Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Дашцэдэнгийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 201711000139 дугаартай хэргийг 2017 оны 6 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 5 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хэрлэнгийн 5 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЭ76052211 регистрийн дугаартай, Иөншөөбү овогт Дашцэдэнгийн Түмэнжаргал,  

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Ажилчны 1-12 тоотод оршин суух хохирогч Ч.Батбаатарын байшингийн цонхоор нэвтэрч 14 инчийн зөөврийн компьютер, плаш 1 ширхэг, утасгүй мауз 1 ширхэг, бэлнээр 4000 төгрөг хулгайлж, нийт 728000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, хохирлоо бүрэн барагдуулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Түмэнжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед нилээн согтуу байсан. Батбаатарын гэрийн гадаа очиход үд өнгөрч байсан шиг санаж байна. Ингээд гэр рүү очиход хаалга нь цоожтой байсан, тэгэхээр нь байшингийн урд хананы баруун талын цонхыг мөрөөрөө түлхсэн чинь онгойчихоор  нь дотогш ороод орны наана газар налуулаад тавьсан хар цүнхтэй юм байхаар нь авчихсан, мөн эргэтэл зурагтын тавиурын тэр хавьд 4000 төгрөг байхаар нь аваад буцаад цонхоороо гарч шууд Лхагва гэх таньдаг ахынх руу очсон. Лхагва ахын гэрийн гадаа ирээд цүнхтэй юмаа үзэхэд саарал өнгийн компьютер байсан. Лхагва ах гэртээ согтуу байдалтай, хүү Эрдэнэбаярын хамт байхаар нь би Эрдэнэбаярыг энэ компьютерийг барьцаанд тавиад өгчих гэхэд тэр таньдаг хүн байгаа гээд нэг өндөр залууг дуудаад бид нар цугтаа 19 дүгээр байрны ломбард очсон. Тэр өндөр залуугийн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр ломбард руу ороод гарч ирэхдээ 50 мянган төгрөгний барьцаанд тавьчихлаа гэхээр нь “Би та хоёр 20000 төгрөгийг нь ав” гэж хэлээд би үлдсэн 30000 төгрөгийг нь аваад буцаж Лхагва ах руу очиж нэг шил архи уучихаад тэднийхээс гарч “Шүр” зах ороод архи уугаад мөнгөө дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

Хохирогч Ч.Батбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...   ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18/

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...     ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлийг хүлээн  авсан тэмдэглэл /хх-ийн 3/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/  

-Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

-Хохирогч Ч.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 18-19/

-Иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 21-22/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 60, 61/

-Гэрч Д.Бүжинлхамын мэдүүлэг /хх-ийн 23/

-Гэрч Л.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 24/

-Гэрч Л.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч В.Отгонсүхийн мэдүүлэг /хх-ийн 27/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 65 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/

Шүүгдэгч Д.Түмэнжаргалын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь согтуурсан үедээ 2017 оны 3 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Ажилчны” 1-12 тоотод оршин суух хохирогч Ч.Батбаатарын байшингийн цонхоор нэвтэрч 14 инчийн зөөврийн компьютер, плаш 1 ширхэг, утасгүй мауз 1 ширхэг, бэлнээр 4000 төгрөг хулгайлж, нийт 728000 /долоон зуун хорин найман мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Хохирогч Ч.Батбаатар, гэрч Л.Эрдэнэбаяр, Л.Ариунаа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Түмэнжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 65 тоот шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.  

Шүүгдэгч Д.Түмэнжаргалд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч Д.Түмэнжаргалыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн туснай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь  ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь гэмт хэргийн улмаас хохирогчид 728000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байх боловч хохирогч Ч.Батбаатар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Би шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

 Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Түмэнжаргалын ЖЭ76052211 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Шүүгдэгч Д.Түмэнжаргал нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 20000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа-2600” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Иөншөөбү овогт Дашцэдэнгийн Түмэнжаргалыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Дашцэдэнгийн Түмэнжаргалыг  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Түмэнжаргалд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Д.Түмэнжаргалд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Ялтан Д.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй ба бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр ирсэн ялтан Д.Түмэнжаргалд ЖЭ76052211 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 20000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-2600 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 26-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Түмэнжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны 6 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР