Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03881

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/03881

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М к ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.З-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 334.391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М к ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Б.З нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч hybrid 19900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 40968707 тоот гэрээ байгуулж 479.000 төгрөгийн үнэтэй samsung galaxy j3 гар утасны урьдчилгаа 168.000 төгрөгийг 3 сар хуваан төлж, үлдэгдэл төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Б.Знь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 99499773 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2018 оны 05, 06, 07 дугаар сарын сарын төлбөрөө төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 334.391 төгрөг төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагч Б.Заас 99499773 дугаарын үйлчилгээний төлбөр 59.691 төгрөг, samsung galaxy j3 гар утасны төлбөрийн үлдэгдэл 233.234 төгрөг, торгууль 41.466 төгрөг, нийт 334.391 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Б.З-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 334.391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Знэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.

 

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч М к ХХК, хариуцагч Б.Знар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  дугаартай утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-г бичгээр байгуулж, хариуцагч нь дугаарт hybrid 19900 багцын, 19.900 төгрөгийн сарын суурь хураамжтай, 12 сарын хугацаатай үйлчилгээ авах, мөн 479.000 төгрөгийн үнэ бүхий samsung galaxy j3 маркийн гар утасны урьдчилгаа 168.000 төгрөгийг 3 сард хуваан төлөх, үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 25.917 төгрөг төлж худалдан авахаар тус тус харилцан тохиролцжээ /хх-7, 8/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэлд хавсаргасан харилцагчийн гүйлгээ баримтаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 96.843,10 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 101.700 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 101.800 төгрөг тус тус төлж, уг хугацаанаас хойш төлбөр төлөөгүй байна /хх-10/.

 

Дээрх тооцооны баримтыг гэрээний нөхцөлтэй харьцуулан үзвэл гар утасны үнээс урьдчилгаа төлбөр 168.000 төгрөг болон 2018 оны 02, 03, 04 дүгээр саруудад төлбөл зохих 77.751 төгрөг /25.917*3 сар/, түүнчлэн дээрх хугацааны үйлчилгээний төлбөр төлөгджээ.

 

Нэхэмжлэлд хариуцагчаас 99499773 дугаарын 2018 оны 05, 06, 07 дугаар саруудын үйлчилгээний төлбөр 59.691 төгрөг, гар утасны төлбөрийн үлдэгдэл 233.234 төгрөг, торгууль 41.466 төгрөг, нийт 334.391 төгрөг нэхэмжилсэн ба 3 сараар тооцсон сарын суурь хураамж /19.900*3/, мөн гар утасны үнийн үлдэгдэл төлбөр /479.000-168.000-77.751/, уг үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй торгууль тооцсон зэрэг нь тооцооллын хувьд үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гэрээний 3.11-д заасны дагуу гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байх ба уг заалтад хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан өдрөөс хойш 2 сарын дараа гэрээ цуцлагдахаар заажээ.

 

Гэрээний дээрх заалт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцжээ.

 

Түүнчлэн гэрээний 3.8-д хүүгүй зээлийн нөхцөлөөр гар утас хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-д заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй, мөн хавсралт 1-д гар утасны үнийн төлөгдөөгүй төлбөрийн 50 хувиар торгууль тооцохоор тус тус заасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ерөнхий захирлын шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс торгуулийг 20 хувиар тооцож байгаа гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж тодорхойлсонтой дээрх нөхцөл нийцжээ.

 

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа тайлбар, үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

 

Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Б.Заас үйлчилгээний төлбөр 59.691 төгрөг, гар утасны төлбөрийн үлдэгдэл 233.234 төгрөг, торгууль 41.466 төгрөг, нийт 334.391 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М к ХХК-д олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З-аас 334.391 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М к ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Заас 10.682 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М к ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 10.682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА