| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0433/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/547 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/547
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч ************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ************холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405049280010 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “************” ресторанд хохирогч ************хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хоёр гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ************шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ажлаа тараад явж байхад ажлын 2 хүн бид 2-ыг дуудсан. Очиход бүгд согтуу байсан. Хохирогч эгч анх ороход л хэл амаар доромжлоод байсан. Гарах гэж байтал тэр эгч архины шилээр 1 удаа, хундагаар 2 удаа цохиж, хүзүүнд тамхины цогоор түлсэн. Би тэсгэл алдаад 2 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн. Өөрийгөө хамгаалаад цохисон, өшиглөсөн. Хохирлыг барагдуулна” гэв.
Эрүүгийн 2405049280010 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ************: “Миний бие 3 найзын хамт “************” буудлын ресторанд үйлчлүүлж 0.75 литрийн архи ууцгаасан. Нэмэгдэж 2 эрэгтэй хүн орж ирсэн. “Танихгүй хүмүүстэй хамт баймааргүй байна” гэж хэлсэн, мөн рестораны зүгээс “дахин хүмүүс нэмлээ, танихгүй хүмүүс холилдмооргүй байна” гэж найз дүү хэлтэл тэр 2 залуу “юун сүртэй юм, энэ чиний газар юм уу, чам дээр ч ирээгүй, хачин хөгшин авгай” гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн. Над руу архины хундага шидсэн ч оноогүй, хана оноод буусан. Тогооч эмэгтэй “миний ажлын газар танхайрлаа, та 2 яв” гэж хэлсэн. Би “хүн юм хэлээд байна гарахгүй юм уу” гэтэл “хөгшин авгай минь” гээд над руу дайрч эхэлсэн. “Нүдэнд хүйтэн хөгшин авгай байна” гэсэн. Цүнхнээсээ утсаа гаргатал цагдаа дуудуулахгүй гээд утсыг булааж аваад буйдан руу шидсэн. Би ширээн дээрх утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Их өндөр хүү байсан. Баруун зүүн нүд рүү цохиод хэвтүүлж байгаад дэвссэн. Хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Цагдаа ирэхэд надтай ноцолдоостой л байсан. Хүний биед халдаж зодсон, хэл амаар доромжилсон тул би тэр хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.14-ний өдрийн 14876 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ************ биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Гэрч ************: “Манайх 22:00 цагаас хаадаг тул ажиллаагүй, хаасан байсан. Миний найзууд ирсэн. Бид рестораны “ВИП” өрөөнд хоол унд идэж цайлсан. Манай гэр бүлийн 2 найз (************, ************) ирсэн байсан, тэр 2 гаднаас 2 эрэгтэй дуудсан. Би цэвэрлэгээ хийгээд орж гараад явж байхад тэр 2 залууг “гадны хүн авч үйлчлүүлэхгүй. Та 2 яваачээ, гараарай” гэхэд “хачин золбин газар авчирчихаад” гэх мэтээр хэл амаар доромжилсон. “Та хэд дээр ирээгүй, 2 найз дээрээ ирсэн” гэх зэргээр аашлаж маргаан эхэлсэн. Өндөр туранхай залуу ************ гээд байсан нь ************ эгчийг үсдээд, өшиглөөд, цохиод байсан. Тэр зодоон нэг баганы цаана болсон тул сайн хараагүй. Тэр залуугийн хөл л сарвалзаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...************зурган дээр 1 дугаараар тэмдэглэж дараалал харгалзахгүйгээр эгнүүлэн байрлуулав. ...тэрээр 1 дугаар зураг дээр байгаа залуу намайг зодсон залуу мөн байна гэж хэлэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “************хоёрдугаар зэрэглэлийг зөвшөөрч байна” гэх бичиглэл бүхий загвар (хх-40), тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт (хх-41-43), хохирогчийн “...эмчилгээний баримт одоогоор байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгаа маягтын дагуу нэхэмжилж буруутай этгээдээс гаргуулна...” гэх хүсэлт (хх-63),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-31), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-34), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-35), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-36), нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (39), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хх-37), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-38) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “************” ресторанд хохирогч ************хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, цохиж, зодон эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хоёр гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эмчилгээний төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас нээлттэй үлдээх саналтай. Хохирогчид хоёрдугаар зэрэглэлд хамаарсан хор уршиг тогтоогдсон. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах саналтай” гэж,
шүүгдэгч “Хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, өндөр байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ************нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “************” ресторанд хохирогч ************хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, цохиж зодон эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хоёр гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ************ “...Баруун зүүн нүд рүү цохиод хэвтүүлж байгаад дэвссэн. Хэвлий хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 14876 дугаар “1. ************ биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, бүсэлхий, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-17-18), гэрч ************ “...тэр гаднаас ирсэн 2 залуу “хачин золбин газар авчирчаад” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Өндөр туранхай залуу ************ гээд байсан нь ************ эгчийг үсдээд, өшиглөөд, цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-12-13), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-44-45) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн “...өөрийгөө хамгаалж хохирогчид халдсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Энэ нь хохирогчийн “...тэр 2 залуу “юун сүртэй юм энэ чиний газар юм уу, чам дээр ч ирээгүй, хачин хөгшин авгай” гэх зэргээр хэл амаар доромжилж эхэлсэн. ... “Нүдэнд хүйтэн хөгшин авгай байна” гээд ...Баруун зүүн нүд рүү цохиод хэвтүүлж байгаад дэвссэн. Хэвлий хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч ************ “...тэр гаднаас ирсэн 2 залуу “хачин золбин газар авчирчихаад” гэх мэтээр хэл амаар доромжилсон. ...************ гээд байсан нь ************ эгчийг үсдээд, өшиглөөд, цохиод байсан...” гэх мэдүүлгээр хохирогч ямар нэг байдлаар шүүгдэгчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурч, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж шүүгдэгч ************хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх үйлдлээр халдаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “эмчилгээний баримт одоогоор байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгаа маягтын дагуу нэхэмжилж буруутай этгээдээс гаргуулна...” гэх хүсэлт (хх-63)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч ************“Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн” маягтын загварыг танилцуулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримт (хх-40)-аар тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль, журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ************ сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байна.
Иймд хохирогч ************гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаж байгаа, гэмшихгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурч, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас маргалдаж хохирогчийн нүүр, хэвлий хэсэгт цохин, өшиглөж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч “гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа оёдлын үйлдвэрт мастер ажилтай, тодорхой орлоготой гэх)-ийг харгалзан шүүгдэгч ************600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломжийг хязгаарладаг бөгөөд шүүгдэгч ************дээрх байдлаар тогтоогдсон хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт *******ы **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч ************гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР