Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/01969

 

 

 

 

 

 

 

 

2022 04 27

101/ШШ2022/01969

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Хорго овогт Н.Б /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Харуул овогт Ү.О /рд:0/-д холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-У, гэрч А.А, П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ү.О-тэй 2020 оны 1 сард 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа үнэгүй суулгана, хугацааг тохирно гэсэн зарын дагуу утсаар ярихад Ү.О гэдэг эмэгтэй холбогдож ...надад 15,000,000 төгрөг хэрэгтэй байгаа юм. Хүүнд нь энэ байрандаа үнэгүй суулгана, хэрэв та зөвшөөрч байгаа бол хоёулаа гэрээ хийе гэж ярилцаж тохиролцоод тэр эмэгтэй миний таньдаг нотариатч байгаа гээд Чингэлтэй дүүрэгт байрладаг Э гэх нотариатч дээр очиж энэхүү гэрээг хийсэн юм. Ү.О нь зориудаар өөрт ашигтай байдлаар гэрээг мушгин гуйвуулж байна. Бид хоёрын харилцан тохиролцож хийсэн уг гэрээнд 2024 онд дуусгавар болж Ү.О нь 2024 оны 01-р сард 15,000,000 сая төгрөгөө эргүүлэн өг байраа авах болно гэж тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл одоо та 2 жилд нь суучихсан тул мөнгийг хагасалж өгнө гээд залилан луйвар хийж байгаа тул 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нас өндөр болсон намайг ингэж луйвирдаж байгаад нь гомдолтой байна. Миний бие нь тухайн орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй охиноо суулган, уг орон сууцанд сууж байх хугацаандаа мөнгөө цуглуулан орон сууц авахыг дэмжих зорилготой байсан юм. Өмнө нь охиныгоо ийм байдлаар дэмжин өөрийн цуглуулсан мөнгөө бусдад хүүгүй зээлүүлэн, оронд тухайн хүний орон сууцанд нь охиноо амьдруулж байсан юм. Энэ жишгээр 2020 оны 1 дүгээр сард зар мэдээ сонины зар харж байгаад хариуцагч Ү.О-тэй холбогдсон юм. Хариуцагч Ү.О-ийн Шуурхай зар сонины 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дугаарын 29 дэх талд 15 сая төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа суулгана. Хугацааг тохирно. Утас: 89999116 гэж нийтлүүлсэн зарын дагуу холбогдон уулзаж, гэрээний хугацааг 4 жил байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний бусад зүйл нь Шуурхай зар сонинд Ү.О-ийн нийтлүүлсэн агуулгаар гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Ингээд дээрх тохиролцоогоо нотариатаар гэрчлүүлэх нь зүйтэй гэж талууд тохироцсон. Тухайн үед Ковидын үе гээд байгууллагууд хатуу хөл хориотой байсан бөгөөд Ү.О-ийн санал болгосон Чингэлтэй дүүрэгт байрлах Зоос гоёл оффиссын байрны 2 давхарт байрлах нотариат дээр очиж гэрээгээ гэрчлүүлсэн болно. Н.Б миний бие нь өөрийн эхнэр А.А-тэй цуг очсон бөгөөд бид 2 нотариатын өрөө рүү ороогүй бөгөөд Ү.О нь миний иргэний үнэмлэхийг авч орон гэрээний эхийг нотариаттай бэлтгэн дуусгаад намайг оруулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед хөл хориотой гээд бүх хүн зай барьсан байдалтай байсан тул би нотариат гэрээний эхийг бэлтгэж байхад би нотариатын өрөө рүү оролгүйгээр эхнэр А.А-тэй коридорт нь сууж байсан юм.

Тэр үед бас би харааны нүдний шилээ авч гараагүй байсан тул гэрээг нарийвчлан сайн харах боломж нь хязгаарлагдмал байсан тул манай эхнэр н.А Ү.О-ээс гэрээний хугацаа дуусаад бид хоёр 15,000,000 төгрөг буцаан авахаар гэрээнд заасан биздээ гэж дахин дахин асуусан. Ү.О нь гэрээний нэг хувийг өгөөд, тиймээ гээд гэж хэлээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сард Ү.О нь гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ цуцлах санал тавьсан юм. Ингээд Н.Б миний бие нь 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр байраа суллаж өгсөн бөгөөд 15,000,000 төгрөгөө авъя гэхэд 7,500,000 төгрөг л буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь Ү.О-ийн сонинд нийтлүүлсэн зар, болон гэрээний тохиролцооны талаар ярихад хамт ирсэн хүн өмгөөлөгч гэж өөрийгөө танилцуулаад гэрээгээ унш гэж дээрэнгүй байдлаар хэлээд 7,500,000 төгрөгөө ч өгсөн зүйл байхгүй биднийг байрнаасаа гаргасан. Гэрээний хугацааг 4 жилээр тохиролцсон ч Ү.О гэрээний хугацаа дуусгахаар өөрийн санаачлагаар гэрээнээс татгалзсан учир бидний өгөх мөнгөнөөс хасч тооцох үндэслэлгүй болно. Г-ээс татгалзсан хариуцлагыг биднээс шаардах эрхгүй юм. Өдийг хүртэл 7,500,000 төгрөг өгөх санаачлагагүй, байраа суллаж авсан хирнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг алдагдуулах зорилготойгоор байр чөлөөлүүлэх гэх сөрөг нэхэмжлэл гаргасан нь одоо хүртэл бидний уг орон сууцанд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, улмаар өөрсдийн өгнө гэж хэлсэн 7,500,000 төгрөгөөсөө дахин хасах зорилготой хууран мэхлэх шинжтэй үйлдэл гэж харж, ахмад настай хүмүүсийг ингэж хөлдөө чирж, сэтгэл санаа болон эрүүл мэнд, санхүүгийн хямралд оруулж байгаад туйлын гомдолтой байна. 15,000,000 төгрөгийн сарын 5 хувийн хүүтэй зээлэхэд cap бүрийн зээлийн хүү нь 750,000 төгрөг байхаар байгаа юм. гэтэл одоог хүртэл мөнгийг буцаан өгөхгүй байгаа нь биднийг дахин хохироож байна. Иймд Хариуцагч Ү.О нь харилцан тохиролцсоны дагуу мөнгийг буцаан өгөхгүй байгаа үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Н.Б-д 15,000,000 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б нь шүүхэд ор үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй нэхэмжлэл гаргажээ. Миний бие нь байраа 6 сараас 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь байрандаа суулгахаар зар оруулсан байсан. Н.Б гэх хүн над руу холбогдож уулзсан бөгөөд бид ярилцаад 15,000,000 төгрөгөөр 4 жилийн хугацаатай байрыг минь түрээслэхээр тохиролцож тухайн үед уулзсан газрын нотариатаар гэрээгээ бичүүлж батлуулсан билээ. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн үед огт болоогүй зүйлийг зохион бичиж иргэн намайг гүтгэн доромжилсон байна. Миний бие нь тэр гэрээ байгуулсан нотариатийг огт танихгүй бөгөөд нотариат гэрээг Н.Б болон надад уншиж өгч гарын үсэг зуруулсан. Иргэд хооронд мөнгө зээлэн хүүнд нь байрандаа суулгах тохиролцоо хийдэг бөгөөд энэ 4 жилийн хугацаатай биш дээд тал нь 1 жилийн хугацаатай л байдаг билээ. Би Н.Б-ийн 4 жил байрыг чинь 15,000,000 төгрөгөөр түрээсэлж сууя гэх нөхцөлийг анх өөрөөс нь сонсоод хэн хэндээ ашигтай юм байна гэж бодсон бөгөөд миний хувьд мөнгө эргүүлэн төлөхгүй, Н.Б-ийн хувьд бага мөнгөөр байр түрээслэх нөхцөл тавьсан учраас зөвшөөрч гэрээ байгуулсан. 2020 оны 01 capд 2 өрөө байр түрээслэх төлбөр доод ханш 700.000 төгрөг байсан бөгөөд Н.Б нь манай байрыг сард 312,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Гэтэл манайх ам бүл нэмэгдсэн тул байр түрээслэх гэрээг цуцалж байраа суллаж аваад үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг өгье гэж Н.Б-тай уулзахад анх ярьсан зүйлээсээ шал өөр зүйл ярьж хэл амаар доромжилж байсан тул шүүхээр маргаанаа шийдвэрлүүлье гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжпэл бичин очсон боловч шүүх цар тахлын улмаас ажиллахгүй байснаас өгч чадаагүй юм. Би Н.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу байраа суллан өгсөн тохиолдолд байранд амьдарсан хугацааны зардлыг хасч тооцон үлдэгдэл төлбөр 6,562,500 төгрөгийг өгч болно гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ү.О нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Н.Б-тай орон сууц хөлслөх тухай гэрээг нотариатаар гэрчлүүлэн байгуулсан байдаг юм. Уг гэрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 95а байрны 103 тоотод байрлах 51 м.кв хоёр өрөө байрыг 4 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож түрээслэгч тал 15,000,000 төгрөгөө түрээслүүлэгч Ү.О-д төлж, Ү.О нь Н.Б-д байраа хүлээлгэн өгсөн байдаг. Ү.О нь гэрээг цуцлаж өөрийн байранд амьдрах шаардлагатай болсон талаар түрээслэгч Н.Б-д мэдэгдсэн боловч гэрээнд байхгүй шаардлага тавьж ... түрээсийн төлбөр өгөхгүй, өгсөн 15,000,000 төгрөгөө бүхлээр нь авч байж гарна... гэж хууль бус шаардлага тавьж байх тул шүүхэд хандаж ,0 байрнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа

Бид хэлсэн ёсоор 2021 оны 12 дугаар сарын 30-нд байраа суллаж өгсөн энэ үед нөхөр У утсаар байнга /0/ яриад суллахыг шаардасны дагуу 2021 оны 12 сарын 30-нд гарсан. Энэ үед мөнгө нь бэлэн үү гэхэд бэлэн, бэлэн гээд мөнгөний хэмжээ хэлээгүй. Бид гарчихаад байр хүлээлгэж өгөх үед тэр 2 өмгөөлөгч дагуулж ирээд мөнгө өгөх болоход дансаа өг 7,500,000 төгрөг өгнө гэсэн. Бид гайхаад мөнгөө бүрэн авна гээд бидний дунд маргаан болж тохиролцож чадаагүй тул арга буюу шүүхэд хандсан болно. Бид 15,000,000 төгрөг өгсөн та нарын зарын дагуу хүүнд нь суусан гэхэд гэнэт та наад гэрээгээ унш гээд байсан тэр үед өмгөөлөгч дагуулж ирсэн нь зохион байгуулалттай байжээ. Бид байрнаас 2021 оны 12 сарын 30-нд гарсан тул албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Шуурхай зар сонины 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 29 дэх тал, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт,

- хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилээний хуулбар, орон сууц хөлслөх гэрээ,

- шүүхийн журмаар бүрдүүлсэн Шуурхай зар сонины албан бичиг, тус сонины 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 29 дэх нүүр, лавлах утасны программ, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ү.О-д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ү.О-ээс шуурхай зар сонинд тавьсан зарын дагуу 15,000,000 төгрөгөө зээлж, хүүнд нь түүний орон сууцанд 4 жил амьдрахаар тохиролцсон. Гэтэл 2 жилийн хугацаанд амьдарсаны дараа орон сууцыг чөлөөлж өгөх шаардлага тавьсаны дагуу суллаж өгөөд мөнгөө авах гэтэл суусан хугацааны төлбөр тооцож 7,500,000 төгрөгийг буцааж өгнө гэсэн. Бидний дунд орон сууц хөлслөх гэрээний тохиролцоо байгаагүй гэж,

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зар сонинд 15,000,000 төгрөг зээлж, хүүнд нь орон сууцандаа суулгана гэж зар байршуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 4 жилийн хугацаанд 15,000,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон. Бид ам бүл нэмсэн тул өөрсдөө орон сууцандаа амьдрах шаардлагатай болсон тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Нэхэмжлэгчийн суусан хугацааны төлбөрийг өгнө. Одоо болтол орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч Ү.О нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, Ү.О нь 0 м.кв хоёр өрөө байрыг 4 жилийн хугацаатай хөлслүүлэх, Н.Б нь 15,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 6, 26-27 дугаар тал/

 

Талууд дээрх гэрээг байгуулах болсон үндэслэлээ хэргийн 8, 53 дугаар талд авагдсан Шуурхай зар сонины 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мягмар гарагийн 29 дэх нүүрт бичигдсэн 15 сая төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа суулгана. Хугацааг тохирно. Утас:0 гэх зарын дагуу холбогдох замаар уулзаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан гэж хэн аль нь тайлбарласан.

 

Харин талууд уг гэрээг байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөлийн талаар харилцан өөр, өөр тайлбар гаргаж маргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь ...уг зарын дагуу 15,000,000 төгрөг зээлж хүүнд нь орон сууцанд суусан гэж, хариуцагч нь ...зар сонинд тавьсан зар бол нийтэд тавьсан саналын дуудлага юм. Уг зарын дагуу нэхэмжлэгчтэй холбогдож уулзах үед гэрээний нөхцөл өөрчлөгдөж, орон сууцыг 4 жилийн хугацаатай хөлсөлж суухаар тохиролцсон гэж маргасан.

 

Шүүх талуудаас гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэдийгээр талууд орон сууц хөлслөх гэрээ гэх агуулгаар бичгийн гэрээг үйлдсэн байх боловч хэрэгт авагдсан бусад баримтууд талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр уг гэрээгээр талууд зээлдүүлэх мөнгөний хэмжээ, хугацаа, зээлийн хүүг төлөх төлбөрийн хэрэгсэл, мэдээлэл зэргийг баталгаажуулсан баримт гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Н.Б-гаас ...бид хөгжлийн бэршээлтэй буюу сонсголгүй охиндоо байр авч өгөхөөр урьдчилгаа төлбөр цуглуулж байсан. Урд нь зарын дагуу мөнгөө зээлдүүлээд хүүнд нь орон сууцанд охиноо амьдруулаад, орон сууцнаас гарахаараа мөнгөө бүрэн авдаг байсан. Сүүлд Шуурхай зар сонинд гарсан зарын дагуу өмнөх жишгээр холбогдож цуглуулсан 15,000,000 төгрөгөө зээлдүүлж, хүүнд нь орон сууцанд амьдрахаар Ү.О-тэй тохиролцсон. Бид орон сууцны урьдчилгаанд цуглуулж байгаа мөнгөөрөө орон сууц хэзээ ч түрээслэж үрэхгүй. Хөгшин бид хоёр бас хөгжлийн бэрхшээлтэйн дээр хараа муудсан тул тухайн үед гэрээг бичгээр байгуулахдаа уншиж чадаагүй Ү.О-д итгээд гарын үсэг зурсан гэх тайлбар,

 

Гэрч А.А-ийн ...Зарын дагуу Ү.О-тэй холбогдож 15,000,000 төгрөг зээлдүүлж, хүүнд нь орон сууцанд суухаар тохиролцсон. Ү.О 2020 оны 01 сарын 20-ны өдөр тухайн үед нөхөр П.У-тайгаа манайд ирж хөгжлийн бэршээлтэй хөгшин бид хоёрыг машинаараа авч байраа үзүүлээд, гэрээгээ бичгээр хийсэн. Гэрээ хийх үед нотариатч нь ковидтой гээд өрөө рүүгээ оруулахгүй биднийг үүдэнд суулгасан. Дотогшоо Ү.О л ороод гэрээ дээр зуруулахаар гарч ирсэн. Бид өмнө нь мөнгөө зээлдүүлээд хүүнд нь орон сууцанд амьдраад болоод байсан, Ү.О нь машинаараа бидэнд үйлчлээд байсан тул итгэсэн. Бид байрнаасаа гарахдаа мөнгөө бүрэн авна биздээ гэж би Ү.О-ээс дахин дахин асуухад тэр тэгнээ гэж байсан. 2021 оны 12 сарын 25-ны өдөр Ү.О нь утасдаад байраа чөлөөлж өгөхийг хүссэн. Манай хөгшин яаруу хүн тул хурдан хүний байр суллая гээд 2021 оны 12 сарын 29-ний өдөр суллаад Ү.О-тэй утсаар холбогдож хэлээд мөнгөө бүрэн авна биздээ гэхэд тиймээ гэж байсан. Яг уулзаад мөнгөө авах болоход Ү.О нь 2 өмгөөлөгч дагуулж ирээд гэрээгээ унш, тал мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Бид юу болж байна вэ, зээлийн хүүнд суусан шүү дээ гэхэд өмгөөлөгч гэх хүмүүсээрээ тайлбар хэлүүлээд яваад өгсөн. Хөгшин бид хоёр даралт ихсэж, хүнд байдалд орсон. Тэгээд л бичгээр байгуулсан гэрээгээ уншиж үзсэн. Өмнө нь ингэж залилуулж байгаагүй болохоор гэрээгээ огт уншаагүй, гэртээ аваачаад далд хийсэн байсан. Бид үнэхээр орон сууц хөлслөх хүсэлтэй байсан бол гэр хороолол дунд байдаг, төвийн шугамд холбогдоогүй орон сууцыг хөлслөхгүй. Ядаж халуун устай, төвийн шугамд холбогдсон байрыг хөлслөх байсан гэх мэдүүлэг,

 

Хэргийн 8, 53 дугаар талд авагдсан Шуурхай зар сонины 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мягмар гарагийн 29 дэх нүүрт бичигдсэн 15 сая төгрөг зээлж хүүнд нь 3 өрөө байрандаа суулгана. Хугацааг тохирно. Утас:89999116 гэх бичгийн баримтуудаар талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, талууд зээлийн гэрээ байгуулахыг чухалчилж хүсэл зоригоо идэрхийлсэн байх ба тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч Ү.О нь дээрх зарыг нийтлүүлсэн үйл баримт болон 15,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримт, эрх үүрэг танилцуулсан баримтуудад тэрээр өөрийн утасны дугаарыг 89999116 гэж тэмдэглэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.Б нь зээлдэгч Ү.О-д 15,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай шилжүүлэх, зээлдэгч Ү.О нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүүний төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлэх харилцан уялдаа холбоо бүхий үүрэг үүссэн байна. Тодруулбал, зээлийн гэрээний хүү төлөх үүргээ хариуцагч Ү.О нь орон сууц хөлслөх гэрээний хөлс авах эрхээр төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчид дээрх зээлийн гэрээ байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ гэх нэртэйгээр бичгийн баримт үйлдсэн нь тэд зээлдүүлсэн 15,000,000 төгрөг болон Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 95а байрны 103 тоотод байрлах 51 м.кв хоёр өрөө орон сууцыг харилцан бие биедээ хүлээлгэн өгсөн болохоо баталгаажуулсан байна. Мөн хариуцагч Ү.О нь уг өдөр орон сууцанд байгаа эд зүйлийг акт үйлдэж нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд зээлийн гэрээгээр хүүг тохиролцоогүй боловч хариуцагч Ү.О нь зээлийн хүүд өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдруулах нөхцөлтэйгээр нэхэмжлэгч Н.Б-аас мөнгөн хөрөнгийг зээлдэж авсан болох нь тогтоогдсон, зээлийн хүүг орон сууцандаа амьдруулах замаар хүлээн зөвшөөрч төлсөн тул тэрээр бичгээр байгуулаагүй үндэслэлээр хүүг буцаан шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан ба гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө зээлдэгч Ү.О нь гэрээг цуцлах саналыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг зээлдүүлэгч Н.Б нь хүлээн авч талууд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрээ цуцалсантай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч Ү.О-ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Ү.О нь орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Н.Б-г маргаан бүхий орон сууцыг чөлөөлсөн болохыг хариуцагч Ү.О нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр талууд биечлэн уулзах үедээ мэдсэн байна.

 

Талууд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахаар уулзах үед хариуцагч Ү.О нь 7,500,000 төгрөгийг буцааж өгнө гэсний дагуу маргаан үүсч, нэхэмжлэгч Н.Б нь Ү.О-ээс хүлээлгэн өгсөн орон сууцны түлхүүрийг өгөөгүй байна. Хэдийгээр орон сууцны түлхүүрийг буцаан өгөөгүй ч орон сууцыг бүрэн чөлөөлсөн байгаа талаар нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэж, 15,000,000 төгрөгийг бүрэн авсаны дараа түлхүүр өгөхөө илэрхийлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч Ү.О-ээс орон сууцны түлхүүр өгөөгүй нь орон сууцыг чөлөөлсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэгч Н.Б нь орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлгаагүй байх ба түлхүүр өгөөгүй нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон гэж үзэхэд учир дутагдалтай.

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орон сууцыг чөлөөлсөн байх тул хариуцагч Ү.О-ээс гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ү.О-ээс 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэгч Н.Б-д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч Ү.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ