Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00219

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00219

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 16-02-15 тоотод оршин суух, Б/............................/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 10-06 тоотод оршин суух ............. овогт ...... М /......................./-д холбогдох

2.640.000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2016/01474/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. .

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний овогтой Бнь иргэн Цагаач овогтой Мд 2016 оны 01 сарын 07-нд 1500000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулж, ямар нэгэн барьцаагүйгээр зээлсэн болно. Зээлийн хугацаа 2016 оны 02 сарын 07-нд төлж барагдуулах гэрээ байгуулсан. Зээлдэгч эхний 2 сарын хүү болох 180000 төгрөг, мөн 70000 төгрөг, нийт 250000 төгрөг төлсөн. Иймд гэрээний дагуу хоног тутмын 0,3%-аар алданги тооцохгүйгээр үндсэн гэрээний 8%-аар тооцон 2016 оны 01 сарын 07-оос хойшхи өнөөдрийг хүртэл 11 сарын хүүг алданги тооцолгүйгээр бодоход 990000 төгрөг, үүнээс төлсөн 250000 төгрөгийг хасаад 740000 төгрөгний хүү, үндсэн зээл болох 1500000 төгрөг, нийт төлөх мөнгө 2240000 төгрөг болж байгаа. Мөн энэ оны 7 сард 2 ширхэг орос оёдлын машин заруулах гэж өгөөд тухайн үед зарагдсан гэсэн боловч мөнгөө өгөөгүй тул 2 машины төлбөр болох 400.000 төгрөгийг нэмээд нийт 2640000 төгрөгийг иргэн Цагаач овогтой Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бямбаогт нь миний төрсөн дүү бөгөөд одоогоор энд байхгүй Солонгос улс руу явсан. Дүүгийнхээ өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Ц.Маас нийт 2.640.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хуульд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд: М.Бямбацогтын зээлүүлсэн 1.500.000 төгрөг нэг сарын 8 хувийн хүү болох 120.000 төгрөг, алданги 750.000 төгрөг нийт 2.250.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнгээс Ц.Мы өгсөн 250.000 төгрөгиййн хасаж 2.000.000 төгрөг, үүн дээр 2 ширхэг орос оёдлын машины үнэ 400.000 төгрөг бүгд 2.400.000 төгрөгийг Ц.Маас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бнь хариуцагч Ц.Мд холбогдох 2.640.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2.400.000 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Хариуцагч Ц.М нь М.Б 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч М.Б тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч Ц.Мыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч Ц.Маас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, заруулахаар өгсөн гэх 2 ширхэг оёдлын машины үнэ 400.000 төгрөгийг гаргуулж М.Бямбацогтод олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Бямбацогтоос дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ц.Маас 2.400.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 53.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.Мд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ц.Маас 2.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбацогтод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50.190 /тавин мянга нэг зуун ерэн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 7000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Ц.Маас 53.350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбацогтод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН