| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/04247/И |
| Дугаар | 101/ШШ2019/00822 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2019/00822
| 2019 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2019/00822 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Т холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,155,800 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ......шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, Ж.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үндсэн төлбөрт 6,000,000 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 6,414,200 төгрөг, нийт 12,414,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, Ж.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ББСБ ХХК нь иргэн Ч.Т 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот Зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сар |утам 3,9% хувийн хүүтэй түүний эзэмшлийн Төрийн банкны ******* тоот дансанд 1шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч Ч.Т нь зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн хүүнд 1,724,600 төгрөгийг төлсөн байдаг. Тиймээс Д ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12,414,200 төгрөгийг зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн. Хариуцагч Ч.Тгийн зүгээс зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх мөн зсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6661 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байна. Тус дүгнэлтээр зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ч.Тийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж гарсан. Тиймээс дээрх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагч Ч.Төөс 4,155,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Т шүүхэд болон өмгөөлөгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ББСБ-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг үндэслэн дахин гаргасан нэхэмжлэлийг хүлэн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 03-р сарын 25-ны өдөр төрийн банкны ........ тоот дансанд 5,880,400.00 төгрөг орж ирлээ гэсэн мессеж утсанд ирсэн байсныг мэдэлгүй гэртээ амарч байхад Б.Э...... /урьд нь хамт амьдарч байсан/ утсаар залган миний мөнгө байгаа юмаа өнөөдөр мөнгө хэрэг болоод банк хооронд шилжүүлэхээр хугацаа алдах гээд байна, яаралтай юмаа тус болооч, чиний дансруу хийчихлээ яаралтай аваад миний дансруу хийгээд өг гэсэн. Тухайн өдрөө 2016.03.25-ны өдрөө надаас уг мөнгийг шилжүүлэн авсан. Тухайн үеийн аль банкны дансруу хийснээ сайн санахгүй байгаа болно. 2016 оны 11 сард Б.Э Монгол улсаас зугтсаны маргааш нь Д ББСБ-аас намайг дуудаж уулзсан. Тухайн үед миний нэр дээр автомашин барьцаалсан зээл гаргасан байна гэж хэлсэн. Зээлийн гэрээ, хавсаргасан материалыг үзэхэд миний гарын үсэг биш, барьцаанд байгаа автомашин нь миний урьд харж байгаагүй миний эзэмшлийн машин биш байсан. Мөн гарын үсгээ шинжлүүлсний дараа гарын үсэг биш байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Иймээс: Тухайн үеийн Б.Эийн нэр дээрх банкны харилцах дансны гүйлгээг шалгаж өгнө үү. Тухайн үед би тэр хүнийг над дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гаргаж байгааг мэдээгүй. Эийн дансны гүйлгээг шалгавал би тэр мөнгийг буцааж Э руу шилжүүлсэн нь харагдана. Иргэн Ч.Т миний бие энэ зээлийг аваагүй, тухайн мөнгийг ашиглаагүй миний нэр дээр залилан хийсэн байгаа тул үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна.
Хариуцагч өөрийн биеэр хийсэн зээлийн гэрээ гэж үзэхгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон хуурамч гарын үсэг үйлдэж. н.Э хийсэн гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Ж.Тийн дансанд 5,880,000 төгрөг орж ирсэн. Тухайн үед утсаар хэлэхдээ энэ мөнгө миний өөрийн мөнгө байгаа юм. Хоног хугацаа авах гээд байгаа болохоор чиний дансруу хийчихлээ гэсэн байдаг. 1,762,000 төгрөгийн төлбөрийг Ж.Т хийсэн гээд байгаа. Ж.Т мөнгө төлсөн үү, н.Э мөнгө төлсөн үү гэдгийг мэдэх хэрэгтэй гэв. Гэхдээ энэ мөнгийг хэн төлсөн эсэх талаарх баримт хэрэгтэй байх. Энэ мөнгийг бүхэлд нь би аваагүй. Аль нэг дансруу шилжүүлсэн гэж хариуцагч хэлээд байгаа. Тэгэхээр төлсөн баримт байгаа байх, тэр баримтыг гаргаж ирвэл хэн төлсөн эсэх нь харагдах байх. Үүний дараагаар Ж.Т өөрөө хэрэглээгүй гэдэг нь тогтоогдоно. Тэгснээр үүнийг төлөх төлөхгүй нь мэдэгдэнэ гэж бодоод байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ ХХК, хариуцагч Ч.Т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,155,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, тус мөнгийг аваагүй гэх тайлбарыг шүүх, шүүх хуралдаанд гаргажээ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 12,414,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6661 дугаартай дүгнэлтээр зохигчийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоот Зээлийн гэрээнд хариуцагч Ч.Т гарын үсэг зураагүй тухай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар багасгаж, хариуцагчаас 4,155,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ..тоот зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагчид 6,000,000 төгрөгийг зургаан сарын хугацаатай, нэг сарын 3.90 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Тус мөнгийг хариуцаагч Ч.Т 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банк ХХК дахь өөрийн ... тоот дансаар дамжуулан хүлээн авчээ. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,724,600 төгрөгийг төлсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж тус зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг хамт амьдарч байсан Б.Э тэр өдөрт буцаан өгсөн тухай тайлбарыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6661 дугаартай дүгнэлтээр хариуцагч Ч.Т зохигчийн хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, тус гарын үсэг хариуцагч Ч.Тийн гарын үсэг биш болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх замаар багасгаж, хариуцагчид бодитой шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 4,155,800 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилжээ.
Хэргийн оролцогчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч Ч.Т 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ....тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6661 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч Ч.Т, нэхэмжлэгчээс түүний Төрийн банк ХХК дахь ....... тоот дансанд шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг Төгсөөд зээл олгов гэсэн утга бүхийагуулгаар шилжүүлснийг хүлээн авсан. Хариуцагч шүүх хуралдаанд гэртээ байж байхад утсанд мөнгө орсон тухай мсж ирсэн гэх тайлбараас үзвэл хариуцагч өөрөө хүсч нэхэмжлэгч Д ББСБ ХХК-иас зээл аваагүй, зээл аваагүй байхад нь нэхэмжлэгчээс түүний дансанд орсон мөнгөний агуулга, шалтгааныг иргэн Б.Эгаас тодруулаагүй, мөнгийг дур мэдэн шилжүүлсэн зэрэг нь хариуцагч тухайн мөнгөтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг хариуцах үндэслэл болно.
Хариуцагч, нэхэмжлэгчээс зээл хүсч өргөдөл гаргаагүй, нэхэмжлэгч зээл олгоогүй буюу зохигчийн хүсэл зориг нэгдээгүй нь зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийг бус, харин хариуцагч, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээхийг, нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хуульчлан зохицуулжээ.
Шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй. Иймд мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Ч.Т өөрөө хүсээгүй байхад түүний дансанд шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс үлдэх 4,155,800 төгрөгийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Тгөөс 4,155,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,580 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Тгөөс 81,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ