Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01496

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х О ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,897,900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.О нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Х О ББСБ-тай №00180020 тоот зээлийн гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж доорх хөрөнгийг барьцаалан №00180020 тоот барьцааны гэрээг байгуулан, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулан, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 60%-ийг төлсөн тул барьцааны гэрээнд заагдсан 2 хөрөнгийн нэгийг барьцаанаас чөлөөлөн өгсөн ба одоо Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байр, 3 дугаар орц, 0 тоот, 12 мкв талбай бүхий 1 өрөө ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууц барьцаанд байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс: үндсэн зээл төлбөрөөс 11,769,000 төгрөг, зээлийн хүүнд 13,230,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 641,000 төгрөг нийт 25,640,000 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 453.1-д зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 4.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжилж байна. 3ээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал:

       Үндсэн зээлийн үлдэгдэл 18,231,000 төгрөг

       Үндсэн зээлийн хүү 6,032,999 төгрөг

       Нэмэгдүүлсэн хүү 613,901 төгрөг

       Нотариатын төлбөр 20 000 төгрөг, нийт 24,897,900 төгрөгийг Б.Оаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Х О ББСБ-ын зүгээс зээлийн төлбөрийн үлдэгдлийг 2020.01.31-ний өдрөөр тооцож 2020.01.22-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч нь шүүхээс дуудахад удаа дараа утсаа авахгүй, шүүхэд өөрийн биеэр ирэхгүй байсаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунгагдсан байна. Манай байгууллага хариуцагчийн хүссэний дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2019 оны 04 сарын 11-ний өдрөөс хойш төлбөрөө төлөх боломжийг олгож, хангалттай хугацаа өгч, хүлээсэн боловч хариуцагч зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа завшиж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан байх тул 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж нэхэмжилж байна. Үүнд:зээлийн хүү 1,573,943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 314,789 төгрөг, нийт 1,888,732 төгрөгөөр ихэсгэж байна гэжээ.

Иймд хариуцагчаас нийт 26,786,632 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.О би Х О ББСБ-аас 30,000,000 төгрөг зээлсэн. Үндсэн төлбөрөөс 11,769,000 төгрөг, зээлийн хүүнд 13,230,000 төгрөг төлсөн. Мөн нэмэгдүүлсэн хүүнд 64,100 төгрөг нийт 25,640,000 төгрөг төлсөн. Одоо хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт 24,899,900 төгрөг нэхэмжилсэн. Миний санхүүгийн байдал хүнд борлуулалтын орлого байхгүй дампуурлын байдалд байна. Би 4 хүүхэдтэй, бага хүүхэд 3 настай гэртээ ажилгүй байна. Нэмэгдүүлсэн хүү болон хүүг төлөх боломжгүй болсон. Зээлийн төлөлт, тооцоолол дээр маргаангүй. Бизнесийн үйл ажиллагаа, гэр бүлийн амьдралд доголдол үүсч зээлийг төлж чадахгүй болсон. Би Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнуудад зээлтэй. Ковидоос болж бараа татан авалт байхгүй, түрээс өндөр зэргээс болоод зээлээ төлөх боломжгүй байгаа тул хүүг хөнгөлж, үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх хүсэлтэй байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х О ББСБ ХХК нь хариуцагч Э.Оаас зээлийн гэрээний үүрэгт 24,897,900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 1,888,732 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зээл 18,231,000 төгрөг, хүү 7,606,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 928,690 төгрөг, нотариатын төлбөр 20,000 төгрөг, бүгд 26,786,632 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нь бизнесийн үйл ажиллагаанд доголдол үүсч зээлийг төлж чадахгүй болсон, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнуудад зээлтэй, ковид вирусээс болж бараа татан авалт байхгүй, түрээс өндөр зэргээс болоод зээлээ төлөх боломжгүй болсон тул хүүг хөнгөлж, үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх хүсэлтэй гэсэн тайлбар гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00180020 дугаартай Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Х О ББСБ ХХК нь зээлдэгч Э.Од 30,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ байгуулсан байна.

2018 оны 11 сарын 30-ны өдрийн 00180020 дугаартай Барьцааны нэмэлт гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 9-р байр, 3-р орц, 0 тоот, 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Барьцааны нэмэлт гэрээ байгуулж барьцаа хөрөнгийг сольсон гэсэн зохигчийн тайлбар нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 156 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

Хариуцагч нь зээл 11,769,000 төгрөг, хүү 13,230,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 641,000 төгрөг, нийт 25,640,000 төгрөгийг төлсөн ба 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээл 18,231,000 төгрөг, хүү 7,606,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 928,690 төгрөг, нийт 26,766,632 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцоолол бодсон баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Зээлийн гэрээний 2.1.3, 3.8, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцэж байна.

Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хүү, алданги төлөхөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчаас зээл 18,231,000 төгрөг, хүү 7,606,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 928,690 төгрөг, нийт 26,766,632 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байр, 3 дугаар орц, 0 тоот, 12 мкв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.

Нотариатын төлбөр 20,000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтгүй, нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Оаас зээл 18,231,000 төгрөг, хүү 7,606,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 928,690 төгрөг, нийт 26,766,632 /хорин зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х О ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 20,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч Э.О шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 9 дүгээр байр, 3 дугаар орц, 0 тоот, 12 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 361,983 /гурван зуун жаран нэгэн мянга есөн зуун наян гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ