Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/204

 

 

 

 

 

 

 2021             02            25                                          2021/ДШМ/204  

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Г.Баярмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/3 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Г.Э-т холбогдох 811021780697 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Г.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн өөрийн амьдардаг вагончикт П.Б-тай маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн тогтоолд: Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Шүүгдэгч Г.Э-, гэрч Г.Ж- нар нь энэ гэмт хэрэгт хоёул яллагдагчаар татагдан өөрсдийн тайлбар, мэдүүлгийг гарган өөрийгөө гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг тус тус нотлохыг хичээх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад сэрдэгдэн шалгагдаж байсан нь тэднийг эсрэг ашиг сонирхолтой этгээдүүд гэж үзэхэд хүргэв. Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан байхаар үнэлэгдэх бөгөөд хэргийн оролцогчтой эсрэг ашиг сонирхол бүхий этгээдээс авсан нь мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог болохыг шүүх анхаарах учиртай. Хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ялангуяа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцоход дан нотлох баримтаар, ялангуяа тухайн нэг гэмт хэрэгт хамт шалгагдаж байсан эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан атал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт авагдсан гэрч нараас дахин мэдүүлэг авах байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Улсын Дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 

Прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “....тус прокурорын газраас Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн 2021/ШЗ/3 дугаартай захирамжийн “Үндэслэх нь” хэсэгт:

“...2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд: тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, ...хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан атал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг дахин мэдүүлэг авах байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Улсын дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. ...” гэсэн байна. Гэвч Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон Г.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаасан байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан аль үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан болох, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан нотолбол зохих байдлуудын алийг нотлоогүй гэж дүгнэсэн нь тус тус тодорхойгүй байна. Хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгай тоотод байрлах байранд /вагончик/ иргэн П.Б- нас барсан үйл баримт болсон цаг хугацаанд байсан Г.Ж-, Ц.Э-, Г.Э- нараас мэдүүлэг авсан, энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх өөр гэрч байхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлээр бэхжүүлсэн, нөхөн үзлэгийг дахин хийсэн, амь хохирогчийн цогцост үзлэг хийх, задлан шинжилгээ хийлгэж нас барсан шалтгааныг тогтоолгох зэргээр энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л ажиллагааг хийсэн ба яллагдагч Г.Э- нь амь хохирогч П.Б-ыг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож баруун зулай, чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл учруулсны улмаас түүний тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь Г.Ж-ы гэрчээр өгсөн “...амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. ... Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Б- толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1725 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэг, гэрч П.Х-, Ц.И-, Ц.Э- нарын мэдүүлэг болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хагарсан тольны зураг/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Яллагдагч Г.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнийг буруутгаж байгаа дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтат мэдээлэл хавтаст хэрэгт цуглараагүй байна. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн магадлагааг харгалзан үзэх боломжтой болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэрэгт нотолбол зохих бүхий л байдлуудыг нотлон тогтоох ажиллагаа хийгдсэн ба цугларсан баримтуудаар Г.Ж-ы үйлдлийн улмаас амь хохирогчид гэмтэл учирч нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул Г.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр юу болсон талаар тодруулах шаардлагатай. Г.Ж- “Г.Э- 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр тэтгэврийн мөнгө авахаар явсан” гэж, Г.Э- “2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн өглөөний 09 цагт Төрийн банкнаас тэтгэврийн мөнгөө авахаар яваад орой ирсэн” гэж тус тус мэдүүлдэг. Гэтэл Г.Ж- яг хэзээ банк руу явсан талаар өөр өөрөөр мэдүүлдэг. Эдгээр байдлыг тодруулаагүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

           

            Прокуророос Г.Э-ыг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Б-тай маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаартай тогтоолоор хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дурдсан атал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд хавтас хэрэгт авагдсан гэрч нараас дахин мэдүүлэг авах байдлаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Улсын дээд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагааг хийлгэх, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, уг хэрэгт яллагдагч Г.Э-аас гадна Г.Ж- шалгагдаж, тэдгээр нь амь хохирогчид ямар нэгэн байдлаар биеийн хүч үзүүлсэн, зодсон болох нь тогтоогдсоноор чухам хэний үйлдлээс хохирогч амь хохирсон талаар маргаан гарч, өөрсдийн гэм буруугүй, харин нэгнийгээ энэ гэмт хэргийг үйлдсэн гэх байдлаар тайлбар, мэдүүлэг өгсөн байдалд дүгнэлт хийж, зарим яллагдагч нарын гэм буруугийн талаар үндэслэл султай дүгнэлт хийснээр бусад яллагдагч нарын эрх зүйн байдлыг баттай нотлох баримтанд тулгуурласан үндэслэл, шалтгаангүйгээр дордуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

 

Үүнээс гадна хяналтын шатны шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан хугацаанд нэр бүхий гэрч нараас дахин мэдүүлэг авч /өмнөх мэдүүлэг өөрчлөгдөөгүй/ өөр ямар нэг ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хангалтгүй, тухайн үед байсан гэрч нараас мэдүүлэг авахын зэрэгцээ, үзлэг, туршилт явуулах, яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан мэдээлэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны арга хэлбэрүүдийг сонгож мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж, Г.Э-, Г.Ж- нарын гэмт хэрэгт холбогдолтой, эсхүл холбогдолгүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоовол зохино.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1,  1.2, 1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 2020/ШЗ/03 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН