120/ гэх мэдүүлгүүд,

эрүүжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №14492 дугаартай шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Д.Гийн биед нэг шүдний булгарал, зүүн хөмсөгт зулгаралт, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” /хх 35-36/ гэх дүгнэлт,

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...Хохирогчийн биед үүссэн гэх гэмтэл нь хохирогчийн өөдөөс мөргөхөд үүсэх боломжтой гэмтэл мөн. Дүгнэлт дээр нэг шүдний булгарал буюу унасан талаар тодорхой заасан байгаа. Мөн зүүн хөмсгөнд зулгаралт гарсан нь тухайн үйлдлээс учирсан гэмтэл мөн. Хохирогчийн унасан шүд өөрийн шүд байсан. Гадна хүч үйлчлэхэд хиймэл шүдэнд нөлөөлөхгүй...” /хх-122/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Пыг хохирогч Д.Гтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал, зүүн хөмсөгт зулгаралт, бүсэлхийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Пт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг “3 сарын хугацаа” зааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байх боловч торгох ялын мөнгөн төлбөрийг “...150.000, 150.000, 200.000 төгрөг...” гэж төлөхөөр сард төлөгдөх мөнгөн дүнг шууд зааж тогтоосон нь учир дутагдалтай, биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн, хуульд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир нь “...хохирогч Д.Гийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ...Д.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг бөгөөд бусдад хөнгөн хохирол учруулснаар төгсдөг онцлогтой.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.Поос хохирогчийн хууль бус үйлдлийг болиулах, зогсоох үйлдлийг хийх явцдаа Д.Гд гэм буруугүйгээр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь түүний үйлдлийг болиулах замаар хүлсэн гэж мэдүүлэг өгсөн байх боловч хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн №14492 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Пын үйлдэл нотлогдон тогтоогдсон байх ба хохирогч Д.Гийн “...миний төрсөн ах П гаднаас орж ирээд “муу хулгайч энд юу хийж яваа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд П хүрч ирээд миний шүд рүү 2 удаа хөмсөг рүү 1 удаа мөргөсөн...” /хх 12-17/, гэрч Ц.Гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ...П ах ажил дээр ирчихсэн Г ахтай маргалдаж байсан. ...П, Г ах 2 бие биенийхээ цамцнаас хоолойгоо боолцсон байдалтай байсан. Тэгээд би голоор нь ...салгах үед Г ахын уруул хэсэг нь цус болчихсон байсан...” /хх 30-31/, гэрч О.Цын “...Хэрэг гардаг өдөр ...нэг харахад засвар дотор Пүүжээ ах Г ахыг газар унагаачихсан хүлж байсан. Харин шалан дээр цус болчихсон байсан. ...Төд удалгүй цагдаа нар ирээд Г ахыг аваад явсан. ...Г ахын амнаас нь цус гарчихсан газар нилэнхүйдээ цус болсон байсан...” /хх 32-33/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Тамирын гэм буруугүйгээр хохирогчид хохирол учруулсан гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоосон байна.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.” гэснийг “...3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

     ШҮҮГЧ                                                                      Д.МЯГМАРЖАВ

 

 

     ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ