Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 84

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч М.Энхбаатар,

Хохирогч *******,

түүний өмгөөлөгч Ө.Батболд,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрдүүд овогт ******* холбогдох 201711000078 дугаартай хэргийг 2017 оны 5 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, 2 дүү, 3 сараас 8 насны 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Зээрдүүд овогт Энхжаргалын Хосбаяр.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Бабуб” ХХК-ийн зүүн талын засмал зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Honda Capa” маркийн 68-46 ДОР улсын дугаартай авто машинтай юм. Уг машин нь миний эзэмшлийнх бөгөөд одоогоор “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихаад байгаа. Зээлээ төлөөгүй учир нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Би 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутад гэрээсээ гарч машинаа унаад “Шүр” зах руу орохоор хойд талаас нь төв замаар урагшаа явж байхад “Бабуб” ХХК-ийн зүүн талд урдаас хойд зүг рүү чиглэлтэй цагаан өнгийн “Стана” маркийн машин зөрөхөд ар талаас нь замынхаа зүүн талаас баруун тийш чиглээд замын голоос нэг хүн гэнэт гараад ирсэн, тэгээд тэр хүнийг мөргөчих шиг болсон, би яг үнэндээ тэр эмэгтэйг хараагүй гэнэт л машины араас гарч ирсэн, цүнх нь машины цонхыг цохихыг л мэдсэн, ингээд би баруун гар тал руугаа замаа чөлөөлж зогсоод буухад машины ар хэсэгт нэг эмэгтэй газарт уначихсан байсан. Тэгээд би түргэн дуудаад, түүний дараа цагдаад осол болсон талаар мэдэгдсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 69/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 1 сарын 24-ний өдөр гэрээсээ гараад Дорнод аймагт ирээд 25-ны өдөр автын осолд орсон. Тухайн  өдөр би  сүүгээ зараад 45000 төгрөгтэй болсон  бөгөөд  өөртөө байсан 100000 төгрөгийг нийлүүлээд нийт 145000 төгрөгтэй явж байсан юм. Би  дэлгүүрээс нэгж аваад замын хажуугаар явж байснаа санаж байна. Яг яаснаа санахгүй байна.  Машин  барьж явж байсан жолооч “яанаа ээжээ хүн дайрчихлаа” гэж хашгирч байсныг л санаж байна. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Надаас хүлээн авах дээр очиход сувилагч утас асуусан. Арай ядан биеэ тэмтрээд үзэхэд миний утас байгаагүй. Бас куртка,  цагаан сараар хэрэглэх гээд захаас худалдаж авч явсан  эд зүйлс маань ч байгаагүй. Шүүгдэгч намайг  анх эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эргэж ирж байсан. Тэгэхэд нь би баярлаж л байсан. Надаас “Сүхбаатар аймаг явах уу, эсхүл Улаанбаатар  хот руу явж эмчлүүлэх үү” гэж асуухаар  нь “Улаанбаатар хот явна” гэсэн. Тэгэхэд Хосбаяр “эгчээ би боломж муу, 4 ханатай гэрээ зарж байж эмчилгээнд явуулна” гэсэн.  Намайг  хотод  очиход нэг  ч удаа асуухгүй болохоор нь “миний дүү  ирэхгүй юм уу” гэхэд “би очоод та эдгэрэх  биш дээ” гээд ирээгүй. Намайг Дорнод аймагт эмнэлэгт хэвтэж байхад ахтайгаа ирээд утсаар  бичлэг хийгээд байсан.  Би  түүнд маш их гомдсон.  Хохиролд бэлнээр  2 сая 215000 төгрөг төлсөн. Би гомдолтой байна. Би өөрийн дуртайдаа мөнгө нэхэмжлээд байгаа юм биш. Хохирлын талаар  миний өмгөөлөгч тодорхой ярина гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аймгийн төвд байх Хивсний 1-3 тоотоос 2017 оны 01 сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд гарсан. Уг нь би такси барих гэсэн боловч олдохгүй байсан учир Шүр зах руу явдаг замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Тэгээд “Бабуб” гэдэг нэртэй нарийн боовны үйлдвэрийн урд талын хүнсний дэлгүүрээс юнителийн 1000 төгрөгний нэгж аваад гараад төв машин замаа дагаад урагшаа алхаж байгаад л ухаан алдчихсан, би өөрөө машинд мөргүүлснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлгийн машин, цагдаа нар ирчихсэн байсан. Хүмүүс надад машинд мөргүүлчихлээ гэж байсан. Миний санаж байгаагаар машины жолооч эмэгтэй “ээжээ би хүн дайрчихлаа ш дээ” гээд утсаар ярьсныг нь мэдээд байгаа юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 2017 оны 2 сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2600 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1. *******гийн биед хүзүүний 5-р нугаламын их биеийн шахагдсан, зөрүүтэй хугарал, баруун талын арын үений сэртэн дайрсан зөрүүтэй хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зулайд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51/

2017 оны 2 сарын 21-ний өдрийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 4 тоот дүгнэлтэд: 1. Эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2-р бүлгийн 2.1/а/-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 8-р бүлгийн 8.2-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9-р бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Эрүүгийн 201711000078 тоот хэргийн материалд жолооч *******ын жолоодож явсан Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр байхгүй учир тоормосны мөрний уртаар тогтоох аргачлалын дагуу тухайн тээврийн хэрэгслийн хэдэн км цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй байна. 3. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй үедээ Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүй, хөдөлгөөнд аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгал сөрснөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. ЦЕГазрын Лицензийн төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 4. *******ын жолоодож явсан Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016.09.20-ны өдөр Техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой. 5. Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2017 оны 01 сарын 25-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд урд салхины шил хагарсан, копудны зүүн урд булан хэсэгт хонхойсон байна. Техникийн шинжээч Ч.Улз гэжээ. /хх-ийн 53-54/

2017 оны 3 сарын 17-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 6 тоот дүгнэлтэд: “Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. /хх-ийн 56/

  • *******гийн Цагдаагийн газарт  гаргасан өргөдөл  /хх-ийн 5/
  • Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-9

-    Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10-11/

-     Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон Honda Capa маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

  • Хяналтын  камерт үзлэг хийсэн  тэмдэглэл 15
  • Хохирогч *******гийн  мэдүүлэг /хх-ийн 34/
  • Хохирогч *******гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 84-106/
  • Амбулаторийн эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 107-111/
  • Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 45/
  • Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 46/
  • Гэрч мэдүүлэг /хх-ийн 47/
  • Зардлын баримтууд /хх-ийн 117-131,154/
  • Улсын  бүртгэлийн  хэлтсийн  тодорхойлолт /хх-ийн  76-77/
  • -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/
  • Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 142/
  • Өмгөөлөгч Э.Энхболдын шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 152/
  • Орлогын мэдүүлэг /хх-ийн 153/
  • Төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 155-158/
  • Хөдөлмөр, халамжийн мэргэжилтний тодорхойлолт /хх-ийн 159/

-Шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд /задгай/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Бабуб” ХХК-ийн зүүн талын засмал зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2-р бүлгийн 2.1 /а/-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 8-р бүлгийн 8.2-д “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9-р бүлгийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Энхжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын акт, схем зураг, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 4, 6, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2600 тоот дүгнэлтүүд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч *******ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрх хасах нэмэгдэл болон хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.8, 55.1.9, 55.1.10-д зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гурав хүртэлх насны буюу 2017 оны 3 сарын 05-ны өдөр төрсөн Хосбаярын Тэлмүүн, 2014 оны 8 сарын 29-ний өдөр төрсөн Хосбаярын Тэмүүлэн нэртэй хүүхэдтэй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тогтож, шүүхээс шүүгдэгч *******т хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эрүүл мэндийн гэм хорын хохиролд нийт 4000000 төгрөгийн зардал гарсан. Гэвч одоогийн байдлаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримттай 2180182 төгрөгийн эмчилгээний зардлаас мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч талаас өгсөн 1638400 төгрөгийг хасч, үлдэх 541782 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж мэдүүлж байгаа боловч шүүхээс хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нэг бүрчлэн хянан үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан 338940 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч *******д олгох үндэслэлтэй байх ба харин нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндийн гэм хорын зайлшгүй зардалд хамаарагдахгүй 202842 төгрөг /юнителийн нэгж-1000 төгрөг, чавганы цай-1500 төгрөг, печень, кофе-2320 төгрөг, стандарт-4470 төгрөг, хүүхдийн каш, сахар, зөгийн бал, тор-14800 төгрөг, газ, ургамлын тос, гоё кекс.. гэх мэт 10 төрлийн хүнсний зүйл-24650 төгрөг, хөхний сүү саагч-36900 төгрөг, липтон цай, сахар-7450 төгрөг, ЗҮҮВ1-15000 төгрөг, өгөөж нарлаг-2000 төгрөг, черри-1365 төгрөг, тодорхойгүй-36007 төгрөг, үзэмний булочка-1750 төгрөг, 00-ийн цаас, шүдний оо-2250 төгрөг, кока кола-2100 төгрөг, элсэн чихэр, мак кофе, минж өргөө талх ..гэх мэт 13 төрлийн хүнсний зүйл-24700 төгрөг, талх, иогурт, молоко.. гэх мэт 4 төрлийн хүнсний зүйл-20450 төгрөг, утасны нэгж-3000 төгрөг, вафль-1130 төгрөг гэх мэт хүнс болон ахуйн хэрэглээний зүйлс/-ийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилнэ гэснийг дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хохирогч *******гийн хүзүүний хадаасыг харуулсан 1 ширхэг, өвдөгний үеийг харуулсан 1 ширхэг, хүзүүг харуулсан 1 ширхэг, нурууны үеийг хажуу болон дээрээс харуулсан 2 ширхэг, нийт 5 ширхэг рентген хар зургийг хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтыг шинжлэн судлах явцад буцааж авна гэсэн тул хохирогчид, баримт бичгээр ирсэн 01093160 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч “Бичил глобус” ХХКомпанид, ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүгдэгч *******т тус тус буцаан олговол зохино.

Энэ хэрэгт “Бичил глобус” ХХК-ний өмчлөлийн “Honda Capa” маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 21-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, харин шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тоосгоны үйлдвэрийн баруун талын 1 дүгээр гудамжны 07 тоотод байрлах 0.7 га хоосон газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зээрдүүд овогт Энхжаргалын Хосбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-д зааснаар шүүгдэгч Энхжаргалын Хосбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасч 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  *******т нь 2014 оны 08 сарын 29-ний өдөр төрсөн хүү Х.Тэмүүлэн, 2017 оны 03 сарын 05-ны өдөр төрсөн хүү Х.Тэлмүүн нарыг асарч хүмүүжүүлэхээс зайлхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахыг сануулсугай.

5. Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******гийн хүзүүний хадаасыг харуулсан 1 ширхэг, өвдөгний үеийг харуулсан 1 ширхэг, хүзүүг харуулсан 1 ширхэг, нурууны үеийг хажуу болон дээрээс харуулсан 2 ширхэг, нийт 5 ширхэг рентген хар зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид, 01093160 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид, ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг ялтанд тус тус олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан *******аас 338940 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 202842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь үлдсэн бусад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бурдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс “Honda Capa” маркийн 68-46 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, эзэмшигч “Бичил глобус” ХХК-д нь олгож, харин ялтан *******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тоосгоны үйлдвэрийн баруун талын 1 дүгээр гудамжны 07 тоот дахь 0.7 га хоосон газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 08-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.       

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 5 сарын 29-ний өдрөөс тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ЭНХБААТАР