Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03126

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03126

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 40 дүгээр байр 34 тоотод оршин суух хаягтай, одоо БНХАУ-д ял эдлэж буй Содномын Өлзий-Орших /регистрийн дугаар /,-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт Дашдоржийн Энхмандах /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 в хэсэг, 12 дугаар гудамж, 9 дүгээр байр, 3 тоот хаягт оршин суух, Түмэд овогт Шийнэнгийн Чулуунбаатар /регистрийн дугаар /-т холбогдох

 

42,218,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, иргэдийн төлөөлөгч Э.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзий-Оршихын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний ээж С.Өлзий-Оршихоос надад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч миний эх С.Өлзий-Орших нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Дунд шатны Ардын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр ховордсон ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар борлуулсан, нууцаар хил давуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдан 10 жил 6 сарын хорих ял болон 70,000 юанийн торгуулийн ялаар шийтгүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш БНХАУ-ын Хөх хотын эмэгтэйчүүдийн гянданд 2 жил 10 гаруй сарын турш хоригдож байна.

Ш.Чулуунбаатар нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Бичигт хилийн боомтоор 2 ширхэг цоохор ирвэсний арьсыг хөлдөө загас дунд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Тэрээр миний эх С.Өлзий-Оршихын таних өвөр монгол эмэгтэй Улаанцэцэгээс тэрхүү 2 ширхэг ирвэсний арьсаа барьцаалж, 20 хувийн хүүтэй 30,000 юанийн зээл авсан.

Энэхүү 30,000 юанийг нэг сарын хугацаагаар 6,000 юань хүүтэй зээлсэн ба 36,000 юань болгон өгөхөөр тохиролцож*******нь өөрийн биеэр гарын үсэг зурж авсан ба миний эх С.Өлзий-Орших батлан даагчаар хамт гарын үсэг зурсан байдаг. Гэвч*******зээлээ төлөхгүй бүтэн 9 сар хүмүүсийг хуурч мэхлэж, худал хэлж, оргон зугтсаны улмаас ээж маань харийн нутагт Ш.Чулуунбаатарын өмнөөс мөнгөний барьцаанд үлдсэн.

Зээлдүүлэгч Улаанцэцэг мөнгөө байнга нэхэж, хурдан төлөхийг шаардаж, ээжийг минь БНХАУ-аас хөөлгөнө гэж заналхийлсний улмаас арга буюу Ш.Чулуунбаатарын өмнөөс үндсэн зээл 22,000 юань, 8 сарын зээлийн хүү 48,000 юанийг 2 ширхэг ирвэсний арьсыг зарж, борлуулж төлөхөөр тохиролцсон.

Улмаар зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөхийн тулд барьцаанд байсан 2 ширхэг ирвэсний арьсыг зарж, борлуулах гэж яваад цагдаад баригдан ийнхүү хүнд гэм хэрэгт шийтгэгдээд байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Дунд шатны Ардын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа миний аав Д.Дашдорж Эрээн хотод очин 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ӨМӨЗО-ны Хөх хотын шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Гэвч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын өндөр зэргийн шүүх нь ээжид минь ногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Ээжийг минь энэхүү хүнд гэмт хэрэгт холбогдуулан өр зээлэнд оруулж орхисон*******нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн дагуу 201417000306 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болж, наранд жаргаж явна.

Манай гэр бүл, ах дүүс энэ хүнээс болж эд мөнгөөр болон сэтгэл санаагаар асар их хохирч байгаа ба ээж маань Монгол Улс, БНХАУ-ын хооронд худалдаа наймаа хийн хувиараа хөдөлмөр эрхэлж, ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг ганц хүн нь байсан юм. Нийт 70,000 юанийг хүмүүсээс хүүтэй зээлж, өр тавин цуглуулж Улаанцэцэгт төлсөн байдаг.

Миний эх С.Өлзий-Орших нь Ш.Чулуунбаатарын авсан өр зээлийг төлөх гэж явж байгаад харийн шоронд хоригдсон ба одоо биеийн байдал нь эрс муудаж, турж эцэн, үс гэдэг нь унаж, бодол оюун санааны улмаас гүн хямралд орж, цаашид амь нас нь аюулд учрах нөхцөл бүрдээд байна.

Иймд Ш.Чулуунбаатараас түүний өмнөөс төлсөн 70,000 юань /үндсэн зээл 22,000 юань, 8 сарын хүү 48,000 юань/ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 50,000 юань /торгууль/, нийт 120,000 юаньтай тэнцэх хэмжээний 42,163,200 төгрөг, нотариатын зардал 54,800 төгрөг, нийт 42,218,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч*******нь 2 ширхэг ирвэсний арьсыг хууль бусаар хилээр нэвтрүүлж, шалгагдаад өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.*******нь 2 ширхэг ирвэсний арьсыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйлдлийн улмаас Өлзий-Орших хэрэгт холбогдсон нь шалтгаант холбоотой.*******нь Улаанцэцэгээс мөнгө зээлж Өлзий-Оршихыг батлан даагчаар үлдээсэн, үүнийгээ ч өөрөө х үлээн зөвшөөрдөг бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хүмүүст хохирол учирсан. Батлан даагч учраас мөнгийг төлөх гэж хичээсэн бөгөөд Чулуунбаатар нь чадвал 2 ирвэсний арьсыг зарж борлуулаад Улаанцэцэгт өгч туслаачээ гэсэн гэж тайлбарладаг. Энэ зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээс болж торгуулсан нь шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гаргуулахаар нэхэмжилж байна.*******30,000 юанийг 6,000 юанийн хүүтэй зээлсэн гэдэг үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. 8000 юань 5000 юанийг төлсөн үлдэх 17,000 юанийг төлнө гэдэг, гэтэл 5000 юанийг бид хүлээж аваагүй, зээлийн гэрээний хүү 6000 юанийг хэн төлөх талаар хариу тайлбар өгдөггүй.

Ш.Чулуунбаатар нь Улаанцэцэгээс мөнгө зээлээд 2 ирвэсний арьс барьцаалснаа хүлээн зөвшөөрдөг. Тэрээр ор сураггүй алга болсон, эргэн төлөлт хийж байсан талаар Өвөрмонголын эрүүгийн шүүхээр тогтоогдсон. Зээл олгосон Улаанцэцэг нь Чулуунбаатараас аваагүй, Өлзий-Оршихоос 78,000 юань авсан гэдгээ хүлээн зөвшөөр бичиг хийж өгсөн. Өлзий-Оршихын ял эдэлж байгаа нь Чулуунбаатартай хамааралгүй гэдэг нь үндэслэлгүй, шүүхээр 2 арьсыг зарах гэж авч явснаараа ял эдэлж байгаа гэдэг нь тогтоогдсон гэв.

 

Хариуцагч*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор 1 тн загас гаргаад, загасаа зарж чадаагүй. Хүнээс мөнгө зээлж загас худалдаж авсан байсан тул тэр мөнгөө төлөхөөр мөнгө ээлж авсан юм. Зээлсэн 20,000 юань өгөөд үлдсэн 10,0 юаниар загас гаргаж өрөө төлнө гэж тооцоолсон юм.

3 дугаар сард Увсын Хяргас нууранд очоод 2 тн загас худалдаж авсан. Уул нь 5 тн загас авах байсан боловч Далайсайхөн өдөр болгон утасдаад мөнгө хий гээд байсан болохоор үлдсэн 2,500,000 төгрөг шилжүүлсэн. /8000 гаруй юань болсон/

Түнш хятад маань сугас загас авахаа больсон тул 2 тн загасаа Улаанбаатар хотод зараад Буйрын загас худалдан авч 5 дугаар сараас өмнө амжиж гаргахаар 1 тн загас авч, 4 дүгээр сарын сүүлийн өдөр Хавирга боомтоор гаргахаар очсон. 3 цагаас хойш гаалийн бүрдүүлэлт хийнэ гэсээр байгаад 7 цагт хил хаасан. Ингээд аймаг руу буцааг загасаа авч яваад хөлдөөгөөд 5 дугаар сарын 4-нд хилээр гарсан. Баяр нь өнгөрсөн болохоор загас зарагдаагүй.

Энэ мөчөөс хойш барааг зарахаас өөр аргагүй байдалд орсон. Ингээд гурван сар хөөцөлдсөний эцэст худалдан авах хүнээ олсон юм. Тэр хятад хэлэхдээ: бараагаа Эрээнээс гаргаад Шилийн голд аваад ир 1 ширхэгийг нь 50,000 юаниар авъя гэж тохирсон. Далайсайхан хэлэхэд арьс аваад Эрээнээс гахахад асуудалгүй гэсэн. Арьс авах хүнтэйгээ өдөр тохироод Далайсайхантай ярьсан чинь одоо боломжгүй гэсэн. Яасан бэ гэж асуухад миний гар дээр байсан юмыг өчигдөр Улаанаа авчихсан 2 хоногоо зохицуулаад ярья гэсэн. Тэгээд би хүнээс 5000 юань зээлээд Далайсайханд шилжүүлсэн.

Миний найз Баттулга 7 дугаар сард Эрээн явж ирээд: Чиний барааг зарсан гэж байна. Хөх хотын Нара гэдэг хүүхэн зуучлаад зарж өгсөн байна. Зуучлалын хөлсөндөө 5000 юань авсан гэж өөрөө хэлсэн гэсэн.

6 сард Өлзий-Орших хотод ирээд 10,000,000 төгрөгөөр чулуу худалдан аваад Чукад битгий хэлээрэй гээд захиад явсан гэсэн. Даш-Очир гэрчилнэ.

Далайсайхан, Өлзий-Орших 2 миний барааг зарчихаад надад хэлэлгүй 2-3 сар наймаа хийж тансаглаж явсан.

Өлзий-Орших 1000 юаниар нүүрний массаж хийлгэж байсан гэж эрээний найз хужаа Чинбаагийн эхнэр Алтай ярьж байсан. Гэтэл би өнөөдрийг хүртэл сэтгэл санааны дарамтад орж ирсэн. Би 10 жилийн ангийн найзаасаа туслалцаа гуйж ялтан солилцоогоор авах талаар хөөцөлдүүлсэн. /Баримт бий/. Ялынхаа 1/3-ийг эдэлсэн тохиолдолд солилцдог гэсэн.

20 ширхэг чонын арьс надаар хилээр гаргуулсан гэж худал өчиг өгсөн. Эрээний найз хужаа Чинбат надтай ярихдаа Далайсайхан, Өлзий-Орших хоёр чонын арьс зарж байгаад баригдсан гэж хэлсэн.

Гэхдээ ирвэсний арьс яагаад яригдаж байгааг би сайн ойлгохгүй байна. Учир нь миний барааг 6 дугаар сард зарчихсан. Гэтэл 8 дугаар сард ирвэсний арьс яригдаад байгаа цаад учир шалтгааныг олох хэрэгтэй байна.

20 ширхэг чоны арьс гаргахдаа ирвэсний арьс гаргасан байх боломжтой. Хэрэв тийм бол энэ асуудал надад хамааралгүй болно. Энэ бүх асуудлыг гэрчлэх хүн бол Эрээнд олон жил хамтарч наймаа хийж байгаа, хамт хэрэгт ороод 2 жил суугаад гарсан Далайсайхан юм.

Энэ хүн гарч ирээд надад юу ч яриагүй олон нууцтай хүн. Дахин тодруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Би өнөөдрийг хүртэл үлдсэн 17,000 юанийг өгнө гэж бодож явсан. Гэхдээ намайг гүжирдэж, худлаа гүтгэж, илүү мөнгө авах гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй.

Баригдаж хураагдсан ирвэсний арьс яаг миний арьс мөн эсэхийг шалгуулах болно. Мөн миний арьсыг зарсан мөнгөөр 2 удаа хилээр чулуу гаргасан, 20 ширхэг чонын арьс гаргасан зэргийг тодруулахыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чулуунбаатар нь хууль бусаар ирвэсний арьс улсын хилээр давуулсан боловч энэ үйлдэлдээ хариуцлага хүлээсэн бөгөөд өршөөлийн хуульд орж ялыг нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч 2 арьсыг тухайн үед Хятадад өндөр үнэтэй байдаг гэж сонсоод хил давуулаад очиход өндөр үнээр авах хүн байгаагүй, мөнгөний чухал хэрэг байсан учраас өөрийн танил Далайсайхан, Өлзий-Орших нараар дамжуулан Улаанцэцэгээс 30,000 юанийг зээлсэн. Гэхдээ ямар нэгэн гэрээ, батлан даагчийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ гэрээ байгуулагдаж байсан бол энэ талаар баримт батлан даагчид байх ёстой. Тийм баримт хэрэгт авагдаагүй. Ийм учраас 6,000 юанийг төлөх үндэслэл байхгүй. Хариуцагчийг ор сураггүй алга болсон мэтээр тайлбарлаж байна. Хариуцагч арьс өндөр үнээр зарах гэж байгаад чадаагүй, мөнгийг буцаан төлж байсан зэргээс харахад ор сураггүй, алга болсон гэдэг зүйл байхгүй болох нь харагдаж байгаа. Хариуцагч 8,000 юань төлсөн, мөн сүүлд 5,000 юань төлж байсан, одоо 17,000 юань төлөх ёстой гэдэг, 8,000 юанийг хүлээн авсан гэдгийг Далайсайхан ч хэлдэг бөгөөд мөн Өлзий-Оршихын өөрийн мэдүүлэг зэргээс мөнгө төлж байсан гэдэг нь харагддаг, түүнээс биш хүү төлөх үндэслэл байхгүй, зөвхөн 17,000 юанийн үлдэгдэлтэй байгаа гэдэг. Энд батлан даагчийн эрх зүйн харилцаанаас гадна дараагаар нь өөр асуудлууд үүссэн нь хариуцагч Чулуунбаатарт хамааралгүй. Улаанцэцэгээс авсан мөнгийг Өлзий-Орших төлөх үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Гэтэл төлсөн мэтээр гуйвуулж яриад байна. Энэ нь өөр эрх зүйн харилцааны зохицуулалтын асуудал байх. 2 арьсыг зарахаар Өлзий-Орших авч явсан гэдэг, тэр нь Чулуунбаатарын хилээр давуулсан арьс мөнгө үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Яах гэж 2 арьсыг зарах гэж авч явсан нь өөрийнх нь асуудал. Их өндөр үнэтэй байдаг гэж сонсоод ашиг хонжоо олох зорилготой авч яваад хуулиар шийтгэгдэж байгаа байх. Үүнтэй холбоотой асуудал нь Чулуунбаатарт хамааралгүй. Харин Чулуунбаатар нь 17,000 юанийг төлөх үүрэгтэй гэдэг. Хэдийгээр хууль бус ч гэсэн 2 арьс нь Чулуунбаатарын байсан, түүнийгээ ч авч чадаагүй нөхцөл байдал үүссэн нь хэрэгт авагдсан байдаг. Үүнээс цааших зүйлийг хариуцагч мэдэхгүй, мэдэх боломж ч байгаагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзий-Оршихын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Ш.Чулуунбаатарт холбогдуулан, Ш.Чулуунбаатарын төлөх үүрэг хүлээсэн зээлийн төлбөрийг зээлдүүлэгчид төлсөн төлбөрт 70,000 юань, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 50,000 юань, нийт 120,000 юань буюу 42,163,200 төгрөг, нотариатын зардал 54,800 төгрөг, бүгд 42,218,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Өлзий-Орших нь гадаад оронд ял эдэлж байгаа тул өөрийн эрх ашгаа хамгаалуулж, шүүхэд хандах, нэхэмжлэл гаргах эрхийг *******ад олгож, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэл олгосныг Монгол Улсын Ерөнхий консулын газар гэрчилж, баталгаажуулсан байна.

 

Хариуцагч*******нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтоор 2 ширхэг цоохор ирвэсний арьсыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/176 дугаар тогтоолоор, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээр дурдсан 2 ширхэг ирвэсний арьсыг хариуцагч*******БНХАУ-д гаргаж улмаар, БНХАУ-д амьдардаг Монгол Улсын иргэд болох Я.Далайсайхан, С.Өлзий-Орших нараар дамжуулан иргэн н.Улаанцэцэг гэгчээс 2 ширхэг ирвэсний арьсаа барьцаалан 30,000 юанийг зээлж авсан үйл баримт хэрэгт авагдсан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Дунд шатны Ардын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн /2015/ тэмдэгтийн дугаар-2 шийдвэр, БНДАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын өндөр зэргийн шүүх хорооны эрүүгийн хэргийн хянан таслалтын 2016 өвөр эрүү эцэс №154 дугаартай шийдвэр, гэрч Я.Далайсайханы мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/176 дугаар тогтоол,*******2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаагдсан тэмдэглэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай тогтоол, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ш.Чулуунбаатараас тайлбар авсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч*******нь Я.Далайсайхан, С.Өлзий-Орших нараар зуучлуулан, БНХАУ-ын иргэн н.Улаанцэцэг гэгчээс 30,000 юань зээлж авч, 2 ширхэг ирвэсний арьсыг барьцаанд үлдээсэн, улмаар зээлийн төлөлтөд 5000 юань, 8000 юанийг н.Улаанцэцэгт төлүүлэхээр гэрч Я.Далайсайханд өгсөн гэх бөгөөд 8,000 юанийг нэхэмжлэгч нь Я.Далайсайханаас авч зээлдүүлэгч н.Улаанцэцэг гэгчид өгснөө хүлээн зөвшөөрч байна. Гэвч хариуцагч нь дээрх 5000 юанийг өгсөн болохоо нотолсонгүй.

 

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймгийн Дунд шатны Ардын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн /2015/ тэмдэгтийн дугаар-2 шийдвэрт тусгагдсан, гэрч Бао Шю Лан буюу зээлдүүлэгч БНХАУ-ын иргэн н.Улаанцэцэгийн 2014 оны 01 дүгээр сард Өлзий-Орших над руу утсаар ярьж Далайсайханы найз Чука /Чулуунбаатар/ өөрөөс чинь 30,000 юань зээлэхийг хүсч байна гэж хэлсэн бөгөөд Чука /Чулуунбаатар/-д үнэ хүрэхээр 2 ширхэг арьс байгаа. Нэг нь 70, 80 мянган юань хүрнэ. Барьцаанд тавиад хугацаа нь болоход хүүнд нь 60,000 юань өгье гэж хэлсэн. Энэ саналыг би хүлээн зөвшөөрсний дараа 30,000 юанаь авч, Өлзий-Оршихын амьдарч байгаа Ань Жу хороололд очиж мөнгийг түүнд өгсөн. Улмаар Өлзий орших болох Далайсайхан нараар батлан даалт гаргуулж тэр бичиг болон арьсыг би авч явсан. Тэр 2 арьсыг скочоор битүү боосон учраас би сайн харж чадаагүй. Хугацаа нь болох үед Чука /Чулуунбаатар/ нь нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд дараа нь Өлзий-Орших дээрхи мөнгийг надад цувуулж өгсөн. Тэр үед Өлзий-Орших дээрхи 2 арьсыг авч яваад зарж чиний хүүг төлнө гэж хэлсэн учраас би арьсыг Өлзий-Оршиход өгсөн гэх мэдүүлгээс үзэхэд, нэхэмжлэгч С.Өлзий-Орших нь хариуцагч Ш.Чулуунбаатарын зээлж авсан 30,000 юанийг зээлдүүлэгч н.Улаанцэцэг буюу БНХАУ-ын иргэн Бао Шю Лан-д төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Өлзий-Орших нь хариуцагч Ш.Чулуунбаатараас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсанаар хариуцагч Ш.Чулуунбаатарын өгсөн 8,000 юанийг нэхэмжлэгч нь Я.Далайсайханаас авч зээлдүүлэгч н.Улаанцэцэг гэгчид өгсөн байх бөгөөд хариуцагч нь 5000 юанийг Я.Далайсайхан, С.Өлзий-Орших нарт өгсөн болохоо нотлоогүй тул Ш.Чулуунбаатарын зээлж авсан 30,000 юанийн 22,000 юанийг нэхэмжлэгч С.Өлзий-Орших төлж барагдуулсан гэж үзнэ.

 

Харин ...зээлдэгч Чулуунбаатар нь надад үндсэн зээл болон хүүг өгөөгүй болно. Хугацаа дууссаны дараа би батлан даагч Өлзий-Оршиход зээлдэгч Чулуунбаатарын өрөө төлнө үү хэмээн олон удаа нэхэмжилсэн. Олон удаа нэхэмжилсний эцэст үр дүнд хүрээгүй тул батлан даагч нь зээлдэгчийн өмнөөс надад нийт 78,000 юань өгсөн болно. Үүнд үндсэн өр 30,000 юань, 8 сарын хүү 48,000 юань байна. ... гэж дурдагдсан, зээлдүүлэгч н.Улаанцэцэг гараар бичсэн гэх хятад хэл дээрх бичиг, түүний орчуулгыг нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломгүй юм. Учир нь дээрх бичгийн эх сурвалж тодорхойгүй буюу зээлдүүлэгч нь өөрөө бичсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэрээр ногдуулсан торгуулийг гэмт улмаас С.Өлзий-Оршиход учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, нотариатын зардал нь зайлшгүй гарах зардал биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрт төлсөн 48,000 юань, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу торгуульд төлсөн 50,000 юань, нотариатын зардал 54,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Чулуунбаатараас 22,000 юаньтай тэнцэх хэмжээний буюу 7,729,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Өлзий-Оршихын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,488,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан, хариуцагч Ш.Чулуунбаатараас 7,729,920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Өлзий-Оршиход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,488,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,040 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Чулуунбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 138,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Өлзий-Оршиход олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР

 

Э.ЭНЭБИШ