Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

   2025            02          19                                             2025/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000000007 дугаартай  хэргийг  2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, "Ихговь энержи" ХХК-д галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг******* гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг "Замт" гэх газарт ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө бид хоёр муудаж байсан ч би уучилж байсан. Манай эхнэр хүүхдийг гичий, нохой гэж хараагаад байхаар нь цохичихсон гэв.

2530000000007  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 05-07 х),

Хохирогч *******: “...2024 оны 12 дугаар сарын 06-ны өглөө би Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Замт” гэх газарт гэртээ байж байхад 10 цагийн үед манай хадам дүү ******* манайд мэнд ус мэдээд орж ирсэн тэгээд юм ярьж байгаад *******ын 1 тугалтай үнээ нь манай үхэрт байдаг болохоор ахын дүү тэгж байгаад тугалтай үнээгээ аваарай. Ах нь хөл гар муутай хэцүү юм гэхэд “за тэгнээ тэгж байгаад авъя” гэж хэлээд л гэрээс гарсан. Тэгээд манайхтай айл саахалт байдаг манай хадам ах Энхбаярынд ороод архи ууцгаасан юм шиг байгаа юм. Өдөр 14 цагийн үед орж ирээд манай гэрийн зуух, ширээ, халуун сав зэргийг өшиглөөд эвдэхийг нь эвдээд хагалахыг нь хагалаад хаячихсан хатавчны унийг бүгдийг унагаагаад над руу дайраад ирсэн. ******* нь тухайн үед дээгүүрх хувцсаа тайлчихсан байсан болохоор надад баригдахгүй хэцүү байсан. Тэгээд намайг цохиод нэг мэдэхэд гэрээс гарчихсан байсан. Тэгээд над руу “морь зарлаа” гээд миний барьж явсан хазаарын амгайгаар миний толгойн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “чи чинь яаж байгаа хүүхэд вэ?” гэхэд чи морь зарлаа чиний морь гэж энд байхгүй гээд л дайраад байсан тэгээд гэрийн гадна байсан нохойны идүүрт хөлдчихсөн байсан мөстэй төмөр саваар толгойн хэсэгт дахиад 1 удаа цохисон. Тэгтэл манай хажуу айлын эмэгтэй гарч ирээд хориод дийлэхгүй байсан. Тэгээд миний бие нэг л биш болоод ирэхээр нь “ер нь энд удаан байх юм бол алуулах юм байна" гэж бодоод машинаа бариад сумын төв рүү зугтаасан. Суманд ирээд сумын эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болоод 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...Тухайн үед хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо согтуу байгаагүй. Архи уух нь уусан л байна лээ гэхдээ тэгж их согттолоо бол архи уугаагүй байсан. ...******* согтуу орж ирээд дээгүүр хувцсаа тайлчихсан миний нүүрэн хэсэгт олон удаагийн давтамжтай цохиод байсан. Би бариад авъя гэхээр бүр баригдахгүй шалдан болохоор хэцүү байсан би арга ядаад гэрээсээ гараад Түлхүүрээ нөхрөө ав л даа гээд бархирсан. Тэгээд Түлхүүр гарч ирээгүй. Хэзээ хойно гараад ирчихсэн байсан. Тэгээд гэрийн гадаа хазаарын амгайгаар 1 удаа, нохойны төмөр идүүрт наалдаад хөлдчихсөн байсан мөстэй саваар 1 удаа тус тус толгойн хэсэгт цохисон, цээжин хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 11х ),

Хохирогч ******* дахин өгсөн: “...Би хөдөө мал маллаж амьдардаг учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж суух боломжгүй тул шүүх хуралдаанд суухгүй. ******* нь миний хохирол, эм эмчилгээний мөнгө зэрэг зүйлсийг огт төлж барагдуулаагүй, ирж уулзаж уучлалт гуйгаагүй учраас би гомдолтой байна. Би *******аас гарсан эм, эмчилгээ, эмнэлгийн шууд зардал болох 4,000,000 төгрөг мөн би сэтгэл санааны хохирлоо *******аас нэхэмжилж байна. ...Надад яг одоо гаргаж өгөх баримт бичиг байхгүй. Улаанбаатар хот болон аймаг, сум руу үзүүлж харуулахаар явсан, эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө нэхэмжилж яаралтай хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би өөрөө дээрх мөнгийг хүн, хүнээс зээлээд авчихсан юм.” гэх мэдүүлэг (хх-ийн 14-16 х),

 Гэрч : “...2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Замт” гэх газар байх хөдөө гэртээ нөхрийн хамт байсан. Манайх хажуудаа манай нөхрийн хүргэн ах болох Б.Ганбат ахынхтай айл саахалт байдаг юм. Тэгсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үдийн алдад манай нөхрийн төрсөн дүү ******* эхнэрийнхээ хамт машинтай 2-лаа ирсэн. ******* нь эхнэрийнхээ хамт Дорноговь аймаг руу гэр бүлээрээ ажил хийхээр явах гэж байгаа юм, явахаасаа өмнө ахтайгаа уулзана гээд манайхаар ирсэн байсан. ******* манайд ирээд манай нөхөр С.Энхбаярт 0.75 литрийн "Агар" нэртэй нэг шил архи гаргаад ах хоёулаа хувааж уусан. Архиа ууж дуусчхаад манай хажуу айл болох Б.Ганбат ахынх руу орсон. ******* Б.Ганбат ах хоёр хоорондоо маргалдаад байгаа бололтой дуу гараад байхаар нь би Б.Ганбат ахын гэр рүү орж очиход гэр дотор нь халуун сав нь хагарчихсан, пийшин сав нь нурчихсан ******* агсам тавьсан байдалтай тэр хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад байж байсан. Тэгсэн Б.Ганбат ах морио тавихаар явлаа гээд гэрээсээ гараад явсан. ******* гэрт нь надтай хамт үлдээд хэсэг гэрт нь байж байгаад гэрээс нь бид хоёр хамт гарах үед цаанаас Б.Ганбат ах морио тавьчхаад хазаараа бариад гэр рүүгээ ирж байтал ******* наанаас нь амдаж очоод дахиж муудалцсан. Тэгсэн ******* Б.Ганбат ахын барьж явсан хазаараар нь Б.Ганбат ахыг цохиж зодоод эхлэхээр нь би наанаас нь очиж салгах гэсэн боловч салгаж дийлээгүй. Тэгээд тэр хоёр хэсэг зодолдож байгаад салцгаасан. Б.Ганбат ах машинаа унаад сумын төв явлаа гээд явсан. ******* манайд унтаж байгаад эхнэртэйгээ хамт машинаа унаад гэр рүүгээ явсан. ...Нэг морин дээрээс болж муудалцсан юм шиг байсан. Б.Ганбат ах нэг морио зарах гэснийг нь Б. заруулахгүй гэж хоорондоо маргалдаж муудалцсан юм шиг байсан. Урьд өмнө нь хоорондоо маргалдаж муудалцдаг байсан. Гэхдээ сүүлийнх шиг цохиж зодолдтолоо мууддаггүй байсан. Ер нь хоорондоо таарамжгүй юм болбол хөгшин залуугүй хэрэлдэж маргалдчих гээд байдаг байсан хүмүүс. ...Би нохойны идүүрээр цохиж байсныг нь хараагүй. Ямар ч байсан барьж явсан хазаараар нь эхэлж ороолгож цохиж зодож байсан. Сүүлд нь Б.Ганбат ах манайд орж ирээд ярихдаа нохойны идүүрээр цохисон гэж хэлж байсан.

...Манай хотонд 3 нохой байдаг. Манайх болон Б.Ганбат ахынх тус тусдаа нэг нэг нохойны идүүртэй. Манай нохойны идүүр Б.Ганбат ахын нохойны идүүрээс хамаагүй том төмөр нохойны идүүртэй. Б.Ганбат ахынх хөнгөн цагаан будаа агшаагчийн тогоо шиг жижиг нохойны идүүртэй. Б.Ганбат ахын гэрийн гадаа цохиж зодолдсон. Б.Ганбат ахынх манай гэрийн баруун талд байдаг. Тэгэхээр ******* С.Ганбат ахыг нохойных нь идүүрээр цохиж зодсон үнэн байж магадгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21 х),

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “...1.******* биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 54-55 х ),

 Яллагдагч *******ын: “...2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар баг******* гэх газарт байх өөрийн гэрээсээ 11 цагийн үед гараад адуугаа хураачхаад төрсөн ах Энхбаярын гэрт очсон Энхбаяр ахын гэрт очихдоо 0.75 гр агар нэртэй архитай очсон. Тэгээд тэр архинаасаа хундаганы талаар 3 удаа уусан. Тэгээд хүргэн ******* гэрт орсон чинь тугалтай үнээгээ ав гэж хэлэхээр нь уур хүрээд пийшинг нь өшиглөсөн чинь пийшин өшиглөлөө гэж Ганбат ах уурлахаар нь би уучлаарай гэж хэлсэн чинь Ганбат ах надад ахын дүү ингэж болдоггүй юмаа гээд гэрт нь маргалдаад зууралдаад гэрээс нь гарсан чинь Ганбат ах морио барихаар явсан. Ганбат ахыг морио бариад ирэхэд нь би гэрийнх нь гадаа байж байсан чинь манай эхнэр Алтантүлхүүрийг гичийтэйгээ ирсэн юм уу гэж хэлээд над руу нохойны идүүр шидсэн тэгэхээр нь уур хүрээд өөрийг нь нохойны идүүрээр болон хазаараар нэг нэг удаа цохисон чинь манай эхнэр Алтантүлхүүр, бэр эгч Эрдэнэдалай нар ирж салгасан чинь Ганбат ах машинаа унаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн 68-70 х)  

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 82 х /

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 х/

Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 76 х/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг "Замт" гэх газарт байх ******* гэрт "Чи морь зарлаа, чиний морь гэж энд байхгүй" гэж хэлэн Б. Ганбаттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

Хохирогч *******: “...Өдөр 14 цагийн үед орж ирээд манай гэрийн зуух, ширээ, халуун сав зэргийг өшиглөөд эвдэхийг нь эвдээд хагалахыг нь хагалаад хаячихсан хатавчны унийг бүгдийг унагаагаад над руу дайраад ирсэн. ******* нь тухайн үед дээгүүрх хувцсаа тайлчихсан байсан болохоор надад баригдахгүй хэцүү байсан. Тэгээд намайг цохиод нэг мэдэхэд гэрээс гарчихсан байсан. Тэгээд над руу “морь зарлаа” гээд миний барьж явсан хазаарын амгайгаар миний толгойн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “чи чинь яаж байгаа хүүхэд вэ?” гэхэд чи морь зарлаа чиний морь гэж энд байхгүй гээд л дайраад байсан тэгээд гэрийн гадна байсан нохойны идүүрт хөлдчихсөн байсан мөстэй төмөр саваар толгойн хэсэгт дахиад 1 удаа цохисон. Тэгтэл манай хажуу айлын эмэгтэй гарч ирээд хориод дийлэхгүй байсан. Тэгээд миний бие нэг л биш болоод ирэхээр нь “ер нь энд удаан байх юм бол алуулах юм байна" гэж бодоод машинаа бариад сумын төв рүү зугтаасан. Суманд ирээд сумын эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болоод 7 хоног хэвтэн эмчлүүлсэн..”гэх,

 Гэрч : “... Б.Ганбат ах морио тавьчхаад хазаараа бариад гэр рүүгээ ирж байтал ******* наанаас нь амдаж очоод дахиж муудалцсан. Тэгсэн ******* Б.Ганбат ахын барьж явсан хазаараар нь Б.Ганбат ахыг цохиж зодоод эхлэхээр нь би наанаас нь очиж салгах гэсэн боловч салгаж дийлээгүй. Тэгээд тэр хоёр хэсэг зодолдож байгаад салцгаасан. Б.Ганбат ах машинаа унаад сумын төв явлаа гээд явсан.”  гэх,

Яллагдагч *******ын: “...Тэгээд хүргэн ******* гэрт орсон чинь тугалтай үнээгээ ав гэж хэлэхээр нь уур хүрээд пийшинг нь өшиглөсөн чинь пийшин өшиглөлөө гэж Ганбат ах уурлахаар нь би уучлаарай гэж хэлсэн чинь Ганбат ах надад ахын дүү ингэж болдоггүй юмаа гээд гэрт нь маргалдаад зууралдаад гэрээс нь гарсан чинь Ганбат ах морио барихаар явсан. Ганбат ахыг морио бариад ирэхэд нь би гэрийнх нь гадаа байж байсан чинь манай эхнэр Алтантүлхүүрийг гичийтэйгээ ирсэн юм уу гэж хэлээд над руу нохойны идүүр шидсэн тэгэхээр нь уур хүрээд өөрийг нь нохойны идүүрээр болон хазаараар нэг нэг удаа цохисон чинь манай эхнэр Алтантүлхүүр, бэр эгч Эрдэнэдалай нар ирж салгасан ... гэх мэдүүлгүүд

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай “...1.******* биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас,

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Замт” гэх газарт байх ******* гэрт “Чи морь зарлаа, чиний морь гэж энд байхгүй” гэж хэлэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж биед нь халдаж тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь гомдолтой болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.

Хохирогч Б.Ганбат нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,409,203 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, яллагдагч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй болно.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан:

-Хохирогч ******* мэдүүлэг, гэрч мэдүүлэг Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь ******* эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ....” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: “...Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. ******* нь эгчид нь өгсөн адууг Б.Ганбат зарснаас болж муудсан байдаг. Б.Ганбат 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Энэ хохирлын иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж бодож байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө ******* илэрхийлсэн. Эхнэртэйгээ очиж ******* уулзаж, уучлалт гуйхдаа 100,000 төгрөг өгсөн байгаа ... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

    1.3. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгой  руу хазаарын амгаа, нохойны идүүрээр цохиж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Ганбатыг зодож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

    2.1. Талуудын гаргасан санал,

Улсын яллагчаас:.... Шүүхээс шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба хохирогч нь гомдол саналгүй болохоо илэрхийлж, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.

Хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан жолоогүй хазаар /толгой/ 1 ширхэг, нохойны идүүр гэх нэршилтэй төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх... дүгнэлтийг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс: ... Улсын яллагчийн зүгээс 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулахаар санал гаргаж байна. Шүүх хохирогч сэтгэл санааны хохиролд 3,300,000 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн. ******* нь Өмнөговь аймагт уурхайд галчаар, эхнэр нь үйлчлэгчээр ажилладаг. Дээрх хувийн байдлыг харгалзан хуульд зааснаар 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргав.

    2.2. Эрүүгийн хариуцлага

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч Б.Ганбат нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/  төгрөгийг гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  660.000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хохирогч ******* “Өвчтөний зардал”-ын цахим баримтад 1,409,203 төгрөг гэж тусгагдсан боловч тухайн зардал нь яг ямар үнэлгээтэй эмчилгээ үйлчилгээний төлбөр болох нь уг баримтад тусгагдаагүй, үүнийг хэрхэн тооцож гаргасныг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тодорхой нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр уг нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах бололцоогүй тул энэ тогтоолоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”- ээр хуульчилжээ.

 Иймд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч  тусламж үйлчилгээ үзүүлсэн буюу гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн хууль хяналтын байгууллагаар дамжуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдъя.

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мяндсан жолоогүй хазаар /толгой/ 1 ширхэг, нохойны идүүр гэх нэршилтэй төмөр сав” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мяндсан жолоогүй хазаар /толгой/ 1 ширхэг, нохойны идүүр гэх нэршилтэй төмөр сав” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ганбат нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч ******* эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн  нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Д.Ганбатад 100,000 төгрөгийн хохирол төлсөн  болохыг тус тус дурдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР