Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн гудамж хаягт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн ,

: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Ус сувгийн ажилчдын ******* байр, 1 давхар, Г******* ХХК-ийн байр, 1 тоот хаягт байрлах Ү******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д ,

Ү******* ХХК-ийн дүрмийн санд оруулсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Цэдэнбалжир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, гэрч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн төлөөлөгч Ч.Цэдэнбалжир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд уулзаж ярилцан Засгийн газар болон бусад төрийн байгууллагаас зарлаж байгаа барилга бариулах тендерт нэгдэн оролцох замаар хамтран ажиллахаар тохиролцон 10 компани, 10, 10 сая төгрөгийн хувь нийлүүлэн Ү******* ХХК-ийг байгуулсан. Компанийн гүйцэтгэх захирлаар энэхүү хамтын ажиллагааг санаачилсан Гэрэгэ констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэндийг томилсон.

2014 оны эхээр гүйцэтгэх захирал Д.Цэнд хувь эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон түүний эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ бүгд ижил байх нь ач холбогдолгүй байгаа тул хувьцаагаа худалдах компаниуд худалдаж болно гэсэн. ******* ХХК-ийн захирал Ц.Цэдэнбалжир миний бие өөрийн хувьцааг худалдаж тус консерциум болон хамтын ажиллагаанаас гарах хүсэлтээ гаргасан. Гүйцэтгэх захирал Д.Цэнд үүнийг зөвшөөрч хувийг анхны үнээр авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй мөн компани хамтарсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

Иймд ******* ХХК нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаа тул хамтын ажиллагаанд оруулсан хөрөнгө болох Ү******* ХХК-ийн дүрмийн санд оруулсан 10,000,000 төгрөгийг тус компаниас гаргуулан өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ү******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2013 онд байгуулагдсан, барилгын материалын худалдаа, засал чимэглэл гадаад худалдаа зэргээр үйл ажиллагаа явуулдаг, нийт 16 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд юм.

******* ХХК нь тус компанийн нийт 16 хувь нийлүүлэгчдийн нэг бөгөөд нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 1,000 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Өнөөдрийн байдлаар Ү******* ХХК-д ******* ХХК-иас албан ёсоор ирүүлсэн, худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, худалдан авах хугацаа, журмын тодорхойлсон хувьцаа худалдах санал ирээгүй болно.

Иймд Ү******* ХХК-иас 10,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ү******* ХХК-д холбогдуулан, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, Ү******* ХХК-ийн дүрмийн санд оруулсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

******* ХХК болон нэр бүхий 15 компани, нийт 16 компани 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ү******* ХХК-ийг байгуулах гэрээг байгуулж, тус компанийн дүрмийн санг хувьцаа эзэмшигч тус бүр 10,000,000 төгрөгөөр бүрдүүлж, хувьцааг компаний тус бүр хувь тэнцүү буюу 6,25 хувиар эзэмшихээр гэрээнд заажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, ...Ү******* ХХК-ийн хувьцааг эзэмшигч 16 компани тус бүр 6,25 хувиар хувьцаа эзэмшиж байгаа байдал нь компанийг төлөөлж гадагш харьцах хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээнд нөлөөлж, ажил олоход хүндрэлтэй байгаа тул компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдаж, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувийг төвлөрүүлэх шаардлагатай гэсэн Ү******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэндийн саналыг дэмжиж, хувьцаагаа худалдахаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ., 5.5.Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал Д.Цэнд хувьцааг худалдах-худалдан авах талаар санал гаргасныг дэмжиж хувьцаагаа худалдахаар тохиролцсон гэх тайлбараа нотлох зорилгоор 2014 онд танай компани нь Ү******* ХХК-д эзэмшдэг 6,25 хувийн хувьцаагаа 10,000,000 төгрөгөөр Ү******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Даваагийн Цэндэд худалдахаар тохирч байсныг дурдах нь зүйтэй. Гэтэл тус хувьцаа шилжүүлэх ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болж зогссон болохыг мэдэгдье гэх Жи Би Пи адвокейтс хуулийн фирмийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17/25 дугаар албан бичгийг хэрэгт хавсаргасан, гэрчээр Б.Энхжаргалыг асуулгасан боловч тухайн хуулийн фирм нь дээрх тодорхойлолтыг гаргах эрх бүхий субъект мөн эсэх нь тодорхойгүй, хувьцаа худалдах-худалдан авах талаар хэлэлцсэн хурал, гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, бичгээр мэдэгдэх талаар хуульд заасан шаардлага бүхий үйл баримтыг гэрчийн мэдүүлэгээр тогтоох боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-д зааснаар Ү******* ХХК-ийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан, Ү******* ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, Ү******* ХХК-ийн дүрмийн санд оруулсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА