| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/554 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/554
2025 02 20 2025/ШЦТ/554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч И.Мөнхцэцэг /томилолтоор/,
хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудлын 09 тоот өрөөнд найз ************ “эцэг эхийн талаар ярилаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний толгойн тус газарт гараараа цохиж биед баруун хацар яс, ухархайн гадна доод, ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ************:
“...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр...найз Тамир уурхайд ажиллаж байгаад манай гэрт ганцаараа ирсэн. Тамир гаднаас орж ирэхдээ 200 грамм Хараа архи, надад 2 лааз Сэнгүүр нэртэй пиво авч орж ирсэн. Бид хоёр юм яриад хэсэг сууж байгаад гэртээ уухаа болиод буудал авч орж уухаар болсон. Бид хоёрыг Баянгол дүүргийн 18-р хороо ************ нэртэй зочид буудал орох гээд явж байхад 13 цагийн орчимд ************ утсаар залгаад “хаана байгаа юм бэ, уулзах уу, би яваад очих уу” гэхээр нь өөрөө мэдээ гэсэн...Буудлын 9 тоот өрөөнд Тамир бид хоёрыг ороод сууж байхад ************ удалгүй орж ирсэн. 17 Цагийн орчимд Содболд гаднаас орж ирсэн. Содболдыг би өөрөө уулзаагүй удсан гэдэг утгаараа дуудсан. Тэгээд бид дөрөв ажил төрөл яриад 0.75 грамм нэртэй Хараа нэртэй архи авч ууцгаасан. Ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй болоогүй. ************ийн аав, ээж хоёрын талаар би ************эд “чи архи, дарс ууж гадуур явж болно, тэр бол чиний хувийн асуудал, тэр болгонд танай аав, ээж над руу утсаар дарамталж залгана, цагдаад өгнө, чи миний хүүхдийг уруу татаад байна, гэх мэтээр над руу дайрч, сүүлдээ манай гэр руу 2024 оны 02 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ дайрч орж ирж бичлэг хийсэн асуудал гарсан” гэж ************эд хандаж хэлсэн. Тэгтэл ************ миний араас гараараа цохисон. Би босож ирээд ************ийг цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд барьцалдаж авах явцад ************ миний баруун нүд рүү цохих шиг болоод миний ухаан балартсан. Би босоод толинд хараад нүдээ хөхөрчихлөө гэж ойлгоод би явлаа гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэр хэд буудалд үлдсэн. Орой нь миний нүд нэг л биш байгаад байхаар нь Гэмтэл орж үзүүлсэн чинь яаралтай зураг авхуул нүдний хагалгаанд орох юм шиг байна гэхээр нь маргааш нь Цэргийн төв эмнэлэг орж үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох заалттай байна гэж хэлсэн. Би 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт нүдний доод, хацар шанааны ясны цөмрөл хагалгаанд орсон. Би маргааш нь цагдаад өргөдөл гаргах гээд ирсэн байхад ************ийн эхнэр нэрийг сайн мэдэхгүй байна Буянаа над руу утсаар залгаад цагдаад битгий гомдол гаргаач эмчилгээний зардал болон чиний хохирлыг төлж барагдуулна битгий санаа зовоорой гэхээр нь за бас найз юм даа гэж болоод өргөдөл гаргаагүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч ************:
“...2024 оны 03-р сарын 21-ний өдөр найз ************ гэрт 200 грамм хараа нэртэй архи, 2 лааз сэнгүүр нэртэй пиво авч очсон. Тэгээд удалгүй...буудалд орж уухаар...Эрмон нэртэй зочид буудлын...өрөөнд орсон. ...Нэг мэдсэн чинь Ганзориг байгаа газраа хэлээд дуудсан...Содболдыг бас дуудсан...Тэгээд бид нар 0,75 хараа нэртэй архи 1 шилийг уугаад юм яриад сууж байсан. Тэгсэн чинь Ганзориг, ************эд хандаж “чи хөгшөөн аав, ээж хоёртоо хэлээрэй, хамаагүй айлд дайрч орж ирээд бичлэг хийж болохгүй” талаар хэлсэн. Тэрнээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ************ сууж байгаад зүүн гараараа ************ толгой руу 1 удаа цохисон. Ганзориг уурлаад босож ирээд барьцалдаж аваад дээр доороо ороод ноцолдоод бие биеэ цохиж байсан. Би дундуур нь орж салгасан. Тэгээд Ганзориг босож ирээд би явлаа гээд гараад явсан. Орой нь над руу утсаар залгаад найз нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж байна миний хацар цөмөрсөн байна гэж байсан. ************ эхлээд толгой руу нь цохисон тэгээд барьцалдаж аваад дээр доороо ороод нэг нэгнийгээ цохиод байсан. Тэр үед Ганзориг гэмтэл авсан байх...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5014 дугаартай:
“...************ биед баруун хацар яс, ухархайн гадна доод, ханын хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шинжээч эмч ************:
“...Тогтоогдсон хацар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Амь насанд аюултай эсвэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулсан гэмтэлд гэмтлийн хүнд зэрэг тогтоогддог...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 657 дугаартай:
“...************ РД:/**********/-ны сэтгэцэд 2024 оны 3 дугаар зарын 21-ний өдөр бусдад зодуулж биедээ хүндэвтэр гэмтэл авч хохирсон гэх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жижиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно. Асуултад тусгагдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй...” гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/ болон шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал, эрүүл мэндийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ нь хохирогч ************ эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 9.177.400 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч одоо доошоо харахаар толгой нь эргэдэг. Монгол улсын эмч нар тодорхой хугацааны дараа зовуурь арилна гэсэн боловч арилаагүй учраас БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн. Иймд эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад миний үйлчлүүлэгч сэргэлэн цовоо байсан байж болох ч маргааш нь ямар байх нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгчид учирсан хор уршиг одоо ч арилаагүй. Нүүрний хэмийн тэгш хэм алдагдсан байгаа. Иймд шүүгдэгчээс эмчилгээний зардал төлбөрт 9.177.400 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 7.920.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруутай дээрээ маргаагүй. Хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирол байгаагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтад огноо байхгүй, эргэлзээтэй баримтууд байна гэж үзэж байна. Хохирогчийн хувьд баримтаа эргэлзээгүй бүрдүүлсний дараа эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хамгийн бага хувиар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх 9.177.400 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгсөн бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс дээрх хохирол төлбөрийг гаргуулж хохирогч ************т олгох нь зүйтэй*****************шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч ************эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй*********************Шүүгдэгч ************ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ээс хохирогчийн эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 9.177.400 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 6.600.00 төгрөг, нийт 15.777.400 төгрөгийг гаргуулж хохирогч ************т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ