Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/203

 

 

 

 

 

 

   2021             02            25                                        2021/ДШМ/203  

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Туул,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох 1909042691209 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т-,

 

Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн ойролцоо, насанд хүрээгүй Г.Т-ийг гараа далайлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн өөрт байсан “Samsung Note 2” загварын ажилладаггүй гар утсыг өгч, түүний эзэмшлийн “LG 5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогчоос гар утсыг авахдаа эхлээд утсаар ярих бодолтой байсан. Утсаар ярьсны дараа утас нь таалагдаад байсан тул өөрийнхөө утсаар сольж авсан. Би хохирогчийг айлгаж, дарамтлах үйлдэл хийгээгүй, хүч хэрэглээгүй ба хохирогч бид хоёр бие бялдарын хувьд ижилхэн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэж өгнө үү.” гэсэн гомдол гаргасан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт шаардлагатай бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх Б.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж буюу бие бялдрын илт давуу байдлаа ашиглан сүрдүүлж, мөн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор сэтгэл зүйн хувьд айлган сүрдүүлсэн гэж тодорхойлсон байх ба мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Т- мэдүүлэхдээ миний утсаар ярьчихаад өгье гэсэн бөгөөд ярьж дуусчихаад буцааж өгөөгүй гэж анхны мэдүүлэгтээ мэдүүлж, хүч хэрэглэсэн болон сэтгэл санааны дарамт үзүүлсэн талаар дурдаагүй. Дараагийн мэдүүлэгтээ гараа далайсан, чамайг зодох байсан бол сургууль дотор чинь зодох байсан гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн. Тухайн үед гэрч Г.Д-, Э.С-, А.Э- нарыг байсан гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт эдгээр гэрч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүч хэрэглэсэн байдал болон элдэв үг хэлж дарамталсан зүйл байхгүй, Т-г таньдаг хүнтэйгээ утсаа сольж байна гэж бодсон талаар тогтвортой мэдүүлж байсан болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэдэгт аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэн довтолж гар утсыг авсан үйлдэл нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү. Мөн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу болсон.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн бөгөөд Б.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй байгаа болно. Иймд Б.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэж гомдол гаргасан боловч гэм буруу дээр маргахгүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т-гийн үйлдлийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнэсэн. Хохирогчийн гар утсыг өөрт байсан ажилладаггүй гар утсаар сольж авах нэрийдлээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа сэтгэл зүйн хувьд хохирогчийг айлган сүрдүүлж, сайн дураар өгөхгүй бол ямар байдал гаргахаа илэрхийлж, заналхийлж гар утсыг шилжүүлэн авсан. Б.Т-тэй хамт байсан бусад гэрч нарын хувьд “Б.Т-г гар утас солилцож авсан гэж ойлгож байсан” талаар тогтвортой мэдүүлсэн тул хамт байсан хүмүүст холбогдуулж мөнгө угаасан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Т-гийн хүч хэрэглэж заналхийлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Б.Т- хүч хэрэглэж, заналхийлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй боловч гар утсыг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа нь Б.Т-гийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэр, урлалын политехникийн коллежийн ойролцоо насанд хүрээгүй Г.Т-ийг гараа далайлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн өөрт байсан “Samsung Note 2” загварын ажилладаггүй гар утсаа өгч, түүний эзэмшлийн “LG 5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Г.Т-ийн “...хичээлээсээ гараад явж байхад хоёр ах шатан дээр зогсож байсан. Намайг зогсоогоод “гар утсаа өгч бай, утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлсэн. ...Гар утас авсан халзан ах “энэ утсаа өг, эсхүл өөр утсаар сольё” гэхээр нь би “юу яриад байгаа юм, утсаа өгөхгүй, авъя” гэж хэлэхэд “би чамайг цохьвол сургууль дотор цохьчих байсан” гэж хэлсэн. ...Нөгөө халзан ах “симээ авах уу, дэлгэцнийхээ кодыг гарга” гэж хэлэхээр нь би зурагнуудаа устгая гэж аваад кодыг нь тайлаад өгсөн. ...” /хх 18-19, 20-21, 23-24/,

гэрч Э.С-ын “...Б.Т- өөрийн танил дүүдээ цагаан өнгийн “Samsung Note 2” загварын гар утас гаргаж өгөөд, оронд нь LG 5загварын гар утсыг нь авсан. ...Төрөө, Д- хоёр машинаас буугаад гудамжинд явж байсан нэг хүнд тухайн гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан гээд машинд ороод ирсэн. ...Б.Т-, Г.Т- хоёр хол байсан учраас юу ярьсныг нь сонсоогүй. ...” /хх 26-28, 45-46/,

гэрч Г.Д-ийн “...Төрөө нэг хүүхдэд гар утсаа өгөөд оронд нь “LG 5” загварын гар утас аваад бид хэд тэндээсээ гараад “Монтел” худалдааны төв орж танихгүй хүнд зараад хоолонд орсон. ...Би машин дотор сууж байсан учир юу ярьсныг нь сонсоогүй. ...Надад ямар учраас гар утсаа сольж байгаа талаар хэлээгүй. ...” /хх 34-36, 41-42/,

гэрч А.Э-ын “...Т-гийн утас нь “Samsung Note 2загварын утас байсан, сольж авсан утас нь “LG 5” загварын гар утас байсан. ...Би хол байсан учраас юу ярьсныг нь сонсоогүй. ...Надад ямар учраас гар утсаа сольж байгаа талаар хэлээгүй. ...” /хх 37-38, 43-44/,

Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...би тэр залууд өөрийн “Samsung Note 2 загварын гар утсаа өгч “LG 5” загварын гар утсыг нь авсан. ...Тухайн гар утсыг “Монтел” төв ороод 40.000 төгрөгөөр зараад бид дөрөв хоолонд орсон. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 130-131/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 50-51/, хохирлын мөнгө хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 103-104/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Т-гийн гараа далайлган хохирогч Г.Т-ийг айлган гар утсыг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Туул нар нь “...хохирогчийг айлгаж, дарамтлах үйлдэл хийгээгүй, хүч хэрэглээгүй. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч давж заалдах заалдах шатны шүүх хуралдаанд  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тайлбар гаргаж давж заалдах гомдлынхоо агуулгыг өөрчилжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Шүүгдэгч Б.Т-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Туул нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1027 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Туул нарын “...хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН