Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00071

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2021/00071

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Д аймаг, Х сум, * дугаар баг, Эийн ***-* тоотод оршин суух, П овогт Эын Ц /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Д гудамж, *-** тоотод оршин суух, У овогт Д М /РД:*************/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд Д.Мтай танилцан 2005 оны 06 дугаар сарын 09-нд гэрлэлтийн 29 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2010 онд төрсөн хүү маань эндэж нас барсан, 2012 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүү М.Цэндхорол нар төрсөн. Одоо 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 2016 онд Д.М Солонгос улс руу явж 2020 онд Монгол улсад ирсэн. Солонгос улс руу явахаас өмнө бид хоёрын дунд маргаан үүссэн байсан. 2020 онд Солонгос улсаас ирэхдээ эвлэрэх санал тавьсан. Гэвч миний сэтгэлд олон жилийн гомдол, бухимдал байсан. Надад эвлэрэх хугацаа хэрэгтэй байсан. Гэвч Солонгост улсад танилцсан хүүхэнтэйгээ 2 сарын дараагаас хамт амьдарч эхэлсэн. Би 2 хүүхдэдээ  тэтгэмж авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Монгол улсын хуулийн өмнө гэр бүлээ албан ёсоор цуцлуулахыг хүсэж байна. Би монголын мянга мянган өрх толгойлсон эхчүүдийн нэг болж байгаадаа маш их харамсалтай байна. Мд хэлэхэд би 3 хүүхдийг чинь цусаа урсгаж төрүүлж өгсөн. Аав болох амархан эцэг болох хэцүү. Эр хүний ноён нуруу яагаад байдаггүй юм. Өмнөх гэр бүлээ цуцлуулаагүй байж дараагийн гэр бүлээ яаж зохиож чадаж байна. Эцэг хүн өөрийн ухамсраар хүүхдүүддээ тэтгэлэг өгөх байх гэв.

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд танилцан 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2010 онд төрсөн хүү маань эндэж нас барсан, 2012 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүү М.Цэндхорол нар төрсөн. Амьдралын шаардлагаар Солонгос улс руу яван 3 жил ажиллаад эх орондоо ирсэн. Энэ хугацаанд энхэр бид хоёрын дунд үл ойлголцол гарсан. 2 хүүхдээ бодоод хамтдаа амьдрах санал тавьсан. Бид хоёрын дунд маргаан их байсан. Цаашид хамтдаа амьдарвал үр хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж магадгүй улмаас 2 хүүхдийн ирээдүйг бодож гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Би одоо өөр хамтран амьдрагчтай ба бидний дундаас төрсөн хүүхэд байгаа, хүүхэд маань одоо 3 сартай гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Д.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Д.М нар нь 2004 оны 07 сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2005 оны 06 сарын 09-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн ** дүгээрт бүртгүүлсэн, тэдний дундаас 2005 оны 07 сарын 13-ны өдөр охин М.М, 2012 оны 06 сарын 09-ний өдөр хүү М.Ц нар  төрсөн болох нь 29 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ***********, ********** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй, хамтран амьдрагчтай болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид 2005 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн охин М.М, 2012 оны 06 сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Цэндхорол нарын асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдаж, охин М.М, хүү М.Цэндхорол нарыг эх Э.Цгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 70.200 хариуцагч Д.Мгаас гаргуулж нэхэмжлэгч Э.Цд тус тус олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.         Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П овогт Эын Ц /РД:***************/, У овогт Д М /РД:***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн охин М.М /РД:****************/, 2012 оны 06 сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Ц /РД:*************/ нарыг эх Э.Цгийн асрамжид үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 70.200 хариуцагч Д.Мгаас гаргуулж нэхэмжлэгч Э.Цд тус тус олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ