Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0845

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О*********”;

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.М*********,

Хариуцагч: Х******** газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б****;

Гуравдагч этгээд: О***********;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б************, К******* нарын хооронд үүссэн “Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******, Г.Н**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б**** /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б************, К*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О************* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар “О*********” ХХК-ийн барилга угсралтын ажлыг зогсоосон тул хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

            Хоёр.Нэхэмжлэгч О*********” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2.1.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 0*********** дугаартай 749 м.кв үйлчилгээний зориулалттай газар дээрээ барилгын ажлыг манай компани 2020 оны 8 дугаар сард эхлүүлсэн талаар;

2.2.Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар манай барилга угсралтын ажлыг зогсоосон шийдвэртэй холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт гаргахад хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй талаар;

 2.3.В***************************** барилга байгууламжийн цогцолборт хамаарах киноны сангийн барилгыг нураах, барилга барих зөвшөөрлийг “О*********” ХХК-д олгохдоо давуу байдал бий болгосны улмаас бусдад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 0********* дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн, холбогдох шалгалтын ажиллагааг 2020 онд явуулсан талаар;

2.4.“Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоолыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байна гэж;

2.5.“Барилга барих зөвшөөрөл”-ийг манайд олгосны улмаас О***********ын Элчин сайдын яамны ашиг сонирхолд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг энэ оны 2 дугаар сард мэдсэн талаар;

2.6.“О*********” ХХК-ийн газар болон барилгатай холбоотой асуудал дуусгавар болсон байна хэмээн үзсэн тул “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох эсхүл уг тушаалын үйлчлэл дуусгавар болсныг тогтоож өгнө үү” гэсэн гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргахад, гомдлыг хянан шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/10/915 тоот хариу бичигт “О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай эсэргүүцлийн ноот бичиг, Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаартай албан бичгийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт танай компанид олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ***/**** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг... А/74 дугаартай тушаал гарч, барилга угсралтын ажлыг зогсоосон. “...О***********ын өмчийн болон газрын маргааны асуудал шийдвэрлэх, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 91 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улс дахь О***********ын үл хөдлөх хөрөнгийн эцэслэх асуудлыг шийдвэрлэсний дараа барилгын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно” гэсэн хариу өгсөн талаар;

2.7.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-ийг эш татан,  А/74 дүгээр тушаалыг эс зөвшөөрч байгаа талаар;

2.8.А/74 дүгээр тушаалд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 “эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал” гэж заасныг эшилсэн хэсгээс үзвэл “хууль болон Захиргааны хэм хэмжээний актаар олгосон эрхийн хүрээнд тушаал гаргах ёстой” гэсэн үг байх бөгөөд эрх олгосон хуулийн заалтыг уг тушаалд нэмж эшлээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж байгаа гэж;

2.9. Мөн уг тушаалд “Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “... хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гээд 96.2-т “... биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасныг тус тус эшилсэн ч бодит байдалтай нийцэхгүй гэж;

2.10.Энэ нь хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхцөлийг захиргааны байгууллага шалгаж тогтоогоогүйгээс гадна сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-г зөрчиж байгаа талаар; 

2.11.Түүнчлэн “эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөөд байх тул зөрчигдсөн эрхийг сэргээгээд өгөөч” гэсэн гомдлыг аль нэг этгээдээс уг байгууллагад хандан огт гаргаагүй байх тул тухайн тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болж чадахгүй учраас дураараа авирлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэж; 

2.12.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хугацааны талаар “гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд” хэмээн хууль тогтоогч тогтоосон байхад “О***********ын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” хэмээн хугацаагүйгээр барилгын ажлыг зогсоож байгаа нь хуулийг илэрхий зөрчиж байгаа зөрчил гэж; 

2.13.Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг тул түдгэлзүүлсэн Захиргааны актын үйлчлэл хууль зүйн хувьд аль хэдийн дуусгавар болсон ч тушаал хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэвээр байгаа тул түүнийг хүчингүй болгуулах шаардлага байгаа талаар;

2.14.Тушаалд “Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.4-т “эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах” гэж заасныг эшилсэн байна. Гэвч “тушаалынхаа биелэлтийг түдгэлзүүлэх эрх”-ийг уг журмаар аль нэг албан тушаалтанд олгоогүй байх тул эрх хэмжээгүй асуудлаар шийдвэр гарган, дураар авирлаж байгаа гэж;

2.15.Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснээр манай компанийн захиалгатай барилга угсралтын ажил хоёр жил зогсож, банкнаас авсан зээл, зээлийн хүү, барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний сул зогсолт, бараа материалын захиалгын гэрээний алдагдал зэрэг бодит хохирол учирч байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх” маань зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэр гаргуулах замаар түүнийгээ сэргээлгэх хүсэлтэй байгаа талаар бичжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд Улаанбаатар хотын Захиргаанаас тухайн газар дээр барилгын ажлын гэрчилгээг хуульд заасан баримт материалыг бүрдүүлж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Х********** газрын шийдвэрээс болж манай компанийн 2 жилийн хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд орсон. Монгол Улсын нутаг дэвсгэрт О***********ын эзэмшлийн газар гэж байхгүй.

Мөн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-т гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар олгохыг хориглох заалт байгаа. Манай компанийн барилгын үйл ажиллагаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан зөвшөөрөл, үүрэг болгосон даалгавар болоод журмын дагуу үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйгээс үүдэн их хэмжээний хохирол учирсан. Гуравдагч этгээдээс гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас манай компанийг шалгахад шалгалтаар хууль зөрчсөн үйлдэл илрээгүй байна гэсэн шийдвэр гарсан. Иймд манай компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ гэж зохицуулсан байдаг. Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон шийдвэртэй холбоотой тусдаа гомдол хянан шийдвэрлэх процесс ажиллагаа явагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О*********” ХХК хамааралтай эсэхийг шалгаж, хамааралгүй гэдэг нь тогтоогдсон учраас Нийслэлийн Прокурорын газраас яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гарсан. Тухайн барилгыг өмчилж байсан иргэн У.Б****** холбоотой эрүүгийн хэрэгт тусдаа шалгагдаж байгаа.  Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хамааралгүй гэж үзэж байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран барилгын ажил цааш үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Тийм учраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зөрчиж гаргасан гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Барилга одоо байхгүй ч барилгыг шилжүүлж авсан процесс нь Иргэний хуульд заасан гэрээ хэлцлийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж Нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамж болон газар эзэмших гэрчилгээ, гэрээний дагуу газрыг эзэмшиж байгаа. Барилгыг буулгах зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захиргаанаас авсан. Барилгыг залилж авсантай холбоотой маргааныг тусдаа эрүүгийн журмаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Маргаан бүхий тушаалд О***********ын өмч гэсэн байгаа. Үгчилж ойлговол өмч гэвэл газар гэж ойлгоно. Байгалийн баялаг, ан амьтан зэрэг нь Монгол Улсын өмч. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд хүн, хуулийн этгээд байх ёстой. О***********ын хуулийн этгээдийн нэр дээр гарсан ямар үл хөдлөх, эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтаас санаа авахад нийтийн зориулалттай өмч гэдэг утгаараа байх ба бусад үл хөдлөх, эд хөрөнгийн бүртгэл хуулийн этгээдийн нэр дээр гарна.

 О***********ын өмч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байхгүй учраас огт хамааралгүй үйл баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн. Объектын тухайд газрын тухай асуудалд “О*********” ХХК-ийн нэр дээр газар байгаа. Тэгэхээр тухайн газар “О*********” ХХК-ийн нэр дээр байхад газар дээр байгаа үл хөдлөх, эд хөрөнгө өөр этгээдийн нэр дээр байх хууль зүйн боломж байхгүй. Газар эзэмшигч газрыг шилжүүлэх хуулийн зохицуулалт байдаг гэв.

Гурав.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

3.1.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний барилгын зориулалтаар “О*********” ХХК-д 2020 оны ***/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 09/4787 дугаар албан бичгээр О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да тоот эсэргүүцлийн ноот бичгийн хувийг хүргүүлж, барилга болон газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай захирамж, шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, цаашид цуцлах, О***********ын Элчин сайдын яамны хууль ёсны эзэмшигчийн эрхийг сэргээж, бүртгэх арга хэмжээ яаралтай авахыг шаардсан талаар;

3.2.Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсад байгаа О***********ын үл хөдлөх, эд хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд сонсох ажиллагаа зохион байгуулж, “О*********” ХХК-д олгосон 2020 оны ****/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Х********** газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаалаар түдгэлзүүлсэн талаар;

3.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай асуудал өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газраас өмчийн маргааны асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Гадаад харилцааны яаманд хандаж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан талаар;

3.4. Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гэж, 96.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж, Х********** газрын хөдөлмөрийн Дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “Газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэж заасныг тус тус үндэслэн гарч, “О*********” ХХК-д 2020 оны ****/**** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн талаар;

3.5.Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гээд, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хучин төгөлдөр байна” гэж тус тус заасан талаар;

3.6.Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шийдвэр нь захиргааны байгууллагаас захиргааны актад гарсан гомдлыг хянан шийдвэрлэх явцад гомдлыг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэрэгжилтийг нь түр хугацаагаар зогсоох үр дагавартай буюу захиргааны байгууллагын холбогдох асуудлаарх эцсийн шийдвэр биш бөгөөд Х********** газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг бүрэн агуулаагүй байгаа талаар;

3.7.Хариуцагч албан тушаалтан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн тушаалаа О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай эсэргүүцлийн ноот бичиг, Монгол Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаартай албан бичгийн дагуу нэхэмжлэгчид олгосон Барилгын ажлын 2020 оны ***/**** дугаар зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг “Гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гээд, 94.4 дэх хэсэг “шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” буюу заасан хугацаанд Барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан, эсхүл хэвээр үлдээх талаарх ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй талаар дурдаж;

3.8.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Х********** газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Х********** газрын 2020 оны А/74 тоот тушаал гарахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ернхий хууль болон Х********** газрын дотоод журмын дагуу гаргасан тушаалыг тус тус үндэслэж “О*********” ХХК-д олгогдсон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133 дугаар 2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэр гаргах болсон шалтгааны тухайд Х******** газар нь Улаанбаатар хотын төлөвлөлтийг хариуцдаг байгууллага бөгөөд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталж иргэн, аж ахуйн нэгж барилгын ажлын зураг хийлгэж, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах, Мэргэжлийн хяналтын газраар хянуулсны үндсэн дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт авдаг. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсны дараагаар тухайн газар дээр газар шорооны ажил эхэлснээр барилгын ажил эхэлдэг.

Нэхэмжлэгч компанийн тухайд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авснаар барилгын ажил эхэлсэн. Барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам, О***********аас гарсан албан бичиг, ноот бичгүүдийг нотлох баримтаар өгсөн.

Гомдол ирсний дагуу маргаан бүхий захиргааны акт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаал гарсан. Уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан “захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гээд мөн зүйлийн 96.2-т “энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.

Х********** газрын даргын тушаал нь эцсийн шийдвэр биш. Нэхэмжлэгч компани Х******** газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргахдаа тухайн газар дээр газар эзэмших эрхтэй байсан. Мөн Барилгын тухай  хуулийн 28 дугаар зүйлд  заасны дагуу бүрдлийг хангуулж ирсэн учраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар нэхэмжлэгч компанийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн эцэслэн шийдвэрлэсэн зүйл биш, харин газартай холбоотой уг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхэд нэхэмжлэгч компанид олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэгдэнэ. Тухайн барилгыг барихаас өмнө газар дээр барилга байсан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нэгдүгээрт барилгыг буулгахад, хоёрдугаарт барилгын засвар тохижилт, гуравдугаарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэсэн 3 төрлөөр олгодог. Нэхэмжлэгч компани нь анх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2 төрлөөр авсан. Суурийн нуралтаас хамаарч бэхэлгээний ажилд нэг удаа, маргаан бүхий захиргааны акт буюу 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133 дугаартай гэрчилгээгээр хоёр дахь удаа авсан байдаг. Тэгэхээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь эцсийн шийдвэр биш. Маргаан бүхий захиргааны акт буюу Х********** газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Үл хөдлөх хөрөнгийг О***********ад өмчлөх эрхийн гэрчилгээ анхнаасаа гараагүй байсан. Учир нь У.Б*** гэгч дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан байдаг. Яагаад О***********ын өмчлөлийн газар дээр У.Болд гэгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан эсэх асуудлыг шалгаад үзэхэд бичиг баримт хуурамчаар үйлдээд О***********ын өмчид Монгол Улсын улсын бүртгэлд өмч гээд бүртгээд авсан болох нь тогтоогдоод үүнийг бичиг баримт хуурамчаар үйлдэж авсан гэж үзэж байна. Бид өмчлөгчийнхөө эрхийг  хэрэгжүүлэхэд манай өмчлөлийн эд хөрөнгийг нураасан гэдгээр хохирогчоор тогтоогдоод явж байгаа асуудал байгаа. Түүнээс биш яг одоо О***********ын өмчлөл дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаад тэрийг нь нурааснаар улсын бүртгэлээс хассан процесс байхгүй гэдгийг хэлмээр байна.

Магадгүй шүүхээс нэхэмжлэл үндэслэлтэй гэж шийдээд энэ барилга баригдах явц үргэлжиллээ гэж үзэхэд У.Б*** гэдэг хүн бичиг баримт хуурамчаар үйлдээд барилгыг нураасан гэдэг нь тогтоогдвол энэ барилгын өмчлөгч нь хэн бэ гэдэг асуудал үүснэ. Эрүүгийн шүүхийн процессын шийдэл нь хулгайлагдсан этгээдийн эрх ашиг, гэмт хэргийн замаар шилжсэн барилга болох нь тогтоогдоно. Харин эсрэгээрээ шүүх хуралдаанд оролцож байгаа Н.М********* захирлын хувьд У.Б*** гэдэг хүн Н.М********* захирлыг залилсан, өөрийнх нь биш барилгыг өөрийнхөө барилга гэж итгүүлээд ***.***.*** төгрөг авсан гэж ойлговол ***.***.*** төгрөгийн хохирлын асуудал яригдах ёстой болохоос биш уг барилгыг тухайн үед үл хөдлөх хөрөнгөтэй байхад нь худалдаж авсан гэх тайлбар үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Үл хөдлөх эд хөрөнгө Монгол Улсын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ газар дээр үндэслэж гаргана. Газрын эрх О***********ад байгаагүй. Гэвч Монгол Улсын Газрын тухай хуулийн 3.1.8-д заасны дагуу гадаад улс өөрөө газар ашиглах эрх авах эрхтэй гэж заасан байдаг. Мөн ашиглах эрх олгохдоо Засгийн газраас хугацааг тогтоодог. Засгийн газраас удаа дараа өөрийн байр сууриа илэрхийлдэг. Энэ газар О***********ын газар мөн гэдгийг баталгаажуулж байдаг. Ийнхүү бид заавал өмчлөх эрхийн хэлбэрээр өгнө үү гэх шаардлага гаргаагүй. Монгол Улсын хууль тогтоомжид заасан хэлбэрээр гаргаж өгнө үү гэж газрын эрхийг нэхэмжилж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” 262 дугаар  тогтоолоор “Улаанбаатар хот дахь В.********** нэрэмжит клуб байрлаж байгаа /одоогийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хороонд байрлах Санкт-Петербург төв нэртэй барилга/ 1,05 га газрыг тус улсад суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд үнэ төлбөр-татвар хураамжгүйгээр хугацаагүй эзэмшүүлэхийг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд даалгаж шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н 112 дахь тал/

3.2.Улмаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” 230 дугаар тогтоолын 11 дэх заалтаар Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг үндэслэн В.*********** нэрэмжит клубт зориулан 1,05 га газрыг олгожээ. /ХХ-2-н 142-143 дахь тал/

3.3.Худалдаа, үйлдвэрийн яамны 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/1937 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагуудад хандан “...Худалдаа, үйлдвэрийн яамнаас О***********ын Ленинград хотын  Эдийн засгийн гадаад харилцааны  хорооны төлөөлөгчийн газрыг 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар нээж  ажиллуулах 14 тоот зөвшөөрлийг  олгосон талаар”, “Монгол Улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл бүртгэлгүйгээр О***********ын  харьяат Якимов Ю.И нь Санкт-Петербургийн төлөөлөгчийн газар гэсэн тамга, тэмдэг ашиглан Ленин клубийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа талаар”, “Ленин клубийн барилга хэний өмч болох асуудал маргаантай байгааг шалган тогтоох” хүсэлтийг гаргаж байжээ. /ХХ-1-н 51-52 дахь тал/

3.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 947 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан “...Санкт-Петербург соёл үйлчилгээний төвийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгийн талаарх маргаантай асуудалд хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөх болон Засгийн газраас комисс байгуулан ажиллуулах санал” зэргийг хүргүүлсэн байна. /ХХ-1-н 115 дахь тал/

3.5.О***********ын Санкт-Петербург хотын Зөвлөлийн эдийн засгийн хөгжлийн  хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын 1993 оны 12  дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай  тэмдэглэлд “Санкт-Петербургийн төлөөлөгчийн газрыг ажиллах зөвшөөрлийн хугацааг сунгах,  Ленин клубт хууль бусаар явуулж олсон  орлогын татварын тооцоог дуусгасны дараа 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах асуудлыг Худалдаа, үйлдвэрийн яам хүлээж авахаар тохирсон” талаар тусгасан байна. /ХХ-1-н 53 дахь тал/

3.6.Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “ОХУ-ын Санкт-Петербург хотын даргын хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь В.И.Лениний  нэрэмжит клубийг Санкт-Петербург хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан тус клубийн эзэмшилд олгосон 1,05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, мөн тогтоолоор дээрх   Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” *** дугаар  тогтоолыг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэжээ. /ХХ-1-н 113 дахь тал/

3.7.Монгол Улсын Засгийн газраас 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолын танилцуулгадаа “...Монгол Улсын шинэ Үндсэн хуульд нийцүүлэн урьд гаргасан хууль тогтоомжуудаа хянан үзэж, энэ шийдвэрийг гаргасан талаар тэмдэглэсэн байна. /ХХ-1-н 114 дэх тал/

3.8.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар  О***********ыг 1,05 га газар бүхий Ленин клуб, гараашны барилгын өмчлөгчөөр бүртгэж, 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай гэрчилгээг гаргуулсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн  танхимын  2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байна. /ХХ-2-н 233-240 дэх, ХХ-3-н 9-16 дахь тал/

3.9.Дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа О***********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С********* 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны *****,* ам метр талбай бүхий газрын эзэмшигчээр О***********ын бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан болох нь Бүртгэл-хяналтын карт /ХХ-2-н 171 дэх тал/, мөн түүний орос, монгол хэлээр гаргаж байсан өргөдөл /ХХ-2-н 172-173 дахь тал/, түүнд хавсаргасан баримтууд /ХХ-2-н 172-181 дэх тал/, газрын кадастрын зураг /ХХ-2-н 182 дахь тал/, О***********аас С.С********-д олгосон итгэмжлэл /ХХ-2-н 184186 дахь тал/ зэргээр тогтоогдлоо.

3.10.С.С.Жилинскийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж Нийслэлийн газрын албанаас 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 7/1825 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “...Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санкт-Петербург төвийн газрын асуудлаар Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, тус ажлын хэсгийн дүгнэлт гаргах хүртэл түр хүлээх”-ийг хүсжээ. /ХХ-2-н 187 дахь тал/

3.11.Дээрх үйл баримтуудаас үзвэл 1993 оноос О***********ын талаас Ленин клубийн барилгын өмчлөгч гэж өөрийгөө үзэж ирсэн, энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, түүний яамдад, Нийслэлийн Засаг дарга, түүний  газрын албанд хандаж ирсэн ч барилга өмчлөгчийн болон барилгын орчны газрын асуудлын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байжээ.

3.12.Ийнхүү О***********ын талын эрх бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхол бүхий барилга, түүний орчны газрын асуудал нь эцэслэн шийдвэрлээгүй,  энэ талаар Нийслэлийн Засаг дарга мэдэж байсан, эсхүл мэдэж байх ёстой байсан атлаа тэрээр  2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжаараа “Дэлгэр интернейшнл” ХХК-д 322 метр квадрат газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж /ХХ-1-н 168-169 дэх тал/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх  гэрээ байгуулж /ХХ-1-н 154-156 дахь тал/, газар эзэмших эрхийн  гэрчилгээ олгосон байна. /ХХ-1-н 151 дэх тал/

3.13.Улмаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “******************” ХХК-ийн захирал Б.Д********* гэгч нь уг газрын дээрх Санкт-Петербург төвийн /В*********************/ Кино сангийн 2 давхар, нийт 644 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Д*************ийн нэрээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байна. /ХХ-ийн 170 дахь тал/

3.14.Мөн өдрөө “********************” ХХК Нийслэлийн өмчийн харилцаа, газрын албанд хандан компанийн эзэмшдэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын *******/****** дугаартай, 322 метр квадрат газрыг бэлэглэлийн гэрээгээр Б.Д*********нд шилжүүлэх хүсэлтийг, Б.Д**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц**********с уг газрыг шилжүүлэн авах хүсэлтээ тус тус гаргасан байна. /ХХ-1-н 138, 139 дахь тал/

3.15.Дээрх хүсэлтүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар /ХХ-2-н 35, 39 дэх тал/  газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Д****************ийн нэр дээр шилжүүлжээ.

3.16.Үүний  дараа Б.Д******************ийн 2017 оны 06 дугаар сарын 13-ний өдөр гаргасан  “О*********” ХХК-д 322 метр квадрат газрыг шилжүүлэх хүсэлт, “О*********” ХХК-ийн уг газрыг шилжүүлж авах хүсэлтийг үндэслэн /ХХ-1-н 174 дэх тал/ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн */**** дүгээр захирамжаар “О*********” ХХК-д 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж /ХХ-1-н 239, 242 дахь тал/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгож /ХХ-1-н 184 дэх тал/, гэрээ байгуулсан /ХХ-1-н 187-189 дэх тал/

3.17.Уг 322 метр квадрат газар нь уг газрын дээрх барилгын сууриар эзэмшүүлсэн газар байсан бөгөөд дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “О*********” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж авснаа Эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн Ү-**************** дугаарт бүртгүүлжээ. /ХХ-1-н 199 дэх тал/

3.18.Улмаар Б.Д*****************ийн эрх залгамжлагч “О*********” ХХК гэх нэрээр эдгээр этгээд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “өөрийн эзэмших  322 метр газрын хэмжээг 426,07 метрээр нэмэгдүүлэн эрх залгамжлагч “О*********” ХХК-д  олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /ХХ-2-н 1-10 дахь тал/

3.19.“О*********” ХХК-д өөрийн эзэмшил газар дээр барилга барихаар эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ************* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч /ХХ-1-н 36-37 дахь тал/,  барилгын ажлаа эхлүүлжээ.

3.20.Гэтэл О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичгээр “...О***********ын хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж, оросын талд өмнө олгосон байсан В***************************** эдэлбэр газар дахь барилга байгууламжийг гуравдагч этгээд дур мэдэн буулгаж, барилга барих зөвшөөрөл олгосонд эрс шийдэмгий эсэргүүцэж буйгаа илэрхийлж, холбогдох арга хэмжээ авахыг барилга эдэлбэр газрыг өөрийн нэр дээр бүртгэхийг уриалсан байна. /ХХ-127-128 дахь тал/

3.21.О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичгийг үндэслэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “... дээрх барилга болон газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай Нийслэлийн холбогдох захирамж, шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах, О***********ын Элчин сайдын яамны хууль ёсны эзэмшигчийн эрхийг  сэргээж, бүртгүүлэх арга хэмжээг яаралтай авах”-ыг мэдэгджээ.

3.22.Дээрх О***********ын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар албан бичгийг үндэслэн Нийслэлийн Х********** газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай”  тушаалаар “О*********” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын  31-ний өдрийн ********* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс түдгэлзүүлсэн” байна.

3.23.Хариуцагч Х******** газар нь дээр шийдвэрийг гаргахдаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, уг ажиллагаанд тус компанийг төлөөлж, захирал С.Л**************, н.М********** нар оролцсон болох нь Сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдсон. /ХХ-1-н 40-42 дахь тал/

3.24.В***************************** цогцолборт хамаарах Кино сангийн барилга буюу “О*********” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэх барилгыг “О*********” ХХК нураасан, одоо уг газар дээр шинээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай Барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ гаргуулж, барилгын суурийг цутгаж эхэлсэн гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар огт маргаагүй зэрэг үйл баримтууд шүүхэд  тогтоогдлоо.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, ...”  гэж заасан байна.

4.2.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Х********** газрын дарга нь  өөрийн эрхэлсэн асуудлаар шийдвэр гаргах эрхийг ийнхүү хуулиар олгосон байна.

4.3.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубийн барилга, гараашийг нь О***********ын өмчөөр бүртгэгдсэн байсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч Улсын дээд шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тогтоолд “О***********ыг эрхийн зөрчилгүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, өөрийн өмчийг зохих журмын дагуу  улсын бүртгэлд бүртгүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд энэ тогтоол саад болохыг дурдаж өгсөн байгаа тул гуравдагч этгээд энэ эрх нь хязгаарлагдаагүй, уг эд хөрөнгөд холбогдох асуудлаар шаардах эрхтэй этгээд мөн  болох нь тогтоогдож байна.

4.4.Ийнхүү О*********** нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубийн барилга, гараашийг өөрийн өмч гэж үзэж Монгол Улсын эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх маргаантай шатанд нь, энэ тухай мэдэж байсан атлаа Нийслэлийн Засаг даргаас 2014 онд “*********************” ХХК-д барилгын доорх газрыг эзэмших эрх олгосон нь давхар маргаан дагуулсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болжээ.

4.5.Нэхэмжлэгч талаас захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т заасныг зөрчсөн гэж маргасан нь үндэслэлгүй байна.

4.6.Учир нь хариуцагч Х********** газрын дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан нь уг ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд ямар шалтгаанаар сонсох ажиллагаа биш гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй.

4.7.Иймд шүүхээс хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй.

4.8.Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй тохиолдол”-ыг заасан байна.

4.9.Хариуцагчаас “маргаан бүхий захиргааны актын зорилго нь  В*********************** цогцолбор барилгын өмчлөл, түүний доор газрын эзэмших, ашиглах эрхийн маргаантай асуудал болон  өмчлөгч нь хэн болохыг Монгол Улс, О***********ын хооронд дипломат шугамаар болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох хүртэл нэхэмжлэгч талд үүсэж болох эрсдэл, гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ сэргээлгэх нөхцөл байдал зэргийг харгалзсан гаргасан” болохыг тайлбарласнаас үзвэл уг захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зохих ёсоор эрхийн түр хамгаалалт тогтоосон шийдвэр гэж үзсэн болно.

4.10.Нэхэмжлэгч талаас “эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдсөн гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх” тухай гомдлыг аль нэг этгээдээс уг байгууллагад хандан гаргаагүй байх тул тухайн тохиолдолд хариуцагч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болж чадахгүй учраас дураараа авирлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

4.11.Тодруулбал, О***********, түүнийг гадаад улсад төлөөлөх эрхтэй Монгол Улс дахь О***********ын Элчин сайдын яам нь албан ёсоор Гадаад харилцааны яаманд хандаж ноот бичгээр “маргаантай” гэдгээ мэдэгдсэн нь Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Конвенц[1]-ийн 1 дүгээр зүйлд Хэлэлцэн тохирогч улсуудад иргэний болон худалдааны хэргийн талаарх баримт бичгийг хилийн чанадад буй этгээдэд хүсэлт гаргагч улсын консулын хүсэлтээр гардуулах бөгөөд уг хүсэлтийг хүсэлт хүлээн авагч улсын тогтоож өгсөн эрх бүхий байгууллагад илгээнэ” гэж, Монгол Улс, О***********ын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээний 3 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Гэрээнд хамаарах хэргийн талаар хуулийн байгууллагууд өөр хоорондоо харьцахдаа төв байгууллагаараа дамжуулан харилцана” гэж, мөн зүйлийн 2-т “Хэлэлцэн тохирогч хоёр Талын иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх бүхий байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухайд Хэлэлцэн тохирогч төв байгууллагаар дамжуулан хандана” гэж заасан байна.

4.12.Дээрх Монгол Улсын Олон Улсын Гэрээний  дагуу О***********ын гадаад  хэргийн яамнаас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ирүүлсэн “В********* нэрэмжит  клубийн барилгын талаар  өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаантай гэдгээ нотолж ирүүлсэн ноот бичгийг албан ёсны гомдол, зохих журмаар гаргасан гэж үзэх бөгөөд уг ноот бичгийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн “гомдлыг аль нэг этгээдээс огт гаргаагүй, дураараа авирлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн” гэдэг нь няцаагдсан.

4.13.Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газрыг “гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болж чадахгүй” гэснийг анхан шатны шүүхэд хүлээн авах үндэслэлгүй юм.

4.14.Учир нь хариуцагч Х******** газар, түүний дарга  нь өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох эрх хэмжээтэй бөгөөд уг асуудлаар нь гомдол гаргасан тохиолдолд гаргасан шийдвэрээ эргэж хянаж, түдгэлзүүлэх, бүүр хүчингүй болгох эрх хэмжээтэй этгээд мөн юм.

4.15.Нэхэмжлэгчээс Монгол Улсын нутаг дэвсгэрт О***********ын эзэмшлийн газар гэж байхгүй. О***********ын хуулийн этгээдийн нэр дээр гарсан ямар үл хөдлөх, эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй” гэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн.

4.16.О***********, түүний хуулийн этгээдийн нэр дээр “В********************* барилгын өмчлөгч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байгаа боловч тэрээр өмчлөгч байсныг нотолсон болон мөн түүнчлэн өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор маргаж байгааг  нотолсон баримтууд  хэрэгт авагдсаныг үндэслэн анхан шатны шүүхээс уг барилгын өмчлөх эрхийн талаар хууль ёсны эрхтэй эсэхээ зохих байгууллагаар тогтоолгох буюу маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй учраас хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж дүгнэлээ.

4.17.Нөгөө талаас В***************************** барилгын доорх газрыг уг үл хөдлөх хөрөнгөөс салангид авч үзэх эрх зүйн боломж байхгүй тул барилгын доорх газрыг болон барилгын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орчны газрыг өөрийн эзэмшилд /ашиглах/ эрхтэй гэж маргасан гуравдагч этгээдийн тайлбарыг хууль зүйн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн болно.

4.18.Мөн нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газраас О*********” ХХК-ийг шалгахад шалгалтаар хууль зөрчсөн үйлдэл илрээгүй, эрүүгийн хэрэгт хамааралгүй гэдэг нь тогтоогдсон тул барилгаа  үргэлжлүүлэн барих ёстой гэж маргасныг  шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

4.19.Тухайлбал, В.******** нэрэмжит клуб түүний цогцолборт хамаарах кино сангийн барилга, гарааш зэрэг нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг барилгын өмчлөх эрхийг У.Б*** гэгч  гэмт хэрэг үйлдэх замаар хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгэсэн  гэх асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх шатанд явж байгаа ба энэ хэрэгт  “О*********” ХХК-ийг холбогдогчоор татаагүй боловч эрүүгийн гэмт хэрэгт хэлэлцэгдэж байгаа объект нь В***************************** барилга болон түүний доорх газар болох нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын Прокурорын үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Яллах дүгнэлтээр нотлогдож байна.

4.20.Иймд гэмт хэргийн замаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн байж болзошгүй гэх объектыг, уг маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөлд өөр этгээд барилга барих нь хууль ёсны ажиллагаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй болно.

4.21.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”  гэх үндэслэлээр “маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн” гэсэн нь хуульд нийцээгүй боловч уг захиргааны актын зорилгыг үндэслэн шүүх бие даасан захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

4.22.Тодруулбал, Х******** газар нь В***************************** доорх “О*********** болон “О*********” ХХК, эсхүл  “*****************” ХХК-ийн хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлээгүй, уг асуудлыг шалгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй тул Захиргааны ерөнхий хуулийн  95 дугаар зүйлд заасан гомдол шалгах ажиллагаа явуулаагүй тул мөн хуулийн 96 дугаар зүйлд заасан журмаар өөрийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх ажиллагаа биш байжээ.

4.23.Дээр дурдсанаар О***********ын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот бичгийг үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ түдгэлзүүлсэн нь өөрөө “О*********” ХХК барилга барих үйл ажиллагаа түр зогсоосон эрх зүйн үр дагавар бүхий бие даасан захиргааны акт мөн юм.

4.24.Иймд Уг захиргааны актын зорилго нь хууль зөрчөөгүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

            4.25.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг эцсийн шийдвэр биш бөгөөд Х********** газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг бүрэн агуулаагүй гэж маргасныг анхан шатны шүүхээс энэ шийдвэрийн 4.23-т заасан үндэслэлээр хүлээн аваагүй.

            4.26.Дээрх хууль зүйн үндэслэлээр Нийслэлийн засаг даргын дэргэдэх нийслэлийн Х********** газрын дарга нь дээрх маргаантай асуудлыг эрх бүхий этгээдээс эцэслэн шийдвэрлэх хүртэл “О*********” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалаар  түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

4.6.Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “О*********” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

5.2.Шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг үнэлж, үнэлсэн баримтуудаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн  бөгөөд энэ шийдвэрт үнэлээгүй бусад нотлох баримтуудыг  хэрэгт хамааралгүй гэж үзсэн болно.

5.3.В***************************** барилгын өмчлөгчөөр “*****************” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийг эх хувиар нь  эрүүгийн журмаар  хураан авч, эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан тул шүүхээс  бүрэн эхээр гаргуулах боломжгүй байсан болно.

5.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О***********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн талаар тусгайлан бичгээр тайлбар гаргаагүй боловч шүүхэд хандан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтдээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдсөн талаар тайлбарыг бүрэн гаргасан тул уг тайлбарыг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар гэж үзсэн болно.

 

Зургаа.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар:

6.1.Нэхэмжлэгч “О*********” ХХК нь Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай”  2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг гаргах сонсох ажиллагаанд мөн өдөр оролцсон байна.

6.2.Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх шийдвэрийн талаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/4199 дүгээр албан бичгээр хүргүүлсэн гэх боловч ийнхүү гардуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэсний дагуу гардуулаагүй гэж үзсэн.

            6.3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш 1 жил 2 сар  гаруй хугацааны дараа  буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг шүүх 3 сар гаруй хугацааны дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж хэрэг үүсгэсэн, түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн зэрэг шүүхийн ажиллагаанаас үүдэн “нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах боломжгүй” нөхцөл үүссэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан шүүхэд гомдол гаргах эрхийг хангаж, нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О*********” ХХК-ийн  гаргасан “Х********** газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай”  2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч  “О*********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

[1] Төрийн мэдээлэл, Тусгай дугаар II боть, 2005 он