| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/03029/И |
| Дугаар | 101/ШШ2017/03259 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2017/03259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоот хаягт оршин суух, Зайсан овогт Бат-Өлзийгийн Батбаатар /регистрийн дугаар /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоот хаягт оршин суух, Шаравынхан овогт Жанчивын Алтантуяа /регистрийн дугаар / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 92,391,421 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Б.Батбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Алтантуяа нар нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хас банктай 1760007007 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.
1760007007 тоот барьцаат зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоотод байрлах Ү-2204068832 улсын бүртгэлийн дугаартай, 148,24 м.кв талбайтай хувийн сууц;
2. Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоотод байрлах Г-2204022470 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар;
3. 2006 онд үйлдвэрлэгдсэн УНГ83-01 улсын дугаартай, улаан өнгөтэй, LZZAELEB66090942 арлын дугаартай, STEYR маркийн автомашин;
4. 1996 онд үйлдвэрлэгдсэн УБЕ87-36 улсын дугаартай, цагаан өнгөтэй, KMCDB18YPTC102172 арлын дугаартай, Hyundai HD-270 маркийн ачааны автомашин;
5. 1997 онд үйлдвэрлэгдсэн, УБӨ 93-46 улсын дугаартай, цагаан өнгөтэй, FS415DL2101451 арлын дугаартай, Hyundai FS415DL0 маркийн өөрөө буулгагч машин;
6. 2006 онд үйлдвэрлэгдсэн, УНД 42-13 улсын дугаартай, хөх өнгөтэй, NHW207537805 арлын дугаартай, Toyota Prius маркийн суудлын автомашин;
Зээлдэгч нар нь барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс сар бүр хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 462 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөр нь үндсэн төлбөр 68,000,000 төгрөг, хүү 23,676,980 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 714,441 төгрөг, нийт 92,391,421 төгрөг.
Иймд 1760007007 тоот зээлийн шугамын гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, нийт 92,391,421 төгрөгийг зээлдэгч Б.Батбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Алтантуяа нараас гаргуулах, сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна уу.
2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анх Приус-20 автомашиныг лизингээр авсөн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-нд Лизингийн хугацаа дуусах байсан. 2015 оны 7 дугаар сараас уг лизингийн төлөлт дутуу болоод хугацаа хэтэрсэн. 9, 10, 11 дүгээр сард зээл огт төлөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 02-нд 400,000 төгрөг дутуу төлсөн., 2015 оны 12 дугаар сарын 30-нд уг лизингийн нөхцлийг өөрчилсөн. 2015 оны 3 дугаар сард уг лизингийн төлөлт хэвийн үлдэгдэл зээл 65,000,000 төгрөг авсан. 2015 оны 9 дүгээр сар хүртэл төлж байгаад төлөлт тасарсан гэв.
Хариуцагч Б.Батбаатар, Ж.Алтантуяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Батбаатар нь Хас банктай 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 65,000,000 төгрөгийг жилийн 27,6 хувйн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж авсан.
Хариуцагч бид зээлийн гэрээний дагуу нийт 16,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлд тооцуулах хүсэлтэй байна. Хүү зогсоож өгөөч гэдэг хүсэлтийг 2015 оны 6 дугаар сар, 7 дугаар сард очиж Хас банкны захиралд хүсэлт гаргаж байсан. Хашаа байшингаа суллаж өгье, хүүгээ зогсоож өгөөч гэж хүссэн гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Батбаатар, Ж.Алтантуяа нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 92,391,421 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хас банк ХХК болон Б.Батбаатар, Ж.Алтантуяа нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1760007007 дугаартай, Зээлийн гэрээ байгуулагдаж, банк нь зээлдэгч нарт 65,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1760007007-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 000383376 Ү-2204068832 дугаартай хувийн сууц, гараж, 000321328 Г-2204022470 дугаартай газрыг барьцаалж, мөн өдөр 1760007007-02 дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, 1996 онд үйлдвэрлэгдсэн УБЕ87-36 улсын дугаартай, цагаан өнгөтэй, KMCDB18YPTC102172 арлын дугаартай, Hyundai HD-270 маркийн ачааны автомашин, 1997 онд үйлдвэрлэгдсэн, УБӨ 93-46 улсын дугаартай, цагаан өнгөтэй, FS415DL2101451 арлын дугаартай, Hyundai FS415DL0 маркийн өөрөө буулгагч машин, 2006 онд үйлдвэрлэгдсэн, УНД 42-13 улсын дугаартай, хөх өнгөтэй, NHW207537805 арлын дугаартай, Toyota Prius маркийн суудлын автомашин зэргийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлжээ.
Хас банк нь зээлдэгч Б.Батбаатар, Ж.Алтантуйа нарт 68,000,000 төгрөгийн зээл олгосон тухай 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1760008817 дугаартай Зээлийн гэрээг талууд байгуулсан нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1760007007 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилготой байсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 60,984,055 төгрөгийг Б.Батбаатарын эзэмшдэг 5000893041 дугаарын данснаас Хас банкны 176-Амгалан тооцооны төв дэх 1760007007 дугаарын данс руу 60,984,055.75 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.Батбаатар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1760007007 тоот зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр 60,984,055.75 төгрөгийг зээлийн дансанд төлсөн баримт байгаа боловч энэхүү зээлийн гэрээний үүрэг бодитоор дуусгавар болоогүй үйл баримт тогтоогдов.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 55,972,222 төгрөг болох нь 1760007007 тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул уг дүнгээс зээлийн хүү 20,658,305.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 525,243 төгрөгийг тооцож, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан зааснаар, зээлдэгч Б.Батбаатар, Ж.Алтантуяа нар зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар, хариуцагч Б.Батбаатар, Ж.Алтантуяа нараас 77,155,771 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,235,650 хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоотод байрлах Ү-2204068832 улсын бүртгэлийн дугаартай, 148,24 м.кв талбайтай хувийн сууц; Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 45 дугаар гудамж, 1611 тоотод байрлах Г-2204022470 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай газар; 2006 онд үйлдвэрлэгдсэн УНГ83-01 улсын дугаартай, улаан өнгөтэй, LZZAELEB66090942 арлын дугаартай, STEYR маркийн автомашин; 1996 онд үйлдвэрлэгдсэн УБЕ87-36 улсын дугаартай, цагаан өнгөтэй, KMCDB18YPTC102172 арлын дугаартай, Hyundai HD-270 маркийн ачааны автомашин; 1997 онд үйлдвэрлэгдсэн, УБӨ 93-46 улсын дугаартай, цагаан өнгөтэй, FS415DL2101451 арлын дугаартай, Hyundai FS415DL0 маркийн өөрөө буулгагч машин; 2006 онд үйлдвэрлэгдсэн, УНД 42-13 улсын дугаартай, хөх өнгөтэй, NHW207537805 арлын дугаартай, Toyota Prius маркийн суудлын автомашин зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 690,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатар, Ж.Алтантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 543,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.УНДРАА