2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/608

 

 

 

 

 

 

 

 

   2025          02          25                                    2025/ШЦТ/608

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оджаргал,

улсын яллагч М.Анхбаяр, 

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, ******** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /***************/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо, “Жижи” нэртэй бааранд тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч ************ тооцоогоо хийх талаар сануулахад бүжигчин охидоо гаргаж ирэхгүй бол тооцоо хийхгүй гэх зэргээр маргалдан улмаар биеийн зүүн хөхний доод хэсгээс хазаж эрүүл мэндэд нь зүүн хөхний гадна хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

Хохирогч ************ийн:

“...Би Номгон шонхор хамгаалалтын газар хамгаалагчаар ажилладаг манайх “Жижи” клабтай хамгаалалтын гэрээтэй би уг өдөр тухайн газрын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар 23 цагт томилогдож ирсэн. “Жижи” клабаар олон хүн үйлчлүүлж байсан бөгөөд 6 дугаар ширээнд үйлчлүүлж байсан 4 залууг клаб хаах гэж байна та бүхэн тооцоогоо хийнэ үү гэхэд 4 залуугийн махлаг сахалтай залуу бүжиглэдэг охидоо гаргаж ир баар хаагаад бид дөрөвтэй цуг явна гэж надаар 200,000 төгрөгөөр вино авхуулж цуг уугаад алга болчихлоо нөгөө хүүхнийг гаргаж ир гэсэн тэгэх боломжгүй тэр хүн чинь ажлын цаг нь дуусаад явсан гэж хэлтэл чи юу юм бэ? гэхээр нь би энэ газрын хамгаалагч гээд учир байдлаа тайлбарлаж хэлтэл бид нар тэгвэл тооцоог чинь хийхгүй гэж маргалдаад текний урд над руу уурлаад түрээд байсан тэгтэл нэг залуу нь эмэгтэйчүүдийн өрөө орох гээд явахаар араас нь тэгж болохгүй гээд бариад автал 4 залуу над руу зэрэг дайрч боогоод махлаг сахалтай залуу миний зүүн хөхний доороос хацахаар нь би дараад дээр нь гартал миний доороос зүүн нүд рүү 2 удаа цохиод ноцолдоод байж байхад цагдаа нар орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Гэрч ************:

“...Тэр өдөр шөнийн 03 цаг өнгөрч байхад гаднаас 4 залуу орж ирэхээр нь манай баар удахгүй хаана гэж хэлэхэд зүгээрээ удахгүй хаахаар чинь гарчихна гэж хэлээд орж ирээд сууцгаасан тэгээд уусан зүйлдээ согтоцгоогоод ёс бус үйлдэл гаргасан. Манай баарны уйл ажиллагаа 03 цаг 30 минут гээд зогсоод хамгаалагч тухайн 4 залууд хаалаа гараарай гэж хэлэхэд тэр залуугийн сахалтай залуу нь бүжигчин охидыг гаргаад ир хааччихсан юм гаргаад ир гээд агсам тавьж эхэлсэн тэгээд хамгаалагчийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлээд тооцоогоо хийхгүй охидоо гаргаж ирэхээр чинь тооцоогоо хийнэ гээд ойролцоогоор 1 цаг орчим байгаад байсан тэгээд хамгаалагч руу тэр сахалтай залуу нь зодох гэж дайрсан тэгсэн хамт явсан залуучууд нь салгах гэж оролдоод ноцолдоод зууралдаад эхэлсэн тэгээд тэр сахалтай залуу дийлдэхгүй агсраад байхаар нь цагдаа дуудсан. Хамгаалагчтай тэр сахалтай залуу ноцолдож байгаад суганаас нь хазчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр 4 залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч ************:

“...Манай нутгийн төгсөгчдийн дунд сагс, волейболын тэмцээн болох гэж байгаа юм тэр тэмцээнд оролцохоор Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үеийнхэнтэйгээ зааланд тоглож бэлтгэл хийж байгаад заалнаас гараад Батмөнх, Цэрэнтогтох, Мөнхтамир, Батдэлгэр, Чогжмаа нарын хамт 1-р хороололд нэг пабад сууж ганц хоёр шил архи ууцгаасан тэгээд би нэлээн согтоод ерөнхийдөө бараг тасарсан байх нэг мэдсэн чинь Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн ард байдаг нэрийг нь мэдэхгүй байна нэг тайчдаг бааранд Батмөнх, Цэрэнтогтох, Мөнхтамир бид 4 хамт орсон байсан ороод миний санаж байгаагаар нэг виски ус, ундаа аваад ууж байгаад би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь бөөн юм болчихсон байсан. Би яг юу болсныг дараа нь найзууд болон цагдаагаас сонсоход манай найз Батмөнх тэр баарны хамгаалагчтай маргалдаад барилцаж аваад ноцолдоод манай найз Цэрэнтогтох, Мөнхтамир бид 3 гурав салгах гэж дундуур ороод тэр баарны зөөгч, бармен, бүжигчин охид бид нар руу дайраад бид нар маргалдаж ноцолдсон тэгээд цагдаа нар ирээд бид нарыг эрүүлжүүлэх байр руу авч яваад эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Гэрч ************:

“...манай найз Батмөнх хамгаалагчтай нь маргаан үүсгээд тэгээд Чинзориг, Мөнхтамир бид 3 Батмөнхийг салгах гэж оролдсон тэгсэн тэр баарны ажилчид бид нар руу дайраад тэгээд бөөн юм болсон тэгсэн тэр баарны ажилчид цагдаа дуудсан байсан цагдаа нар ирээд бид нарыг авч яваад эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн. Би тэр өдөр хэт их согтсон байсан учраас яг юу болсныг тодорхой сайн санахгүй байгаа. Ямар ч байсан согтуудаа баарны ажилчидтай маргаан үүсгэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Гэрч ************:

“...манай найз Батмөнх текен дээр баарны хамгаалагчтай маргалдаад зогсож байсан тэгээд би очоод Батмөнхийг хамгаалагчтай ноцолдоод байхаар нь салгах гэж нэлээн үзсэн тэгээд салгаж чадахгүй дийлдэхгүй болохоор нь буцаж ширээн дээрээ очоод суусан тэгсэн нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч ************:

“...тухайн дуудлагад очиход их хэмжээний согтолттой өөрсдийгөө удирдах чадваргүй 4 залуу баарны хамгаалагч болон тус баар ажилчидтай маргалдсан байдалтай байсан бөгөөд Батмөнх гэх сахалтай залууг хамгаалагчийг хазсан, цохисон гэж ярьж байсан мөн төлбөр тооцоогоо хийхгүй байна гэж байсан тэгээд тухайн 4 залууг авч яваад хэлтэс дээр авчран хамгаалагч залуугийн биед халдсан залууг болон хамт явсан 3 залууг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст 37-38 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 735 дугаартай:

“...************ийн биед зүүн хөхний гадна хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Хохирогч ************ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон, тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тухай маягт /хавтаст хэргийн 46-48 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ нь хохирогч ************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************ нь:

2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хороо, “Жижи” нэртэй бааранд тухайн үед хамгаалагчаар ажиллаж байсан хохирогч ************ тооцоогоо хийх талаар сануулахад бүжигчин охидоо гаргаж ирэхгүй бол тооцоо хийхгүй гэх зэргээр маргалдан улмаар биеийн зүүн хөхний доод хэсгээс хазаж эрүүл мэндэд нь зүүн хөхний гадна хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь **********************болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Лхагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Б.Ганхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 820 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 820.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч ************ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405051360049 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийг 820 /найман зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 820.000 /найман зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************өд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ганхүү нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ