| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/519 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/519
2025 02 18 2025/ШЦТ/519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Баасанбаяр /Баянзүрх дүүрэг/,
хохирогч Д.Ганзориг, Т.Жавхлан,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ******** тоот дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд бусдын өмчлөлийн гэрчилгээг харуулах байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Галбаатараас 1 ширхэг автомашин, 19.000.000 төгрөг шилжүүлэн авсан боловч газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй, нийт 182.034.832 төгрөгийн хохирол учруулж залилсан,
- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Би Чингэлтэй дүүргийн газрын албан ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 га газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ганзоригт 130.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
Зайсангийн аманд 2600 метрт квадрат газар зарна гэж хохирогч Ц.Чулуунцэцэгтэй холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр З.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Э.Лундиасүрэнтэй фейсбүүк хаягаар холбогдон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Э.Лундиасүрэнгээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 645,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь 5037529548 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 3,645,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 14-р хороо Кувейтийн аманд 1 га газар худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч хохирогч Т.Жавхлангаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 23,000,000 төгрөгийг тус тус залилж нийт 339.279.832 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Жавхлан мэдүүлэхдээ: “...миний хувьд 23 сая төгрөгийг дансаар шилжүүлэн ************ад өгсөн. Түүнээс 23 сая төгрөгөө нэхэмжилж байна. Яаралтай хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж өгч байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд бусдын өмчлөлийн гэрчилгээг харуулах байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Галбаатараас 1 ширхэг автомашин,19.000.000 төгрөг шилжүүлэн авсан боловч газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй, нийт 121.764.832 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Галбаатарын:
“...Манай компани 22-ын товчооны тэнд байх цэргийн анги байсан газар түрээсэлж хөөсөнцөр хавтан үйлдвэрлэж байгаад хувийн газартай болж үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор 2021 оны эхнээс үйлдвэрийн зориулалттай газар хайж эхэлсэн юм. ... 2021 оны 10 сард танил ахын дүү, манай үйлчлүүлэгч Баярсүрэн надтай холбогдож ************ гэдэг хүний дугаарыг өгч “Энэ хүн газар зарна” гэсэн чи утсаар яриад үзээч гэсэн юм. Би 99167579 дугаарын утсаар ************тай холбогдож асуухад “зарах газар байгаа 22-ын товчооны төв явах замд Шинэ авто худалдааны төв рүү эргээд 1 га газар байгаа, маргааш өглөө очиж үзүүлье” гэсэн....Бид хоёр амаар тус газрыг 250.000.000 төгрөгөөр өгч, авалцахаар тохиролцоод миний иргэний үнэмлэхийн зургийг дараад явсан. Төлбөрийн нөхцөл нь 50 хувь буюу 125.000.000 төгрөгийг урьдчилан өгч авалцахаар болсон. ...2021 оны 09 сарын 26-ны үеэр өөрийн эзэмшлийн 04-61 УБО улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Ранж ровер загварын хар өнгийн автомашиныг 60.000.000 төгрөгөөр үнэлж ************ад Баянзүрх дүүргийн Сансарын Е-Мартын гаднаас өгч явуулсан. Өөрийн эзэмшлийн 2017 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Ауди-А5 Эф5 загварын 11-01 УБЦ улсын дугаартай автомашинаа 90.000.000 төгрөгөөр үнэлж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг Хорооллын эцсийн Е-Мартын тэнд байх нотариат дээр очиж ************ад итгэмжлэл хийж өгч явуулсан...10.000.000 төгрөгийг Энхманлай даргад өгнө гэж яриад 2021 оны 11 сарын 12-нд ************ын 5037529548 дугаартай данс руу өөрийн Хаан банкны 5636030822 тоот данснаас шилжүүлсэн, мөн 2022 оны 01-р сарын 12-нд 300.000 төгрөг, 2021 оны 11 сарын 17-нд 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн...Газрын албанд ажилладаг төрийн алба хаагч гэсэн нэрийдлээр намайг хуурч мэхэлж, эд хөрөнгө болон цаг хугацааны хувьд их хохирол учруулж байгаад гомдолтой байна. Би газраа аваад сэндвичээр үйлдвэр барих, төхөөрөмж суурилуулах гээд зөндөө ажил хийх талаар хүмүүстэй тохирсон байсан юм. Энэ хүнээс өгсөн мөнгөн дүнгээр, эсвэл өгсөн машин зэргээ авах ч юм уу ямар нэгэн байдлаар хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
...Би ************тай утсаар холбогдож ярьж Сонгинохайрхан нутаг дэвсгэрт байрлах худалдаж авах газраа ************ын хамт очиж үзсэн. Харин түүнээс Г.Баярсүрэнтэй холбогдоогүй, уулзаагүй, Г.Баярсүрэн надад ямар нэгэн газар зарна гэж танилцуулж байгаагүй. Г.Баярсүрэн, ************тай холбож өгсний төлөө надаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Г.Баярсүрэн нь ************ын надад зарсан газрыг худалдан авах талаар ятгаж, гуйж, нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй. Би ************ад мөнгө өгсний дараа Г.Баярсүрэнтэй утсаар ярьж байсан ба чиний танилцуулсан ************ гэх залуугийн надад зарсан гэх газар нь өөр хүмүүсийн нэр дээр байна, газар дээр нь очиж үзэхэд тухайн газар дээр нэг ах байсан ба наад газар чинь миний газар, чи хүнд залилуулаад яваад байгаа юм биш үү гэж хэлэхээр нь би ************ руу залгахад миний утсыг авахаа больсон. Тэгээд би Г.Баярсүрэн рүү залгаж ************ыг олж өг гэж хэлсэн. Түүнээс хойш би Г.Баярсүрэнтэй 2-3 удаа уулзаж, чиний танилцуулсан ************ намайг залилаад алга болчихлоо чи яаралтай олж өгөх талаар хэлэхэд Баярсүрэн нь би сайн мэдэхгүй байна, би ************ыг хайж байгаа, өөрөө уулзмаар байна, танд эргээд хэлье гэж хэлж салаад түүнээс хойш алга болсон. Утсаар хааяа нэг ************ыг асуудаг сүүлдээ бол миний утсыг авахаа больсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
...Одоо миний AUDI А-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, дансаар 19.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, харин Ренж роверын машины үнийг нэхэмжлэхгүй..” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- Хохирогч Б.Галбаатарын Хаан банкны 5636030822 дугаарын дансны хуулга /1 дүгээр ХХ-17-19, 54 дэх тал/,
Гэрч Г.Ганмягмарын:
“...04-61 УБО улсын дугаартай хөрөнгийн Ранжровер загварын автомашин нь Б.Галбаатарын өөрийнх нь унаж хэрэглэдэг байсан автомашин Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үед тухайн 04-61 УБО улсын дугаартай автомашиныг би Б.Галбаатараас аваад гадуур ажил амжуулж явсан. Тэгээд тухайн өдрөө 16-17 цагийн үед Улаанбаатар хот 22-ын товчоон дээрээс Б.Галбаатар нь нэг эрэгтэй хүнтэй хамт над дээр хүрч ирээд миний унаж явсан гэх 04-61 УБО улсын дугаартай хар өнгийн Ранж ровер загварын автомашиныг тухайн дагуулж явсан гэх эрэгтэй хүнд зарж байгаа гээд өгсөн. ...би тухайн хүнийг урд өмнө харж байгаагүй, танихгүй хүн байсан. Намхан, туранхай, бор царайтай, хууз сахал тавьсан, 35 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч Г.Баярсүрэнгийн:
“....2021 оны 08-р сарын дундуур Энхбаяр надад “Манай газрын албанд ажилладаг найз 22-ын товчоонд зам дагуу газар зарах гэж байна, 250.000.000 төгрөг 1 га билүү /14 айлын газар/” гэсэн утгатай зүйл ярихаар нь би өөрийн найз Галаад санал болгосон. Тухайн үед ************ нь “Уг газрыг зарж 220.000.000 саяыг өөрөө авна, Энхбаяр бид хоёрт 30.000.000 төгрөгийг хувааж зуучлалын хөлс гэж өгнө гэсэн..Би энэ хүнд гомдолтой байгаа. Түүнийг үнэхээр газрын албанд ажилладаг гэж боддог. ************ гоё хувцастай ирдэг бөгөөд газрын ажлаа асуухаар "Программ гацаад байна, апдате хийж байна, газрын албаны хүмүүс солигдож байна” гэх зүйлс хэлдэг... “ гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/,
Гэрч Ж.Булганаагийн:
“...Би Гантуяагаас ************ыг Нийслэлийн газрын албанд ажиллаж байгаа талаар сонсоод эхнэр Гантуяагаар дамжуулж 2016-2017 оны үед “Манайд Сонгинохайрхан дүүрэг, Найрамдал зуслан явах зам, Баянголын аманд байрлах 1 га зуслангийн зориулалттай газар байдаг, энэ газрыг зарах гэж байгаа, авах хүн байвал сураглаад өгөөч” гэх утгатай зүйл хэлж Моки /дээрээс нь харуулсан гүүгл мапын зураг байвал явуулаач” гээд би тухайн үедээ ************ руу явуулж байсан. ...Тэр үед ************ үнэ асууж, тодруулж байсан ба би “250.000.000, бартер оролцуулж болно” гээд хэлж байсан. Моки хариуд “1 га газар гэхэд үнэтэй байна хөгшөөн” гэж хэлж байсан байдаг. Ингээд би ахиж ************тай газрын талаар огт яриагүй, манай найз Гантуяагаас салсан учир харилцах нь эрс багассан байдаг....манай нөхөр ************ыг зус танина, найзууд бол биш, газар зарахаар уулзаж байгаагүй...Манай нөхөр н.Төртулга нь газрын албанд ажиллаж байгаагүй, бид хоёрын нэр дээр эзэмшдэг газар байхгүй, ************тай газрын наймаа хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БЗД2-24-1309 дугаартай:
“...Audi А5 маркийн тээврийн хэрэгслийг 102,764,832 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 203-206 дахь тал/,
Гэрч Б.Энхбаярын 5027835434 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 142-147 дахь тал/,
2. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны кутаг дэвсгэрт "Би Чингэлтэй дүүргийн газрын албан ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 га газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ганзоригт 130.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн талаар:
- Хохирогч Д.Ганзоригийн:
“...Хуучин нэг газар ажиллаж байсан н.Төмөрхуяг гэх залуу надтай ирж уулзаад “Баяраа гэх залуу Сонгинохайрхан дүүргийн 22-н товчоон дээр газар зарна гэж байна” гэж хэлэхээр нь би уулзахаар болсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарах газар дээрээ очиж уулзалдахаар болоод очиход Баяраа, Төмөрхуяг нар байсан. Би газрын талаар сонирхож үзэхэд Баяраа “энэ миний газар зарах гэж байгаа 350.000.000 төгрөгөөр зарна, газрын хувьд бүх зүйл асуудалгүй” гэж ярилцаж тохироод газрынхаа бичиг баримтыг аваад ир гэж хэлсэн. Би энэ хугацаанд нь мөнгөө цуглуулж байхад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр над дээр Төмөрхуяг, Баяраа, ************ нар манай компанийн ажлын өрөөнд орж ирээд “Энэ газрыг 350.000.000 төгрөгөөр авах уу, авах бол урьдчилгаа 40.000.000 төгрөг өгчих, ганц та энэ газрыг сонирхоогүй, өөр хүн авах гээд байгаа учраас та 40.000.000 төгрөг өгвөл танд зарлаа, маргааш гэрээ хийхдээ кадастрын зургаа аваад ирье” гэж хэлэхээр нь би тухайн байршил дээр очихдоо газраа харсан учраас Egazar.gov.mn сайтаар ороод нөгөө газрыг нь харахад хэлээд байгаа газар нь хуваагдаад 13 хүний эзэмшихээр харагдаж байна гэдгийг нь хэлэхэд ************ нь “Би Нийслэлийн газрын албанд ажиллаж байгаад одоо Чингэлтэй дүүргийн газрын албанд ажиллаж байгаа, наад газар чинь 13 хүний нэр дээр байгаа боловч цуцлагдсан байгаа, маргааш танд холбогдох бичиг баримт кадастрын зургийг харуулъя, газрыг нь цуцалсан учраас манай нийслэлийн газрын албаны дарга н.Энхманлай энэ газрыг аятайхан зараад өгөх хүн байна асуулгасан юм, би зүгээр дунд нь гүйж байгаа хүн учраас зарж байгаа газраасаа тодорхой хэмжээний мөнгө авна, их биш” гэж хэлсэн. Дараа өдөр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ************ ганцаараа нотариат дээр ирээд холбогдох бичиг баримт бүрдүүлээд гэрээ хийсэн. Гэрээтэй холбоотой материалыг өгсөн байгаа. ************ тэр үед над дээр ирэхдээ кадастрын зураг барьж ирээд 14 хоногийн дотор хурдан гаргаад өгнө” энэ газар яг миний газар биш ээ манай Нийслэлийн газрын албаны дарга н.Энхманлай гэж хүний газар байгаа юм. Дарга газар заруулж байгаа учраас бичиг баримтыг чинь хурдан гаргаад өгнө. 14 хоногийн дотор гаргаад өгнө гэж хэлээрэй гэж хэлүүлсэн” гэж надад хэлсэн. Би энэ үгэнд нь итгэсэн учраас би гэрээ хийхээр болоод Гранд плазагийн Нотариатын газарт очиж гэрээгээ хийсэн. Гэрээгээ хийгээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 90.000.000 төгрөг ************ын данс руу нотариатын хажуу талын ATM дээрээс шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш ************тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хэлцэл”-ээр хийсэн гэрээн дээр зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбоотой 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ************тай утсаар 1-2 удаа ярьсан байх. Хугацаа болсон өдрөөс хойш Газрын бичиг баримт юу болж байна” гэж асуухаар эхэндээ утсаа авч ярьж байгаад сүүлдээ утсаа авахаа болихоор нь би дандаа мессеж бичиж байсан. Би бичиж байсан мессежээ зураг хэлбэрээр гаргаж өгсөн. Одоо хүртэл энэ ************ гэх хүн нь миний мөнгийг буцааж өгөөгүй, газраа шилжүүлж надад өгөлгүй зугтаад байгаа...Надад нийслэлийн газрын албанд ажилдаг. Нийслэлийн газрын албанд ажилдаг гэж хэлээд надад кадастрын зургийг 2 хүний нэр дээр хийхгүй бол 1 хүн дээр арай том байна” гэж хэлээд тухайн газрыг 2 хуваасан кадастрын зураг барьж ирсэн. Тэр зураг дээр нь нөгөө 13 хүний кадастрыг зураг байхгүй байсан. Тэр зургаа харуулаад нөгөө 13 хүний нэр дээр байгаа газар чинь газрын бичиг баримт нь цуцлагдсан байгаа” гэж хэлэхээр нь итгэсэн. Мөн ************ хэлэхдээ энэ газрыг манай дарга Нийслэлийн газрын албаны дарга Энхманлай гэж хүний газар байгаа юм. Дарга газар заруулж байгаа” гэж хэлэхээр нь би итгэж мөнгө өгсөн...************ надтай уулзаад урьдчилгаа 50.000.000 төгрөг өгчих, үгүй бол би өөр хүнд зарлаа” гэж хэлэхээр нь би өнөөдөр урьдчилгаа 40.000.000 төгрөг олж чадна гээд тэр орой ************ын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр ХХ-171-172 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Г.Баярсүрэнгийн:
“...Би 2021 оны 08 дугаар сард найз Энхбаяртай уулзахад түүний найз гээд ************ гэх залуу ирж байсан. ************тай танилцахад өөрийгөө Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж хэлж байсан. Хэсэг юм яриад сууж байхад бэлэн 2-3 хоногт бичиг баримт нь бүрдэх газар байдаг, надад тийм газар байгаа” гэж хэлэхээр нь би хуурай ах Батгэрэлийг дуудаж уулзуулсан. Хоорондоо юу ярьсан гэдийг мэдэхгүй. Түүнээс хойш 10 хоногийн дараа Батгэрэл ах над руу залгаад “нөгөө газрын юм юу болсон бэ, би газар авахаар ************ад мөнгө өгсөн байгаа” гэж хэлсэн. Би түүнийг сонсоод ************ын 9917-той дугаар луу нь залгаад асуухад “газар удахгүй бүтнэ, дарга байхгүй байна, программ шинэчлэлт хийж байна, кадастрын зураг болоогүй байна, даргатайгаа би хөдөө явж байна” гэж зэргээр мессеж бичиж байсан. Би ахын газрын бүтээж өгөөч гээд ************тай ярьж байх зуур ************ “Сонгинохайрхан дүүрэгт зам дагуу газар зарна” гэхээр нь ************, Энхбаяр нарын хамт Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-н товчооны хажуу талд байрлалтай 1.2га билүү 10 гаруй хүний нэр дээр байгаа газар зааж харуулсан. ************ “энэ газар манай дарга Энхманлай гэж хүний ерөнхийд нь зохицуулна ямар нэгэн асуудал байхгүй. Энэ газрыг 300.000.000 төгрөгөөр зарчихвал 100.000.000 төгрөгийн ашиг гарна” түүнийг хуваагаад авч болно шүү зарах хүн олж өгвөл шагналтай” гэж хэлсэн. Би тэр газрыг нь очиж хараад дараа нь 2022 оны 01 дүгээр сарын дундуур яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна Төмөрхуяг ах руу залгаад “хүн газар зарна гэж байна танд газар авах хүн байна уу” гэж асуухад Төмөрхуяг ах “би нэг найзаасаа асууя” гэж хэлээд Төмөрхуяг, түүний найз Ганзориг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн газрыг очиж зүүлэхэд Ганзориг энэ газрыг чинь авъя, хүнтэй нь уулзъя гэж хэлэхээр нь би ************ыг дуудаж Ганзориг ахтай уулзуулаад Төмөрхуяг ах бид 2 явсан. Түүнээс хойш 2 сарын дараа байна уу Төмөрхуяг, Ганзориг нар нь ээлжилж залгаад “************ газар бүтээж өгнө гээд утсаа авахгүй мессеж бичээд байна олоод өг” гэж хэлж байсан. Түүнээс хойш хүн залилсан гэдгийг мэдсэн. ************ миний танилцуулсан хуурай ах Батгэрэл, найз Галбадрах, найз Баяраа гэх эмэгтэй нарт газар зарна гэж залилж мөнгө авсан байна лээ...Ганзориг ахад газар зарахад зуучилж өгсөн гэж надад 4.000.000 төгрөг өгсөн Би түүнийг нь хүний дансаар авсан...Би ************ыг газрын албанд ажилладаг гэж бодоод өөрийн танил хүмүүстэй уулзуулсан чинь ************ газрын албанд ажилладаггүй миний уулзуулсан хүмүүсийг бүгдийг нь залилж намайг давхар хохироож хүмүүст нэр хүндгүй болгосон. Ажлын хамтрагч нар байсан чинь бүгд надтай нийлж ажиллахаа больсон. Би давхар давхар эвгүй байдалд орсон. Ганзориг гэж хүнтэй ************ыг уулзуулсан. Тэр 2 наймаагаа зарах газар юм байна л гэж бодож байсан. Худлаа гэдгийг би мэдээгүй..,тухайн үед хууль бус мөнгө гэдгийг мэдээгүй учраа мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Тухайн мөнгийг наймаа хийж гэж бодсон. Тэрнээс ************тай нийлээд хэн нэгнийг залилсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
Гэрч Д.Ганхуягийн:
“...Манай ах Д.Ганзориг нь 2022 оны 01 дүгээр сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна намайг “иргэний үнэмлэхийн зургаа явуулчих би газрын гэрчилгээ гаргуулж авах гэж байгаа юм гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийн зургийг явуулсан. Тэгээд дараа нь 01 дүгээр сарын 13-ны өглөө залгаад Гранд плаза дээр хүрээд ир энд нотариат орж гэрээ хийх гэсэн юм 10,000 мв газар худалдан авах гэж байна урьдчилгаа 130 сая төгрөг өгч байна, дан ганц миний нэр дээр гэрчилгээ гаргаж болохгүй гэж байна, 13 айлын газар байгаа болохоор 2 хүний нэр дээр хувааж гэрчилгээ гаргуулах ёстой юм байна” гэж хэлсэн. Тэгээд би гранд плаза төвийн нотариат ороход 1990 оны өндөр шар царайтай одоо нэрийг нь санахгүй байна залуу ирээд гэрээ хийж бид нар гарын үсэг зурцгаасан. Гэрээ хийхэд тухайн газрын кадастрын зургийг бид хоёрын нэр дээр гаргасан байсан. Манай ах миний ланд-200 маркийн 2 ширхэг машиныг ломбардад нийт 95 сая төгрөгөөр барьцаанд тавиад үлдсэн мөнгийг нь (өмнө нь өөрөө өгсөн гэж байсан) ингээд тус залууд дансаар шилжүүлсэн. Гэрээ хийхэд 14 хоногийн хугацаатай гэрчилгээ гаргана гэж тохирсон ба гэрээ хийхэд тухайн залуу газрын албанд ажилладаг найдвартай гэж хэлж байсан. Дараа нь хэд, хэдэн удаа Ганзориг ахаас “нөгөө газар чинь бүтсэн үү” гэсэн чинь одоо удахгүй байхаа гэж хэлж байсан. Харин саяхан ах нь залилуулчихсан юм шиг байна чи цагдаад очоод мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн” гэх, /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
Гэрч А.Энхманлайн:
“...Би 2019 оны 05 дугаар сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сард өөр ажилд томилогдсон байгаа... Би ************ гэх хүнийг танихгүй. Манай чиглэлээр дүүрэгт ажиллаж байсан байж магадгүй. Эсвэл Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан байж магадгүй. Би бол мэдэхгүй. Би ажилчин болгоноо танихгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын газар 220 гаруй хүнтэй учраас би сайн мэдэхгүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа болон түр чөлөөлөгдсөн байхдаа ************ад даатгаж газар заруулахаар ярьсан тохирсон болон газар авах хүн олуулж байгаагүй ************ гэх хүнийг танихгүй. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1801500960 1801500771, 1801501217 дугаартай газруудыг цуцалсан учраас энэ газрыг аятайхан зараад өгөх хүн байна уу гэж хэн нэгнээр заруулахаар хандаж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/,
-Гэрч Б.Энхбаярын:
“... Би 2021 оны намар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэгчээр ажиллаж байхад санай 10 жилийн ангийн хүүхэд ************ надтай уулзаад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүнтэй уулзах ажилтай хүнтэй ажилтай явж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 гадаа гараад тамхи татангаа юм ярихад ************ ойр зуурын юм ярьж байгаад “Найз нь нийслэлийн газрын албанд ажиллаж байгаа манай даргын дарсан байгаа хямд газар байна түүнийг авах хүн байна уу, газар сонирхож байгаа хүн байна уу” гэж хэлээ бид 2 салсан. Манай найз Баярсүрэн хувиараа барилгын ажил хийдэг болохоор Баярсүрэнтэй ярьж манай ангийн хүүхдэд зарах гэж байгаа хямд газар байгаа гэж байна сонирхох хүн байна уу гэж хэлэхэд Баярсүрэн ************ бид 3 уулзахад ************ газрын кадастрыг үзүүлээд яаралтай хямд зарах хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Тэгээд цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/,
Гэрч Б.Байгалмаагийн:
“...Би хаан банкны 5022462920 дугаарын данстай. Миний хаан банкны дансаар манай дүү ************ 2022 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд миний дансанд эхний удаа 8.000.000 төгрөг, дараагийн удаа хэд гэдгийг нь мэдэхгүй мөнгө хийж авсан. ************ “таны дансаар чинь мөнгө хийхээр та бэлнээр аваад өг надад бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би “ямар учиртай мөнгө юм” гэж асуухад “танд хамаагүй ээ мөнгө гаргаад өгчих” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх тал/,
Гэрч Э.Төмөрхуягийн:
“...************ гэх залууг огт танихгүй Ганзоригтой уулзах үед нь харсан. ...Би Ганзоригтой уулзалдахад Ганзориг 22 дугаар товчооны тэр хавьд газар сонирхож байгаа мэдвэл дуулгаарай гэж байсан. Нэг өдөр би гэртээ байл уу даа тэгсэн над руу Баярсүрэн залгаад “ахаа хуучин 22-ын товчоонд хүн газар зарах гэж байна, авах хүн байгаа юу” гэж хэлсэн. Би түүнийг нь сонсоод Ганзориг руу залгаж хэлэхэд Ганзориг очиж үзэхээр болсон. Би Баярсүрэнг дуудаад Ганзориг Баярсүрэн бид 3 Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-н товчооны тэнд байрлах газар дээр нь очиж үзсэн. Газраа үзээд Ганзоригийн оффис дээр ирээд байж байхад газар зарна гэх таны хэлээд байгаа ************ гэх шар царайтай 35 орчим насны залуу орж ирэхээр нь би “за та 2 уулзаад наймаагаа яриад хоорондоо учраа олоорой” гэж хэлээд Баярсүрэн бид 2 гараад явсан. Түүнээс хойш 2-3 сарын дараа байна уу Ганзориг над руу залгаад “нөгөө газар зарна гэсэн залуу алга болчихлоо, би хулхидуулсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би нөгөө залууд худлаа үнэн юм ярьж байгаад Ганзоригтой уулзуулахад Ганзориг цагдаад өргөдөл өгсөн байгаа гээд ************ гэх залуу нь очиж мэдүүлэг өгөх юм болж байсан. ...Баярсүрэн над руу залгаад газар авах хүн байна нь би нэг их зүйл бодолгүй найз Ганзоригт хэлж хооронд нь уулзуулсан эн нэгэн нь шан харамж өгнө гэж хэлээгүй. Надад шан харамж нэрийдлээр газар зарах үйл ажиллагаатай холбоотой мөнгө өгсөн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
Хохирогч Д.Ганзоригийн Хаан банкны 5099992298 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
Шүүгдэгч ************ын Хаан банкны 5037529548 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 74-91 дэх тал/,
З. Хохирогч Ц.Чулуунцэцэгт Зайсангийн аманд 2600 метр квадрат газар зарна гэж хохирогч Ц.Чулуунцэцэгтэй холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан хэргийн талаар:
Хохирогч Ц.Чулуунцэцэгийн:
“...Би ************ гэх хүнтэй өөрийн танил н.Саранболороор дамжуулан анх танилцаж байсан юм. ************ нь тухайн үед өөрийгөө Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж танилцуулсан бөгөөд СХД-н 31 дүгээр хороо 22-ын товчооны ойролцоо газар зарна гэхээр нь би уг газрыг нь худалдан авахаар танилцаж байсан юм. Ингээд тухайн газрыг найз Саранболортой 2-лаа очиж үзсэн бөгөөд уг газар төмөр хашаа барьчихсан хашаан дотроо 2 ширхэг кантенер тавьсан хашаа байсан. Тэгээд уг хашааг үзчихээд хотын төв рүү орж ирээд ************тай уулзахад 250 сая төгрөгт зарна гэж хэлсэн ба харин би өөрийнхөө "Nissan Z370 маркийн авто тээврийн хэрэгслийг 100.000.000 төгрөгт тооцож өгөөд үлдэгдэл 150.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохирсон. Дээрх газар нь хэний нэр дээр байсан талаар надад ямар ч бичиг баримт үзүүлээгүй юм. Түүнээс хойш ************ над руу өдөр бүр залгаж газар авах талаар асууж намайг шамдуулдаг байсан. Тэгж байтал дээрх газрын эзэн нь гэх хүн миний машиныг авахгүй жип машинаар бартер хийнэ гэж хэлсэн гээд бид 2-н уг наймаа тохиролцоогүй салцгаасан юм. Гэтэл хэд хоногийн дараа ************ нь дахин залгаад надад Зайсангийн аманд 2600 метр квадрат газар байна 60.000.000 сая төгрөгт авах уу гэж хэлэхээр нь би наад газар чинь хямдхан зүгээр юм байна гэж хэлээд уг газрыг нь ************ын хамт очиж үзээд дээрх 60 сая төгрөгөөр авахаар болж тохиролцсон ба уг газар нь ямар нэгэн хүний нэр дээр байдаггүй, та газрын мөнгөний 10 хувийг нь өгчих юм бол гэрчилгээг шууд гаргаж өгнө гэж хэлсэн. Надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй болохоор би түүнд чи гэрчилгээгээ гаргачих юм бол би өөрийнхөө “Nissan Z370 маркийн авто тээврийн хэрэгслийг зараад мөнгийг шууд өгчихье гэж хэлсэн чинь ************ та эхний ээлжид 10 хувийг нь хуваагаад ч болтугай гялс егчих хэдэн хүний газрын гэрчилгээ гарах гэж байгаа дээр нэмж. оруулах гээд байгаа юм. Ямар ч мөнгөгүйгээр гаргаж чадахгүй байна гэж хэлсэн. Надаас авах мөнгөө байгаль орчны яамны хүнд өгөх гэж байгаа гэж хэлээд байсан юм. Тэгээд надаас мөнгөө шаардаад байхаар нь би хүүхдүүдийн нотебүүкийг "Далай заан" гэх нэртэй ломбардад барьцаалаад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5006525448 гэсэн дугаарын данснаас ************ гэх хүний 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Би урьдчилгаа ************ нь Байгаль орчны яамны сайд гадагшаа явчихсан байгаа удахгүй ирнэ. Чиний авсан газар хотын даргын авсан байсан газар байна түр хүлээж байгаарай мөнгөө шилжүүлсэн данс руу гэх зэргээр худлаа хэлж явсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын эхээр Байгаль орчны сайд Монгол улсад ирсэн байгаа үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тэгж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээг чинь гаргах гэж байна 3,000,000 төгрөгөө яаралтай одоо шилжүүлээрэй гэхээр нь хамт ажилладаг байсан хүнээсээ 10 хувийн хүүтэй зээлж байгаад дээрх ************ын данс руу 3,000,000 төгрөгийг мөн өөрийнхөө данснаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар сургуулийн ойролцоо байхдаа шилжүүлсэн юм. Түүнээс хойш хэд хэдэн удаа шөнийн цагаар согтуу мөнгө шилжүүл гэхээр нь би гэрчилгээ гараагүй гээд өгөөгүй юм. Гэвч сүүлдээ гар утсаа авахаа больж алга болчихсон. Тэгээд би түүнийг Нийслэлийн газрын албанд ажиллаж байгаа эсэх талаар асууж очтол ажлаасаа 1 жилийн өмнөөс хөөгдсөн байсан юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/,
Хохирогч Ц.Чулуунцэцэгийн Хаан банкны 5006525448 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 121-122, 169-170 дахь тал/,
4. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Лундиасүрэнтэй холбогдож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,, "зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө" хуурч, бодит байдлыг нуух замаар Э.Лундиасүрэнгээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг,2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 645,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь 5037529548 тоот дансаар шилжүүлэн авч нийт 3.645.000 төгрөг залилсан хэргийн талаар:
Хохирогч Э.Лундиасүрэнгийн:
“...Миний багын найз буюу 10 жилийн 28 дугаар сургуульд цуг сурч байсан ************ гэх залуу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр миний фейсбүүк чатаар холбогдоод "Байрлал сайтай хямдхан газар байна сонирхох уу, Хандгайт зуслангийн хажууд тэгшхэн 2 айлын хоосон газар байна, 2 газар нийлээд 8.000.000 төгрөг болно" гэж чат бичсэн. Би газрыг сонирхоод ямар учиртай газар болох талаар утсаар ярихад “Газрын албаны бүртгэл дээр ямар нэгэн бүртгэл байхгүй газар байгаа, найз нь чиний нэр дээр гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Газрын бичиг баримт нь манай дарга н.Энхманлай билүү н.Энх-Амгалан гэх хүнд байгаа бичиг баримтыг нь хурдан гаргаж өгнө гэж хэлсэн. Би ************ын үгэнд итгээд эхлээд урьдчилгаа гээд 3,000,000 төгрөг 5037529548 тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ************ залгаад газрын бичиг баримт байна газрын татварын мөнгө 645,000 төгрөгийг шилжүүл хэлээд 5037529548 тоот данс өгөхөөр нь 5057333164 дугаарын данснаас шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дахь тал/,
...Надад учирсан 3.650.000 төгрөгийг ************ бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч Э.Лундиасүрэнгийн Хаан банкны 5920347871 дугаарын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал/,
5. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтийн аманд 1 га газар худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд бусдын өмчлөлийн гэрчилгээг харуулан төөрөгдөлд оруулж газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч хохирогч Т.Жавхлангаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 23,000,000 төгрөгийг залилсан хэргийн талаар:
Хохирогч Т.Жавхлангийн:
“...Хохирогч Б.Жавхлангийн "Би 2021 оны 04 сарын орчимд Мягмарсүрэн гэх найзаараа ************ гэх хүнтэй анх найзын шугамаар мөн ************ нь анх өөрийгөө газрын албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд Дараа нь хэд хэдэн удаа уулзсан байсан бөгөөд тэр үед би газар худалдаж авахаар байсан учир ************ мэдээд надад хэд хэдэн газрыг үзүүлсэн бөгөөд би өөрөө Хан-Уул дүүргийн 14-р хороо Кувейтийн аманд 1 га газрыг нь сонирхоход надад анх 40.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн газрыг буулгах талаас нь ярилцаж байгаад 36.000.000 төгрөг болгож тохиролцоод би авъя гэсэн санал тавиад дараа нь эхлээд бичиг цаасны ажлаа дуусгаад мөнгө төгрөгөө шилжүүлж өгнө гэж тохиролцоод салсан. Тэгээд хэдэн өдрийн дараа ************ нь над руу гар утсаараа залгаад "эхлээд би дуудлага худалдааныхаа төлбөрийг төлөөд өөрийнхөө нэр дээрх газраа гэрчилгээ гаргаж авах хэрэгтэй байна" гэхээр нь би 2021 оны 07 сарын 23-ны өдөр 5037529548 гэсэн ХААН банкны ************ын данс руу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн тэгээд маргааш нь 07 сарын 24-ны өдөр ************ над руу хэлэхдээ миний газрын гэрчилгээний асуудлууд болсон чиний нэр дээр шууд гэрчилгээг чинь гаргуулж авъя тэгвэл илүү зардлууд гарахгүй тэгээд нийт төлбөрийнхөө 50 хувийг нь төлөх шаардлагатай байна" гэхээр нь би тус ************ын данс руу дахин 17.000.000 төгрөг шилжүүлсний дараа 2021 оны 09 cap хүртэл би ************ын хэлэх болгонд нь би 1.000.000 төгрөг 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг хувааж төлсөөр байгаад хамгийн сүүлд 2021 оны 09 сарын 10-ны өдөр тэгшлээд 2.000.000 төгрөгийг ************ын данс руу шилжүүлээд тэгээд шилжүүлэхэд ************ надад "бүх юм чинь бүтчихсэн одоо тооцоогоо дуусгая хамгийн сүүлийн мөнгийг чиний гэрчилгээ гарах зардал болон бусад зүйлсэд мөнгө хэрэг болоод байна тооцоогоо дуусгая” гэхээр нь би нийт 30.000.000 төгрөг шилжүүлсэн байсан тэгээд түүнээс хойш 2-3 хоногийн дараа би ************аас гэрчилгээ болон бичиг баримтууд юу болсон талаар асуухад ************ надад "бүх юм чинь гарчихсан байгаа шүү үлдсэн төлбөрөө дуусгаад надаас бичиг баримтуудаа аваарай би хөдөө байна” гэхээр нь би уулзаж чадалгүй байсаар байгаад 7 хоногийн дараа би дахин ************аас гэрчилгээ болон бусад бичиг баримтуудаа харахыг хүсэхэд ************ надад "ажилтай завгүй байна хөдөө байна" гэх мэтээр уулзалгүй алга болсоор байгаад гэнэт нэг өдөр гар утас нь холбогдох боломжгүй болсон байсан бөгөөд 1 cap 2 cap орчим уулзаж чадалгүй хүмүүсээс болон найзуудаас нь асууж сурагласан тэгээд дараа нь ************ын ээжийнх нь гар утасны дугаар болох 99907579 гэсэн гар утас руу нь залгахад "хүүхэд маань надаа хөдөө ажлаар явсан" гэх мэтээр хэлдэг байсан дараа нь над руу 89872223 гэсэн дугаараас ************ын ах нь байна гэж над руу залгаж "манай дүү жоохон хэрэг төвөгт холбогдсон байна хүмүүсийг луйвардсан байна цагдаагаас мэдлээ чамайг би цагдаад гомдол гаргана гэсэн талаар сонссон учир битгий гомдол гаргаач бид нар таны хохирлыг барагдуулж өгье надтай холбоотой байгаарай хүмүүсийг иймэрхүү маягаар луйвардсан байна одоо ************ 461 дүгээр хорих ангид байна чи цагдаад өгвөл ************ ачигдаж ял шийтгэл авахад ойрхон байна энэ асуудал намжихаар ************тай уулзуулж өгье" гэсэн зүйл яриад хэсэг надтай ярьж байгаад 2023 оны 09 cap орчмоос хойш алга болсон тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ************ надад анх өөрийгөө танилцуулахдаа Нийслэлийн газрын албанд хот төлөвлөлтийн мэргэжилтэн хийдэг гэж анх танилцуулж байсан мөн тухайн анх надад 20 гаруй газруудаа үзүүлж байхдаа тухайн газруудын гэрчилгээ болон кадастрын зургуудыг нь үзүүлж байсан...” /4 дүгээр сарын 143-144 дахь тал/,
Шүүгдэгч ************ын Хаан банкны 5037529548 дугаарын дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 103-140 дэх тал/,
Иргэний хариуцагч Б.Энхбаярын:
“...Тухайн үед Баярсүрэн над руу яриад ************ газраа зарсан гэнэ зуучилж өгч байхад мөнгө өгдөггүй юм байхдаа, чи ************аас асуугаад, газраа Зарсан бол хоол ундны мөнгө төгрөг өгдөггүй юм байхдаа гэж хэлсэн.Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Г.Баярсүрэн миний хаан банкны 5027835434 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн ба ************аас 10.000.000 төгрөг ороод ирлээ, чамд өгөх ёстой 1 сая төгрөгийг нь нэмээд явуулсан. 10.000.000 төгрөг ************ Г.Баярсүрэн рүү шилжүүлсэн ба Баярсүрэн бид 2 хувааж 5.000.000 хувааж авсан. Г.Баярсүрэн нь надад тухайн үед 1.000.000 төгрөгийн өртэй байсан болохоор 6.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /,
Шинжээч Ц.Түвшинцэнгэлийн:
“...Миний бие хөрөнгө үнэлгээний ажлыг 18 жил хийж байгаа ба Дамно ХХК-д 2006 онд үүсэн байгуулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө үнэлгээний ажлыг хуульд заасны дагуу 2 нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэдэг. Өмчийн эзний захиалгаар гэрээний үндсэн дээр хийж, Төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийж гүйцэтгэдэг. Тус 2 тээврийн хэрэгслийг төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжээч томилох тогтоолын дагуу тогтоолд тусгагдсан шинжээчийн объектын шинж чанар, байдлын тодорхойлолтод нягтлан шалгалт хийсний үндсэн дээр үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн жишиг хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэ, цэнэ тооцон шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шууд харьцуулалтын арга тухайн хөрөнгөтэй ижил үзүүлэлт бүхий хөрөнгийг нээлттэй зах зээлээс мэдээлэл цуглуулж, харьцуулалт хийж холбогдох тохируулгуудыг зөвшөөрөгдсөн хэмжээнд авч хэрэглэхийг ойлгоно. Мөрдөгч шинжээч томилсон тогтоолын хамт тээврийн хэрэгслийн лавлагааны хамт нөгөө автомашин буюу Audi а-5 маркийн тээврийн хэрэгслийн “гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн ба үнэлгээ хийх аргачлалын дагуу тус үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийлгэх гэж байгаа тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг нягтлан шалгаж, тээврийн хэрэгслийн марк, сери, он, дугаар, арлын дугаар зэргийг шалгаж олон улсын стандартын дагуу үнэлгээг гаргасан....” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/
Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөр төлөх талаар шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ нь хохирогч Д.Ганзориг, Т.Жавхлан, Б.Галбаатар, Ц.Чулуунцэцэг, Э.Лундиасүрэн нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 245.764.832 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Галбаатарт 111.764.832 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 110.000.000 төгрөг, хохирогч Ц.Чулуунцэцэгт 1.000.000 төгрөг, хохирогч Т.Жавхланд 23.000.000 төгрөг олгуулах,
- мөн иргэний хариуцагч Б.Энхбаяраас 11.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Галбаатарт 6.000.000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 5.000.000 төгрөг,
- иргэний хариуцагч Г.Баярсүрэнгээс 19.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Галбаатарт 4.000.000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 15.000.000 төгрөгийг тус тус олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн. ************ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлж байсан, байнгын тодорхой оршин суух хаягтай талаар нотлох баримт шинжлэн судалсан. Мөн гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хохирол төлбөрийн тухайд 5 сая төгрөгийн хохирол илүү төлөх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хариуцагч нараас 30,000,000 төгрөгийг гаргуулах саналыг гаргаж байна. Хохирогч Галбаатар 111,764,832 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 105,000,000 төгрөг, хохирогч Ц.Чулуунцэцэгт 1,000,000 төгрөг, хохирогч Г.Жавхланд 23,000,000 төгрөг төлөх ёстой буюу нийт 240,764,832 төгрөгийг нэр бүхий хохирогч нарт төлөх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд бусдын өмчлөлийн гэрчилгээг харуулах байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Галбаатараас 1 ширхэг автомашин, 19.000.000 төгрөг шилжүүлэн авсан боловч газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй, нийт 182.034.832 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Би Чингэлтэй дүүргийн газрын албан ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 га газрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Ганзоригт 130.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
Зайсангийн аманд 2600 метрт квадрат газар зарна гэж хохирогч Ц.Чулуунцэцэгтэй холбогдон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр З.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Э.Лундиасүрэнтэй фейсбүүк хаягаар холбогдон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “зуслангийн газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Э.Лундиасүрэнгээс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 645,000 төгрөгийг тус тус Хаан банкин дахь 5037529548 тоот дансаар шилжүүлэн авч, нийт 3,645,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хан-Уул дүүргийн 14-р хороо Кувейтийн аманд 1 га газар худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж газрын гэрчилгээг гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч хохирогч Т.Жавхлангаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 23,000,000 төгрөгийг тус тус залилж нийт 339.279.832 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Галбаатар, Д.Ганзориг, Ц.Чулуунцэцэг, Э.Лундиасүрэн, Т.Жавхлан, гэрч Г.Ганмягмар, Ж.Булганаа, Д.Ганхуяг, А.Энхманлай, Б.Байгалмаа, Э.Төмөрхуяг, иргэний хариуцагч Г.Баярсүрэн, Б.Энхбаяр, шинжээч Ц.Түвшинцэнгэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Галбаатарын Хаан банкны 5636030822 дугаарын дансны хуулга, гэрч Б.Энхбаярын 5027835434 дугаарын дансны хуулга, хохирогч Д.Ганзоригийн Хаан банкны 5099992298 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ц.Чулуунцэцэгийн Хаан банкны 5006525448 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Э.Лундиасүрэнгийн Хаан банкны 5920347871 дугаарын дансны хуулга шүүгдэгч ************ын Хаан банкны 5037529548 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 339.279.832 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ************ нь хохирогч Э.Лундиасүрэн, Ц.Чулуунцэцэг нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо хохирогч Б.Галбаатарт 111.764.832 төгрөг, Д.Ганзоригт 110.000.000 төгрөг, Т.Жавхланд 23.000.000 төгрөг, нийт 244.764.832 төгрөгийг шүүгдэгч ************аас гаргуулж хохирогч нар олгох нь зүйтэй гэж үзсэн.
Иймд иргэний хариуцагч Г.Баярсүрэнгээс нийт 19.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ганзоригт 15.000.000 төгрөг, хохирогч Б.Галбаатарт 4.000.000 төгрөг тус тус олгох,
- иргэний хариуцагч Б.Энхбаяраас нийт 11.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ганзоригт 5.000.000 төгрөг, хохирогч Б.Галбаатарт 6.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, иргэний хариуцагч Г.Баярсүрэн, Б.Энхбаяр нар нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд “Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. ************ эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон эрүүл мэндийнх нь байдал, мөн хохирлыг бага хэмжээгээр ч гэсэн төлсөн нөхцөл байдал, цаашид хохирол төлбөрийг төлөх байр суурьтай байгаа зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ************ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан, мөн үлдэх хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, ар гэрийн болон эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2206014450414 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************ыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************аас нийт 224.764.832 төгрөгийг гаргуулж,
хохирогч Б.Галбаатарт 111.764.832 төгрөг,
хохирогч Д.Ганзоригт 100.000.000 төгрөг,
хохирогч Т.Жавхланд 13.000.000 төгрөгийг тус тус олгож,
- иргэний хариуцагч Г.Баярсүрэнгээс нийт 19.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Галбаатарт 4.000.000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 15.000.000 төгрөг тус тус олгож,
- иргэний хариуцагч Б.Энхбаяраас нийт 11.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Галбаатарт 6.000.000 төгрөг, хохирогч Д.Ганзоригт 5.000.000 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Г.Баярсүрэн, Б.Энхбаяр нар нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын энэ хэрэгт цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************ад урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ ад “авсан цагдан” хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ