Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч М.Энхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халхчууд овогт ******* холбогдох эрүүгийн 201711000111 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг "Адаг бүрд" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Халхчууд овогт Очиржавын Сугар.

Шүүгдэгч  *******  нь 2017 оны 3 сарын 13-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ордос Ану” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хойд талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн мицубиши Л-200 маркийн 44-09 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч Х.Мягмарсүрэнгийн дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний урд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 3 сарын 13-ны орой 19 цаг өнгөрөөгөөд эхнэр Уханчимэгийг эмнэлэгт очиж эргэчихээд зээ хүү болох Тэмүүлэнгийн /11 настай/ хамт гэр рүүгээ харихаар багцаагаар 20 цаг өнгөрөөгөөд төв замаар баруунаас зүүн тийш яваад Шүр захын урд талын ШТС-ын урд талаар урагш эргээд “Ордос Ану” хүнсний дэлгүүрийн хойгуур урагш эргэж нарийн гудмаар ороод гэрийнхээ хашаа руу орсон. Би тухайн үед өөрөө машинаа бариад зээ хүү Тэмүүлэн миний хажууд сууж явсан. Би тэр дэлгүүрийн хойно хүний дээгүүр гарсан талаараа огт мэдээгүй, хүн хэвтэж байгаа харагдаагүй. Тэгээд шууд хашаа руугаа орж машинаа тавьчихаад амарсан. Тухайн үед манай гэрт бие муутай хүү Золжаргал байсан. Ингээд унтаж байтал цагдаа нар 23 цагийн орчимд манай гэрт ирж намайг авч явсан. Би хүн хэвтэж байгааг хараагүй, харсан бол дээгүүр нь гарахгүй байсан. Мөн хүн дайрсанаа мэдсэн бол зогсох байсан, би юу ч мэдээгүй гараад явчихсан байна. Би тэр газарт багцаагаар 10 км цагийн хурдтай явж байсан байх. Би ер нь их удаан явдаг. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тухайн үед эрүүл байсан. ...Би хүний дээгүүр гарсан, зам тээврийн осол гаргасан талаараа огт мэдээгүй, тиймээс санаатай орхиж зугтсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,

Хохирогчийн төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… Ингээд 16 цаг 50 минутын орчимд нөхөр рүүгээ дахин утсаар ярихад тэрээр “билльяард тоглочихоод гэр рүүгээ харьж явнаа” гэсэн надад хэнтэй тоглосон талаараа хэлээгүй. Ингээд би 17 цаг 20 минутын орчимд гэртээ очиход нөхөр маань гэртээ байхгүй байсан бөгөөд утсаар залгахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш би дахин утас руу нь залгаагүй байж байгаад 20 цагийн орчимд дахин залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 20 цаг 20 минутанд дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд байж байхад 22 цаг 40 минутын орчимд Цагдаагаас хүн утасдаад “нөхөр чинь эмнэлэгт бие нь муу байна” гээд гэрийн маань хаягийг аваад намайг очиж аваад цагдаа дээр ирэхэд нас барсан талаар хэлсэн. ...Би оршуулгын зардал болох 7 сая  873 мянган төгрөг, мөн талийгаачийн 2017 оны 02 дугаар сард Төрийн банкнаас авсан тэтгэмжийн зээлийн үлдэгдэл 1053000 төгрөгийг би өөрөө төлсөн учир үүнийг гаргуулан авах, би одоо 11 сартайгаас 7 нас 7 сартай 4 хүүхэдтэй үлдсэн. Манай бага хүүхдийг талийгаач хардаг байсан, цэцэрлэгт орох насанд хүрээгүй учир түүнийг цэцэрлэгт ортол нь хүн хөлсөлж харуулна, одоо сарын 80000 төгрөгөөр хамаатныхаа хүүхдээр харуулж байна. Хүүхдүүдийг насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Дээрх бүгдийг оруулаад одоогийн байдлаар өөрийн багцаагаар 33 сая 930 мянган төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 32/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2017 оны 3 сарын 28-ны өдрийн 22 тоот дүгнэлтэд: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр өвчүү болон баруун, зүүн талын олон хавирганы хугарал, цээжний 3-р нугаламын хугарал, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, чамархайн хуйхны язарсан шарх, дух, хүзүү, баруун мөр, хэвлийн зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас буюу машинд дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар өвчүү болон баруун, зүүн талын олон хавирганы хугарал, 3.1.12-д зааснаар баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, 3.1.6-д зааснаар цээжний 3-р нугаламын хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар чамархайн хуйхны язарсан шарх, дух, хүзүү, баруун мөр, хэвлийн зулгарсан шарх гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цогцост биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6.Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь авто ослын улмаас үүсгэгдсэн өвчүү болон баруун, зүүн талын олон хавирганы хугарал, цээжний 3-р нугаламын хугарал, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, цээжний хөндийн цусан хураа гэмтлүүдийн улмаас нар баржээ. 8.Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.8 промилли процент этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэг болно. 9.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Шинжээч эмч Н.Уянга гэжээ. /хх-ийн 52-55/,     

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 сарын 20-ны өдрийн 16 тоот биологийн шинжилгээний дүгнэлтэд: 1.Шинжилгээнд Х.Мягмарсүрэнгийн цогцосноос авсан цус нь В /3/ бүлгийн харъяалалтай байна гэжээ.  /хх-ийн 56/

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 3 сарын 17-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд Х.Мягмарсүрэнгийн цогцосноос авсан цусанд 2.8 промилли спиртийн алкоголь илэрч байна гэжээ.  /хх-ийн 57/

     Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 3 сарын 19-ний өдрийн 08 тоот дүгнэлтэд: Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Мягмарсүрэн нь 3.9 /г/-д “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч *******ын жолоодон явсан Мицубиши L-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөр хэрэг, ослын газарт илрээгүй байх тул хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцох боломжгүй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг сахин биелүүлж бусад замын хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцох нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мицубиши L-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдал бүрэн буюу замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. Мицубиши L-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл байхгүй байна гэжээ. /хх-ийн 66/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 4 сарын 27-ны өдөр бүрэлдэхүүнтэйгээр хийсэн 11 тоот дүгнэлтэд: 1.Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөрийн 2017 оны 3 сарын 19-ний өдрийн 08 тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, хохирогч Х.Мягмарсүрэн нь мөн дүрмийн 3.9.Г заалтыг тус тус зөрчсөн” заалт нь үндэслэлтэй байх ба хохирогч нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж шороон гадаргуутай авто замын зорчих хэсэг /гол хэсэг/ дээр хэвтэж байсан нь замын хөдөлгөөний дүрмийн 3.9.Б заалтыг давхар зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Зам тээврийн осол болсон гэх А цэгээр ертөнцийн зүгээр баруун, баруун хойд талын хэсэгт 6.40 см зайтай орших 40 см орчим овоолсон шороо буюу далан доторх /гадаргууд/ байгаа зүйлс нь харанхуй орчинд жолоочийн үзэгдэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа боловч жолооч нь замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг сайтар ажиглаж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүрэгтэй бөгөөд бусдад, аюул ослыг бий болгохгүйгээр зорчих ёстой. /ЗХД-ийн 1.5 дахь заалт/. 3.Хохирогч Х.Мягмарсүрэнгийн цогцосноос авсан цусанд 2.8 промилли спиртийн алкоголь илэрсэн нь хүнд хэлбэрийн согтолтын зэрэгт хамаарагддаг ба согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж явганаар хөдөлгөөнд оролцож тухайн хэрэг, осол болсон газарт буюу шороон гадаргуутай авто зам /зорчих хэсэг/-ын гол хэсэгт хэвтэж байсан нь бусдын хөдөлгөөнд саад болох нөхцлийг бий болгож байгаа бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.Б “Явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр саатах...”, 3.9.Г “Явган зорчигч өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэжээ. /хх-ийн 68-69/

Хохирогчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Сугар гуайн хохирогч Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Мандахцэцэг миний бие энэ шүүх хурлын ажиллагаанд өмгөөлөгчийнхөө хамт оролцохгүй гэж шийдлээ. Сугар гуай нь оршуулгын зардал 7800000 төгрөгөө бүрэн төлсөн, өнчирч хоцорсон 1-8 насны 4 хүүхдүүдийг тэжээнэ, тэтгэнэ, байнга туслана, дэмжинэ гэсэн. Эхний удаад 6-р байрны 18 м2   талбайтай 1 өрөө байрыг 35 сая төгрөгөөр үнэлж өгсөн. Одоогийн зах зээлийн ханшнаас 10 сая шахам төгрөгөөр илүү үнэлсэн. Гэвч миний хүүхдүүдийг байнга харж, хандана гэсэн болохоор юм хэлж чадаагүй. Сугар гуай бол буруутай. Өчнөөн олон машин хараад тойрч байхад Сугар гуай огт хараагүй гэдэгт итгэхгүй байгаа. Гэсэн ч гомдол нэхээд  нөхөр маань 4 хүүхэддээ хүрээд ирэхгүйгээс хойш Сугар гуайг хорих ял эдлүүлэхгүй тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Настай хүн цаашид ёс жудагаа бодно гэдэгт илгэлтэй байна гэжээ.

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

-"Пикаб" маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13/,

-Хохирогчийн төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 32/

-Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх-ийн 43/

-Гэрч О.Бямбаагийн мэдүүлэг /хх-ийн 48/

-Гэрч Т.Нямын мэдүүлэг /хх-ийн 49/

-Гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 50/

-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

-Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-22/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-63/,

-*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 85, 87-88/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/

-Дорнод аймгийн Сэргэлэн сумын болон 3 дугаар багийн Засаг дарга нарын тодорхойлолт /хх-ийн 100-101/

-Шагнал урамшуулал авч байсан баримтууд /хх-ийн 102-105/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 185/

-Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ /хх-ийн 186-187/

-Хохирогчийн төлөөлөгч *******ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 188/

-Хохирогчийн төлөөлөгч *******ийн шүүхэд шинээр гаргасан хүсэлт зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 3 сарын 13-ны өдрийн орой 20 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ордос Ану” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хойд талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн мицубиши Л-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч Х.Мягмарсүрэнг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн 08 болон 11 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2929 болон 95 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын  үйлдсэн  гэмт  хэрэгт  Прокурорын  газраас  зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 7800000 төгрөгийг бэлнээр, гэмт хорын нөхөн төлбөрт 35 сая төгрөгийн үнэлгээтэй Ү-0614000340 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг шилжүүлсэн байх бөгөөд гэм хорын хохиролд хохирогчийн төлөөлөгчид нийт 42800000 төгрөгийг төлсөн байх ба хохирогчийн төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзбэл зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-R нэртэй 1 ширхэг дискийг энэ хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагаа, 00447748 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шүүгдэгчид тус тус  буцаан олговол зохино. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч *******ын эзэмшлээс Мицубиши Л-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болговол зохино. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Халхчууд овогт Очиржавын Сугарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Ялтан Д.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд хохирогчийн төлөөлөгч *******т нийт 42800000 /дөчин хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

 

6. Ялтан *******ын эзэмшлээс Мицубиши Л-200 маркийн 44-09ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-R нэртэй 1 ширхэг дискийг энэ хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, баримт бичгээр ирүүлсэн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагаа, 00447748 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг ялтан *******т тус тус буцаан олгосугай.   

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар  энэ  шийтгэх  тогтоол   нь  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг  2017 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн   304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх   хуулийн  306  дугаар  зүйлийн 306.1 дэх  хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР