2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/542

 

 

 


 

 

 

 

    2025         02           19                                    2025/ШЦТ/542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ************, тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ********* тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 820 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байсан, ************

 

2. Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам зүтгүүрийн депод туслах машинист  ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нар нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Велл март”-ын орчим хохирогч М.Мягмаржавын эзэмшлийн “Самсунг М33” маркийн гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Нямдорж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

Хохирогч М.Мягмаржавын:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ний шөнө 04 цагийн үед өөрийн найз болох Сүхболдын төрсөн өдрөөс харьж явах үедээ өөрийн амьдардаг гэр болох Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 2-р байрны гадна гэр лүүгээ орох гэж байтал араас 2-3 хүн түлхэж унагаад намайг өшиглөөд зодож эхэлсэн. Тэгээд намайг газар унасан үед миний халааснаас гар утсыг минь аваад гүйгээд явцгаасан. Би босож ирээд шууд гэр лүүгээ орж ээжийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд надаас хэрэг болсон газар болон миний гэмтлийн талаар асуугаад шаардлагатай мэдээллүүдээ аваад явсан. Намайг зодож дээрэмдсэн хүмүүсийг болон алдсан гар утсаа олж авахаар би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Миний толгойн баруун хэсэг хавдсан өвчтэй байгаа, баруун хавирга өвчтэй гэмтэлтэй, нуруу зулгаралттай байгаа. Миний алдсан гэх гар утас “Самсунг М33” маркийн гар утас байсан би гар утсаа “Драгон” худалдааны төвөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 350.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч Б.Эрхэм-Эрдэнийн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үүрийн 4 цагийн үед найз М.Нямдорж Х.Эрдэнэбаатар нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 2-р байрны гадаа миний “Приус 50” маркийн машин дотор “Сэнгүр” нэртэй том пиво хувааж ууж байсан юм. Гэтэл манай найз М.Нямдорж машинаас гараад явсан удалгүй машин дээр ирээд намайг нэг танихгүй хүн өдөөд байна гэж хэлээд Х.Эрдэнэбаатар М.Нямдорж хоёр хамт явсан ойролцоогоор 5 минут орчим болоод машин дээр хүрээд ирсэн ирэхдээ тэр хоёр кодгүй гар утастай болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

 

Шүүгдэгч Х.Эрдэнэбаатарын яллагдагчаар өгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих өдрийн үүрээр 04 цагийн үед найз болох Эрхэм-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр 2-р байрны хажууд Эрхэм-Эрдэнийн машин дотор лаазтай пиво хувааж уугаад байж байсан. Тэгээд манай найз Нямдорж гэр рүүгээ явахаар машинаас буугаад явсан ба удалгүй буцаж ирээд нэг ах найзыг нь өдөөд байна байрны гадаа шээх гээд байна гэсэн, тэгэхээр нь би Нямдоржтой хамт тэр ахын араас очоод эхлээд Нямдорж тухайн ахыг хавирч унагаагаад Нямдорж бид хоёр тухайн ахыг 1, 2 удаа өшиглөөд тухайн үед Нямдорж тухайн ахын халааснаас нь гар утсыг нь аваад бид 2 зугтаад Нямдоржийн гэрт орж унтсан. Манай найз Нямдорж ...намайг дээрэлхээд байна хоёулаа очъё гэхээр нь би зөвшөөрөөд Нямдорж бид хоёр тухайн эрэгтэйн араас очсон, ингээд Нямдорж шууд тухайн залууг хавирч унагаагаад дээрээс нь Нямдорж бид хоёр 1, 2 удаа өшиглөсөн, тэр үед Нямдорж гар утсыг нь авчих уу гэхээр нь би тэгье тэгье гэж бид 2 ярилцаад тухайн залуугийн гар утсыг нь аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Нямдоржийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих өдрийн үүрээр 04 цагийн үед найз болох Эрхэм-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байх 2-р байрны хажууд Эрхэм-Эрдэнийн машин дотор лаазтай пиво ууж сууж байгаад гэртээ орохоор байр руугаа алхаж байх үед үл таних ах миний амьдардаг байр руу шээж байхаар нь ахаа болиоч гэхэд тэр ах хуц писда минь гээд над руу дайрах гэхээр нь би айсандаа буцаж найз Эрхэм-Эрдэнийн машинд суугаад найз Эрдэнэбаатарт хандан нэг согтуу ах намайг өдөөд байна хамт очъё гэсэн. Тэгээд Эрдэнэбаатартай хамт тэр ахын араас гүйж очоод би тэр ахыг хавирч унагааж найз Эрдэнэбаатарын хамт нийлж 1-2 удаа өшиглөөд би халааснаас нь гар утсыг нь аваад Эрдэнэбаатар бид хоёр шууд зугтаад манай гэрт орж унтсан. Тухайн ах манай байр луу шээгээд байхаар нь боль гэж хэлтэл надтай маргалдаад өдөөд байхаар нь би найз Эрдэнэбаатар бид хэлээд бид хоёр буцаж тухайн ах дээр очиж би тухайн ахын хөлийг нь хавсарч унагаагаад Эрдэнэбаатар бид хоёр тухайн ахыг 1, 2 удаа өшиглөсөн. Мөн тухайн үед тэр ах согтуу байсан болохоор гар утсыг нь авбал анзаарахгүй байх гээд гар утсыг нь аваад зугтаачихсан юм. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсыг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Нямдорж, Х.Эрдэнэбаатар нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримт бичгүүд /хавтаст хэргийн 59-72 дахь тал/,

 

Хохирогч М.Мягмаржавын дахин өгсөн:

“...Би 2024 оны 11 дүгээр сарын 03- ний шөнө найзынхаа төрсөн өдөрт ороод нэлээн уусан согтуу байсан юм. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих үүрийн 04 цагийн үед гэртээ харихаар таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 2-р байрны гадаа буугаад байрны урд алхаад явж байх үед гэнэт намайг араас нэг хүн түлхэж унагаасан би гайхаад босох гэхэд хоёр залуухан эрэгтэй хүүхдүүд байсан ба намайг хоёулаа нийлээд хэд хэдэн удаа өшиглөөд би газарт нүүрээ дараад хэвтэж байхад нэг залуу нь миний өмдний кармааг ухаад карманд байсан миний гар утсыг хүчээр аваад булаагаад хоёулаа зугтаад явчихсан тэгэхээр нь би гэртээ ороод ээждээ болсон явдлыг хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед таксинаас буугаад гэрүүгээ алхаж байхдаа байр руу шээсэн зүйл байхгүй ээ, би зүгээр алхаад л явж байсан, мөн хүнтэй маргалдсан зүйл байхгүй ...Миний гар утсыг булааж авахдаа тухайн 2 хүүхэд намайг түлхэж унагаагаад өшиглөж эхэлсэн тэгээд нэг залуу нь миний өмдний кармааг ухаад хүчээр миний гар утсыг кармаанаас гаргаж булааж аваад яваад өгсөн. Намайг тухайн хоёр хүүхэд газарт миний араас түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөж байх үедээ хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Яг тохирсон юм шиг л ойлголцоод байх шиг санагдсан ба их хурдан өнгөрсөн. ...Би ажилтай завгүй байдаг учраас эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж үйлчилгээ аваагүй. Шүүх шинжилгээний ерөнхий газарт үзүүлэхгүй. ...Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт үзүүлэхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй. ...Би гомдолгүй ээ. Шүүх хуралд оролцохгүй. Нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

 

Гэрч Х.Мөнхтуяагийн:

“...2024 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө би гэртээ амарч байтал манай хүү Мягмаржав үүрээр 5 цагийн үед гаднаас орж ирсэн ба нүүр нүд нь хавдсан байдалтай орж ирсэн бөгөөд цус гоожсон байхаар нь би юу болсон талаар асуухад “Намайг зүгээр байрны гадаа зогсож байтал 3 үл таних хүн намайг зодоод миний гар утсыг булаагаад аваад явчихлаа” гэсэн бөгөөд би шууд цагдаа дуудсан ба цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирсэн юм. Тэгээд уг дээрэмдсэн газар дээр очиж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Станцын 3-р байрны гадаа байсан ба манай хүүхдийн “Самсунг” маркийн гар утсыг дээрэмдээд авсан байсан...Манай хүү Мягмаржавын нүүр нь хавдсан байсан ба духнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ нар нь хохирогч М.Мягмаржавын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрийг биет байдлаар хүлээлгэн өгсөн...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************ нар нь:

бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Велл март”-ын орчим хохирогч М.Мягмаржавын эзэмшлийн “Самсунг М33” маркийн гар утсыг хүч хэрэглэж хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Мягмаржав, гэрч Б.Эрхэм-Эрдэнэ, Х.Мөнхтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ нарыг бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мягмаржавт 360.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************ нар нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Х.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Нямдоржид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “... миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 

Иймд шүүхээс шүүгдэгч ************ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************ нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ