| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/610 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/610
2025 02 25 2025/ШЦТ/610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ************** мэргэжилтэй, “*********** ажилтай, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих
шөнө Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах
“Е март” худалдааны төвийн авто зогсоолоос “Тоёота камри” маркийн 5111 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргах зорилгоор автомат хаалтыг гараараа өргөж нээсний улмаас стандартын пүрш, их биеийн хязгаарын мэдрэгч
зэргийг гэмтээж бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************:
“...2024 оны 05-р сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн үед Хан-Уул дүүргийн “Е март” худалдааны төвийн авто зогсоолын хаалтаар камри маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ гарах үедээ дотроос нь эрэгтэй хүн гарч ирээд тухайн үед манай авто зогсоолын хаалтыг нээх гэж оролдоод автомат хаалгыг гараараа дээшээ өргөж их биеийн мотор хэргийг эвдэлсэн. Тэгж хаалт дээшлүүлээд машинтайгаа тухайн хүн гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Гэрч *************:
“...би 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд ажил дээрээ ирээд Хан-Уул дүүргийн “Е март” худалдааны төвийн гадаа зогсоолын гарах хэсгийн автомат хаалга эвдэрсэн байсныг мэдсэн. Тэгээд ажил руугаа ороод камер шүүж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийг шилжих шөнө 03 цаг 18 минутад хар өнгийн “Тоёота камри” загварын 5111 УАО улсын дугаартай автомашины жолооч автомат хаалгыг эвдэлж гарсан байсан. Уг асуудлын дагуу камер шүүж тухайн утасны дугаар өгсөн утасны дугаарыг цагдаагийн байгууллагаас тодруулж асуухад 2 утасны дугаар өгсөн ба 91245111 утсаар холбогдоход эмэгтэй тухайн машиныг зарсан байгаа, зарсан хүний холбогдох утасны дугаарыг мэдэхгүй гэж хэлсэн. 99003060 утасны дугаар руу залгахад эрэгтэй хүн утсыг авч “ийм машин огт байдаггүй" гэх тайлбарыг өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Зогсоол хэсэгт ээлжээр ажилладаг харуул гэж байдаггүй. Дэлгүүр нь өглөө 09 цагаас оройн 22 цаг хүртэл ажилладаг. Ерөнхийдөө манай байгууллага 22 цагт хаалга барьж 22 цаг 30-40 минутын үед үйлчлүүлэгчдээ гаргаж дуусгадаг. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 30 минутад орж ирээд машинаа байрлуулсан байсан. Гараар хөшсөнөөс болж цахилгаан мотор эвдэрсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч *********:
“... “Е март” худалдааны төвийн гадна талын автомашины зогсоолын хаалт нь камераар харж автомашины улсын дугаарыг сертэй нь таньж мэдээллээ оруулж цаг минутаар хадгалдаг. Тухайн мэдээллээ хадгалсны дараа киокс дээр төлбөрийн мэдээлэл гарч ирээд түүгээрээ иргэд төлбөрөө төлдөг. Төлбөр төлсөн тээврийн хэрэгслийг гарах үед нь камераар машины дугаарыг таниад хаалт нь автоматаар нээгддэг. ...хаалт гар хэсгийг дээш гаднын нөлөөгөөр өргөхөд бареер буюу их бие нь дээш сөхдөг арааны тохиргоог алдагдуулаад доторх мотор, араа, мэдрэгч, пүрш зэрэг эд анги нь гэмтэж төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Цааш хэрэглэх боломжгүй болж сервер засвар үйлчилгээ хийдэг газраас хэлсний дагуу засвар үйлчилгээг хийлгүүлэх шаардлагатай байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Гэрч ********:
“...би “Ананд тулга” ХХК-д 2020 оноос хойш инженерээр ажиллаж байна. Уг компани нь зогсоолын хаалт, камержуулалтын холбоо дохиоллын засвар, суурилуулалт хийдэг. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ариунболд гэх хүн над руу залгаад авто зогсоолын хаалт засах уу гэхээр нь би засна гээд тухайн өдрийн үдээс хойш “Е март”-ын гадаа ирсэн. ... “Е март”-ын харуулыг байлцуулж байгаад зассан. Эхлээд үзэхэд баруун талын машин гардаг хэсгийн хязгаарын мэдрэгч нь доош тахийж гацсан байсныг...хэвийн байдалд оруулсан. Тэрний дараа хаалтын сум нь буухгүй байсан учир...стандартын пүршээр сольж тавьсан, тохиргоог нь хийж уг гарах хэсгийн баруун талын хаалтыг хэвийн ажиллагаатай болгосон. ...би засаад тухайн авто хаалт ямар нэгэн асуудалгүй хэвийн ажиллагаатай болж, алсын зайн удирдлагаар ажиллуулж удирдахад хааж, хаалтын сум хэвийн доголдолгүй ажиллаж байсан. Намайг засварласнаас хойш засвар ороогүй. Засвар орох шаардлагагүй байсан. Уг барреьрын мотор эвдэрсэн асуудал байгаагүй. Мотор тэр гэмтэлд ямар ч хамаагүй. Мотор нь цахилгааны гэмтлээс болж гэмтдэг. Механик гэмтлээс болж гэмтсэн зүйл байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн:
“...камерын бичлэг рүү ороход 2024.05.18, 03:18:45 гэсэн хугацааг зааж байв. ...бичлэгийн 00:46 секундэд уг хар бараан өнгийн тээврийн хэрэгсэл авто зогсоолын хаалт руу машины урд талын хамар хэсгээр тулж зогсож байгааг харуулав. ...01:14 секундэд арагш ухран буцаж урагш болж тээврийн хэрэгслийн зүүн талын урд талын хаалганаас бараан хувцастай хүн гарч ирэн зогсож байгааг харуулав... 02:18 секундэд уг хар бараан өнгийн тээврийн хэрэгслээс бууж ирсэн бараан хувцастай хүн авто зогсоолын хаалтаас барьж дээш гараараа өргөж дээшлүүлж тээврийн хэрэгсэлд сууж урагшаа хөдөлж явж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... “Е март” худалдааны төвийн гадна талын талбайд автомашин орж, гарах зориулалттай зогсоол руу орох гарах автомат хаалтад үзлэг хийхээр тогтов. ...хаалтын их биед үзлэг хийхээр хаалтын тагийг нь авч “Ананд тулга” ХХК-ийн инженер Ц.Өлзийгөөр аль хэсэгт нь засварласныг асуухад...хязгаарлагч мэдрэгч тахир гол нэршилтэй зүйлийг зааж энэ хэсгийг янзалсан...таг хэсгийг авахад 4,5 см хэмжээтэй пүршийг шинээр тавьсан гэв. Тухайн хэсэгт ямар нэгэн гэмтэлгүй байв. Тухайн сум нь 2 м 30 см байв. Хөх өнгийн чипээр дарахад хаалтын сум хэсэг хэвийн дээш, доош болж ажиллаж байв...” гэснээр тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 79-82 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Арвижих Эстимейт үнэлгээ” ХХК-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн:
“...стандартын пүрш, их биеийн хязгаарын мэдрэгч тус бүр 1 ширхэг нийт 450,000 төгрөг...” гэсэн 1/409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэлд ...Э.Хатанбаатараас авто зогсоолын баррьерыг эвдсэнийг сольж суурилуулж буй
зураг...зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 47-52 дахь тал/,
Шүүгдэгч ************ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...би прокурорын тогтоолыг тогтоолыг уншиж танилцлаа. Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би ажил тараад 22 цагийн үед 6-7 найзтайгаа Хан-Уул дүүргийн 15-р хороо, “Минт” гэх баар ороод...шөнийн 3 цагийн үед... “Е март”-ын зогсоолын автомашины хаалтын төмөр нь дээшээ сөхөгдөхгүй байхаар нь..,1 метр орчим өргөөд машин гаргахаар хэмжээтэй болгоод...гараад тэндээсээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ************ нь хохирогчийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2024 оны 05 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Е март” худалдааны төвийн авто зогсоолоос “Тоёота камри” маркийн 5111 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргах зорилгоор автомат хаалтыг гараараа өргөж нээсний улмаас стандартын пүрш, их биеийн хязгаарын мэдрэгч зэргийг гэмтээж бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ****************** болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ************ыг “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************ хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2410021381414 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ