2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар     2025/ШЦТ/469

 

 

 

      2025                 02              12                                                     2025/ШЦТ/469

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Э.Х

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шинжээч Н.Э (онлайнаар),

шүүгдэгч З.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т** овогт З.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24080000007** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т** овогт З.Н (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч З.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ** дугаар гудамжны  ** тоот хашаанд иргэн Д.Э-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл  мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа /105гр/, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын хавирга орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Н мэдүүлэхдээ...Миний зүгээс явъя, гэр лүү чинь дөхүүлээд өгье гэж хэлэхэд толгойгоо сэгсрээд байхаар нь автобус зогслоо, би явлаа шүү гэж хэлэхэд мөн адил толгойгоо сэгсрээд намайг яв гэхээр нь гэр нь ойрхон болохоор гайгүй байх гэж бодоод гэр лүүгээ харьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мэдүүлэхдээ”... Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрийг нэхэмжилнэ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Э мэдүүлэхдээ “...Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу гэх мэт зүйлс орно. Цогцсын нар барсан хугацааг цогцост хамгийн анх үзлэг хийсэн эмч тогтооно. Миний бие шинжилгээний эмч учраас анхны үзлэг хийсэн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлээс нь нас бараад хэдэн цаг орчим болсныг шинжилгээндээ тусгаж өгсөн. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шинжилгээг хийхэд цусан хураа нь биежсэн, 105 грамм болсон байсан  тул гэмтэл авснаас хойш 24 цагаас илүүтэй тодорхой хугацааг өнгөрүүлсэн гэж үзнэ” гэв.

Шүүгдэгч З.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны ** дугаар гудамжны ** тоот хашаанд хохирогч Д.Э-тэй үл ял зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Талийгаач 2024 оны 4 дүгээр сарын 23-нд миний төрсөн өдөр болоод ээж дээрээ очсон талийгаачийн хүүхэд орж ирэхээр ээж чинь гэртээ байна уу гэж асуусан чинь ээж гэртээ байхгүй байна гэсэн. Манай ээж надад хэлэхдээ 3 дахь өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 24-нд гэрээсээ гараад ирээгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн гудмаар байнга алхдаг. ...Тухайн хашаанд хүн амьдардаггүй, 1 жил гаран болж байна. ...Би ганцаараа явж байсан. ...Тухайн хашааны хаалга байнга хаалттай байдаг, тухайн өдөр нээлттэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хашаанд миний харснаар Э, нэг эрэгтэй хүн үлдсэн. Би харин яг ямар хүмүүстэй цуг гарснаа мэдэхгүй байна. ...Ер нь бид хэд согтуу байсан, Н-г хэр согтуу байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэр үед Э, Н нар үлдэхдээ газар суучихсан үлдсэн. ...Тэр үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Э, Н нар эзэнгүй хашаанд үлдэх үед Э-н биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...Н-н биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 4 дүгээр сарын 20 билүү 21-ний өдөр 1 дэх өдөр байсан юм. Гэртээ хоночхоод 1 дэх өдрийн өглөө гараад явсан. Уг нь яаж ч архи уусан гэртээ ирдэг юм. Би 2, 3 хоног гэртээ ирээгүй болохоор нь төрсөн охин Б-т хэлсэн юм....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

Шүүгдэгч З.Н-н  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Э миний биед халдсан зүйл байхгүй. ...Тухайн хашааны зүүн хойд хэсэгт урт төмрүүдээс бага зэрэг л зайтай маргалдсан. ...Би яг хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй байна, 2-3 хоногийн дараа бол орсон, харин тэрнээс өмнө болон дараа нь ороогүй. ...Би хэргээ хурдан шийдүүлэх хүсэлттэй байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ хэрэгт  маргаад байх зүйл байхгүй. ...Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 126-131 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1694 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дүгээр хуудас, 143-144 дүгээр хуудас),

Шинжээч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амь хохирогч Д.Э-н биед учирсан гэмтэл нь учирснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжтой бөгөөд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хөдөлгөөн хийх хугацаа нь өөр өөр байдаг тул идэвхтэй хөдөлгөөн хийх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1613 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 152-157 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2203 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 235-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-11  дүгээр хуудас),

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед хашаа руу ороход хашааны зүүн тал хэсэгт урт төмрүүдийн тэнд нэг хар өнгийн хувцастай хүн хэвтэж байсан, яг ямархуу байдалтай байсныг нь хараагүй ба дуудаад хариу үйлдэл үзүүлээгүй ба би тасраад хэвтэж байна л гэж ойлгосон. ...Би тухайн хашаанд дахиж очоогүй. ...Харахад эмэгтэй байрын л хүн байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ер нь Э-той олон удаа архи ууж байсан болохоор хувцас болон бусад байдлаар хараад танина...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

“МД” дэлгүүрийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 26-41 дүгээр хуудас),

“МД” дэлгүүрийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 43-52 дугаар хуудас),

“МД” дэлгүүрийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 52-60 дугаар хуудас),

“МД” дэлгүүрийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 62-71 дүгээр хуудас),

“МД” дэлгүүрийн 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 73-81 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1112 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 89 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч З.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны ** дугаар гудамжны ** тоот хашаанд хохирогч Д.Э-тэй үл ял зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1694, 1613, 2203 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 531 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.

    Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт цохисны улмаас хохирогч Д.Э-н их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн төвгөр болон доод гадаргуун хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн булчинд голомтлог цус хуралт бүхий хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч нь амь хохирогчийн толгойн хэсэгт цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нь “...Амь хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулдаг бол хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас завсрын шалтгаанаар буюу бусад хүндрэл үүсэж, тухайлбал хоёрдогч халдварын үхлээр хохирогч нас барсан тохиолдолд “Хүнийг алах” гэмт хэрэг гэж үзэхгүй.

Хохирогч Д.Э-н тархиндаа авсан хүнд гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Тодруулбал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд болон шууд бус санааны төрлийг нарийвчлан зааглаагүй хэдий ч эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд “гэм буруугийн шууд бус санаа” гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй, харин тодорхой нөхцөл байдалд өөрийн үйлдлээрээ тухайн хор уршигт хүргэсэн, тэр уршгийг бий болгосон буюу хор уршигт ялгаваргүй хандсан байхыг ойлгодог. Бусдын эрүүл мэндэд халдах үйлдэл нь хүний амь насыг хөнөөх, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах зэрэг үр дагаварт хүргэж болохыг гэм буруутай этгээд мэдэх боловч эдгээр хор уршгийг урьдаас хүсээгүй бөгөөд тухайн нөхцөлд бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан, хүнийг алсан бол шууд бус санаагаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэхийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч З.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно. 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-н амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтын шаардлага хангасан 4,384,800 төгрөгийн хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Н-с 4,384,800 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бусад нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

Тодруулбал шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт хэрэгт авагдаагүй, ямар орлогын эс үүсвэрээр шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөө нотолж чадахгүй, мөн “...Турк улсад байдаг ах нь төлнө...” гэсэн тайлбарыг хэлж байгаа зэрэг нь “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэж байх тул хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулахаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэдгээ илэрхийлснийг шүүх хүлээн авч энэ тогтоолоор шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг)-т… заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2-д “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ”, 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268 , А/275 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” журмын 2.10-д “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан  гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл дээрх хууль болон журмаар тусгай мэдлэг бүхий шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эсхүл гэр бүлийн гишүүн нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “...8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч З.Н-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч З.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч З.Н-д 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч З.Норовбадамын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 286 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хард диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 286 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т** овогт З.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-г 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н-н 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 286 (хоёр зуун наян зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Норовбадамд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Н-с 4,384,800 (дөрвөн сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгосугай.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эсхүл гэр бүлийн гишүүн нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хард диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЗОЛБОО