2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар   2025/ШЦТ/371

 

2025                 02               04                                                      2025/ШЦТ/371

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч С.Энхням

шүүгдэгч/хохирогч Д.Ч,

шүүгдэгч/хохирогч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г** овогт Д.Ч, Б** овогт Э.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23080344415** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г** овогт Д.Ч (РД:********),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б** овогт Э.М (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, *** байрны **** тоотод хохирогч Э.М-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад үүссэн маргааны улмаас түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, *** байрны **** тоотод хохирогч Д.Ч-той согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад үүссэн маргааны улмаас түүний зүүн бугалга, гарын алга хэсэгт хутгаар зүсэж зүүн бугалга, баруун алганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Д.Ч мэдүүлэхдээ “...Э.М тагтан дээрээс үсэрнэ гээд байхаар нь би хоёр, гурван удаа алгадсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Э.М мэдүүлэхдээ “...Би гарч гүйж цагдаа дуудсан. Тухайн үед цохиулснаас болж хамар гэмтсэн мөн нүдний хараа муудаж шил зүүдэг болсон” гэв.

Шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны **** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь  2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны **** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун алганд шарх, баруун шанаа, баруун хацар, дээд уруул, зүүн дал, нуруу, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14350 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14509 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3917 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5730 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 422 дугаартай шинжээчдийн гэх дүгнэлт (хавтаст хэргийн 117-120 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 928 дугаартай шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...М нь тухайн үед миний гар утсыг зөвшөөрөлгүй оролдоод намайг хардаад байсан. Тэгэхээр нь би уурлаж улмаар гар хүрэх болсон. ...Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...Тухайн үед миний баруун алганд гэмтэл учирсан ба М над руу хутга далайхаар нь би баруун гараараа барьж авахад алга хэсгийг зүссэн, улмаар гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас),

Шүүгдэгч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Ч-н гар утсыг нууцаар аваад чат хэсгийг үзэхэд Ч эмэгтэй хүнтэй чатаар харилцсан байсан. Тэгээд би хардаад Ч руу уурласан ба улмаар бид хоёр маргалдах болсон. ...Надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Д.Ч-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас, 85-90 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

Шүүгдэгч Э.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Д.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны **** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь  2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны **** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ч-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун алганд шарх, баруун шанаа, баруун хацар, дээд уруул, зүүн дал, нуруу, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 14509, 14350 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 422, 928 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Ч, Э.М нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Ч, Э.М нар ньхэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ч, Э.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч, Э.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэдгээ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч Эрүүл мэндийн даатгалын сангаас 330,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан хохирогч Э.М-н зардлыг шүүгдэгч Д.Ч-с, мөн хохирогч Д.Ч-н тус сангаас 234,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан зардлыг шүүгдэгч Э.М-с тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарах субъект байх тул түүнд зохих ёсоор эрх, үүрэг танилцуулж, холбогдон гаргах санал, хүсэлтийг хүлээн авснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдүүд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ бөгөөд тус хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн энэ дагуу мөрдөгч, прокурор Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж ерөнхийлөн заасан боловч тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй бөгөөд нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй  тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь дээрх асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна.      

Иймд бие даасан хэргийн оролцогчоор тогтоогдоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Ч, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Ч-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.М-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч-н 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 60,000 төгрөгийг хасаж, торгох ялын нийт хэмжээг 840,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон 4 хоногтой, шүүгдэгч Э.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Ч-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй суллах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г** овогт Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б** овогт Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Э.М-г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-н 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийн 1 (нэг) хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 60,000 (жаран мянга) төгрөгийг хасаж, торгох ялыг 840,000 (найман зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Э.М нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Э.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Ч-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй сулласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч, Э.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЗОЛБОО