Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2019/00540

 

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2019/00540

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, туул 9-173 тоотод оршин суух, Мэргэн овогт Нямсүрэнгийн Энхбаатар /СЭ86101072/-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг 8-8 тоотод оршин суух, Боржгин овогт Долгорын Эрдэнэболд /ЗЮ65022211/-д холбогдох үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай 139/2019/00455/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Энхбаатар, хариуцагч Д.Эрдэнэболд, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, гэрч А.Гэрэлчимэг, шүүх хуралдааны бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Гэрэлчимэгтэй 2013 онд 6 сарын эхээр танилцаж, 2017 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хүү Г.Энх-Учрал 2016 оны 6 сарын 11-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт төрсөн. Хүү маань одоо 2 настай. Хүү маань бид 2 дээр байдаг. 2019 оны 2 сарын 19-нд охин Оюухулан маань төрсөн. Одоо 6 сартай. Би эрүүгийн шүүхээр орж 6 сар хорих ял аваад түүнийгээ эдэлж байх хооронд миний охиныг манай эхнэр Дундговь аймгийн харъяат Ж.Эрдэнэболд гэж хүнд өргүүлсэн байсан. Намайг явснаас хойш эхнэр аав ээж дээрээ очиж Дундговь аймгийн төвд төрсөн. Би хүүхдээ авъя гэж хэлэхэд бор хоолонд оруулаад өгье гэж хэлсэн. Эхнэрийн маань аав ээж болон хамаатан садан нь 2 хүүхэдтэй хэцүү, хүнд өргүүл гэж ятгаад үрчлүүлсэн байсан, мөн аав ээж нь надтай суулгахгүй гэдэг байсан. Манай эхнэрт уулзуулна учруулна хэзээ л бол хэзээ болно гэж тухайн үедээ хэлчихээд дараа нь би эхнэрээсээ энэ хүмүүсийн дугаарыг аваад би охиноо авъя, шүүхээр явах гэж байгаа гэж утсаар хэлэхэд өргүүлснээс хойш өчнөөн сар болсон байхад хүүхдээ гэж бодоогүй байж одоо болохоор гэнэт гарч ирээд хүүхдээ авна гэж яриад байх хэрэггүй, одоо чи эцэг байх эрхгүй, бид хууль ёсны аав ээж нь бид мэдэж байна, явах ёстой газраар нь яв, уулзуулах албагүй гэж хэлсэн. Би хүүхдээ өргүүлсэн гэдгийг мэдээгүй, сүүлд мэдсэн. Манай гэр бүл одоо хамтаараа байгаа. Бид одоо бие биетэйгээ ойлголцсон, хүү охин хоёроо хамтад нь өсгөнө. Би цаашид хүүхдээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх, өөрийн овгоор овоглох хүсэлтэй байгаа тул охин Оюухуланг Ж.Эрдэнэболдод үрчлүүлсэн үрчлэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн дагуу хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэболд шүүхэд гаргасан тайлбартаа: Боржгин овогт Долгорын Эрдэнэболд миний бие Улаанбаатар хотод оршин суух Н.Энхбаатарын гаргасан нэхэмжпэлд дараах тайлбарыг өгч байна.

Миний бие эхнэр Н.Алтантуяагийн хамт хүүхэд үрчлэхээр шийдэн сүүлийн 3 жилийн турш хүүхдээ үрчлүүлэх хүн эрчимтэй хайж байсан ба 2019 оны 03 сарын эхээр Эрдэнэдалай сумын харьяат Ариунжаргалын Гэрэлчимэг охиноо сайн хүмүүст үрчлүүлэх тухай анх удаа хадам ээж Б.Ганхөлөгөөс мэдсэн. Бид хүүхэд өргөж авах тухай хамаатан садантайгаа ярилцаж байсан тул хадам ээж эмнэлгийн шугамаар хүүхэд өргүүлэх хүн Эрдэнэдалай сумын эмнэлгийн их эмч Саруулаас А.Гэрэлчимэгийн тухай сонсож утсаар холбогдсон байдаг. Энэ тухай хадам ээж Б.Ганхөлөгөөс нэмэлт тайлбар тодруулга авахыг хүсч байна.

Тухайн үед А.Гэрэлчимэг нь Эрдэнэдалай сумын эмнэлэгт охины хатгаа өвчнийг эмчлүүлж байсан ба 2 хүүхэдтэй болж байгаа, нөхөргүй цаашид 2 дагавар хүүхэдтэй надад хүндрэлтэй болж байгаа мөн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байна. Иймээс охиноо сайн хүнд үрчлүүлмээр байна гэж ярьж байсан.

Ингээд Гэрэлчимэг болон түүний аав Ариунжаргал, ээж Энхмаа нартай холбогдон үрчлүүлэхийг хүссэн. Тэр үед Гэрэлчимэг нь нөхөргүй, охины эцэг гэх хүн байдаг ч харилцаа тасарсан, охиныг төрснийг ч мэдээгүй. Учир нь түүнд жирэмсэн байхдаа үр хөндүүлсэн гэж хэлсэн. Яагаад ингэж хэлэх болсноо тайлбарлахдаа Хүүхдийн эцэг ширүүн авиртай гар хүрдэг, тэр бүү хэл хутгалж байсан. Тэгээд ч одоо эхнэр, 4 настай хүүтэйгээ амьдарч байгаа. Энэ хүнтэй ахиж холбогдох шалтгаан байхгүй түүнд маш гомдолтой явдаг тухайгаа ярьж байсан. Иймээс бидэнд охины эцгээс зөвшөөрөл авах боломж байгаагүй. Охины эцэг гэх Энхбаатар нь өөр эхнэр, хүүхэдтэй гэж Гэрэлчимэг болон түүний ээж Энхмаа нар батлан ярьж байсан. Иймд Н.Энхбаатарын гэр бүлийн талаар судалж өгөхийг хүсч байна. Мөн түүний эрүүгийн хэрэгт холбогдож байсан талаар Гэрэлчимэгийн ээж Энхмаа ярихдаа Охин Гэрэлчимэгийг 4 сартай жирэмсэн байхад нь хутгалж байсан. Ер нь их догшин ширүүн авиртай, зээ охин Оюухуланг яасан ч өгч болохгүй. Ийм хүнтэй амьдрахыг зөвшөөрдөггүй, үргэлж айдас хүйдэстэй байдаг гэж хэлж байсан. Иймд Н.Энхбаатар, А.Гэрэлчимэг нарын холбоо харилцаа, зан төлвийн талаарх нэмэлт мэдээллийг миний охины эмээ болох Эрдэнэдалай сумын 3-р багийн иргэн Энхмаагаас тодруулж өгөхийг хүсч байна.

2019 оны 03 сарын 15-нд А.Гэрэлчимэг болон түүний аав Ариунжаргал, ээж Энхмаа нар биднийг ирж уулзахыг хүссэн тул эхнэр Н.Алтантуяа, хадам ээж Б.Ганхөлөг, хүргэн дүү Д.Очбадрах нар Эрдэнэдалай суманд гэрт нь очиж уулзаж, миний бие хүүхэд авч ирэхэд бэлдэн гэр орон болон бусад хэрэгцээт зүйлийг бэлдэхээр үлдсэн. Нүүр тулж уулзахад охин 25 хоногтой охиноо авчирахад гэрчилгээ, бичиг баримт байгаагүй. Яагаад аваагүй талаар судлахад охиныг овоглох талаар зөвшилцөж чадаагүй тул төрсний гэрчилгээ авах хугацаа дуусаад торгууль төлөх болсон байсан. Бид охиныхоо бичиг баримтыг нэр дээр авахын тулд эхлээд төрсөн эхээр нь овоглох шаардлагатай байсан тул торгуулийн 20000 төгрөгийг төлж, мөнгө төлсөн баримтаа Эрдэнэдалай сум руу Гэрэлчимэгт явуулснаар охин маань анх төрсөн эхээрээ овоглож иргэний бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс хойш миний бие эхнэр Н.Алтантуяагийн хамт холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны 04 сарын 08-нд Эрдэнэдалай суманд очиж Засаг даргын захирамж гаргуулан, 2 талаасаа өргөдлөө өгч хууль ёсоор охиноо Эрдэнэболдын Оюухулан болгож үрчилж авсан. Бидний амьдралд баяр баясал болж цэлмүүлж ирсэн охиноо билэгшээж охиныхоо нэрийг Цэлмүүн болгон сольж төрсний гэрчилгээг дахин солиулж Эрдэнэболдын Цэлмүүн болгосон.

Гэрэлчимэгтэй уулзаж охины талаар ярилцахдаа холбоо харилцаатай байна гэсэн болохоос хүссэн үед нь уулзуулж байна гэж яриагүй. Гэрэлчимэг өөрөө хүсэхдээ 1 насны төрсөн өдрөөр очиж уулзана, дараа нь харин та нарын хэлснээр охиныг өөрөө шийдвэр гаргах нас хүртэл нь уулзахгүй, булаацалдахгүй гэж ярьж байсан. Бид холбоотой байна гэсэн үгэндээ хүрч охины зургийг хүссэн үед нь фэйсбүүк чатaap явуулж, утсаар охины талаар холбогддог байсан.

Өнгөрсөн 04 сарын 30 нд Гэрэлчимэгээс яаралтай залгана уу гэсэн мессеж ирсэн. Би тэр дор нь залгаад ярьтал охины аав гэх хүн намайг шүүхэд өгсөн байна, надтай сумын цагдаа ярилаа гэсэн. Манай эхнэрт ч мөн энэ тухай чатаар холбогдож ярьж байсан. Тэгэхдээ охины аав хэцүү хүн байдаг охиноо яасан ч өгөхгүй шүү гэж хэлж байсан. Мөн одоогоор Эрдэнэдалай сумандаа байгаа 5 сараас хот явна гэж байсан. Энэ тухай бичиж байсан мессеж нь бидэнд байгаа.

7-p сарын эхээр Н.Энхбаатар гэдэг хүн эхнэр бид хоёртой утсаар ярих болсон. Ярианы утга нь Би охиноо авна. Намайг 6 cap шоронд суугаад ирэх хооронд миний охиныг зөвшөөрөлгүй хүнд өргүүлсөн байна. Намайг охиноо харъя гэхээр та нарын явуулж байсан зургийг харуулдаг байсан. Дүрсээ харж ярья гэсэн чинь алга болчихсон. Би заавал авна, хараарай гэх мэт сүрдүүлсэн өнгө аястай ярьж, мессеж бичиж эхэлсэн. Бид Төрсөн эх нь зөвшөөрсний үндсэн дээр, хууль ёсоор өргөж авсан. Иймээс бид хувиараа маргалдаж, хэл ам хиймээргүй байна. Шийдэх газраар нь шалгуулаад шийдүүлье гэж хэлсэн. Үүнээс хойш бид охиныг маань авчих вий гэсэн айдас түгшүүртэй амьдарч байна. Одоо миний охин Э.Цэлмүүн 8 сартай нэхэмжлэл гаргаж бйах үед 7 сартай байсан байна. Харин охины ах Гэрэлчимэгийн Чойжиннямаа энэ оны 6 дугаар сард 3 нас хүрсэн байна. Эндээс Н.Энхбаатар нь хүүхдүүдийн талаар бага мэддэг гэж харагдаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охин Оюухулангийн төрсөн эцэг нь, иймээс охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа. Иймээс охиныг Д.Эрдэнэболдод үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Би одоо эхнэр А.Гэрэлчимэг, хүү нарын хамт ам бүл 3-уул амьдарч байна. Эхнэр А.Гэрэлчимэгтэй хамтран амьдрах болсноос хойш эхнэр маань 3 хүүхэд төрүүлсэн. Анхны хүүхэд маань эндсэн, 2 дахь хүүг маань хадмууд авчихаад өгөхгүй байгаа, 3 дахь хүүхэд болох охиныг маань Д.Эрдэнэболд гэж хүнд намайг эрүүгийн хэрэгт хорих ял эдэлж байх үед үрчлүүлсэн байсан. Би охиноо төрүүлэхийн тулд маш их эсэргүүцэлтэй тулж, гуйж байж төрүүлсэн. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр хүнд үрчлүүлсэн байсан. Одоо би эхнэрийн хамт амьдарч байгаа, цаашид өөрийн хүүхдийг өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй, охин хүүхдээ айлд өсгөмөөргүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Эрдэнэболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эхнэр Н.Алтантуяа бид 2 хуульд заасан журмын дагуу, төрүүлсэн эхтэй нь ярилцаж охиноо 25 хоногтой байхад нь үрчилж авч байсан. Охины төрүүлсэн эх болох А.Гэрэлчимэг болон түүний эх эцэгтэй харилцан ойлголцож охиныг үрчилж авсан. Иймд үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Энхбаатар нь хариуцагч Д.Эрдэнэболдод холбогдуулан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд 11.1.Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана:

11.1.1.өргөдөл; 11.1.2.хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл; 11.1.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх; 11.1.4.гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ; 11.1.5.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл. гэж заажээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа иргэн Г.Оюухулангийн үрчлүүлэлтийн хувийн хэргээс ирүүлсэн баримтаас /хх-ийн 91-95-рт/ харахад хүүхэд үрчлэн авахыг хүсэгч Д.Эрдэнэболд нь эхнэр Н.Алтантуяагийн хамт хүүхэд үрчлэн авахыг хүссэн өргөдлөө гаргаж, хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрлийг эх А.Гэрэлчимэг нь бичгээр гаргасан, хүүхэд үрчлэн авагч болон үрчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар баримтуудыг хавсаргасан байна. Эдгээр бичгийн баримтыг үндэслэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 4 сарын 8-ны өдрийн Б/15 дугаартай захирамж гарч охин Оюухулангийн үрчлэлтийг бүртгэсэн байна. Гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээг хувийн хэрэгт өгөх ёстой байсан боловч хүүхэд үрчлүүлэгч А.Гэрэлчимэг нь гэрлээгүй, гэрлэлтийн бүртгэл байхгүй /хх-ийн 61-рт/ байсан байх тул хүүхэд үрчилсний хувийн хэрэгт дээрхи баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан гэж дүгнэлээ.

Охин Оюухуланг үрчлүүлэгч А.Гэрэлчимэг нь охин Оюухулангийн төрсөн эцэг нь Н.Энхбаатар мөн гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байна. Гэвч хүүхэд үрчлүүлэх үед буюу 2019 оны 4 сарын 8-нд нэхэмжлэгч Н.Энхбаатар, хүүхэд үрчлүүлэгч А.Гэрэлчимэг нарын гэр бүлийн харилцаа хэвээр үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тухайн үед би хорих ял эдэлж байсан, манай эхнэр Гэрэлчимэг би чамаас ингээд салчихлаа л гэж бодож байсан гэж надад хэлж байсан гэх тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч Н.Энхбаатар нь Боржигон овгийн Мэндбаярын Гансаруултай гэр бүлийн харилцаатай, гэрлэлтийн бүртгэлтэй байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 62-рт/ нотлогдож байна. Иймд Г.Оюухулангийн үрчлүүлэлтийг бүртгэхэд эцгийн зөвшөөрлийг аваагүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл охин Г.Оюухуланг хариуцагч Д.Эрдэнэболдод үрчлүүлэх үед шаардагдах бүхий л баримтыг бүрдүүлэн хуульд заасан журмын дагуу хүүхдийг үрчлэн авсан байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй, үрчлэлтийг ямар нэгэн гадны нөлөөгүй үрчлэгч, үрчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу хийсэн, үрчлэлт хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх тул охин Г.Оюухуланг Д.Эрдэнэболдод үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхбаатарын 2019 оны 2 сарын 19-нд төрсөн охин Дэлгэрбулаг овгийн Гэрэлчимэгийн Оюухулан /РД:ЗП19221927/-г Боржигон овгийн Долгорын Эрдэнэболд /Боржигон овгийн Нямсүрэнгийн Алтантуяа /ЗЮ78103107/ нарт/ -д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ