Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0807

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т***********” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*********

Хариуцагч: Ш****-ын Ө****-ийн байцаагч;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М********* 

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч**********,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********, хариуцагч С.Г********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* нарыг оролцуулан,

Ш****-ын Ө****-ийн байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №0******* дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Ш****-ын Ө****-ийн байцаагч С.Г********-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №0******* дугаартай Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Хоёр.Талуудын тайлбарт:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

2.1.1 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ш****-ын Ө****-ийн байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, татгалзсан зүйл байхгүй болно.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

          2.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ …Т*********** ХХК нь барилгын материалын худалдаа эрхэлдэг, 1 үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй дотоодын компани юм. Гэтэл манай компанийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд хамаарах цементийг борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчдийг хохироосон гэж тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг зөрчсөн гэж үзэж 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Учир нь эл заалтаас үзвэл нэр бүхий компаниудыг хоорондоо үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хуулийн дээрх заалтад заасан нөхцөл байдал үүсээгүй, манай компанийн тухайд нэр бүхий компаниудтай үгсэн үнэ тогтоох боломжгүй, нөгөө талаар цементийн зах зээлд манай компанийн эзлэх байр суурь маш бага оролцоотой юм. Мөн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хувийн харилцах дансаар орсон мөнгөн дүнг цементийн борлуулалт цаашлаад манай компанийн борлуулалтын орлого гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй юм. Манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа компанийг төлөөлөх эрхгүй, ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хувьцаа эзэмшдэггүй хувь хүний дансны мэдээлэлд тулгуурлан шалгалтын ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Нөгөө талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанид хамааралгүй этгээдийг холбогдуулан шалгах эрх зүйн боломж байхгүй байна. Мөн хувь хүний дансаар орсон гэх мөнгөн дүн нь манай компанийн борлуулсан буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд оруулж ирсэн 330тн цементэд хамааралгүй байтал шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Тэрчлэн тухайн үед борлуулсан гэх борлуулалтын үнэ нь үнэ хөөрөгдсөн үнэ биш бодит зах зээлийн үнэ байтал үнэ нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Ш****-ын Ө****-ийн байцаагч С.Г********ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.2.1.“Т***********” ХХК нь М********* болон М**  цемент компаниудаас гэрээний дагуу цемент худалдан авах цементийн жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг өөрийн цэгээр дамжуулж худалдаа хийдэг.

2.2.2.2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдөр цементийн борлуулалт хийхдээ бусад борлуулагч компанитай үгсэн тохиролцож, зах зээлийн бодит үнээс дээгүүр үнэ тогтоож хэрэглэгчийг хохироох, худалдааны хууль бус арга хэрэглэх замаар үнэ нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр торгууль ногдуулж, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасны дагуу 20 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч байна.

 2.2.3.Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг Санхүү эрхэлсэн захирал Б.Б.Д********* төлөөлсөн гэдэг. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н*******,  түүнээс Б.Д*********д итгэмжлэл олгоогүй, гарын үсэг зураагүй.

2.2.4. Б.Д*********г Санхүү хариуцсан захирлаар томилсон тушаал, гэрээ, холбогдох баримт зөрчил шалган шийдвэрлэх материалд байхгүй.

2.2.5.“Т***********” ХХК-ийн кассаар болон Хаан банкны харилцах дансаар орсон орлогын гүйлгээний дэлгэрэнгүй хуулганаас “Т***********” ХХК-ийн борлуулсан, хууль бусаар үнэ тогтоосон гэх үйл явдал тогтоогддоггүй.

2.2.6.Гэтэл компанид огт хамааралгүй, хувиараа цемент борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг Б.Д********* гэдэг хүний хувийн хаан банкны 5077057441 дугаартай дансны орлого зарлагын мэдээлэлд тулгуурлаж шийтгэлийг компанид ногдуулсан.

2.2.7.Б.Д*********гийн дансаар орсон гүйлгээг 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох хугацааны 330  тонн цемент гэж үзэж байгаа нь ойлгомжгүй.

2.2.8.“Т***********” ХХК-ийн хувьд 330 тонн цемент хүлээж авахдаа 40 орчим тонны нөөцтэй байсан. Зарлагын баримтаас харахад 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх 6 дугаар сарын 04-ний өдрийн ганц хоёр баримт харагдсан.

2.2.9.“Т***********” ХХК нь нийт 369 тонн цементийн борлуулалт хийсэн. Зарлагын баримтаас харахад зах зээлийн үнэ буюу бодит үнэ 301 тоннын 1 тонн цемент нь 320-360 мянган төгрөгөөр хэлбэлзэж байгаа. Яг энэ үнээр борлуулалт хийсэн.

2.2.10.Ш****-ынбайцаагч нь компанид хяналт шалгалт хийгээд зөрчил байхгүй, гэхдээ компанийн хамаарал бүхий хууль ёсны төлөөлөгч Б.Д*********гийн хувь дансыг шалгахад 1 тонны цементийг 400,000 төгрөгөөр борлуулсан үйл баримт байна. Үүнийг үнэ хэтрүүлсэн гэж үзнэ” гэсэн.

2.2.11.Хувь хүний дансыг шалгасны үндсэн дээр компанид холбогдуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. захирал Н*******ын дансыг шалгаагүй атлаа өөр хүний дансыг шалгасан.

2.2.12.Б.Д********* бол Мон цемент болон М** компанитай гэрээгүй, гэрээтэй компаниудаас цемент худалдан авч жижиглэнгийн борлуулалт буюу цемент худалдан авч үнийг нь өсгөж зардаг.

2.2.13.Хувь хүн бизнес эрхлэхэд хориглосон хуулийн зохицуулалт байхгүй боловч Б.Д********* гэдэг хүний борлуулсан орлогыг компанийн орлого гэж үзэх үндэслэл болсон баримт байхгүй.

 2.2.14.Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 20 сая төгрөгөөр торгосон.

2.2.15.Энэ заалтыг хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл нь үнийг зохиомлоор буюу үгсэн тохиролцож тогтоох, хоорондоо хэлцэл хийж байгаа үйлдлүүд нь нотлогддоггүй. Цемент үйлдвэрлэгч дотоодын компаниудтай гэрээтэй 37 компани байдаг. Эдгээр компаниуд хоорондоо үнийг өсгөх талаар тохиролцож ярилцан уулзалт зохиосон, албан бичиг хүргүүлсэн зүйл огт байхгүй.

2.2.16.Мөн дээрх харилцааг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулахгүй. Зах зээлд үнэ тогтоох, үнийг өөрчлөх эрх бүхий хуулийн этгээд биш.

2.2.17.Үнэ өсгөх талаар худалдааны хориглосон арга хэрэглэсэн гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа нь тодорхойгүй. Хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад үнийг зохиомлоор өсгөсөн гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

2.2.18.Б.Д*********гийн дансаар магадгүй өндөр үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн бол Б.Д*********д зөрчлийн хэрэг үүсгэж хариуцлага тооцох нь бодитой байсан.

2.2.19.Хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй, мөн компанид хамааралгүй этгээдийг компанид хамааруулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3.Хариуцагч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:

2.3.1. “...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсч, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд УБТЗ ХНН-ийн АБТЭМА-44-д цемент хүлээн авсан “М********* билдинг материалс” ХХК, “М** цемент” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.  Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1.“Гурвалжин”, “44”, Баянзүрх дүүрэгт байрлах “Цайз”, 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд “М** цемент” ХХК, “М********* билдинг материалс” ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн;

2.Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ний өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цементийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй;

3.Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “М********* билдинг материалс” ХХК, “М** цемент” ХХК-ийн БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, “М********* билдинг материалс” ХХК-ийн хувьд УБТЗ ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан;

4.Зах, худалдааны төвүүдэд цементийн хомстол үүсч, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “М********* билдинг материалс” ХХК, “М** цемент” ХХК-ийн гэрээт борлуулагч “Т***********” ХХК нь УБТЗ ХНН-ийн АБТЭМА-44-д 330 тн цемент хүлээн авсан.

5.“Т***********” ХХК нь “М********* билдинг материалс” ХХК-иас 1 тн цементийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.

6.Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад “Т***********” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомстол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тн  тутамд 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн Санхүү хариуцсан захирал Б.Д*********гийн Хаан банкны 5077057441 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдсон. Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар “Т***********” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг  хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “Т***********” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/23 дугаартай итгэмжлэлийн дагуу тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Д*********г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож зөрчил шалгах ажиллагаанд оролцуулсан тул компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж маргаж буй нь үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу “Т***********” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.4.Хариуцагч С.Г******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.4.1.Ш****-ындаргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаар удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, тэр дундаа цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

2.4.2.Тухайн хяналт шалгалтаар цементийн худалдааны төвүүд буюу Сонгинохайрхан дүүрэгт байрлах гурвалжин захад цементийн хомсдол үүссэн  2022 оны 6 дугаар сарын 11-26-ны өдрийг хүртэлх хугацаанд “М********* билдинг материалс” ХХК болон “М** цемент” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн картель байгуулсан байж болзошгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг нээн, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 2.4.3.Хяналт шалгалтаар “44” зах дээр М********* билдинг материалс ХХК болон М** цемент ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн байсан.

2.4.4.Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллага нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цементийн үйлдвэрийн үнийг нэмэгдүүлээгүй. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үйлдвэрийн үнэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй, вагоны зардал бусад ачиж буулгах зардал өсөөгүй, харин импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан.

2.4.5.“Т***********” ХХК нь “М********* билдинг материалс” ХХК-иас гэрээний дүнгээр 1 тонн цементийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.

2.4.6.Энэ компани нь цементийн нийлүүлэлт багасаад хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Т***********” ХХК нь 1 тонн тутамд цементийг 320,000 төгрөгөөс 330,000 төгрөгөөр худалдаж байсан баримт хэрэгт авагдсан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд 400,000 төгрөгөөс 420,000 төгрөг болгож цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан нь тогтоогдсон.

2.4.7.Үүнийг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7-д зааснаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу “Т***********” ХХК-д 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. 400,000-420,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдэг баримт нь “Т***********” ХХК-ийн санхүү хариуцсан захирал Б.Д*********гийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа.

2.4.8.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан байдаг. “Т***********” ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22/23 дугаар итгэмжлэлийг компанийн санхүү хариуцсан захирал Б.Д*********д олгосон байдаг. Уг итгэмжлэлд Н******* гэдэг хүн гарын үсэг зурсан.

2.4.9.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас өмнө хяналт шалгалтын хүрээнд “Т***********” ХХК-иас холбогдох мэдээллээ албан бичгээр ирүүлэхдээ Н******* гэсэн захирлын үсэгтэй ирж байсан. Бид Н******* гэх хүн гарын үсгээ зурсан эсэхийг шалгаж тогтоохгүй тул итгэмжлэлд гарын үсгээ зурж, компанийн тамга дарсан тохиолдолд Б.Д*********г “Т***********” ХХК-г төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзээд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

 2.4.10.“Т***********” ХХК нь “М********* билдинг материалс” ХХК-тай хуулийн этгээдийн хувьд гэрээ байгуулсан. “М********* билдинг материалс” ХХК-тай Б.Д********* гэдэг хүн гэрээ байгуулаагүй, 330 тонн цементийг хүлээж авсан компани “Т***********” ХХК байдаг.

 2.4.11.“Т***********” ХХК-ийн хуулийн этгээдийн дансыг шалгаж үзэхэд 6 дугаар сарын 11-21-нийг хүртэлх хугацаанд хийгдсэн гүйлгээг нь хувийн данстай нь харьцуулахад маш бага гүйлгээ хийгдсэн байсан. Хувийн дансаараа гүйлгээ хийдэг учраас, тэр гүйлгээгээр  өндөр үнээр зарсан нь тогтоогдсон.

2.4.12.Гүйлгээний утга дээр нь хэдэн тонн цементийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ гэдэг нь бүгд харагдана.

2.4.13.Б.Д********* мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ компаниа төлөөлж ямар үйл ажиллагаа явуулдаг, цементийг хэдэн төгрөгөөр, хэрхэн яаж худалдан борлуулдаг талаарх мэдүүлэг өгсөн байдаг. Хувь хүн Б.Д********* гэдэг хүн дээр шийтгэл ногдуулах ямар ч үндэслэлгүй. Тийм учраас шийтгэлийн хуудас үндэслэлтэй” гэв.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            3.1.Гомдол гаргагч ”Т***********” ХХК нь барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд  “М** цемент” ХХК болон “М********* билдинг материалс” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг байна.

            3.2.”Т***********” ХХК нь “М********* билдинг материалс” ХХК-тай  байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Цемент худалдах, худалдан авах МБМ2022Б/33 дугаартай  гэрээгээр сард 300-2000 тонн нийлүүлэн авахаар тохирсон байна. /ХХ-ийн 110, 111 дэх тал/

3.3.Мөн гэрээгээр 50 кг-ийн ууттай цементийг 275,500 төг/тонн, Задгай цементийг 259000 төг/тонн байхаар тогтоосон бөгөөд энэ үнэтэй гомдол гаргагч маргахгүй байна. /ХХ-ийн 111 дэх тал/

3.4.Т***********” ХХК нь “М** цемент” ХХК-тай  байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Цемент худалдах, худалдан авах ... дугаартай  гэрээгээр сард ... тонн нийлүүлэн авахаар тохирсон байна. /ХХ-ийн 110, 111 дэх тал/

3.5.Ш****-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр Удирдамжаар Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3 заасныг үндэслэн цементийн импорт ,үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор бүхий хяналт шалгалтыг 5 хүний бүрэлдэхүүнтэй Улсын байцаагч нар явуулсан байна. /ХХ-ийн 8-9 дэх тал/

3.6.Хяналт шалгалтад ”Т***********” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хийсэн худалдан борлуулалтын үйл ажиллагаа хамаарч байна.

3.7.Хяналт шалгалтын ажлын хэсгээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Цементийн үнийн өсөлтөд хийсэн хяналт шалгалтын танилцуулгыг гаргажээ. /ХХ-ийн 10-29 дэх тал/

3.8. Уг танилцуулгаар  “М** цемент” ХХК-ийн үйлдвэрийн нөхцөлөөр худалдах үнэ РРС 32.5, ОРС 42.5, РС 52.5 гэсэн 3 төрөл ангиллаар, задгай, савласан /50кг/, савласан /1,5 тн/, 20 кг савтай, 400 кг савтай гэх ялгаатай үнэ, “М********* билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн нөхцөлөөр худалдах үнэ ОРС 42.5 төрлийн цементийг Өргөний үйлдвэр, Улаанбаатар үйлдвэр, Улаанбаатар төмөр зам гэсэн 3 ангилалд задгай, савласан /50кг/ гэдгээр ялгаатай үнэ байгаа болохыг бичжээ. /ХХ-ийн 12-13 дахь тал/

3.9.Улсын ахлах байцаагчаас энэхүү хяналт шалгалтын хүрээнд ”Т***********” ХХК-ийг “цементийн жижиглэн худалдааны үнийг үйлдвэрлэгчээс авсан үнээ үндэслэлгүй нэмэгдүүлж, 1 тонныг 400,000 төгрөгөөр зарж хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийг хохироосон гэж дүгнээд, энэ үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гэж үзэн 20,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0******* дугаартай Шийтгэлийн хуудас гаргасан байна. /ХХ-ийн 189 дэх тал

3.10.Гомдол гаргагч “Т***********” ХХК нь “М********* билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрээс худалдан авсан   275,500 төг/тонн үнийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ:

3.10.1.”Т***********” ХХК-ийн захирал Ж.Н*******аас итгэмжлэлийг Б.Д*********д олгоогүй байхад хяналт шалгалтад Б.Д*********г төлөөлүүлэн оролцуулсан нь хууль бус, манай компанийн Санхүү эрхэлсэн захирал биш, Б.Д********* тус компанийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэл дэх Ж.Н*******ын гарын үсэг түүнийх биш, гарын үсгийг шалгах ёстой байсан гэж;

3.10.2.”Т***********” ХХК цементийг 1 тонныг 400,000 төгрөгөөр худалдан борлуулаагүй, Б.Д********* хувиараа худалдан борлуулсан, Б.Д*********гийн худалдан борлуулсан цементийг түүний хувийн дансны гүйлгээг үндэслэн манай компанийн худалдан борлуулалт гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ худалдан борлуулалт Б.Д*********д хамааралтай  гэж;

3.10.3.Хяналт шалгалтыг явуулахдаа манай компанийн борлуулалтыг нотлох зарлагын баримтын үнэлээгүй, шалгаагүй гэж маргасан.

3.11.Хяналт шалгалтад хамарсан хугацаанд  хариуцагч нь “М********* билдинг материалс” ХХК болон  “М** цемент” ХХК-ийн үйлдвэрээс ”Т***********” ХХК-д нийлүүлсэн үнэ болон нийлүүлэлтийн хэмжээний талаарх баримт /ХХ-ийн 87-100,110,157-169 дэх тал/ Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс эдгээр компаниудын нийлүүлсэн, тээвэрлүүлсэн цементийн тоо, хэмжээ, тээвэрлэлтийн үнэ /ХХ-ийн 117,119-129/, Хаан банкнаас тус компанийн 5429749071 дугаар дансны хуулга /ХХ-ийн 44 дэх тал/, Б.Д*********гийн 5077057441 дугаар дансны хуулга /ХХ-ийн 173-180 дахь тал/, Барилгын хөгжлийн төвөөс цементийн үнийн судалгаа /ХХ-ийн 132-133/, Гаалийн ерөнхий газраас импортоор оруулж ирсэн цементийн шуудайн үнийн лавлагаа /ХХ-ийн 139-142 дахь тал/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.

            3.12.Хяналт шалгалтын явцад ”Т***********” ХХК-иас 2021 оны санхүүгийн тайлан борлуулалтын тайлан, 22 оны эхний хагас жилийн санхүүгийн  тайланг гаргаж өгөхийн хамтаар 19 ширхэг Зарлагын баримт нэртэй нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг гаргаж өгсөн /Зөрчлийн хэргийн ... тал/ байх боловч хариуцагчаас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “худалдан авагч тал гарын үсэг зураагүй санхүүгийн баримт тул нотлох баримтаар үнэлээгүй” гэсэн.

            3.13.Ийнхүү хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл нь ”Т***********” ХХК-ийг “М********* билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрээс худалдан авсан   275,500 төг/тонн үнийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болох нь Санхүү хариуцсан захирал Б.Д*********гийн Хааны банкны 5077057441 дугаартай дансны хуулгаар тогтоогдсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн  4.7 дахь хэсэгт заасныг баримтлан “хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэсэн дүгнэлт хийж, 20,000,000.0 төгрөгийг торгох шийтгэл оногдуулсан” зэрэг үйл баримтууд шүүхэд  тогтоогдлоо.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Ш****-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр Удирдамжид Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3 заасныг үндэслэн цементийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилго тогтоосон байдал, Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0******* дугаартай “Шийтгэлийн хуудас”-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил гэж үзсэн байх тул шүүх эдгээр хуулийг хэрэглэж захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт хийж байна.

4.2.Хариуцагч нь Шийтгэлийн хуудас гаргах үндэслэлд “картель үүсгэсэн” гэдэг үйлдэл хамаараагүй болохыг тайлбарласан тул энэ маргаанд хамаарахгүй болно.

 4.3.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “харилцан хамаарал бүхий этгээд" гэж тухайн аж ахуй эрхлэгчтэй Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцаа бүхий аж ахуй эрхлэгчийг” хэлнэ гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” гээд мөн зүйлийн 27.1.1-т “татвар төлөгчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагч, тэдгээрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү” гэж заасан байна.

4.4.Хуулийн энэ заалтын дагуу Т***********” ХХК-ийн захирал бөгөөд ганц үүсгэн байгуулагч Ж.Н******* нь Б.Д*********тай  гэр бүлийн харилцаатай тул /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар/  “Т***********” ХХК-тай Б.Д********* харилцан хамаарал бүхий этгээд мөн байна.

4.5.Нөгөө талаас ”Т***********” ХХК-ийн захирал Ж.Н******* нь компанид нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж байгааг мэдэх ёстой, мэдсэн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “захирал Ж.Н******* надаас хуулийн зөвлөгөө авахаар уулзахдаа манай компанийг шалгаад асуудал байхгүй байна гэсэн атлаа Шийтгэлийн хуудас гардуулсан гэж хэлсэн” гэх тайлбараар нотлогдож байна. /2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/

4.6.Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “захирал Ж.Н*******аас Б.Д*********д итгэмжлэл өгөөгүй, компанийг хяналт шалгалтад төлөөлөх эрхгүй, гарын үсэг хуурамч, Улсын байцаагч нь итгэмжлэлд зурсан гарын үсгийг шалгах ёстой байсан”  гэх тайлбаруудыг нотлогдоогүй гэж үзлээ.

4.7. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, ..., хувь хүнийг гэж, мөн зүйлийн 4.1.4-т “"өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг гэж тус тус заажээ.

4.8.Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө хуулийн этгээд, хувь хүний тухайн төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа зах зээлд шударгаар өрсөлдөж байгаа эсэх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах хүрээний харилцааг зохицуулсан байна.

4.9.Өөрөөр хэлбэл, энэ хууль нь адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн хоорондох өрсөлдөөний харилцааг зохицуулсан байгаа тул энэ хуулийг зохицуулсан харилцааных нь хүрээнд хэрэглэнэ.

4.10.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд, мөн зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан.

4.11.Хариуцагчаас шалгалтын дүнгийн талаарх танилцуулгадаа “цемент үйлдвэрлэгч аж ахуйн эрхлэгчдээс 197,000-261,000 төгрөгөөр худалдан авсан цементийг 219,000-283,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үнээр борлуулж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэсэн нь үндэслэлгүй  юм.

4.12.Учир нь хуулийн энэ заалтын “өрсөлдөөнийг хязгаарлах” гэдэг нь жижиглэн худалдаалагч болон худалдан авагчийн хооронд үүссэн харилцаанд бий болдоггүй буюу худалдагч нь худалдан авагчийнхаа өрсөлдөөнийг хязгаарлах гэсэн хууль зүйн болон эдийн засгийн ойлголт байхгүй юм.

4.13.Мөн заалтад “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга”, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” гэсэн 2 хууль зүйн ойлголт туссан байна.

4.14.Энэхүү ойлголтын “хууль ёсны ашиг сонирхол” гэж хуулиар тогтоосон, эсхүл хамгаалсан эрх болон ашиг сонирхол байх, харин “хууль бусаар хохироох” гэдэг нь хуулиар тогтоосон журам, эрх, үүргийг зохицуулалтыг  зөрчсөн, эрх зүйн зөрчил үүсгэсэн байхыг ойлгоно.

4.15.Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар монополь болон давамгай байдлаа ашиглан өрсөлдөөнийг хязгаарласан, картель үүсгэсэн тохиолдлоос  бусдаар “барааны үнийг аливаа байдлаар өсгөхийг хориглосон, хязгаарласан, хэрэглэгч өндөр үнээр бараа худалдан авахаас хамгаалагдсан эрх, ашиг сонирхол гэж байхгүй байна.

4.16.Өөрөөр хэлбэл, бараа, ажил үйлчилгээ худалдах худалдан авах үнэ тогтоох арга хэрэгсэл нь чөлөөт эдийн засгийн “нийлүүлэлт-эрэлтийн” зарчим /хууль[1]/”д тулгуурласан эдийн засгийн харилцаа бөгөөд үнийг төрөөс хязгаарлах, зохицуулалт хийх нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 1-т “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэсэнд нийцэхгүй болно.

4.17.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын чөлөөт эдийн засгийн зах зээлд барааны үнийг тогтооход төрийн оролцоо байх ёсгүй бөгөөд төрөөс иргэдээ өндөр биш үнээр бараа худалдан авдаг байх зорилтыг хэрэгжүүлэхдээ барааны үнийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн торгож оролцдог байх ёсгүй гэж үзсэн тул “Т***********” ХХК- Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж торгууль оногдуулсан нь хууль бус гэж дүгнэв.

4.18.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-т "хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг” гэж заасан байна.

4.19.Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараах зарчмыг баримтална” гээд 4.1.1-4.1.3-т зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх гэжээ.

4.20.Мөн хуулийн Хоёрдугаар бүлэг нь Хэрэглэгчийн эрхийн зохицуулалт байх бөгөөд энд чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх, барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх, шүүхээр хамгаалуулах хэрэглэгчийн эрх, хэрэглээний соёл эзэмших хэрэглэгчийн эрх гэсэн зүйлүүдээр зохицуулалтыг хийснээс үзвэл хэрэглэгчийн эрхийн хамгаалал эдгээр заалтын хүрээнд хэрэгжихээр байна.

4.21.Энэ хуульд үйлдвэрлэгчийн үнээс дээгүүр үнээр бараа худалдан авахаас хэрэглэгч хамгаалуулах харилцаа зохицуулагдаагүй байгаа тул үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, ийм асуудлыг хуулиар зохицуулаагүй тул энэхүү харилцаанд энэ хуулийг хэрэглэх ёсгүй байна.

4.22.Дээрхээс гадна гомдол гаргагч  ”Т***********” ХХК нь ууттай цемент 660 ширхэг буюу 330 тонныг “М** цемент” ХХК болон “М********* билдинг материалс” ХХК гэх 2 үйлдвэрлэгчээс хүлээн авсан байгаа боловч  хариуцагч нь хяналт шалгалтаар тус компанийг аль компанийн нийлүүлсэн хэдэн тонн цементээс хэдийг нь 400,000.0 төгрөг болгож нэмэгдүүлсэн үнээр худалдан борлуулсан тоо, тооцооллыг хяналт шалгалтаар тогтоогоогүй байгаа нь маргаан бүхий актыг үндэслэлгүй гаргасан гэж дүгнэхэд хүргэж байна.

4.23.Тодруулбал, хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийг хэрэглэж торгууль оногдуулахдаа “Т***********” ХХК цементийн үнийг нэмэгдүүлсэн гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, түүний харилцан хамаарал бүхий этгээд болох Б.Д*********г хэдэн тонныг яг ямар үнээр худалдсан  болохыг ч бүрэн тогтоогоогүй байна.

4.24.Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Б.Д*********гийн хувийн дансны хуулгад үндэслэхдээ түүний нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй атлаа дансны гүйлгээнд дэх “10 тонн, 4,000,000 төгрөгийн гүйлгээ хийснийг” хараад 1 тонныг 400,000 төгрөгөөр борлуулсан гэж тогтоосон нь буруу юм.

            4.25.Учир нь Б.Д*********гийн Хаан банкны 5077057441 дугаартай дансны хуулгаас /ХХ-н 180 дахь тал/ харвал 06 дугаар сарын 16-ны өдрөөс “3,200,000-Төмөрөө цемент”, “1,920,000-цемент Дугараа” “3,800,000-Төмөрөө цемент”, “2,580,000-цемент 88063810” гүйлгээний шилжүүлэг харагдаж байгаа бөгөөд эдгээрээс цементийн үнэ 1 тонныг  400,000 төгрөгөөр борлуулсан гэдэг нь харагдахгүй байна.

            4.26.Түүнчлэн ”Т***********” ХХК хяналт шалгалтын шатанд өөрийн компанийг цементийг 1 тонныг 320,000-340,000 төгрөгөөр зарсан гэж тайлбарлан ийм нотлох баримтыг гаргаж өгсөн байхад нь уг баримтыг  шалгаж үзэх арга, боломжууд байсан байхад ийнхүү шалгалгүйгээр нь Б.Д********* цементийг зарсан гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн  1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж,  мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг  гаргуулан авч болно” гэж, заасанд нийцээгүй байгаа нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл гэж дүгнэсэн болно.

4.27.Хариуцагчаас зөвхөн дансны хуулгаж үндэслэж, Б.Д********* цемент худалдан, дансаараа мөнгө шилжүүлж авсан үйл баримтыг хамааралтай этгээд учраас  ”Т***********” ХХК-ийн цементийг борлуулсан гэж үзсэн нь эрх бүхий этгээд нь нотлох баримтыг олон талаас нь шалгаж шийдвэрлээгүй, гомдол гаргагчийн гаргасан нотлох баримтыг мухарлаж шалгаагүй, хяналт шалгалтын явцад гаргасан тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй нь   Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд, мөн зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт  бүрдсэн эсэх” гэж заасан нийцээгүй гэж үзлээ.

            4.28.Тодруулбал, Б.Д*********гаас зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “1 тонн цементийг 400,000 төгрөгөөр зарж байгаа” гэсэн тайлбар, мэдүүлэг гаргаж байгаагүй байхад энэ үйл баримтыг шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.

4.29.Дээрх үндэслэлүүдээр Ш****-ын Ө****-ийн байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэв.           

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

.5.1.Шүүх энэ хэрэгт Зөрчлийн хэргийг эх хувиар татан авч нотлох баримтаар үнэлж байна.

5.2.Шүүх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн Улсын байцаагчийн цуглуулж, бэхжүүлсэн байгаа, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн  прокурорын хяналтад ирүүлсэн, Татварын улсын байцаагчийн нотлох үүргийн нь дагуу Зөрчлийн хэргийн материалын хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

5.3.Өөрөөр хэлбэл, Улсын байцаагч нь хяналт шалгалтаар цуглуулсан материал дээрээ үндэслэн шийдвэрээ гаргасан, өөрөө түүнийгээ нотлох үүрэгтэй тул уг материалын хүрээнд зөрчил гэж үзсэн эсэхийг шүүх шалган шийдвэрлэх нь “шүүх хөндлөнгийн байх” зарчимд нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4,  12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т тус тус баримтлан  “Т***********” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ш****-ын Ө****-ийн байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 0******* дугаар Шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон,  хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, гомдол гаргагч “Т***********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас   нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

[1] Энэ нь экономиксын ойлголт бөгөөд эдийн засгийн хууль гэсэн олйголт болно.