| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/696 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/696
2025 03 11 2025/ШЦТ/696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн *************** тоот дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар төрсөн, **********настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, нөхрийн хамт ************тоотод оршин суух, урьд
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөг торгох ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, /******************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ************ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад Хаан банкин дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар хохирогчийн гар утсанд баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Иргэн ************ 2024 оны 09 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
Хохирогч ************ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“...Тэгээд тэндээ хоноод дахиад өглөө босоод дэлгүүр явж архи, пиво уугаад манай дүү Заяа хүнтэй уулзаад ирье гээд гараад явах хооронд би байсан гэртээ унтаад орой сэрээд дахиад архи, пиво уугаад орой харилаа гээд хэлсэн чинь намайг бүгдээрээ явуулахгүй байхаар нь явна гэж хэлсэн чинь Алтаншагай таньдаг таксны ахаа дуудсан тэр хооронд би утсаа цэнэглээд удалгүй тэр дуудсан таксны залуу ирээд байж байхад Алтаншагай, Отгонцэцэг эд нар явуулахгүй дахиад ууя гэхээр нь би хаан банкны мобайл руу орсон гүйлгээ хийх боломжгүй гэхээр нь гараад утсаа 1.000.000 төгрөгөөр тавиад, дахиад Батаа ахаасаа 500.000 төгрөг зээлээд тэгээд тэр таксны жолооч залуугийн гэрт очоод уугаад тэндээ хонож амраад 2024 оны 08 сарын 22-ны өглөө сэрээд би гэр лүүгээ харилаа гээд такси бариад яваад өгсөн. Тэгээд гэртээ очиход нөхөр Алтаншагай чиний данснаас их мөнгө гараад байхаар нь би Хаан банк луу залгаад хаасан юм хэнтэй яаж явахаараа ингэж их мөнгө үрж явдаг байна гэж хэлэхээр нь би дансаа хараад дүү Заяа луу залгаад миний данснаас мөнгө авсан байна гэж хэлээд Отгонцэцэг гэдэг эмэгтэй утсыг аваад мөнгөний талаар ярихад эгч та надад өгнө гэсэн биз дээ надад зээлсэн шүү дээ, намайг ав гээд л байсан шүү дээ гэж хэлээд утсаа таслахаар нь би дахиад залгасан чиний яаж явж байгаа зураг бичлэг байгаа, чи энэ мөнгийг сонгох уу амьдралаа сонгох уу нөхөрт чинь хэлнэ гээд байхаар нь би цагдаад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
Хохирогч ************ 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн:
“...2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай найз Уянгын төрсөн өдөр болсон тул Заяа гэх дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 8-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газар очиж төрсөн өдөр тэмдэглэсэн. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буцах гэсэн чинь Заяа манай найзууд дээр очъё гээд Алтаншагай, Отгонцэцэг хоёрын ажил дээр очиж тэр хоёрыг аваад Хан-Уул дүүрэг 5-р хороо яармаг дээр тодорхой хаягийг нь мэдэхгүй байна Нямсүрэн гэх айлд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед айлд очихдоо дэлгүүрээс 400.000 төгрөгөөр архи, пиво, идэж уух юм авсан. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өглөө бас 400.000 төгрөгөөр идэж уух юм аваад дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед Нямсүрэн ээж, аав байхгүй бүтэн өнчин гар утас байхгүй гээд зовлон яриад байхаар нь би Нямсүрэнд 500.000 төгрөг өгсөн. Дараа нь амралтын газар очиж хорхог боодог хийж идсэн тухайн зардлыг би Алтаншагайн данс руу хийж төлбөрийг төлсөн. Архи ууж байх явцад Отгонцэцэг миний хажууд байгаад байсан ба намайг интернэт банкныхаа нууц үгийг хийж байхыг хүртэл харж байсан ба надад хэлэхгүйгээр Отгонцэцэг хоёулхнаа байх үедээ миний данснаас 1.900.000 төгрөг авсан. Миний хувьд хэлэхгүй интернэт банкны нууц үг ашигласан 1.900.000 төгрөгөө Отгонцэцэг гэх хүнээс авахаар цагдаагийн байгууллагад хандсан. Отгонцэцэг гэх хүн надад нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 500.000 төгрөг өгсөн. Үлдсэн 1.400.000 төгрөг одоо болтол өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Хохирогч ************ Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” мөн “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгчээс 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямгаравт олгуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч ************ нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************ нь:
2024 оны 08-р сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ************ Хаан банкин дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авч улмаар хохирогчийн гар утсанд баталгаажуулан нэвтэрч, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтэрсэн, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1.900.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь ****************** болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нямгаравт 1.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрт 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэгдэл 1.400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах”, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2410040860084 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
- Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ээс 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямгаравт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ