Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000291 дугаартай хэргийг 2017 оны 5 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, овогт ******* ,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 6 сарын 21-ний өдөр өглөөний 06 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 43 дугаар байрны 86 тоотод оршин суух *******-******* орон байранд нэвтрэн орж, Norix /норикс/ маркийн аялалын үүргэвч, аялалын нүдний шил, аяны мешок, эрэгтэй хүний арьсан гутал, биеийн тамирын хослол, эмэгтэй хүүхдийн юүдэнтэй цамц, эмэгтэй хүний пүүз, уулын бээлий, хүүхдийн жинсэн өмд, эрэгтэй хүний юүдэнтэй цамц, шүхэр /зонтик/, reebok /реебок/ үйлдвэрийн цамц, “тотенка” нэртэй эмийн хайрцаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 845000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирлоо бүрэн барагдуулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 6 сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа архи уугаад хоносон бөгөөд маргааш өглөө нь буюу 2016 оны 6 сарын 21-ний өглөө 05 цагийн орчимд боссон юм. Манай гэр Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Жуковын 2-3 тоотод байдаг юм. Би өглөө босоод тамхи олж татах санаатай гэрээсээ гарч Хэрлэн сумын 7 дугаар баг 43 дугаар байранд ирж 2 давхарт нь гарахад булангийн айлын хаалга нь хагас онгорхой байсан. Хаалгаар шагайхад үүдэнд нь хар алаг өнгийн цүнх байхаар нь авсан. Мөн хувцасны өлгүүрт цамцнууд , цагаан өнгийн пүүз зэрэг эд зүйл байхаар нь аваад гарсан. Тус гэрийн хүмүүс нь унтаж байсан юм. Тэгээд тэндээс гараад урд нь байх төв замыг дагаад зүүн тийш алхаад явсан. Тэгээд явж байгаад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах СМУ-ын 25 дугаар байрны тэнд нэг хүнд цагаан өнгийн пүүзийг зарж мөнгөөр нь архи авч уусан. Би тухайн үед ямар хүнд пүүзийг зарсанаа санахгүй байна. Тэгээд архи ууж согтсон байсан бөгөөд цүнхийг онгойлгож үзэж байснаа санаж байна. Нэг мэдэхэд гэртээ ирчихсэн унтаж байсан, цүнтэй эд зүйлсийг хаана хаяснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/

Хохирогч *******-Орших мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 6 сарын 21-ний өглөө 07 цагийн орчимд ...манай бэр эгч хүүхдээ салхилуулах гээд пүүзээ өмсөх гэснээ “миний пүүз алга байна” гэхээр нь би цүнхтэй хувцсаа хартал байхгүй байхаар нь гайхаад ээждээ хэлтэл ээж Дугармаа надад “Би өглөө 05 цаг өнгөрөөгөөд босоод цонхоор харахад нэг хүн ижил төстэй цүнх үүрээд явж байсан. Тэгэхээр нь би яасан адилхан цүнхтэй хүн бэ? гэж бодоод өнгөрсөн” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай ах шөнө унтаж байгаад гэр бүгчим байхаар нь босоод хаалгаа онгойлгоод завсар нь юм хавчуулаад орхисон байсан. Манай гэрийн хаалга онгорхой байсан. Би жил болгоны зунаар аялалд явдаг юм. Тэгээд надад бэлдсэн цүнх /үүргэвч/ байдаг юм. Миний цүнхэн дотор аялалын нүдний шил 2015 онд 60000 төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авсан, хар хөх өнгийн “Coleman” брэндийн аяны мешокийг 80000 төгрөгөөр 2015 оны 5 сард, “Adidas” брэндийн биеийн тамирын хослолыг 180000 төгрөгөөр 2014 онд, торон оруулгатай цайвар шаргал өнгийн эрэгтэй хүний ботинк 2015 оны 6 сард 150000 төгрөгөөр, “Adidas” брэндийн уулын бээлий /хуруугүй/ 60000 төгрөгөөр 2014 онд, мөн гэрийн өлгүүрт өлгөөтэй байсан цэнхэр өнгийн жинсэн хүүхдийн борооны цамцыг 30000 төгрөгөөр, юүдэнтэй эмэгтэй хүний цамц 55000 төгрөгөөр, юүдэнтэй эрэгтэй хүний цамц 55000 төгрөгөөр, цагаан өнгийн “Adidas” брэндийн эмэгтэй хүний пүүзийг 60000 төгрөгөөр 2016 онд, ...Аялалын үүргэвчийг 185000 төгрөгөөр 2014 онд худалдаж авсан. “Norix” загварын судалтай хар үүргэвч байгаа. ...Би хулгайд алдсан эд зүйлээс цүнх, хуцаснууд болон зарим нэг эд зүйлсээ буцааж авч байсан бөгөөд яг ямар эд зүйл авч байснаа одоо санахгүй байна. Тухайн үед нь хэлээд бичүүлж байсан шиг санаж байна. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8, 66-67/

-Бичгийн нотлох  баримтаар:    

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/  

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

-Хохирогч *******-******* мэдүүлэг /хх-ийн 26-27, 66-67/

-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37-38, 65/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

-Хохирогч *******-Оршихийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 6 сарын 21-ний өглөөний 06 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 43 дугаар байрны 86 тоотод оршин суух хохирогч *******-******* орон байранд нэвтрэн орж, Norix /норикс/ маркийн аялалын үүргэвч, аялалын нүдний шил, аяны мешок, эрэгтэй хүний арьсан гутал, биеийн тамирын хослол, эмэгтэй хүүхдийн юүдэнтэй цамц, эмэгтэй хүний пүүз, уулын бээлий, хүүхдийн жинсэн өмд, эрэгтэй хүний юүдэнтэй цамц, шүхэр/зонтик/, reebok/реебок/ үйлдвэрийн цамц, тотенка нэртэй эмийн хайрцаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 845000 /найман зуун дөчин таван мянган/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Хохирогч *******-Орших, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно.  

Шүүгдэгч *******т холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүх шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид 845000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байх боловч хохирогч *******-Орших нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргаж өгсөн хүсэлтдээ “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

 Шүүгдэгч нь 2017 оны 4 сарын 27-ны өдрөөс 4 сарын 28-ны өдрийг хүртэл 1/нэг/ хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 20000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-3220 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг  хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч ******* ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Ялтан ******* нь 1 хоног /нэг/ цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд баримт бичгээр ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 20000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-3220 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2017 оны 6 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР