| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/02193/И |
| Дугаар | 101/ШШ2022/02020 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/02020
2022 04 29 101/ШШ2022/02020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,931,568.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.О нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ/КР170417060 дугаартай зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай авсан болно. Хариуцагч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт оршин сууж байсан. Гны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЗГ/КР170417060 тоот зээлийн гэрээтэй холбоотой төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар хариуцагч нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.
Ингээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/02312 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу хариуцагчийн хаягийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 962 тоотоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот гэж тогтоосон болно.
Зээлдэгчийн ЗГ/КР170417060 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 2,016,830.00 төгрөг, зээлийн хүү 1,595,733.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,005.13 төгрөг, нийт 3,931,568.53 төгрөг болсон.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүг 2019.07.01-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож зогсоосон, хариуцагч нь зээлийн гэрээний хүүг зогсоосноос хойш буюу 2020.01.21-ний өдөр 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, үүнээс өөрөөр буюу 2017 онд гэрээ байгуулагдсанаас хойш өөр төлөлт хийгээгүй, энэ төлбөр бол анх удаа төлөгдөж байгаа төлбөр юм.
Хариуцагчийн кредит картын гүйлгээнээс үзэхэд бүх гүйлгээ бэлнээр, гэрээ байгуулагдсаны маргааш бүгд гарсан байдаг. Талууд гэрээний 2.1-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1 хувь тус тус байхаар тохирсны дагуу хүү болох 1,319,005 төгрөгөөс уг 1,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 319,005 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч Б.О нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллага оршин суух хаягийг тогтоож өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Г ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, Монгол банкны актив пассив ангилах журамд тус тус зааснаар хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг үндсэн хүү, хүү, үндсэн зээл гэдэг дараалалаар тооцож, 1,000,000 төгрөгийг хүүгээс хассан. Энэхүү 1,000,000 төгрөгийн төлөлт нь хүүг зогсоосноос хойш 6 сарын дараа төлөгдсөн төлбөр гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна 1,000,000 төгрөгийг хүүгээс хассан, үндсэн зээлээс хассан ялгаагүй, үнийн дүнд өөрчлөлт орохгүй.
Иймд хариуцагч Б.О-өөс ЗГ/КР170417060 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 2,016,830.00 төгрөг, зээлийн хүү 1,595,733.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,005.13 төгрөг, нийт 3,931,568.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Ч.С би Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Г ХХК-иас Г ХХК-иас 2,000,000 төгрөгийн кредит карт авсан. Үүнээс 1,000,000 төгрөг төлсөн. Гэвч одоо нэхэмжилж байгаа дүн нь дахин 3,900,000 төгрөг байна. Бид 2,000,000 төгрөгийн зээлийн картнаас буцааж нийтдээ /өмнө өгсөн 1,000,000 төгрөг/ 5,000,000 төгрөг төлж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг нийт бодогдсон хүүгээс хассан гэж байна. Зээлийн картын хугацаа 2 жил, хугацаа нь 2019 онд дууссан байх ёстой, гэрээний 2.1-т зээлийн төлбөрийг зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд тооцож хасна гэж тусгаагүй байна гэж үзэж байна. Дэлхий нийтээр Ковидоос болоод бүх л үйл ажиллагаа зогсонги болсон, энэ оноос үйл ажиллагаа сэргэж байна.
Зээлийн төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоод үлдэх 1,000,000 төгрөгийг, гэрээний хугацааны хүү 3,05 хувиар тооцож 840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,005 төгрөг, нийт 2,159,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс “Г” ХХК-иас П.Б, Д.М нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, кредит картын тооцооллын хүснэгт, 2017.04.18-ны өдрийн ЗГ/КР/170417060 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 182/ШШ2019/02312 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2022.02.21-ний өдрийн 26ж3-3/962 тоот албан бичиг, Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.04-ний өдрийн 434 дугаар “Эрх олгох тухай” тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-11/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 20/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,931,568.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,159,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлэгч “Г” ХХК нь карт эзэмшигчид төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,
Зээлдэгч Б.О нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, сар бүрийн эхний долоо хоногт зарцуулсан зээлийн хүү, шимтгэлийг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх зориулалттай ЗГ/КР/170417060 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 6-7/
Дээрх гэрээний 2.1-т: “зээлийн эрхийн хэмжээ 2,000,000 төгрөг, картын хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 3,5 хувь, эргэн төлөх доод хэмжээ 10 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээний шимтгэл тус банкны АТМ, салбараас 100 төгрөг, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар,
3.5-т: “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно”,
3.6-т: “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь”,
3.7-т: “зээлийн эрхийн зарцуулалт болон хүүний төлөлт дараах дараалалын дагуу төлөгдөнө. 1-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, 2-т эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, 3-т бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, шимтгэл, 4-т зээлийн үндсэн төлбөр” байхаар тохиролцжээ.
Хариуцагч Б.О нь зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон, гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүрэгт 2020.01.21-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс бус нэмэгдүүлсэн хүүд тооцож хасч байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 840,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 319,005 төгрөг, нийт 2,159,005 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч нь гэрээгээр тохирсны дагуу эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүрэгт гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй,
нэхэмжлэгч нь уг төлбөрийг зээлийн эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд хасч тооцсон болох нь тогтоогдож байна.
Гэрээний оролцогч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.
Талууд гэрээний 3.5, 3.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувиар, төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцогдоно хэмээн эрх хэтрүүлсний төлбөрт гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1,000,000 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлбөр төлөх дараалалыг гэрээгээр тохиролцсон, ийнхүү гэрээгээр тохиролцсон дараалалын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг зээлийн эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд хүүд төлбөрт тооцсон гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2017.04.18-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019.04.18-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүг 2019.07.0.1-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон гэж тайлбарлаж байх тул гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 2,000,000 төгрөг, 2017.04.18-ны өдрөөс 2019.07.01-ний өдөр хүртэлх 804 хоногийн хугацааны хүү 1,875,732 төгрөг, нийт 3,875,732 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байх ба үүнээс хариуцагчаас гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2020.01.21-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.
/2,000,000төгрөгх3,5%=70,000:30хоног=2,333төгрөгх804=1,875,732/
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэх байдалтай холбоотой баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Б.О-өөс зээлийн гэрээний үүрэгт 2,875,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,055,837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.О-өөс зээлийн гэрээний үүрэгт 2,875,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,055,837 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.О-өөс улсын тэмдэгтийн хураамжид 60,962 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ