Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 2025        03         12                                        2025/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чын Бд холбогдох эрүүгийн 2538000000059 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Чын Б, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн **** *** төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, ******* хамт Хөвсгөл аймгийн ***********сумын ** дугаар баг Хатгал тосгонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж байсан, регистрийн *************** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын “Морин тусгал” Улсын тусгай хамгаалалттай газраас 4 ширхэг зэвэг буюу “Brachymystex Lenok” гэх загас агнаж хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын “Морин тусгал” Улсын тусгай хамгаалалттай газраас 4 ширхэг зэвэг буюу “Brachymystex Lenok” гэх загас агнасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын    шүүх    хуралдааны    хэлэлцүүлэгт   шинжлэн   судалсан    нотлох

баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас)

Шалгалтын тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-17-р хуудас),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 18-21-р хуудас),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай: “Иргэн Ч.Бн агнасан 4 ширхэг загас нь ердийн зэвэг загас Brachymystex Lenok байна. Ердийн зэвэг загас нь амьтны аймгийн элбэг статуст ордог. Хөвсгөл аймгийн Ханх сумын Морин тусгал 51.138417 И, 100.709561 Е (WGS84) зааж байгаа нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Иргэн Ч.Бн агнасан амьтан болох ердийн зэвэг загас Brachymystex Lenok загасны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолоор 29,000 төгрөгөөр тогтоосон. Иргэн Ч.Бн зөрчил нь Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.8-д энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглосон хугацаанаас бусад хугацаанд энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д, мөн энэ хуулийн 21.1-д заасн иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөррийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалтыг зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаартай тогтоолоор 1 ширхэг ердийн зэвэг загасны экологи эдийн засгийн үнэлгээг 29000 төгрөгөөр тогтоосон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.2, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосн үнэлгээгээр 1 ердийн зэвэг загас 29000 төгрөг х 2=58,000 буюу нийт 4 ширхэг ердийн зэвэг загас нь 58,000 х 4=232,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тогтоогдож байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-925-11767 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 110,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 51-54-р хуудас),

Шүүгдэгч Ч.Бн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Морин тусгал гэдэг газарт очиж нуурийн мөс цоолж торж тавьж загас барьсан асуудалд орсон. Тэгээд тороо тавиад байж байхад тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч нар ирж та зөвшөөрөлгүй загас барьж болохгүй гээд тор, загас, пуужин, лоом сүх зэргийг хурааж аваад явсан. Би тухайн газарт нөхөр Нийн хамт очсон. Мөс цоолж загас барих, тор тавихдаа би ганцаараа үйлдсэн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүс нутаг Морин тусгал гэх газраас хориглосон арга хэрэгсэл болох тор ашиглаж хууль бусаар загас агнасан гэх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Хөвсгөл нуурт эргүүл хяналт шалгалтаар илрүүлж материалжуулан цагдаагийн газарт хүргүүлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой иргэн Ч.Б хууль бусаар зэвэг нэртэй 4 ширхэг загас агнасан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),

Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр эргүүл хяналт шалгалтыг явуулж ажиллахад Хатгал тосгоны иргэн Ч.Б нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүс нутаг Морин тусгал гэх газраас хориглосон арга хэрэгсэл болох тор ашиглаж Хөвсгөл нуурын мөсийг цоолж 4 цооллого гаргаж загас барихаар торыг далайд тавьж 4 ширхэг зэвэг нэртэй загас агнасан байсныг илрүүлж материалжуулан шалгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000059 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Бн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Ч.Бн загас агнасан Хөвсгөл аймгийн Ханх сумын “Морин тусгал” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газах нутаг болох нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай “....Хөвсгөл аймгийн Ханх сумын Морин тусгал 51.138417 И, 100.709561  Е  (WGS84)  зааж  байгаа  нутаг  дэвсгэр нь улсын тусгай хамгаалалтад

байдаг...” гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас)-ээр тогтоогдож байна.

Тодруулбал зэвсэг загас нь элбэг, ховор амьтны жагсаалтад ороогүй боловч тухайн загасыг агнасан газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа бөгөөд уг тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг болох юм.

Шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын “Морин тусгал” Улсын тусгай хамгаалалттай газраас 4 ширхэг зэвэг буюу “Brachymystex Lenok” гэх загас агнасан үйлдэл нь экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ч.Б нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр зэвэг загас 4 ширхгийг агнасан гэм буруутай үйлдлийн улмаас 116,00  төгрөгийн шууд хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 232,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас)-ээр тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Ч.Б нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл Хатгал нуур хамгаалалын төрийн сан дахь 1001722113005 тоот дансанд 232,000 төгрөгийг төлж барагдуулсан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ч.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа намайг тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69-81-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

  Шүүгдэгч Ч.Бг урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 69-77-р хуудас)-аар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг  харгалзан үзэж түүнд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай, шүүгдэгчийн тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг, торгох ялыг биелүүлэх хөрөнгө орлогын боломжтой зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Ч.Б өмнө нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлж байсан ба дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал, тор тавьж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зэвэг загас 4 ширхэг, 50 метрийн урттай сетик тор 3 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, мөсөн доогуур явагч пуужин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Чын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чын Бг 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2538000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зэвэг загас 4 ширхэг, 50 метрийн урттай сетик тор 3 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг, мөсөн доогуур явагч пуужин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР